Elliott Wave Theory гэж юу вэ?
Хөрөнгө оруулагчид болон арилжаачдын TA-дээ өргөнөөр тусган хэрэглэдэг онол, зарчмуудын 1 нь Эллиоттийн долгионы онол юм. Уг онолд, зах зээл нь, цаг хугацаанаас хамаарахгүйгээр, тодорхой хэдэн загварыг даган хөдөлж байдаг гэж үздэг.
Энгийнээр бол, зах зээлийн хөдөлгөөн нь, нийтийн сэтгэл зүйг даган жамаараа өөрчлөгддөг буюу дийлэнх арилжаачдын шунал эсвэл айдсаас хамааралтайгаар баавгай эсвэл бухын чигүүдийн хооронд солбилзож байдаг хэмээн тодорхойлсон ойлголтыг Elliott Wave Theory (EWT) гэнэ.
Энэ сэдвийг, товчхон танилцуулсан нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дараад, харгалзах бүлгийг нь уншаарай.
Тус онолыг АНУ-н харъяат, нягтлан бодогч, зохиолч Ральф Нельсон Эллиотт (Ralph Nelson Elliott) 1930-аад оны үед анх гаргаж, танилцуулсан боловч, 1970-аад оноос л Роберт Пречтер (Robert Prechter), А. Ж. Фрост арилжаачдын болоод хөрөнгө оруулагч, судлаачдын дунд танигдаж эхэлсэн байна.
EWT-г хүний зан төлвийн тодорхойлолт гэж үзэх нь түгээмэл бөгөөд Долгионы зарчим хэмээн өргөмжилдөг. Эллиоттийн уг онол нь үнэт цаасны арилжаан дээр төлхүү төвлөрч, өгөгдлийн шинжилгээнд тулгуурласан байдаг ба судалгааны ажлаа тэрээр нийт 75 жилийн өгөгдөл дээр гүйцэтгэжээ.
EWT нь, TA-ний үед, зах зээлийн чиг хандлага, үе шатыг тодорхойлох зорилгоор хэрэглэгдэж байгаа боловч, уг онол нь үзүүлэлт болон арилжааны арга барил биш, харин зах зээлийн зан төлвийг илтгэгч хэрэгсэл болдог.
Эллиотийн долгионы ерөнхий загвар
5 Motive Wave буюу түрэлтийн долгион, 3 Corrective Wave буюу засварын долгионоос бүрдэх ба Бухын улирлын үед доорхтой төстэй байдлаар харагдана.
Дээрх зурагт:
- 1, 3, 5 нь, өсөлтийн үеийн түрэлт;
- A, C нь, уруудах үеийн түрэлт;
- 2, 4, B нь, засвар;
EWT-ийн зарчмаар, загвар нь өөр 1 загварын хэсэг байж болох бөгөөд, их/том цаг дээр харвал 1-ээс 5 буюу I хэсгийн долгионууд нь, нийтдээ 1 долгион, A, B, C буюу II хэсгийн долгионууд нь, мөн өөр 1 долгионд тооцогдож болно. Доорх зургаас харвал илүү ойлгомжтой байх болов уу.
Түүнчлэн, бүр жижиг/бага цаг дээр харахад дээрх долгион бүр дахин 1 загвар болон задрах боломжтой. Жишээ нь, 3 дугаарын долгион нь:
Дээрх зурагт баавгайн улирлын үед EWT загвар хэрхэн дүрслэгддэгийг мөн харуулсан байгаа.
Түрэлтийн долгион
Ерөнхий чиг хандлагыг дагасан хөдөлгөөнтэй долгионуудыг Motive Wave гэнэ гэж Пречтер тодорхойлсон байдаг. Дээрх жишээ зургуудад, 8 долгионтойгоор Эллиотийн загваруудыг дүрслэсэн хэдий ч, тэдгээр долгион бүр дотроо 5 жижиг долгионыг агуулсан байгаа ба үүнийг 5 долгионт загвар гэж нэрлэдэг. Тэдгээр нь, доорх шалгуураас бүтэх учиртай. Үүнд:
- 2 дахь долгионы хэмжээ нь, өмнөх долгионы хэмжээг 100%-с илүүгээр давж гарахгүй байх.
- 4 дэх долгионы хэмжээ нь, 3 дахь долгионы хэмжээг 100%-с илүүгээр давж гарахгүй байх.
- 1, 3 болон 5-р долгионуудыг харьцуулахад 3 дахь долгион хамгийн богино нь байж болохгүй буюу ихэнх тохиолдолд хамгийн урт нь байна. Үүнээс гадна, 3 дахь долгион ямагт 1 дэх долгионоос сэтлэхүйц урт байх ёстой.
Засварын долгион
Ихэвчлэн, 3-хан долгионоос бүтнэ. 2 жижиг түрэлтийн долгионы голд, 1 жижиг засварын долгион агуулсан хэлбэртэй байх ба тэдгээрийг латин цагаан толгойн үсгийн дарааллаар тэмдэглэгддэг.
Ерөнхий чигийн эсрэг хөдөлдөг учир, засварын долгион нь, түрэлтийн долгионоос жижиг байдаг. Гэхдээ, хэт "зунгаарч", түрэлтийн дохионоос урт болох боломжтой бөгөөд, тэгсэн тохиолдолд түүнийг таних, ялгахад хүндрэлтэй болно. Энэ үед, засварын дохио хэзээ ч 5 долгионы уртанд хүдэггүй гэдгийг санах нь зүйтэй байдаг.
Эллиотийн долгион бодит амьдрал дээр хэрэгждэг үү?
Зах зээлийн хөдөлгөөнийг хэр зөв таньж чадахаас л шууд хамаардаг гэж тайлбарлах нь илүү оновчтой болов уу. Учир нь, уг онол яг хэрэгждэг гэсэн ямар ч нотлогоо байхгүй хэвээр байгаа. Гэхдээ, нотлогдоогүй гэхээр, заавал худал гэсэн үг бас биш шүү!
Бодит байдал дээр, уг загвар дээрх жишээ зургуудынхаас өөрөөр зурагдах нь элбэг. Тэгэхдээ, мэдээж дүрмээс гажуудахгүйгээр зурагдаж байж л бодит үр дүнг үзүүлнэ. Мөн мэдээж, үүнийг таних, зурах нь ихээхэн туршлага, дадлагыг шаардах тул, амаргүй байх нь ойлгомжтой.
Уг онолыг хэт баригдмал, сэтгэл зүй гэх хийсвэр зүйлд тулгуурласан гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг ч, TA-дээ тусгаад амжилт олсон олон арилжаачид байдгыг дурсахгүй өнгөрч болохгүй. Уг онол, загварыг, бусад TA аргуудтай хослуулснаар эрсдлийг бууруулах зохицуулалт хийж болно. Фибоначчигийн сэргээлт болон Фибоначчигийн өргөтгөлийн аргууд нь түүний гол жишээнүүд билээ. Эдгээрийн талаар яваа яваандаа танилцуулахыг зорьно оо.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation