Крипто валют арилжааны суурь мэдлэг [3-р бүлэг]

Крипто арилжаалах сонирхолтой уншигчиддаа зориулан, арилжаанд оролцохын өмнө уншиж судласан байвал зохих мэдээллүүдийг дэс дараатайгаар, товч бөгөөд тодорхой танилцуулахыг зорьлоо.

1-р бүлгийг ЭНД, 2-р бүлгийг ЭНД дараад уншаарай.


Техник шинжилгээний үзүүлэлтүүд гэж юу вэ?

Санхүүгийн тоон болон граф дээр шинжилгээ хийхэд хэрэглэх, тооцооллын хэрэгслүүдийг үзүүлэлт гэх бөгөөд үүнийг ханш, арилжааны хэмжээ, авах захиалга буюу эрэлтийн хэмжээ, нийгмийн хандлага, байр суурь болон бусад хүчин зүйлсээс хамааруулж тооцоход хэрэглэнэ.

TA нь өнгөрсөн дэх үр дүнгээс, ирээдүйн чигийг тодорхойлох зорилгоор хийгддэг. Үүнийг гүйцэтгэх явцдаа таамаглалаа илүү бодит, үнэн зөв дүгнэлтэнд хүргэхийн тулд уг үзүүлэлтүүдийг хослуулан хэрэглэвэл зохино. Эдгээр үзүүлэлтүүдийг дотор нь дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  1. Ирээдүйн чиг хандлагыг илэрхийлэгч - leading indicators буюу тэргүүлэгч/чиглүүлэгч үзүүлэлт;
  2. Хэдийн бүрэлдчихээд буй загварыг баталгаажуулагч - lagging indicators буюу хоцролттой үзүүлэлт;
  3. Яг одооны бодит үр дүнг харуулагч - coincident indicators буюу давхцалт үзүүлэлт;

Дээрхээс гадна, үр дүнгээ ямар хэлбэрээр харуулж байгаагаас нь хамааруулан ангилж болдог ба тэр тохиолдолд:

  1. Ханшаас хамаарсан үзүүлэлтүүдийг харуулж байвал, overlay буюу ерөнхийлсэн;
  2. Дээд болон доод ханш, тэдгээрийн дунджаас хамаарч байвал, oscillator буюу хэлбэлзэлт;
  3. Мөн тасралтгүй өсөх эсвэл буурах чиглэлтэй байгааг илтгэх, түүний хурдыг хэмжих momentum буюу эрч;
Эдгээр үзүүлэлтүүд нь бүгд өөр өөрсдийн давуу болон сул талтай тул, аль 1-г нь онцлон сайшаах эсвэл муулах боломжгүй юм. Өөрийн хэрэглээ, сонирхолд нийцүүлэн сонгож, хослуулан хэрэглэж дадах нь л хамгийн зөв сонголт болох байх.

Чиглүүлэгч ба хоцролттой үзүүлэлтүүд

Үзүүлэлт бүр өөр өөрсдийн онцлог чанартай бөгөөд харгалзах хэрэглээндээ илүү нийцтэй үр дүнг харуулдаг. Чиглүүлэгч үзүүлэлтүүд нь ирээдүйн чиг хандлагыг харуулдаг бол, хоцролттой үзүүлэлт нь аль хэдийн бүрэлдэн буй болсон байгаа чиг хандлагыг илрүүлэх зориулалттай.

Чиглүүлэгч үзүүлэлт нь богино болон дунд хугацааны зорилтот төлөвлөгөөнд илүү үр дүнтэй байдаг ба үүнийг ихэвчлэн өөрсдийн таамаглалаа шалгахад хэрэглэдэг. Гэвч, ямар ч үзүүлэлт ирээдүйг яг таах боломжгүйг анхаараарай.

Бүрэлдээд, хэрэгжээд эхэлчихсэн чиг хандлагыг олж тогтоох нь хоцролттой үзүүлэлтүүдийн гол зорилго байдаг. Хоцорч мэднэ гэхээр хэрэггүй юм шиг санагдаж болох ч, угтаа өнөөгийн хандлагыг илрүүлэх нь олон талын ашиг тустай. Ийм үзүүлэлтүүдийг шалгаснаар ил тод болоогүй байсан олон олон мэдээллийг тодруулах боломж бүрдэнэ. Ийм төрлийн үзүүлэлтүүдийг ихэвчлэн урт хугацааны хөрөнгө оруулалтанд хэрэглэдэг.

Уг сэдвийг дараа дараагийн нийтлэлээрээ гүнзгийрүүлэн танилцуулъя.

Эрчийн үзүүлэлт гэж юу вэ?

Ханшийн өөрчлөлтийн хурдыг хэмждэг ойлголтыг market momentum буюу зах зээлийн эрч гэх ба, түүнийг хэмжих үзүүлэлтүүдийг momentum indicator буюу эрчийн үзүүлэлтүүд гэнэ. Энэ үзүүлэлт нь, ханшийн уналт болон өсөлтийн хэр хурдацтай явагдаж байгааг хэмжих бөгөөд ихэвчлэн хэлбэлзлээс ашиг олох сонирхолтой байгаа арилжаачид үүнийг богино хугацааны арилжаанд хэрэглэдэг.

Эрч хүчтэй байгаа үед төлөв нээж, арилжаанд ороод, сулраад ирмэгц хаагаад гарах нь гол зорилго байх ба хэлбэлзэл багасахын хэрээр ашиг багасна. Тиймээс, уг үзүүлэлтэнд тулгуурлан арилжаа эрхлэгчид дэгдэлт ихтэй хөрөнгө олж, дэгдэлтээс нь ашиг олоод, бушуухан гарч, дараагийн дэгдэлттэй хөрөнгөрүү орох замаар "нүүдэллэж" байдаг.

Арилжааны хэмжээ гэж юу вэ?

Харгалзах хугацаанд, хэр олон тусдаа арилжаа амжилттай гүйцэтгэгдсэнийг тоолдог үзүүлэлтийг volume буюу арилжааны хэмжээ гэнэ. Өөрөөр хэлбэл, хэр их хөрөнгө гараас гарт шилжсэнийг хэмжинэ. Крипто тайлбар толь дээрх тайлбарыг ЭНД дараад уншаарай.

Зарим арилжаачдад энэ үзүүлэлт, TA-ний хамгийн чухал үзүүлэлт болдог. Учир нь, арилжааны хэмжээ их байна гэдэг нь, ханшийн хүчтэй өөрчлөлтийг илтгэдэг байна. Чиг хандлагатай харьцуулан харснаар, арилжааны хэмжээ нь, хэлбэлзлийн баталгаа болно. Тиймээс, хэт их арилжааны дүнг дагаж төлөв нээж, хаах арилжаачид олон байдаг. Түүх давтагддагын адил, ханш унах болон өсөх нь баталгаатай, түүнийг эрт таньж, зөв шийдвэр гаргах л чухал. Уг үзүүлэлттэй, шал болон таазыг хослуулах нь, тухайн түвшний чадлыг тогтоох боломжыг олгоно.

Харьцангуй дүйцлын арга (RSI) гэж юу вэ?

ЭНД дараад харгалзах нийтлэлийг нь уншаарай.

Биткойны граф дээр RSI үзүүлэлтийг харьцуулсан байдал.

Хөдөлгөөний дундаж (MA) гэж юу вэ?

ЭНД дараад харгалзах нийтлэлийг нь уншаарай.

Биткойны ханшийн үзүүлэлтийг 200-7 хоногийн MA-тай харьцуулсан байдал.

Хөдөлгөөний дунджын ойролцооны зөрүү (MACD) гэж юу вэ?

2 тусдаа MA үзүүлэлтийг ашиглан, эрчийг илрүүлэх үзүүлэлтийг moving average convergence divergence (MACD) буюу хөдөлгөөний дунджын ойролцооны зөрүүг тооцох арга гэнэ. Ханшийн өөрчлөлтийн өнгөрсөнд үзүүлсэн хөдөлгөөний түүх дээр тооцоологддог тул, энэ арга нь хоцролтот үзүүлэлт юм.

Уг үзүүлэлтийг дүрслэхдээ, 2 MA сонгож аваад, тэдгээрийнхээ зөрүүг, дохионы шугамтай харьцуулж харах хэрэгтэй. Жишээлбэл, 12 EMA-с 26 EMA-г хасаад, түүнийгээ 9 EMA-тай зэрэгцүүлнэ гэсэн үг. MACD болон дохионы шугам хоорондын зайг дүрсэлж харуулдаг хэрэгсэл, веб зөндөө байдаг тул, тэдгээрийг ашиглаж болно.

Биткойны граф дээр, MACD-г байршуулж, харьцуулсан байдал.

Эдгээр шугамуудын харилцан огтлолцол нь, чухал үйл явдлыг илтгэнэ гэж үздэг бөгөөд хэрэв, MACD нь, дохионы шугамыг давж, дээш огтолж гарвал, энэ нь ихэвчлэн бух давших гэж байгаагийн дохио болдог. Эсрэг тохиолдолд буюу MACD дохионы шугамыг сэтлэж, уруудвал, тэр нь баавгайн довтолгоог илтгэнэ гэж үзнэ.

Фибоначчийн эргэлт гэж юу вэ?

Fibonacci Retracement (товчоор, Fib Retracement) гэдэг нь, Fibonacci sequence буюу Фибоначчийн дараалал гэх бүлэг тоонуудын цуваан дээр үндэслэсэн үзүүлэлт хэмжих арга юм. Уг дарааллыг, 13-р зууны үед Италийн тооч, Леонардо Пизанский (Leonardo Fibonacci) анх илрүүлсэн гэдэг.

Эдгээр тоон дараалал нь одоо, TA-ний үзүүлэлт болоод байгаа ба тэдгээрийн тусламжтайгаар шал болон таазыг илрүүлэх боломжтой. Тэрхүү дараалал нь:

0%

23.6%

38.2%

61.8%

78.6%

100%

Хэдийгээр энэ дараалалд 50% гэж байхгүй боловч, арилжаачид түүнийг хэмжилтэндээ өргөн хэрэглэдэг. Мөн, 0-с 100 хүрээнээс нь халиулж тооцоолох нь ч бий. Жишээлбэл, 161.8%, 261.8%, 423.6% зэрэг дүнг ихээр ашигладаг байна.

Биткойнын үнийн граф дээр, Фибоначчийн түвшнүүдийг дүрсэлсэн байдлыг дээрх зурагт жишээ болгон харуулав.

Дээрх дүнгүүд нь, арилжаачдын анхаарах түвшнүүдийг илтгэнэ гэж үздэг ба эдгээр дээр SL зоох нь түгээмэл үзэгдэл болоод буй. Энэ үзүүлэлт нь маш олон талын хэрэгцээтэй байдаг тул, дараа дараагийн нийтлэлүүд дээрээ илүү боловсронгуй хэрэглэх зааврыг хүргэх болно оо.

Санамсаргүй RSI (StochRSI) гэж юу вэ?

Харгалзах танилцуулга, тайлбар нийтлэлийг ЭНД дараад уншаарай.

Боллинжерийн туузууд (BB) гэж юу вэ?

Ханшийн хэлбэлзлийг хэмждэг энэ үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншиж танилцаарай.

Дээрх зурагт, Биткойны граф дээр, Боллинжерийн туузуудыг давхарлан харуулсан байна.

Арилжааны хэмжээнээс хамаарсан дундаж ханш (VWAP) гэж юу вэ?

Volume-Weighted Average Price гэж, ханшийн өөрчлөлтийг тухайн хугацааны арилжааны хэмжээтэй харьцуулж, дундажладаг шинжилгээний аргыг нэрлэнэ. Дунджыг дангаар хэмжихээс хамаагүй илүү үр дүнтэй энэ аргыг хэрэглэх үед, зах зээлийн үнэ ханш, VWAP-с давж гарч байвал, бух чиглэлтэй байна гэж үздэг. Хэрэглээний хувьд, уг арга нь, MA-тай ихээхэн төстэй боловч, арилжааны дүнг хамааруулж тооцдогоороо ялгаатай.

VWAP-г мөн, хөрвөх чадвар ихсэх бүсүүдийг илрүүлэхэд хэрэглэж болдог. VWAP шугамын сэтлэлтийг авах/зарах дохио болгон хэрэглэдэг арилжаачид тун олон байдаг хэдий ч, энэ үзүүлэлтийг дангаар нь хэрэглэх нь найдваргүйг анхаараарай.

Парабол SAR гэж юу вэ?

Parabolic SAR гэдэг нь, ханшийн хөдөлгөөний чиг болон түүний урвалтыг илрүүлэхэд хэрэглэдэг шинжилгээний үзүүлэлт юм. SAR гэдэг нь Stop and Reverse буюу Зогсоод, эргэ гэсэн өгүүлбэрийн товчлол бөгөөд long/short төлвийн 1-г хааж, нөгөөг нээхийг илтгэнэ.

Уг үзүүлэлт нь граф дээр цуварсан олон цэгээр илэрхийлэгдэх ба, тэдгээр цэгүүд нь ханшийн доор дүрслэгдсэн байвал өсөлтийн чиг хандлага зонхилж байгааг, эсрэг тохиолдолд уналтыг илэрхийлнэ.

Зурагт, Биткойны ханш болон түүний чиг хандлагыг Parabolic SAR-р тэмдэглэн харуулав.

Уг үзүүлэлт нь, чиг хандлага хүчтэй үед илүү үр дүнтэй байдаг буюу тогтворжсон үед хуурамч дохио өгөх аюултай. Шинжилгээний эл аргын талаар дараа дараагийн нийтлэлдээ танилцуулъя.

Ишимокугийн үүл гэж юу вэ?

1 граф дээр олон шинжилгээний аргыг хослуулан хэрэглэдэг, дээр танилцуулсан үзүүлэлтүүдтэй харьцуулахад хүнд төрлийн шинжилгээний Ichimoku Cloud гэдэг төрөл байдаг. Анх харахад дүрслэх болон уншихад төвөгтэй санагдаж болох энэ арга, яг суралцаад ирвэл тийм ч хүнд биш. Олон олон арилжаачид энэ аргыг тогтмол хэрэглэж, ихээхэн нарийвчлалтай дохиог илрүүлж байгаа.

Уг шинжилгээний арга нь, эрч, шал, тааз, чиг хандлага зэрэг үзүүлэлтүүдийг цөмийг нь хамруулж шинжилдэг ба шал, тааз байж болзошгүй бүсүүдийг тодруулж харуулдаг "үүл" үүсгэдгээрээ онцлог.

Энэ хэрэгслийг ашиглах үед, дундаж чухал үүрэг гүйцэтгэх боловч, үүл нь гол хэмжүүр болж байдаг. Ханш, үүлнээс дээгүүр байвал, бух идээшиж байгааг, доогуур нь буусан байвал, баавгай ичээнээсээ сэрснийг илэрхийлнэ.

Биткойны ханш & Үүл

Уг аргыг, бусад үзүүлэлтүүдийг шалгаж, бататгахад хэрэглэх нь түгээмэл. Хэрэглээд сурчихсан байхад, гайхалтай үр дүнгүүдийг мэдрэх боломжтой учир, энэ аргыг яваандаа заавал дэлгэрэнгүй танилцуулах болно оо. Манай нийтлэлүүдийг алгасалгүй уншиж, хамт хөгжиж байгаа уншигч Таньд баярлалаа. Өөрт таалагдсан нийтлэлүүдээ нийгмийн сүлжээгээр түгээж, бидний хөдөлмөрийг дэмжээрэй.

Арилжаагаа юунаас эхлэх вэ?

Арилжаа хийхээр шийдсэн бол, эхлээд дараах хэдхэн зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эдгээр нь:

  1. Гарааны хөрөнгө - Зайлшгүй хэрэг болох зүйлсийн 1 нь эхлэх үеийн зарлага. Алдаж чадахгүй хөрөнгөө дэнчин тавих нь ТОМ алдаа болно гэдгийг анхааруулаад л байгаа нь, учиртай гэдгийг ухамсарлах нь хамгийн эхний дэвшил шүү. Арилжаа хийх нь амаргүй ажил бөгөөд шинэ оролцогчид бүгд л тодорхой хэмжээнд алдагдал хүлээсэн байдаг тул, бусдын алдаанаас суралц. Арилжаанд оруулах хөрөнгөө бүгдийг нь, маш бага хугацаанд эргэн олж авч чадахгүйгээр алдаж чадна гэдгээ хүлээн зөвшөөрч чадсан цагт л, түүнийгээ арилжаанд оруулж болно. Тиймээс, эхний ээлжинд багахан мөнгөөр л оролдоод үзээрэй, тэгээд цаашид үргэлжлүүлэх боломжтой байна уу, үгүй юу гэдгээ биеэрээ мэдрээд, шийдвэр гаргах хэмжээний туршлага хуримтлуулж болно.
  2. Арилжааны төлөвлөгөө - Санхүүгийн салбарт төлөвлөгөөгүйгээр оролцох шиг мунхаглал гэж байдаггүйг яс махандаа шингэтэл ухамсарлах нь зүйтэй. Зарцуулах хөдөлмөр, цаг хугацаандаа нийцүүлэн, зөв төлөвлөгөө зохиох нь амжилтын үндэс болдог.
  3. Дийлэнх арилжаачдын ашиг орлогын гол нь, арилжаа байдаггүй - Ингэж зохицуулах нь, сэтгэл зүй болоод эрсдлийн гайхалтай зохицуулалт болж өгдөг. Сэтгэл хөдлөл нь, буруу шийдвэр гаргахад нөлөөлдөг маш том хүчин зүйл болдог тул, түүнийг дарахын хэрээр алдагдал хүлээх боломж буурна гэж үзэж болно. Тиймээс, анхнаасаа арилжаа болон хөрөнгө оруулалтыг хослуулах, цаашлаад тогтмол орлогожих боломжуудыг эрэлхийлж, хэрэглэж хэвшвэл 1 сумаар олон шувуу буудах боломжтой.

Арилжааны тэмдэглэл гэж юу вэ?

Арилжаа бүрээ тэмдэглэж бүртгэж явах нь, эргээд дүгнэлт гаргах, алдаанаасаа суралцах, тооцоо бүртгэл хянахад туслах давуу талтай. Excel дээр 1 энгийн spreadsheet үүсгээд л хэрэглэчихэж болох ба хүсвэл энэ төрлийн үйлчилгээг харгалзах веб, апп, програмаас нь авч ч болно.

Бүртгэл хөдөлдөг арилжаачдын зарим нь, бүртгэл хөтлөх нь ашиг орлогод эерэгээр нөлөөлдөг гэж нотлодог бөгөөд ингэж бүртгэлээ гээд зардал гарахгүй шүү дээ.

Арилжааны үед өөрийн төлвийн хэмжээг хэрхэн тооцвол зөв бэ?

Эрсдлээ зохицуулах шиг чухал зүйл байхгүй. Бүүр хамгийн чухал зүйл нь, эрсдлийн зохицуулалт гэх нэгэн ч бий. Тиймээс, тооцооллоо зөв хийх хэрэгтэй.

Нэгж арилжаанд, хэдий хэмжээний эрсдэл хүлээх буюу хэр их хөрөнгө алдаж чадахаа эхлээд тооц. Жишээлбэл, оруулсан 120'000 төгрөгийнхөө, 1%-г нь золиослож чадна гэвэл, арилжааны төлвөө 24'000 дээр, stop loss (SL)-оо түүний 5% буюу 22'800 дээр тохируулах хэрэгтэй. Ингэснээр, учирч болзошгүй, зайлах боломжгүй эрсдлийн үед учрах хохирлоо багасгах боломжтой болно. Тооцох томъёо нь: 120'000*0.01/0.05=24'000 юм. Ингэж тооцож байгаа шалтгаан нь, анхны орсон дүнгийн 5% дээр SL зоосон байгаад, түүнийг хэрэгжих үед, хүлээх эрсдлийг зорилтот 1%-даа барих явдал юм. Хэрэв уг тайлбар, жишээ ойлгомжтой биш байвал, дараа дараагийн нийтлэлдээ илүү дэлгэрэнгүй тайлбар оруулж өгч болно шүү.

Арилжаагаа хаанаас эхлэх вэ?

Юуны түрүүнд лаан граф уншаад сурчихсан байх шаардлагатай. TradingView зэрэг мэргэжлийн хэрэгслийг агуулсан бирж сонгох нь илүү зохимжтой бөгөөд, бид өөрсдийн зүгээс дэлхийн хамгийн том крипто валютийн бирж болох Байнансийг санал болгох байна.

Төлбөртэй бүлгэмүүдэд элсэх хэрэгтэй юу?

Бараг л дэмий дээ. Өөрөө суралцаад явж чадвал, үнэгүй олдох асар их мэдээлэл, туршлага хуримтлуулах боломж, арилжааны арга барил олгох мэдээллийн сангууд зөндөө байна шүү дээ. Алдаанаасаа суралцах шиг сайхан хичээл өөр хаана ч байхгүй гэдэг дээ.

Хэдийгээр төлбөртэй сургалтууд чанартай байж болох ч, дийлэнх нь луйвар байдаг тул маш болгоомжтой хандах нь зүйтэй. Бусад төлбөртэй сургалт эсвэл дохио өгдөг бүлгээс, хичээл, дохиог нь хуулбарлаад өөрийгөө чадварлаг мэт харагдуулах амархан учир, ийм төрлийн "хулхи гарууд" сүүлийн үед "борооны дараах мөөг" мэт л олширч байна. Гэхдээ, өөрсдөө үнэхээр л тийм чадварлаг байж чадаад, "цөм" олж байгаа юм бол, багахан төлбөрийн төлөө ингээд сууж байх уу? Хэдийгээр мөнгө л бол мөнгө ч гэсэн, үнэгүй хэлээд өгчихдөг, мэргэжлийнхэн байдаг шүү дээ, тэднээс юугаараа илүүрхээд заавал мөнгө нэхнэ вэ? гээд бодоод үзэх л хэрэгтэй.

Pump and dump (P&D) гэж юу вэ?

Pump буюу хөөрөгдөлт гэдэг нь, хуурамч мэдээлэл тараах замаар үнэ ханшийг огцом өсгөх үйлдэл юм. Ханшаа хангалттай өссөн гэж үзээд, ашгаа хийгээд, гарах нь үүнийг үйлдэх гол зорилго байх ба, үүний дараах уналтыг dump буюу онхолдолт гэнэ.

Крипто арилжаанд P&D их тохиолддог, ялангуяа бухын улиралд илүү их тохиолдоно. Учир нь, энэ үеэр туршлагагүй арилжаачид ихэсдэг бөгөөд тэдний мэдлэггүй байдлыг ашиглах амархан байдаг байна. Хөрвөх чадвар бага нөхцөлд болон нөөцийн хомсдолтой/хязгаартай хөрөнгийн хувьд P&D үйлдэгдэх нь их.

Тэдгээрийг ихэвчлэн, хаалттай хөөрөгдөж, онхолдуулагч бүлгүүд зохион байгуулалттайгаар үйлддэг боловч, ийм төрлийн бүлгэмүүдэд элсэгчид нь, илүү жижиг, далд бүлгийнхэнд ашиглуулах нь олонтаа. Зохиомлоор ингэж үнэ хөөрөгдөх нь, уламжлалт зах зээлийн хувьд хууль бус үйлдэл юм.

Хаялагуудад бүртгүүлэх нь зөв үү?

Сонор сэрэмжтэй байж, судалгаа шинжилгээгээ хийж чадах хэмжээний мэдлэгтэй бол бололгүй яахав. Хэдийгээр, хэрэглэгчдийг татах зорилгоор airdrop ихээр хийгдэж байдаг ч, бодит урамшууллыг дуурайлгасан, хуурамч зүйлс маш их байдгыг санаж явах хэрэгтэй. Ихэвчлэн хувийн мэдээллийг тань хулгайлах гэж оролдох зарим тохиолдолд багахан хөрөнгө салгах зорилготойгоор ийм луйврууд үйлдэгдэж байдаг тул болгоомж хэзээд илүүдэхгүй.


Уг 3 бүлэг, цуврал нийтлэл нь, арилжааны ерөнхий мэдлэгийг л түгээх зорилгоор бичигдсэн бөгөөд санхүүгийн зөвлөгөө биш болохыг анхаараарай. Крипто арилжаа нь эрсдэл өндөртэй байдаг ба арилжаанд оролцогч нь хариуцлагаа өөрөө бүрэн хүлээнэ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!