Margin Trading гэж юу вэ?

Margin Trading буюу Хөшүүрэгт арилжаа гэж, 3-дагч талын санхүүжилтээр (хөшүүрэг) хийгдэж буй арилжааг хэлнэ. Энгийн арилжаатай харьцуулахад, асар өндөр дүнд хандах, арилжааны төлвөө өндөрт зоох боломжыг олгодгоороо ялгаатай. Хөшүүрэг нь, арилжааны үр дүнг өсгөж байдаг тул, амжилттай арилжааны дараах ашиг тэр хэмжээгээрээ өндөр байдаг. Тийм ч учраас, энэ төрлийн арилжаа нь дэгдэлт багатай зах зээлд, тур дундаа гадаад валютийн арилжаан дээр илүү өргөн хийгддэг.

Уламжлалт зах зээлийн хувьд, зээлийг ихэвчлэн broker буюу хөрөнгө оруулагчид (банк, банк бус, хувь хүн, бүлэг хүмүүс, албан байгууллага г.м.) олгодог бол, крипто валютийн зах зээлд бусад арилжаачдаас авч хэрэглэнэ. Гэхдээ бас хөшүүрэг хийх хөрөнгө санал болгодог биржүүд ч мэр сэр бий.

Ажиллах зарчим

Энэ төрлийн арилжаанд оролцохын тулд, нийт дүнгийн тодорхой хувьтай тэнцэх дүнг заавал барьцаанд байршуулах ёстой байдаг. Жишээлбэл, 100 сая төгрөгийн арилжаа нээх гэж байгаа үед, 10:1 харьцаагаар, 10 сая төгрөгийг хөшүүрэг болгон барьцаалах шаардлагатай гэсэн үг.

Мэдээж, бирж, хөрөнгөөсөө хамаараад энэ харьцаа өөр өөр байх боломжтой. Жишээ нь, 2:1 гэсэн харьцаа их түгээмэл байдаг бол, товлосон хэлцэлт арилжааны хувьд, ихэвчлэн 15:1 харьцааг баримтална. Харин гадаад валютийн арилжаанд, 50:1 сонголтыг түгээмэл хэрэглэдэг ч, 100:1, 200:1 зэрэг харьцаануудыг бас хэрэглэх нь бий. Харин крипто зах зээл дээр, дийлэнх тохиолдлод 2:1 - 100:1 харьцаануудын хооронд арилжаа хийгдэж байдаг ба харьцаагаа уламжлалт тэмдэглэгээнээс ялгаатайгаар буюу "x" үсгээр тодотгосон байх нь элбэг. Жишээлбэл, 2x, 5x, 10x, 50x г.м.

Хөшүүрэгтэй арилжааны явцад, урт long position буюу хөшүүрэгтэй авах захиалга оруулах, short position буюу хөшүүрэгтэй зарах төлөв нээхийн аль алийг гүйцэтгэх боломжтой. Ханш удахгүй өснө гэж харж, арилжааны захиалга өгөх нь авах, эсрэг тохиолдолд зарах төлөв болно. Төлөв нээгдсэний дараа, хөшүүрэг нь, зээлдсэн хөрөнгийн барьцаа болсон байгааг мартаж болохгүй. Ийм төрлийн арилжааны хамгийн чухал анхаарах хэрэгтэй зүйл нь, ханш өөрийн тань таамагласны эсрэг хөдөлж, тодорхой босгонд хүрмэгц, зээлдэгч тал барьцаалсан хөрөнгийг тань зарах бүрэн эрхтэй байдаг.

Жишээлбэл, long нээчихсэн байхад, ханш тодорхой хэмжээгээр унасан тохиолдолд, margin call буюу хөшүүрэг дуудагдана гэсэн үг. Хөшүүрэг дэх хөрөнгийн хэмжээ, арилжаанд оролцоход шаардагдах хэмжээний доод хязгаарт хүрэхээргүй болж, хөрөнгө нэмж байршуулах шаардлагатай тулгарсан нөхцөлд хөшүүргийг дуудах ба нэмж байршуулаагүй тохиолдолд, хохирлыг барагдуулах үүднээс барьцааг бүгдийг нь хураан авч, арилжна. Өөрөөр хэлбэл, хөшүүрэгт арилжаан дахь нийт барьцаа хөрөнгийн дүнг, тухайн бирж дээрх нийт хөшүүргийн шаардагдах дүнгээс бага гарч байвал ийм үзэгдэл тохиолдоно.

Давуу болон сул талууд

Өөрт байгаа хөрөнгөөс хүртэж болох ашгаа олон дахин нэмэгдүүлэх нь энэ төрлийн арилжааны гол давуу тал гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүнчлэн, бага хэмжээний хөрөнгөөр, олон тусдаа төлөв нээж, эрсдлийн зохицуулалт хийх боломжтой. Мөн, багахан хөрөнгөөр "хүч үзэх" боломжтой байдаг.

Гэвч, ашгийг өсгөж чаддагтайгаа яг адил хэмжээгээр хохирол учруулж чаддаг аюултайг нь мартаж болохгүй. Өөрийн оруулсан хэмжээнээс илүү хэмжээний хөрөнгийн алдагдал хүлээх аюултай тул энэ төрлийн арилжааг эрсдэл хэт өндөртэйд тооцдог. Хөшүүргийн хэмжээнээс хамаараад, ханшийн өчүүхэн уналтанд "цуглуулсан хэдийгээ" алдах нь энүүхэнд. Тиймээс хөшүүрэгт арилжаанд оролцох гэж байгаа бол эрсдлийн зохион байгуулалтыг тодорхой хэмжээнд гүйцэтгэж, нөхцөлт захиалга оруулж дадсан байвал зохино.

Крипто валютийн бирж дээрх хөшүүрэгт арилжаа

Уламжлалт зах зээл дээрх хөшүүрэгт арилжаа нь эрсдэл өндөртэйд тооцогддог. Тэгвэл крипто зах зээл дээрх хөшүүрэгт арилжаа нь бүр ч өндөр эрсдэлтэй байдаг. Ханшийн дэгдэлт ихтэй учир, ийм төрлийн арилжаанд оролцох гэж байгаа бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ямар ч сайн бэлтгэлтэй байлаа гэсэн, мэдлэг туршлага асар ихээр шаарддаг тул шинэ арилжаачид зүглэх гэсний хэрэггүй л болов уу.

Граф уншиж, зурж, чиг хандлагыг оновчтой таамаглаж чаддаг байх нь хангалтгүй. Хангалттай туршлага хуримтлуулсан, өөртөө болон арга барил, далдлага туршлагадаа бүрэн дүүрэн итгэлтэй, TA-г гаргаахгүй болсон үедээ л "хүч үзээрэй". "Аз сорьж" хэрхэвч болохгүй!

Хөшүүрэгт хөрөнгө оруулах

Хэт өндөр эрсдэлтэй, ийм төрлийн арилжаанд оролцох бодолгүй байгаа ч, эндээс ашиг олох сонирхолтой байгаа бол, margin funding буюу хөшүүргийн хөрөнгө оруулалт хийж болдог. Энэ арга нь, өөрийн хөрөнгийг, энэ төрлийн арилжаанд оролцогчдод зээлдүүлэх замаар, тэдний ашгаас хувь хүртдэг арга юм.

Хувьсагч хүүгээс хүү тооцдог энэ арга нь тусгай дүрмийн дагуу хэрэгжих бөгөөд тухайн дүрмийг нь хүлээн зөвшөөрч байж л хөрөнгө оруулалт авах эрхийг олж авах боломжтой. Бирж бүр дээрх дүрмүүд харилцан адилгүй байх боловч хөрөнгөө зээлдүүлснээс үүдэн гарч болох эрсдэл харьцангуй бага байдаг. Учир нь алдагдал хүлээх хэмжээнд дөхөөд ирмэгц, барьцаа хөрөнгийг суутгаж, хохирлоо барагдуулах үйл явц нь автомат системийн тооцоолуур дээр хийгдэнэ. Гэсэн хэдий ч, хөрөнгө тань exchange wallet буюу солилцооны хэтэвчинд байршиж байх шаардлагатай тул, бирж, хэтэвч, авч үйлчилгээний нөхцөлтэйгээ бүрэн танилцаж, учирч болзошгүй эрсдлийн талаар зохих мэдээлэлтэй болсныхоо дараа л сонголтоо хийгээрэй гэж зөвлөмөөр байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!