Крипто валют арилжааны суурь мэдлэг [1-р бүлэг]
Крипто арилжаалах сонирхолтой уншигчиддаа зориулан, арилжаанд оролцохын өмнө уншиж судласан байвал зохих мэдээллүүдийг дэс дараатайгаар, товч бөгөөд тодорхой танилцуулахыг зорьлоо.
Арилжаа гэж юу вэ?
Хөрөнгийг авах болон зарах үйлдлийг арилжаа гэх ба арилжаа нь, эдийн засгийн салшгүй чухал ойлголтуудын 1 юм. Зохих төлбөрийг нь, авч болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр солилцох үйл явцыг арилжаа гэж тодорхойлох бөгөөд түүнд оролцогч талуудыг худалдагч, худалдан авагч гэж ангилна.
Санхүүгийн салбарт, арилжаалагдаж буй хөрөнгийг санхүүгийн хэрэгсэл гэдэг. Үүнд:
- Үнэт цаас
- Бонд
- Форекс арилжаалагдах, фиат валют буюу цаасан мөнгө
- Сонголтот хэлцэл буюу Опшнс
- Товлосон хэлцэл буюу Фьючерс
- Хөшүүрэгт арилжааны бүтээгдэхүүнүүд буюу Маржин
- Крипто валют
зэрэг олон хөрөнгө багтана.
Ихэвчлэн богино хугацаанд, ашиг хийх зорилгоор оролцож буй арилжааг уг нэр томъёогоор тодорхойлж хэрэглэх нь бий. Гэвч, арилжаа гэдэг ухагдахуунд, маш олон төрлийн төлөвлөгөө, day trading буюу өдөр тутмын, swing trading буюу савлалт дээр гүйцэтгэгдэх, trend trading буюу чиг хандлага дагасан г.м. арилжааны олон төрлүүдийг бүгдийг нь хамруулж ойлговол зохино.
Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Эргээд ашиг хүртэх төлөвлөгөөтэйгээр, санхүүжилт өгөхийг хөрөнгө оруулалт гэнэ. Гараагаа эхлүүлж буй бизнест хөрөнгө оруулаад, өгөөжөөс нь хүртэх эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад, үнэ ханш нь өсмөгц зарах зэрэг нь хөрөнгө оруулалтын тод жишээнүүд юм. Санхүүгийн зах зээлийн хувьд, санхүүгийн хэрэгслүүдийг бага мөнгөөр авч, алсдаа өндөр үнээр зарах үйлдлийг, хөрөнгө оруулалт хэмээн нэрлэдэг.
Эргэн төлөлт нь, хөрөнгө оруулалтын гол зорилго байх ба үүнийг ROI гэж тодорхойлдог. Хөрөнгө оруулалтын, арилжаанаас ялгарах онцлог нь, урт хугацаанд, өндөр өгөөж хүртэх төлөвлөгөөтэй хэрэгждэг явдал юм. Үр ашгаа олон сар, жилээр хүртэх буюу тогтмол орлогожих нь, хөрөнгө оруулалт хийх үндсэн зорилт байх ба ингэхдээ тухайн төсөл, байгууллагынхаа талаар FA-г гүйцэтгэсний үндсэн дээр шийдвэрээ гаргах нь зүйтэй.
Нэгэнтээ, урт хугацааны зорилт тавьчихсан байгаа учир, хөрөнгө оруулагчид багахан хугацааны ханшийн хэлбэлзлийг огтоос анхаарахгүй байж болдог. Судалгаа шинжилгээгээ маш нарийн хийсэн байх тул, ирээдүйд ханш, өөрт ашиг өгөхийг баттай мэдэж байгаа тэд, юундаа ч санаа зовох билээ дээ? Тийм биз дээ?
Арилжаа ба Хөрөнгө оруулалт
Зарчмын хувьд, адилхан л мөнгөө өсгөх зорилготой боловч, ашиг олох хэлбэрээр ихээхэн ялгаатай байдаг аргууд юм.
Урт хугацааны туршид, үр ашгаа тасралтгүй хүртэх тул, хөрөнгө оруулагчид харьцангуй илүү олох нь үнэн.
Харин, арилжаачдын олж чадах ашиг нь, зах зээлийн чиг хандлага, үнэ ханшийн дэгдэмхий байдал, арилжааны төлөвлөгөө, тэдний сэтгэл зүй болоод гүйцэтгэлээс шууд хамаарна. Ойр ойрхон, олон дахин арилжаа хийх тул ашиг нь харьцангуй бага байдаг.
FA гэж юу вэ?
ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншаарай.
TA гэж юу вэ?
ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншаарай.
TA, FA 2-ын аль нь илүү вэ?
Арилжааны төлөвлөгөөнөөсөө л хамаарна шүү дээ. Гэхдээ, боломж нь байвал, яагаад хослуулаад хэрэглэж болохгүй гэж? Бүхий л арилжааны талбарт, шинжилгээ болон ажиглалтын аргуудыг хослуулах нь, илүү өндөр үр дүнтэй байдаг гээд хэдийн нотлочихсон байгаа. Тэгээд ч, аргуудаа хослуулах нь, бодит үр дүнд хамгийн дөхүү дүгнэлт хийх, өрөөсгөл мэдээллийг илрүүлж, ялгах боломжуудыг ч олгоно.
Санхүүгийн зах зээлийг хөдөлгөгч хүч нь юу вэ?
Хөрөнгийн үнэ ханш, ерөнхийдөө эрэлт болон нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлаас шууд хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл, худалдагч болон худалдан авагч нарын сонирхол, шийдвэртэй холбогдоно гэсэн үг. Эрэлт болон нийлүүлэлтийг 1 дор төвлөрүүлж байгаа газар нь зах зээл юм.
Дээрх шинжилгээнүүдэд шалгуур үзүүлэлт болгон хэмждэг, хэрэглэдэг зүйлсээс гадна, сүүлийн үеийн мэдээ, олонхийн сэтгэл санаа зэрэг нь мөн, ханшинд нөлөөлж чадна.
Зах зээлийн чиг хандлага гэж юуг хэлээд байна вэ?
Хөрөнгийн ханшийн дүнгүүдийн, ерөнхий чиглэлийг ийн нэрлэдэг. TA-н хувьд үнийн хөдөлгөөн, чиг хандлагын шугамууд, MA зэргийг уг тодорхойлолтонд хамруулан авч үздэг. Үндсэн 2 чиг хандлага байдгыг БУХ, БААВГАЙ гэж нэрлэдэг. Бух гэдэг нь, тогтвортой өсөлтийг үзүүлж буй, харин баавгай нь тогтвортой уруудах чиг хандлагыг тодорхойлно. Эдгээрээс гадна, чиглэлийг нь тодорхойлох боломжгүй чиг хандлага бас байдаг ба түүнийг "хажуу тийш чиглэлт", "хэвтээ чиглэлт" гэх зэргээр нэрийддэг.
Жишээ болгон оруулсан дээрх зураг нь Биткойны чиг хандлагыг харуулсан ба, Биткойн нь анх үүссэнээсээ хойш, өнөөг хүртэл тувт өсөлттэй буюу бухын төлвийг барьсаар ирсэн байна.
Гэхдээ, чиг хандлага ямар байгаагаас хамаарч, ханш тасралтгүй адил чиглэлд хөдөлж байна гэж эндүүрч болохгүй. Тогтвортой бухын чиг хандлага дотроо хэд хэдэн бамбарууш, баавгай нь мөн дотроо хэд хэдэн бяруу багтаасан байна. Энэ нь чиг хандлагын явцад тохиолдох эрүүл хөдөлгөөнийг илтгэх ба ямар хугацааны мужид харж байгаагаас тань л хамаарах төлөв юм. Том цаг дээрх чиг хандлага нь, бага цагийнхаасаа илүү чанартай баримжааг олгодог.
Зах зээлийн мөчлөг гэж юу вэ?
Өөр өөр цаг хугацаанд бүрэлдэж байгаа загвар болон чиг хандлагыг, мөчлөг гэдэг. Мөчлөг нь, зах зээлийн салшгүй хэсэг бөгөөд, өөр бусад хөрөнгийн төрлүүдтэй харьцуулахад, 1 төрлийн хөрөнгө харьцангуй сайн арилжаалагдаж байвал тэр нь мөчлөг болно. Зах зээлийн нөхцлөөс хамаарч, хөдөлгөөн нь өөр байж болох хэдий ч, яг одоо мөчлөгийн аль хэсэгт явааг мэдэх боломж бараг огт байдаггүй буюу зөвхөн мөчлөгийг дайрч өнгөрснийх нь араас л, шинжилгээний тусламжтайгаар нарийвчлан тогтоох боломжтой байдаг. Гэсэн хэдий ч, мөчлөгт яг тодорхой эхлэл болон төгсгөл гэж бас байдаггүй.
Энэ сэдвийн талаар дараа дараагийн нийтлэлдээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаж, танилцуулах болно оо.
Санхүүгийн хэрэгсэл гэж юу вэ?
Товчхондоо бол арилжаалж болох хөрөнгийг ийн тодорхойлно. Жишээлбэл, мөнгө, алт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ г.м. Уг тодорхойлолтонд асар олон зүйлсийг багтааж болох ч, ерөнхийдөө бусадтай наймаалцаж болох бүхнийг хамааруулж үзнэ гэж ойлгож болно.
Тийм ч учраас, санхүүгийн хэрэгслүүд нь олон өөр төрөлд хамаардаг. Жишээ нь, өр төлбөрт суурилсан уу эсвэл хувьцаа хэлбэрийнх үү зэргээр ангилах нь бий.
Крипто валют нь, эдгээр төрлүүдээс хэд хэдэд нь хамаарах боловч, цахим мөнгө төрөлд багтаах нь зөв юм. Гэхдээ, крипто нь цоо шинэ санхүү, эдийн засгийн системийг үүсгэж, цогцлоож байгааг мартаж болохгүй. Тэгэхээр, крипто валютийг бараг шинэ ангилалд тооцсон ч болох юм. Тэгээд ч, үүнийг даган цэцэглэж буй экосистемийн ачаар, DeFi, NFT (давтагдашгүй токен) зэрэг өчнөөн шинэ нэр төрлийн хөрөнгүүд бас үүсч байгаа шүү дээ.
Шууд худалдааны зах зээл гэж юу вэ?
Шууд хэрэгжих арилжаа буюу бэлэн мөнгөөр наймаалцах талбарыг spot market гэнэ. Заавал ингэж тусгаарлан нэрлэх болсон шалтгаан нь, хугацааг урьдчилан товлосон арилжааны төрлүүд байдагтай холбоотой ба тэдгээрээс ялгах үүднээс ийнхүү нэрлэх болсон. Энгийнээр бол, "тэр даруйд", "газар дээр нь" гүйцэтгэчих боломжтой арилжааг шууд арилжаа гээд байгаа юм. Ийм төрлийн арилжааны тухайн үеийн зах зээлийн ханшийг spot price гэнэ.
Крипто валют арилжааны хувьд, 1 зоосыг нөгөөгөөр солих нь энэ төрлийн арилжааны жишээ болох ба, энэ нь крипто арилжааны хамгийн хялбар төрөлд тооцогдоно.
Хөшүүрэгт арилжаа гэж юу вэ?
3-дагч талаас, хөрөнгө зээлдэж арилжаанд орохыг margin trading гэнэ. Энэ төрлийн арилжааны үед, хөшүүрэг нь үр дүнг олон дахин өсгөдөг. Энэ арилжаа нь, зарим төрлийн санхүүгийн эрсдлийг бууруулах арга хэрэгсэл болдог ба, margin буюу барьцаа болон leverage буюу хөшүүрэг гэх 2 нэр томъёог тогтмол хэрэглэнэ. Барьцаа гэдэг нь, 1 үгээр бол мөрийнд тавьж буй мөнгө, харин хөшүүрэг гэдэг нь, арилжааны эцсийн дүнд, барьцаагаа хэд дахин үржүүлэх хэмжээ юм. Тодруулбал, барьцаа 40'000 төгрөг, хөшүүрэг 2х үед, нээж буй төлөв тань 40'000 биш, 80'000 төгрөг байх юм. 4х үед, 160'000 гэсэн үг. Энэ арилжааны хэлбэр нь, бага мөнгөөр, өндөр дүнтэй арилжаа хийгээд, тэр чинээгээр өндөр ашиг хүртэх боломж олгодог давуу талтай.
Гэвч, энэ арилжаа эрсдэл тун өндөртэй. Хэдий өндөр хөшүүрэг тавина, тэр хэмжээгээр хөрөнгөө алдах хэмжээ, зах зээлийн ханшинд ойртоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөшүүрэг ихсэхийн хэрээр, хөрөнгөө бүгдийг нь алдах эрсдэл адил хэмжээгээр нэмэгдэж байдаг. Энэ төрлийн арилжааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншиж болно.
Дериватив гэж юу вэ?
Derivative гэдэг нь, өөр зүйлээс үнэ ханш нь шууд хамаарч байдаг хөрөнгийн төрлүүд юм. Бонд, хувьцаа, крипто валют зэрэг нь энэ төрлийн хөрөнгийн гол жишээ болно.
Товлосон болон урьдчилсан хэлцлүүд гэж юу вэ?
ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншаарай.
Товчхондоо бол, хэзээ, ямар ханшаар арилжаа хийхээ урьдчилан тодорхойлсон байдлаар гүйцэтгэдэг хэлбэрийн наймааг энэ төрөлд хамааруулдаг. Заасан хугацаа нь болсон үед, арилжаа заавал гүйцэтгэгдэх ба тэр үед зах зээлийн ханш ямар байгаа нь уг арилжааны хэрэгжилтийн ханшинд огт хамаарахгүй.
Хугацаагүй товлосон хэлцэл гэж юу вэ?
Товлосон буюу Фьючерс арилжаатай их төстэй боловч, хэлцлийн хүчинтэй хугацаагүйгээр тохируулсан хэлцлийг ийн нэрлэдэг гэдэг нь нэрнээсээ тодорхой байгаа байлгүй. Илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл, ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншаарай.
Сонголтот хэлцэл гэж юу вэ?
ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншаарай.
Гадаад валютийн арилжаа гэж юу вэ?
Forex/Форекс (FX) буюу гадаад валютийн арилжаа гэдэг нь, өө өөр улсуудын мөнгөн дэвсгэртүүдийн хоорондын харьцах ханшийн зөрүүн дээрээс ашиг олох зорилготойгоор гүйцэтгэгддэг арилжааны төрөл юм. Хэдийгээр энэ төрлийн валютууд нь дэгдэлт багатай байдаг боловч, инфляци зэрэг санхүү, эдийн засгийн нөлөөллөөс үүдэлтэйгээр хэлбэлзэх боломж бий. Уг сэдвийг, ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь гүнзгийрүүлэн судлаарай.
Хөшүүрэгтэй токен гэж юу вэ?
Барьцаа хөрөнгө байршуулах шаардлагагүйгээр, хөшүүрэгдэн арилжиж болдог токенууд бий. Энэ төрлийн токений арилжаа нь Блокчэйн технологийн ачаар л хэрэгжиж чадсан, шинэ хэлбэрийн арилжаа юм. Хугацаагүй товлосон хэлцэлтэй адил хэлбэрээр хэрэгжих боловч, төлвөө токенжуулсан байдгаараа онцлог. Энэ талаарх дэлгэрэнгүйг дараа тусад нь нийтлэл бичиж танилцуулъя.
"Крипто валют арилжааны суурь мэдлэг" нийтлэлийнхээ дараагийн дугаар болох 2-р бүлгийг ЭНД дараад уншаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation