Крипто валют арилжааны суурь мэдлэг [2-р бүлэг]

Крипто арилжаалах сонирхолтой уншигчиддаа зориулан, арилжаанд оролцохын өмнө уншиж судласан байвал зохих мэдээллүүдийг дэс дараатайгаар, товч бөгөөд тодорхой танилцуулахыг зорьлоо.

Өмнөх бүлгийг ЭНД дараад уншаарай.


Арилжааны төлөвлөгөө гэж юу вэ?

Ерөнхийдөө бол, арилжаа хийхдээ дагаж мөрдөхөөр өөрөө өөртөө тогтоосон дүрмүүдийг арилжааны төлөвлөгөө гэнэ. Тиймээс, хамгийн оновчтой төлөвлөгөө гэсэн ойлголт хүн бүрт өөр өөр байх бөгөөд, бусдын төлөвлөгөөг сонирхож судласны дараа, тэдгээрээс өөрт тохирохыг нь сонгож, өөрийн арилжаа хийх хэлбэртээ нийцүүлэн өөрчилж хэрэглэх нь зүйтэй.

Төлөвлөгөө гаргах нь арилжааны хувьд, маш чухал алхам болдог. Төлөвлөгөө гаргаснаар, сэтгэл хөдлөлдөө автаж, арилжааны буруу шийдвэр гаргах зэрэг зөрчил багасна. Төлөвлөгөө гаргасан үед, юуг, хэрхэн яаж, ямар үнэ ханшаар, хэдийд арилжаалахаа шийдвэрлэх боломжтой.

Хөрөнгийн жагсаалтын зохион байгуулалт гэж юу вэ?

Хөрөнгийн зохион байгуулалт гэж, хөрөнгө оруулсан төсөл, байгууллагуудын жагсаалтыг гаргаж бүртгэх, хөтлөх явдлыг хэлнэ. Portfolio буюу хөрөнгийн багц гэдэг нь, цэгцтэй бүлэглэж, зохион байгуулсан бүртгэл байдаг ба үүнд маркны цуглуулгаас эхсүүлээд үл хөдлөх хөрөнгө хүртэл бүхнийг бүртгэж болно. Крипто валютийн арилжааны хувьд, Биткойн эсвэл/болон бусад зоосуудын цуглуулгыг ийнхүү багцалж болдог бөгөөд хамгийн эхний авч хэрэгжүүлэх арга хэмжээ тань, ийм багцынхаа жагсаалтыг үүсгэх явдал юм. Тэгэхдээ, өндөр эрсдэлтэй ч, маш их ашигтайг нь сонирхож байна уу, эрсдэл багатай ч, зугуухан орлого оруулж байдгыг нь сонирхож байна уу? Эсвэл эдгээрийг хослуулах гэж байна уу? Алсдаа өндөр өгөөж хүртэх сонирхолтой байна уу? Тогтмол орлого олох гэж байна уу? зэргээр төлөвлөгөөндөө нийцүүлэн, судалгаандаа үндэслэн шийдвэрээ гаргаарай.

Арилжаа болон хөрөнгө оруулалтын алингаар нь ч замнахаар шийдсэн бай, дор хаяж 5 сайн төсөл сонгож, тэдгээрийгээ төлөвлөгөөнийхөө дагуу тас атгах гээд хичээгээрэй.

Хөрөнгийн багцаа хэрхэн зохион байгуулах нь, маш чухал үр дүнтэй байдаг гэдэг нь хэдийн нотлогдсон. Гол нь, өөртөө, өөрийнхөө арга барил, боломжинд яг тааруулах, хамгийн тохиромжтой хэлбэрийг олох нь чухал.

Эрсдлийн зохицуулалт гэж юу вэ?

Ямар ямар эрсдэл байж болохыг ЭНДээс, харин тэдгээрийг хэрхэн ангилж, ямар арга хэмжээгээр, яаж шийдвэрлэх боломжтойг ЭНДээс тус тус уншаж судлаарай.

Өдөр тутмын арилжаа гэж юу вэ?

Day trading - Өдөр өдөртөө арилжааны төлөв нээгээд, тухайн өдрөө хаагаад явдаг арилжааг өдөр тутмын гээд орчуулчихлаа. Буруу зөрүү санагдвал сэтгэгдэл бичээд, залруулаад өгөөрэй. Өдрийн тодорхой 1 үед нээгдээд, тогтсон цагаар арилжаа хийгдээд хаагддаг, уламжлалт арилжааны системтэй адил хэлбэрээр зохиогддог ба арилжаа хаагдахаас өмнө, арилжаачид бүх төлвөө хаах сонирхол хүчтэй байдаг.

Харин, крипто валютийн арилжаанд нээх, хаах цагийн хуваарь, хязгаарлалт гэсэн ойлголт байдаггүй хэдий ч, нээсэн төлвөө тухайн өдөртөө хаагаад явахыг илүүд үзэж байвал, болохгүй зүйл байхгүй. Гэхдээ, ийм төрлийн арилжааны үед, гол "багаж" тань TA буюу Техник шинжилгээ байх тул, зохих хэмжээний мэдлэг, туршлага шаардлагатайг анхаараарай. Арга барилаа олчихвол тогтмол арилжаагаа хийгээд, ашгаа хүртээд явах бүрэн боломжыг олгох боловч, багагүй эрсдэлтэйг нь бодолцох нь зүйтэй.

Савлуурт арилжаа гэж юу вэ?

Ханшийн чиг хандлагыг дагаж арилжаа хийхдээ, арай илүү урт хугацаагаар төлөв нээж байгаа арилжааны төрлийг swing trading гэнэ. Энэ төрлийн арилжааны үед хугацаа нь хэдэн өдрөөс, хэдэн сараар ч хэмжигдэх боломжтой байдаг.

Ханш нь зохих хэмжээнээс буурсан, өсөх нь тодорхой хөрөнгийг олж, түүнийг худалдан авч, ханш өсөх үед ашиг хийх нь уг арилжааны төрлийн гол зорилго юм. Ханш өссөн байгаа үед, тухайн хөрөнгөнөөс өөрийн эзэмшлийн тодорхой хувийг үнэтэй зараад, унамагц эргүүлэн хямдаар худалдаж авах үйлдэл нь ч мөн энэ төрлийн арилжаанд хамаарна.

Өдөр тутмын арилжааны адилаар, төлөвлөгөөгөө TA-нд үндэслэн гаргах нь түгээмэл бөгөөд оновчтой хэдий ч, энэ төрлийн арилжаа урт хугацаанд гүйцэтгэгддэг тул, FA буюу Суурь шинжилгээг мөн хийж байвал зохино. Савлалт дагуулсан ийм арилжааны хэлбэр нь, цаг хугацаанд баригдахгүй, олон цагаар дэлгэц ширтэж суух шаардлагагүй зэрэг давуу талуудтай байдаг тул сонирхогч, анхлан суралцагчдад тохиромжтойд тооцогддог.

Чиглэлт арилжаа гэж юу вэ?

Position буюу trend trading гэдэг нь, олон сараар үргэлжлэх, урт хугацаагаар хэрэгжих арилжааны төрөл юм. Зах зээлийн өдөр тутам эсвэл 7 хоног доторх ханшийн хэлбэлзлүүдийг огтоос сонирхдоггүй, харин тухайн хөрөнгийн ерөнхий өсөлтөөс ашиг олох зорилгоор, алсын хараатай шийдвэр дээр үндэслэсэн арилжааны хэлбэрийг ийн нэрлэнэ.

Swing trader-үүдийг бодвол, дориухан өсөлт бүрээс ашиг хийх гэж оролддоггүйгээрээ ялгаатай бөгөөд ихэнх trend trader-үүд, өөрсдийн FA-д үндэслэн шийдвэрээ гаргаж байдаг. Гэхдээ, мөн TA-г тодорхой хэмжээгээр хэрэглэдэг ба ингэхдээ ихэвчлэн зах зээлийн чиг хандлага хэдийд урвах төлөвтэй байгааг тогтоох, таамаглахад ашигладаг. Ийм төрлийн арилжаа нь, арга барилаа олох, суралцахад тусладаг тул, анхлан суралцагч болон сонирхогчдод тун зохимжтой.

Хуйхлах гэж юу вэ?

Багахан дэгдэлтээс ч ашиг олох зорилготой, маш бага цаг дээр арилжаа нээгээд, хаах явцыг scalping гэнэ. Минутын дотор, заримдаа бүүр хэдхэн секундэд гүйцэтгэгдэх энэ үйлдлийг гүйцэтгэхдээ TA-д тулгуурлан, авах/зарах ханшийн зөрүүг олж, түүнийг ашигладаг. Хичнээн амжилттай хэрэгжсэн ч, ийм төрлийн арилжаагаар олох ашиг нь маш бага байх ба олсон ашиг нь, ихэвчлэн 1% ч хүрдэггүй. Гэхдээ, дуслыг хураавал, далай гэдэг дээ.

Анхлан сонирхогчид, энэ аргыг туршиж үзэхийг саналтгүй. TA-г халгаахгүй болсон цагт л ашиг олж болох, эрсдэл өндөртэй арилжааны хэлбэр гэдгийг нь ойлгох хэрэгтэй.

Хөрөнгийн хуваарилалт ба төрөлжүүлэлт

Бүх мөнгөөрөө 1 төсөл, байгууллагад хөрөнгө оруулах нь том тэнэглэл байж болно. Тухайн хөрөнгө оруулсан бизнес, төсөл тань дампуурвал, Та юу ч үгүй хоосон хоцрох аюултай. Тиймээс, л дор хаяж 5 өөр төсөл сонго гээд байдаг юм шүү дээ. 4 нь сүйрлээ ч, ядаж 1 нь ашиг өгч байвал, бас ч гэж учиртай.

Зүгээр бэлэн мөнгөн дээр ч мөн адил, улсын эдийн засаг хямраад, төгрөгийн ханш шал дээр хөглөрөх үед, Таньд төгрөгөөс өөр ямар ч валют байхгүй байвал, тэр үед Та гуйлгачнаас ялгаагүй, хоосорч мэднэ. Харин хэд арван доллар, рубль, вон, йен, евро, фунт зэргээс өөрийн боломжинд аваад дарчихсан байвал, бас ч гэж хог дээр гаралгүй, зуураад үлдчих боломжтой.

Хуваарилалтаа сайн хий гэдэг нь, олон зуун өөр зоос, токен, валют, төсөлрүү сарвалзаад, хөрөнгийн багцаа алаг цоохор болгоод орхихын нэр биш шүү. Харин олон өөр төрлөөс, харж, судлаад, тэр дундаасаа аль ирээдүйтэйг нь сонгох нь гол. Өөрөөр хэлбэл, крипто валют дотроо олон өөр төрлийг сонгосон ч, крипто гэдэг бүхэлдээ 1 төрөл болохыг ойлгож, хажуугаар нь өөр бас хувьцаа, алт мөнгө, технологийн зэрэг өөр салбарт хөрөнгө оруулах нь хамгийн оновчтой шийдвэр болно.

Нобелийн шагналт эдийн засагч, Гарри Марковиц (Harry Markowitz) өөрийн Modern Portfolio Theory (MPT) буюу Орчин цагийн хөрөнгийн багцийн онолдоо энэ талаар маш тодорхой танилцуулсан байдаг ба хөрөнгийн хуваарилалт нь, санхүүгийн эрсдлийг хэрхэн бууруулдаг болохыг маш тодорхой тайлбарласан байгаа.

Доу онол гэж юу вэ?

Чарльз Доугийн (Charles Dow) санаанууд дээр тулгуурласан санхүүгийн үзэл баримтлалуудыг The Dow Theory буюу Доугийн онол гэдэг. Хэдийгээр Чарльз Доу өөрөө энэ онолыг бүрэн төгөлдөржүүлээгүй ч, түүний тэмдэглэж үлдээснээс, онцлох хэсгүүдийг нь доор жагсаая.

  1. Зах зээлийн үр ашгийн тооцоолол - ЭНД дараад дэлгэрэнгүйг уншиж, судлаарай.
  2. Өнөөгийн санхүүгийн салбарын гол ажиглах үзүүлэлт болсон, чиг хандлагыг анх Доу илрүүлсэн гэдэг. Чиг хандлагын Анхдагч, 2-догч, 3-дагч хэлбэрүүдийг ч мөн тэр тодорхойлсон.
  3. Анхдагч чиг хандлагын үе шатуудыг тэрээр, хуримтлал, хүмүүсийн сонирхол болон оролцоо, түгээлт ба илүүдэлт гэж тэмдэглэсэн.
  4. 1 индексээр баримжаалах нь утгагүй буюу индексүүдийг харьцуулж үзэх нь оновчтой болохыг тайлбарласан.
  5. Арилжаалагдаж буй хэмжээг анхаарч, анзаарах нь чухал.
  6. Чиг хандлага бүрэлдсэн тодорхой болвол, эсрэг чиглэл үүстэл, тухайн хандлага үргэлжилдэг гэж заасан байдаг.

Дээрх үзлүүд нь, батлагдсан ойлголт биш, онол гэдгийг анхаараарай. Хэдий тийм ч, уг онол нь өнөөгийн санхүүгийн салбарын шинжилгээний арга барилын гол хэрэгслүүдийн 1 болжээ.

Эллиоттийн долгионы онол гэж юу вэ?

Elliott Wave Theory (EWT) гэдэг нь, зах зээлийн үнэ ханш нь, түүнд оролцогчдын сэтгэл зүйгээс хамаарч байдаг гэж үздэг онол юм. TA-нд ихээр хэрэглэгддэг хэдий ч, үзүүлэлт, арилжааны арга барил гэхээс илүүтэйгээр, зах зээлийн бүтцийг шинжлэхэд хэрэглэвэл зохино.

Эллиоттийн долгионы загварыг, 8 цуварсан долгионоор ажиглах боломжтой бөгөөд, тэдгээр 8 долгион нь Motive Wave буюу түрэлтийн долгион эсвэл Corrective Wave буюу засварын долгионы аль нь ч байж болдог. Түрэлтийн долгион нь, ерөнхий чиг хандлагыг дагасан хөдөлгөөнтэй байдаг, засварын долгион нь түүний эсрэг байна.

Эллиоттийн долгионы 8 шатлалыг дээрх зурагт харуулахдаа, цэнхэр өнгөөр түрэлтийг, шар өнгөөр засварыг ялгаж харуулсан байна.

Дээрх загварын долгион тус бүрийг жижиг цаг дээр татаж харахад, дотор нь дахиад Эллиоттийн долгион харагдах боломжтой. Эсрэгээр, холдуулаад, том цаг дээр харахад уг загвар маань, өөр нэгэн Эллиотийн загварын 1 долгион ч байж болно гэсэн үг.

Вайкоффийн арга гэж юу вэ?

1930 онд, Чарльз Вайкоффийн (Charles Wyckoff) боловсруулсан, арилжаа болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Wyckoff Method гэдэг. Түүний энэ төлөвлөгөө нь өнөө цагийн TA-ний гол тулгуур болоод байна.

Вайкофф 3 үндсэн аргыг танилцуулсан нь:

  1. Эрэлт, нийлүүлэлтийн хууль;
  2. Шалтгаан, үр дагаварын хууль;
  3. Хичээл зүтгэл, үр дүнгийн хууль;

нар бөгөөд, түүний Composite Man буюу нийлмэл хүний онол нь Доуны анхдагч чиг хандлагын задралтай ихээхэн төстэй санааг илтгэдэг. Түүний бүтээлүүд өнөөдөр, крипто арилжаачдад үнэ цэнэтэй мэдлэг болж байна. 

Маш хураангуй, хялбарчилсан байдлаар тайлбарлавал, Вайкоффийн арга нь дараах 5 алхмаар гүйцэтгэгдэнэ.

  1. Чиг хандлагыг тодорхойлох - одоо ямар байна вэ? цаашид хаашаа чиглэх гэж байна?
  2. Хөрөнгө оруулах зөв төслөө тодорхойлох - Зах зээлийн урсгалыг дагаж байна уу, сөрж байна уу?
  3. Зорилтоо зөв тодорхойлсон төслийг олох - Төлөв нээхэд хангалттай байж чадах төсөл мөн үү? Олж болох ашиг болон учирч болох эрсдлийн аль нь илүү байна?
  4. Хөдөлгөөний чигийг баримжаалж, таамаглах - Вайкоффийн аргаар тооцоход, авах зарах үйлдлүүд ханшийг хөдөлгөж дийлэх үү? Ханш одоо ер нь хааш чиглэж байна вэ? Хөдлөх бэлэн болсон уу?
  5. Орох цагаа сонгох - Хөрөнгийн үнэлгээ, зах зээлийн чиглэлтэй хэр харьцаатай байсан бэ? Хэдийд орвол хамгийн тохиромжтой вэ?

АвДар гэж юу вэ?

Худалдаж аваад, хадгалахыг buy and hold гэнэ. Энэ нь зах зээлийн хэлбэлзлээс хамаарахгүйгээр, урт удаан хугацаагаар хөрөнгө оруулж байгаа үйлдлийг нэрлэсэн тодорхойлолт юм. HODL гэж нэрийдэх нь их.

Индексийн хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Худалдаж авсан хөрөнгийнхөө ханшийг тодорхой түвшинд хүртэл дараад, хүрмэгц зарж, ашгаа гаргадаг төрлийн арилжааг ингэж нэрлэдэг ба үүнийт талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншиж судлаарай.

Цаасан арилжаа гэж юу вэ?

Мөнгөө эрсдэлд оруулахгүйгээр, ур чадвараа сорьж, шалгаж үзэх зорилгоор гүйцэтгэж буй туршилтын арилжааг paper trading гэнэ. Ханшийн уналтын үед ямар дүнгээр хөрөнгө худалдаж авах, мөн дараа нь, ямар ханшаар зарах байснаа тухай бүрт нь оруулж, ашиг/алдагдлын тооцоогоо харж дүгнэлт гаргах зорилготойгоор ийм арилжаа хийж болно. Ийм хуурамч арилжааг гүйцэтгэх боломжтой талбарууд цөөнгүй байдаг ба тэдгээр дээр хийсэн туршилтуудаар, өөрийнхөө хэр зөв төлөвлөгөө, тооцоололтой байгааг шалгаж болдог. Ингэхдээ, алдагдал болон ашгийн дүн, хувь хэмжээ, хугацаа, зэргийг харгалзах шимтгэл, төлбөртэй нь тооцоод харуулдгаараа онцлог.

Урт төлөв гэж юу вэ?

Ханш нь удахгүй өснө гэж таамаглаад, хөрөнгө худалдаж авахыг long position (товчилж long гэх нь элбэг) буюу урт төлөв нээх гэнэ. Ихэвчлэн форекс мэтийн төрөлжүүлэлтийн бүтээгдэхүүнүүдийн арилжаан дээр хэрэглэгдэх боловч зөвхөн ханшийн өсөлтийг хүлээж, өсөлтөөс л ашиг олдог гэж андуурч болохгүй. BTCDOWN буюу BTC-ийн ханшийн эсрэг хөдөлдөг, хөшүүрэгт токеноор арилжаанд орж, ханшийн уналтаас ч ашиг олж болно. Учир нь энэ төрлийн токенууд нь үндсэн токенийхоо ханшийн эсрэг хөдөлж байдаг. Жишээлбэл, ETHDOWN токений ханш, ETH-ийн ханш унавал өсч, өсвөл буурдаг.

Богино төлөв гэж юу вэ?

Дээрхийн эсрэг буюу ханш унах гэж байна гэж үзээд, хөрөнгөө зарж мөнгө болгоод, унасны дараа эргүүлэн худалдаж авах зорилготойгоор хийгдэж байгаа арилжааг short position (товчоор short) богино төлөв нээх гэж нэрлэнэ. Хөшүүрэгт арилжаанд хамгийн ихээр ашиглагдах боловч, шууд худалдаанд ч мөн их өргөнөөр хэрэглэгддэг.

Захиалгуудын жагсаалт гэж юу вэ?

ЭНД дараад тайлбартай нь танилцаарай.

Захиалгын жагсаалтын гүн гэж юу вэ?

Захиалгын жагсаалт дээр бүртгэгдсэн байгаа захиалгуудын дүрслэлийг order book depth (эсвэл market depth) гэх ба ихэвчлэн зарах болон авах захиалгуудыг 2 талд ялган харуулдаг.


Хэдий чинээ гүн байна, төдий чинээ хөрвөх чадвар сайн байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл уг хөрөнгийн арилжаанд оролцоход үнэ ханш, арилжаалах тоо хэмжээний сонголт хэр их байгааг эндээс харж болно.

Шууд захиалга гэж юу вэ?

Тухайн 1 эсвэл хэд хэдэн хөрөнгийг, яг одоогийн зах зээлийн үнэ ханшаар нь, шууд худалдаж авах эсвэл зарах хүсэлтийг ийн нэрлэнэ. Дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншаарай.

Арилжаанд тохиолдох халтиргаа гэж юу вэ?

Шууд захиалгын үед үүсдэг slippage гэх энэ ойлголт нь, захиалгын дүнг гүйцэлдүүлэхийн тулд ханшийн зөрүүтэй ч хамаагүй захиалгуудыг захиалгын жагсаалтаас дарааллаар нь тулгаж хэрэгжүүлдгээс үүдэлтэй.

Өөрөөр хэлбэл, Таны оруулсан ханш, захиалгын биелэгдсэн ханш 2-ын зөрүүг ингэж нэрлэнэ. Тиймээс, ийм байдлаар алдагдал хүлээхгүйн тулд, захиалга өгөхөөсөө урьтаж бирж, хөрөнгө, арилжааны хослол болон захиалгын жагсаалтыг нь шалгаж байвал зохино. Ялангуяа, шинэ гарсан, олонд танигдаагүй токен арилжаалах гэж байгаа үед илүү анхаарууштай.

Нэрлэсэн захиалга гэж юу вэ?

ЭНД дараад харгалзах нийтлэлийг нь уншиж судлаарай.

Алдагдал багасгах (SL) захиалга гэж юу вэ?

Stop-Loss Order (Stop-Limit Order гэх нь ч бий) буюу нөхцөлт захиалга гэж юу болох, ямар ашигтай, хэрхэн тохируулахыг ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншаарай.

Шууд болон хүлээцтэй арилжаачид гэж хэнийг тодорхойлдог вэ?

ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншаарай.

Авах/Зарах ханшийн зөрүү гэж юу вэ?

ЭНД дараад тодорхойлолттой нь танилцаарай.

Лаан граф гэж юу вэ?

Дэлгэрэнгүй танилцуулсан нийтлэлийг нь ЭНДээс уншиж болно.

Лаан граф дээрх загварууд гэж юуг хэлдэг вэ?

Тайлбар нийтлэлийг нь ЭНД дараад уншаарай.

Чиг хандлагын шугам гэж юу вэ?

Арилжаачид болон TA хийгчдийн өргөн хэрэглэдэг хэрэгсэл бөгөөд өгөгдлийн тодорхой хэдэн цэгүүдийг холбон зурсан зураас байдлаар дүрслэгдэнэ. Өгөгдлүүд гэж ихэвчлэн ханшийн мэдээллүүдийг тодорхойлох боловч, өөр бусад мэдээллүүд дээр мөн уг шугамыг дүрсэлж хэрэглэх нь бий.

Уг шугамыг, ханшийн чиглэлийг тодорхойлох зорилгод голчлон хэрэглэх ба түүний тусламжтайгаар үнийн ирээдүйн дүн хэд орчимд хүрэхийг таамаглах боломж бүрддэг.


Энэ шугамыг графийн аль ч цаг дээр зурах боломжтой хэдий ч, том цагийн зураас, жижгээсээ илүү үр дүнтэй байдаг нь олонтаа батлагдсан байдаг. Криптотой холбоотой цуврал нийтлэлийнхээ дараагийн дугааруудаар энэ сэдвийг илүү гүнзгийрүүлэн судалж, танилцуулах болно оо.

Шал, тааз гэж юуг хэлээд байна вэ?

ЭНД дараад шал гэж юу болох, харин ЭНД дараад тааз гэж юуг тодорхойлж байгааг манай крипто валюттай холбоотой цуврал нийтлэлийн дэд цуврал болох крипто тайлбар толиос уншаарай.


Төгсгөлийн бүлгийг ЭНД дараад уншаарай.


Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол худалдаж авч хэрэглээрэй, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!

Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!