Options Contract гэж юу вэ?

Урьдчилан тогтоосон ханшаар, тодорхой хугацаанаас өмнө эсвэл яг заасан хугацаанд арилжаа хийх боломжыг олгодог арилжааны төрлийг Сонголтот хэлцэл гэнэ. Уг арилжааны төрөл нь, Товлосон хэлцэлт арилжааны төрөлтэй тун төстэй боловч, захиалгаа заавал гүйцэлдүүлэх шаардлагагүй байдгаараа онцлог.

Крипто валют, үнэт цаас зэрэг олон өөр зах зээлд хэрэглэгддэг энэ арилжааны аргыг индексээс гаралтай гэж үздэг. Сайтар тооцоолсон арилжааны төлөвлөгөөг баримталж нээсэн төлвийнхөө хүчинд санхүүгийн эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ төрлийн арилжааг гүйцэтгэх нь их.

Ажиллах зарчим

Put буюу тавих, call буюу дуудах гэсэн 2 сонголт бий. Дуудах сонголт нь, хэлцлийг эзэмшигчдэд, хөрөнгө худалдаж авах эрхийг олгодог бол тавих сонголт нь, зарах эрхийг өгдөг. Ханш удахгүй өсөх гэж байна гэж тааж байгаа арилжаачид хэлцлийг зарлан дуудуулж байхад, унана гэж таамагласан эсвэл ашгаа хийгээд гарч байгаа арилжаачид хэлцлийн саналыг гарган тавьж байдаг. Мэдээж, ханшийг тогтвортой байна гэж үзсэн үедээ ч сонголтуудыг хийх боломжтой. Зарим арилжаачид, аль ч нөхцөлд ашиг хийхээр харж, 2 сонголтоос аль алийг нь хэрэгжүүлэх нь ч бий.

Сонголтот хэлцэлд, 4 үндсэн ойлголт байдаг ба тэдгээр нь:

  1. Хэмжээ - Уг хэлцлээр арилжаалагдах хөрөнгийн дүн;
  2. Хүчинтэй хугацаа - Заасан хугацаанд хүрмэгц хэлцлийг цуцлах;
  3. Биелэгдэх ханш - Хөрөнгийг арилжаалах үнэ (худалдан авагч ханшаа өөрийнхөөрөө сонгож оруулахаар тохируулсан үед хэрэглэгдэнэ);
  4. Premium буюу татаас - Хэлцлийн өөрийн үнэ. Энэхүү дүн нь, худалдан авагчид сонголт хийх эрх олгосны хураамж болдог учир заавал төлөгдөх учиртай байдаг ба уг дүн нь хүчинтэй хугацаа дөхөхийн хэрээр өөрчлөгдөж байдаг;

Ерөнхийдөө бол, биелэгдэх ханш нь зах зээлийн үнээс доогуур байвал, худалдан авагч нь тухайн хөрөнгийг, хямдралтай үнээр худалдаж авч болох боловч тухайн хэлцлийг худалдаж авахын тулд, нийт зардалдаа татаасынх нь үнийг оруулж тооцоолох хэрэгтэй болно. Харин, биелэгдэх ханш нь зах зээлийн үнээс дээгүүр байгаа үед, тухайн хэлцлийг худалдаж авах хүн олдохгүй буюу уг хэлцэл хэрэггүй болж хувирах хэдий ч, авах тал хэлцлийг гүйцэлдүүлэлгүй орхисон тохиолдолд, татаас дүнг суутгаж, зарах талд нөхөн олгоно.

Энэ арилжааны явцад авах тал нь, сонголт хийх бүрэн эрхтэйн дээр, сонголтоо хэрэгжүүлэхгүй ч байх боломжтой байхад, зарах тал нь, нөгөө талын шийдвэрийг хүлээхээс өөр сонголтгүй. Өөрөөр хэлбэл, авах тал нь, дуудах сонголтыг худалдаж авч, хэлцлийг хэрэгжүүлэхээр болвол, зарах тал хөрөнгөө зарахаас татгалзах боломжгүй болно. Үүний адилаар, арилжаачин тавих сонголтыг худалдаж авахаар болж, хэлцлийг хэрэгжүүлвэл, зарах тал нь, харгалзах хөрөнгийг нь худалдаж авахаас өөр аргагүй болдог буюу борлуулагчид учрах эрсдэл, худалдан авагчийнхаас харьцангуй өндөр байдаг. Тодруулбал, худалдан авагч, татаасаа заавал ч үгүй төлж байх ёстой, харин худалдаалагч, зах зээлийн ханшаас хамаарч хэр ч их алдагдал хүлээж болох юм.

Зарим хэлцлүүд, арилжаачдад хүчинтэй хугацаанаас нь өмнө хэлцлээ хэрэгжүүлэх боломжыг олгодог ба түүнийг ихэвчлэн Америк маягийн сонголтот хэлцэл гэж нэрийддэг. Учир нь, Европ жишгийн сонголттой хэлцэл нь зөвхөн хүчинтэй хугацааг дуусан үед л хэрэгждэг дүрэмтэй. Гэхдээ эдгээр хэлбэрүүдийн аль аль нь, бүс нутаг хамаарахгүйгээр хийгдэж байдаг учир нэршил болон дүрмээс бусдаар ялгаагүй ойлголтонд тооцож болно.

Сонголтын татаас

Уг дүнд олон хүчин зүйлс нөлөөлж байдаг боловч, хялбарчлах үүднээс тэдний 4-г нь онцолж авч үзье. Эдгээр нь сонголтын төрлөөс хамааран үзүүлэх нөлөө харилцан адилгүй байдаг тул доорх хүснэгтэнд харьцуулан харуулав.


Ерөнхийдөө, хөрөнгийн болон хэрэгжих ханшууд нь татааст, сонголтоос хамааран эсрэг нөлөөллийг үзүүлдэх хэдий ч, хэрэгжих хугацаа дөхөхийн хэрээр сонголтоос хамааралгүйгээр, татаас дүн багасч байдаг. Тэгэх нь ч аргагүй. Цаг давчуу болсон гэдэг нь, ханш маш огцом, гэнэт хэлбэлзэхгүй л бол ашиг олох боломж маш бага байгаа гэсэн үг болж таарч байгаа юм. Мөн, ханшийн эрчтэй өөрчлөлт тохиовол, татаас тэр хэмжээгээр өсөлтийг үзүүлнэ. Гэхдээ, дээрхээс бусад хүчин зүйлс мөн адил нөлөөлж байдгыг мартаж болохгүй шүү.

Сонголтын хэмжүүрийн цагаан толгой

Options Greeks гэдэг нь хэлцлийн ханшинд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлсийг хэмжих зориулалттай хэрэгсэл юм. Өөр өөр хүчин зүйлс дээрх, эрсдлүүдийг тоон үзүүлэлтэнд тулгуурлан тооцоолдог ба тэдгээр үзүүлэлтүүдээс заримыг нь, доор товчхон танилцуулав.

  1. Delta буюу Дельта - Хөрөнгийн дүнгээс хамаарч, хэлцлийн дүн хэр их өөрчлөгдөхийг хэмжнэ. Жишээлбэл, 0.6 дельта гэдэг нь, хөрөнгийн ханш $1 USD-оор өсөх тутамд, хэлцлийн ханш 60 центээр өснө гэж ойлгоно.
  2. Gamma буюу Гамма - Дельтагийн дүнгийн хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг хэмжнэ. Жишээ нь, 0.6D тодорхой хугацааны дараа буурч 0.45 болсон бол, сонголтын Гамма нь 0.15-тэй тэнцнэ.
  3. Theta буюу Тета - Хэлцлийн хүчинтэй хугацааны 1 өдрийн хорогдолд, ханш хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг хэмждэг. Өөрөөр хэлбэл, хугацаа дуусах дөхөхийн хэрээр, татаасын нэмэгдэх дүнг багцаагаар тооцох боломжыг олгоно.
  4. Vega буюу Вега - Хөрөнгийн ханшийн 1%-ийн хэлбэлзэлд ногдох хэлцлийн үнийн өөрчлөлтийг хэмжихэд хэрэглэгдэнэ. Вегагийн дүнгийн өөрчлөлт нь, дуудах болон тавих сонголтуудын аль алины хувьд ханшийг нь өсгөх нөлөөтэй.
  5. Rho буюу Ро - Хүүний өөрчлөлтөөс хамааралтайгаар, ханшинд үүсэх өөрчлөлтийг хэмжнэ. Рогын өсөлт нь, дуудах сонголтын хувьд, ханшийг өсгөж, тавих сонголтын хувьд унагааж байдаг буюу Дуудахад эерэг, Тавихад сөрөг нөлөөтэй хэмжигдэхүүн юм.

Хэрэглээ

Алдагдлаас сэргийлэх

Сонголтот хэлцлийг, Hedging буюу дундажлах, нөхөн олговор тушаах замаар хохирол хүлээхээс сэргийлэхэд өргөн ашигладаг. Үүний хамгийн түгээмэл жишээ нь, өөрийн дарж буй хөрөнгийг тавих сонголттой хэлцлээр худалдаж авах явдал юм. Ханшийн уналтаас үүдэн, хөрөнгийн үнэлгээ буурсан үед, сонголтоо хэрэгжүүлснээр хүлээх алдагдлаа багасгана гэсэн үг.

Жишээн дээр тайлбарлавал, илүү ойлгомжтой байх болов уу.

Хэрэглэгч, удахгүй ханш өсөх гэж байна хэмээн таамаглаж, тус бүрийг нь 500 төгрөгөөр, 1 сая ширхэг хувьцаа авсан гэж төсөөлцгөөе. Гэвч, түүний таамаглал буруу байж таараад, ханш унаж эхэлсэн үед тэрээр, ширхэг бүрийг нь 480 төгрөгт хэрэгжих, хувьцаа бүрт 20 төгрөгийн татаастай, тавих сонголттой хэлцлийг үүсгэж болно. Ханш уруудсаар 350 төгрөгт хүрлээ гэж бодоход, хэлцлээ хэрэгжүүлээд 350 биш, 480 төгрөгөөр хувьцаануудаа арилжиж, алдагдал бага хүлээх боломжтой. Эсрэгээр, ханш өсчихвөл 480 төгрөгт зарах шаардлагагүй учир, татаас 20 төгрөгөө төлөөд л хөрөнгөө эргүүлэн авч болох юм.

520 (500 + 20) төгрөгөөс дээш дүнгээр арилжаалж чадсан бол хэрэглэгч маань ашигтай ажиллах байсан, эсвэл яг 520 төгрөгөндөө арилжаагаа хийсэн бол түүний зарлага болон орлогын дүн тэнцэх байсан хэдий ч, жишээний дагуу хэлцэл хэрэгжсэн гэж үзвэл, тэрээр хувьцаа тус бүр дээр, татаас 20 + анхны ханштай харьцах 20 төгрөгийн зөрүү гээд, нийт 40 төгрөгийн хохирол хүлээсэн байна. Гэвч, энэ дүн нь 370 (эсвэл 410, бүүр эсвэл ёроол 350) хүрсэн үед, алдагдлаа хүлээн зөвшөөрснөөс даруй 110 (60, 130) төгрөгөөр хохирлоо бууруулсан ухаалаг алхам болсон.

Таамаглалт арилжаа

Өөр нэгэн өргөн хэрэглээ нь, ханш өсөх гэж байгаа гэж таамагласан үедээ дуудах сонголтоор хэлцэл худалдаж авах явдал байдаг. Ханш өсч, хэрэгжих үнээс дээш цойлон гарч ирвэл, хэлцлээ хэрэгжүүлээд, харгалзах хөрөнгийг нь, хөнгөлөлттэй үнээр худалдаад авчих боломж бүрдэнэ. Хэрэгжих ханш, зах зээлийн ханшаас доогуур байна уу, дээгүүр байна уу гэдгээс ашиг хийх эсвэл алдагдал хүлээх нь бүрэн хамаардаг учир, сонголтот хэлцлээр амжилттай ажиллаж чадсан үеийг, in-the-Money буюу "бурзайсан", зарлага/орлого тэнцсэн үед at-the-Money буюу "бултсан", харин хохирол амссан тохиолдолд, түүнийг out-of-the-Money буюу "эндсэн" гэж хэлдэг.

Төлөвлөлт

Сонголтот хэлцлийн арилжаанд орохдоо заавал төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байдаг. Өөрийн төлвөөс хамаарч, сонгон хэрэгжүүлж болох төлөвлөгөөний хувилбаруудаа сайтар судалж, тэдгээрийг туршиж үзээд, сонгон хэрэглэж чадвал, тэр чинь том амжилт болно. Жишээлэхэд, худалдаж авах гэж байгаа нөхцөлд, дуудах сонголт (худалдаж авах эрх) болон тавих сонголтуудын (зарж борлуулах эрх) алийг нь ч худалдаж авч болдог бөгөөд зарах гэж байгаа үед мөн адил эдгээрийн аль алиных нь хэлцлийг худалдаалж болно. Гэхдээ, хэлцлийг эзэмшигч нь, түүнийгээ хэрэгжүүлэхээр шийдсэн тохиолдолд, хэлцлийг үүсгэгч нь зайлшгүй түүнийг гүйцэлдүүлэх хэрэгтэй болдгыг ямагт санаж байх хэрэгтэй.

Төлөвлөгөөний өргөн хэрэглэгддэг аргуудыг доор жагсаав.

  1. Protective put буюу хамгаалалттай тавилт - Эзэмшиж байгаа хөрөнгийнхөө зарах эрхийг (тавих сонголт) худалдаж авах. Дээрх жишээнд, энэ аргыг танилцуулсан байгаа. Ханшийн уналтын үед, хөрөнгийн үнэлгээгээ хамгаалах боломжтойн дээр, өсөлтийн үед бусдад хамуулалгүй авч үлдэж болдог.
  2. Covered call буюу шийдэгдсэн дуудлага - Эзэмшлийн хөрөнгийнхөө худалдаж авах эрхийг (дуудах сонголт) зарах. Дарж буй хөрөнгөнөөсөө нэмэлт орлого олохын тулд хөрөнгө оруулагчид, энэ аргыг ихээр хэрэглэдэг. Хэлцэл хэрэгжээгүй үед, татаасыг нь хураах байдлаар ашиг олоод байх боломжтой хэдий ч, ханшийн өсөлтөөс үүдэлтэйгээр хэлцэл хэрэгжчихвэл харгалзах хөрөнгөө зарж, оруулсан хөрөнгөө гаргаж авч болно.
  3. Straddle буюу солбилт - Адил ханшаар, ижил хүчинтэй хугацаатайгаар тохируулсан, дуудах болон тавих сонголтуудыг 2-ууланг нь худалдаж авахыг ийн нэрлэнэ. Ханшийн чиглэл аль тийш эргэснээс хамааралгүй, өөрчлөлтийн хэмжээгээр ашиг олдог арга юм.
  4. Strangle буюу боомилолт - "Эндсэн" дуудах болон тавих сонголттой хэлцлүүдийг худалдаж авдаг энэ арга нь солбилтын төлөвлөгөөтэй адил зарчмаар ажилладаг боловч, харьцангуй бага өртгөөр хэрэгждэгээрээ ялгаатай. Гэвч, энэ төлөвлөгөөнөөс ашиг олохын тулд ханшийн маш хүчтэй дэгдэлтийг хүлээх хэрэгтэй болдог.

Давуу талууд

  1. Эрсдлээс хөрөнгөө хамгаалах боломжыг олгоно;
  2. Төлөвлөгөөт арилжаанд уян хатан байдлыг нэмж өгдөг;
  3. Эрсдэл/ашгийн загвараар арилжааны хэд хэдэн төлөвлөгөөг хослуулан хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг;
  4. Баавгай, бух, хэвтээ чиглэлийн алинд ч ашиг олох боломжыг санал болгоно;
  5. Зардал багатайгаар төлөв нээхэд тусална;
  6. 1 дор олон зэрэгцээ арилжаа гүйцэтгэх боломжтой;

Дутагдалтай талууд

  1. Ажиллах зарчим болон татаас тооцоолох системийг нь ойлгоход бага зэрэг төвөгтэй байж болно;
  2. Өндөр эрсдэлтэй. Ялангуяа хэлцлийг үүсгэгчдэд бүр ч их;
  3. Ердийн арилжааны хэлбэрүүдээс, нарийн төвөгтэй бөгөөд төлөвлөгөө боловсруулах чадварыг ихээр шаардана;
  4. Арилжааны бусад хэлбэрүүдтэй харьцуулахад хөрвөх чадвар нилээд тааруу байдгаас шалтгаалан арилжаачид сонирхох нь бага байдаг;
  5. Татаас хэт хэлбэлздэг бөгөөд хугацаанаас хамаарч огцом багасдаг;

Options ба Futures

Товлосон хэлцэл нь, энэхүү Сонголтот хэлцлээс, хүчинтэй хугацааны төгсгөлд хэлцлийг заавал хэрэгжүүлдгээрээ л ялгарна. Тодорхойлбол, Фьючерс хэлцлийн үед, хэлцлийг эзэмшигч нь, хэлцэлд оруулсан хөрөнгөө, түүнд тусгасан хэмжээ, ханшаар заавал ч үгүй арилжаалах буюу хэлцлийг гүйцэлдүүлэх үүргийг хүлээдэг бол Опшнс хэлцлийн үед, хэлцлийг эзэмшигчийн шийдвэрээр л хэрэгжих эсвэл цуцлагдана. Гэхдээ дээр дурьдсанчлан, худалдан авагч авахаар болсон тохиолдолд, борлуулагч заавал хөрөнгөө зарах шаардлагатай тулгарна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!