Dow Theory гэж юу вэ?

TA-ний үндэс суурь нь Доуны онол гэдэгтэй хэн ч маргахгүй. Чарльз Доу уг онолыг бичсэн бөгөөд тэрээр Wall Street Journal буюу АНУ-ын хөрөнгийн биржийн талаарх сэтгүүлийн эрхлэгч, Dow Jones & Company хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын 1 юм. Тэрээр мөн, үнэт цаасны анхны индекс болох Dow Jones Transportation Index (DJT) буюу Доу Жонс тээвэрлэлтийн индекс болон Dow Jones Industrial Average (DJIA) буюу Доу Жонс үйлдвэрлэлийн дунджуудыг зохиоход гар бие оролцсон хүн билээ.

Хэдийгээр Доу өөрийн санаануудаа онол гэж үзэж, тодорхойлж байгаагүй боловч, түүний сэтгүүлийн ачаар олон мянган хүмүүс хөрөнгийн биржийн талаарх зохих түвшний ойлголттой болсон нь маргаангүй үнэн. Доуг өөд болсны дараа, түүний ажиллаж байсан сэтгүүлийн эрхлэгч Уильям Гамильтон (William Hamilton) болон бусад хамтран зүтгэгчид нь, түүний санаануудыг, бичиж байсан нийтлэлүүдээр нь баяжуулан хэвлэсэн нь, Доуны онол юм.

Зах зээл бүхнийг өөртөө тусгаж авдаг

Энэ хэсэг, зах зээлийн үр ашгийн тооцоолол буюу EMH-тэй ихээхэн төстэй санааг илэрхийлдэг. Өнөөг хүртэл гарсан бүхий л мэдээлэл нь, өнөөгийн ханшийн дүнг бүрдүүлэхэд оролцсон гэж үзэх буюу жишээлбэл, аливаа 1 байгууллага амжилттай ажиллаж, ашиг орлого олохын өмнө, зах зээл түүнд нь харгалзах хэмжээгээр хөдөлгөөн хийсэн байдаг гэж үзнэ. Гэвч, зарим тохиолдолд тооцоолсон шиг сайн байгаагүй буюу тайлан гарах үед хувьцааны үнэлгээ буурах боломжтой байдгыг ч Доу тэмдэглэлдээ дурьдсан байдаг.

Уг үзлийг, TA-чид үнэн гэж барин тавин нотлодог хэдий ч, FA гүйцэтгэгчд үгүйсгэх нь олонтаа.

Зах зээлийн чиг хандлага

Зах зээлийн чиг хандлагын талаарх ойлголтыг бий болгосон гол хүчин зүйл нь Доуны онол байсан гэж үзэх хүн олон. Чиг хандлага нь өдгөө санхүүгийн салбарын гол хэсгүүдийн 1 болоод байгаа ба Доуны онолоор бол нийт 3 өөр чиг хандлага л байдаг. Тэдгээр нь:

  1. Анхдагч чиг хандлага - Хэдэн сараас, хэдэн жил үргэлжлэх боломжтой, зах зээлийн үндсэн чиг хандлага.
  2. Хоёрдогч чиг хандлага - Хэдэн 7 хоногоос, хэдхэн сар үргэлжилнэ.
  3. Гуравдагч чиг хандлага - 10 хүрэхгүй өдрөөс, хэдхэн 7 хоног үргэлжлэх ба заримдаа хэдхэн өдөр, бүүр цагаар хэмжигдэх нь ч бий.

Анхдагч чиг хандлагатай зөрчилдөж буй 2 болон З-дагч чиг хандлагуудыг олж илрүүлснээр, арилжаачид түүнээс ашиг олох боломжыг олж авч болдог. Жишээлбэл, анхдагч чиг өсөлтийг харуулж байхад, 2-догч чиг уналттай байвал, хямд зардлаар авч, яваандаа өндөр үнэд хүргэн зарж болох нөхцлийг эндээс олж болно.

Ийнхүү шинжлэхдээ, яг одоо аль чиг хандлага зонхилж байгааг илүү нарийвчилсан TA-р илрүүлж болно. Өдгөө арилжаачид маш олон төрлийн TA хэрэгслүүдийг өргөнөөр, өдөр тутам хэрэглэж байна.

Анхдагч чиг хандлагын үе шатууд

Доу, анхдагч чиг хандлага 3 үе шатыг дамждаг гэж үзсэн байдаг ба үүнийг нь Бухын чиглэлийн үе дээр жишээлэн тайлбарлая.

  1. Хуримтлал - Баавгайн улирал шувтарсны дараа, зах зээлийн үнэлгээ хэсэгтээ уруу чиглэлийг барих төлөвтэй хэвээр байна. Авхаалжтай, сэргэлэнүүд нь энэ үеийг ашиглан хөрөнгөө цуглуулж эхэлдэг.
  2. Нийтийн оролцоо - Бусад арилжаачид одоо л самбаатай хэдийнхээ олж харсныг мэдээд, бөөнөөрөө "шууран", тухайн хөрөнгийг чадах чинээгээрээ "шүүрч" эхэлнэ.
  3. Илүүдэл ба тараалт - Олонх худалдаж авсан хэвээрээ байх хэдий ч, зах зээл ханаж эхэлсэн байх ба овсгоотой нь, эхнээсээ ашгаа хийгээд гарч эхэлнэ.

Баавгайн үед дээрх жишээ мэдээж эсрэгээр байх хэдий ч, дээрх онол нь батлагдаагүй гэдгийг санаж, зөрүүтэй байх боломжтойг ойлгох хэрэгтэй. Гэвч, олон мянган арилжаачид үүнийг маш өргөн хэрэглэдгээс гадна, дээрх үе шатууд нь, Вайкоффийн арга дээр тодорхойлсон мөчлөгүүдтэй тун төстэй байдаг.

Индекс хоорондын харилцан хамаарал

1 биржийн индекс дээр олдсон анхдагч чиг хандлагыг, өөр бусад биржүүд дээрээс ч олж харах боломжтой байдаг гэдэгт Доу итгэлтэй байдаг байсан гэдэг. Гэхдээ энэ санаагаа зөвхөн, DJTI болон DJIA дээр шалгаж, баталгаажуулж байсан. Тухайн үед, тээврийн зах зээл нь, зөвхөн төмөр замаар л үйлдвэрлэлийн зах зээлтэй нягт холбоотой байдаг байсныг мартаж болохгүй. Тэгэхээр, бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, төрөл нэмэгдэхийн хэрээр, төмөр замын хүчин чадал, үйлчилгээ, хурд өсөх нь мэдээж. Тийм ч учраас, үйлдвэрлэл болон тээвэр салшгүй холбоотой салбарууд юм. 1 нь эрүүлээр хөгжиж байгаа цагт нөгөө нь ч мөн адил хөгжлийг үзүүлэх нь тодорхой байдаг байлаа. Гэвч, өдгөө эдгээр салбарууд 1, нөгөөгөөсөө хамааралгүй болох нь ихэссэн. Ялангуяа, цахим хөрөнгийг тээвэрлэх шаардлагагүй зэрэг хүчин зүйлс нэмэгдэн гарч ирсээр байгаа нь, харилцан хамаарлыг үгүй хийсээр байна.

Арилжааны тоо хэмжээ

Арилжааны үед зайлшгүй анхаарах 2 дахь том үзүүлэлт бол арилжаалагдсан тоо хэмжээ мөн гэдэгтэй арилжаачид маргахгүй. Хүчтэй чиг хандлагыг, арилжааны өндөр тоо, хэмжээ заавал дагаж байх учиртай. Тухайн хөрөнгө ихээр арилжаалагдахын хэрээр, чиг хандлагыг хүчтэй өдөөж байдаг нь гарцаагүй үнэн. Эсрэгээр, арилжааны тоо бага байхад, чиг хандлага хүчирхэгжиж байвал энэ нь эрүүл бус хандлагыг илэрхийлнэ гэж үзнэ.

Эргэлт батлагдах хүртэл тухайн чиг хандлагыг үргэлжилнэ

Нэгэнт чиг хандлагаа олсон л бол, "салхи эргэх" хүртэл тухайн чиглэлээ хадгална гэж Доу үзсэн байдаг. Эсрэг чиглэлд анхдагч чиг хандлага бүрдсэн цагт л, өмнөх чиг хандлагыг дууссанаар тооцно. Харамсалтай нь, 2-догч чиг хандлага явж байна уу? эсвэл анхдагч чиг хандлага эргэсэн байна уу? гэдгийг ялгах төвөгтэй байдгаас буруу шийдвэр гаргах нь түгээмэл байдаг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!