Блокчэйний хэрэглээ : Хангамж
Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.
Тодорхой 1 бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээг бий болгож, түгээхэд оролцож буй хүмүүс болон байгууллагуудын нэгдэж үүсгэсэн сүлжээг, supply chain буюу нийлүүлэлтийн сүлжээ гэнэ. Уг сүлжээнд, түүхий эдийг олборлож, нийлүүлэхээс эхсүүлээд, эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэлх бүхий л шатны нэгжүүдийг хамруулна. Хамгийн энгийн жишээ нь, хүнсний бүтээгдэхүүний тариаланч, дамлан наймаалсан зууч, боловсруулж гаргасан үйлдвэр, дэлгүүр болон хэрэглэгчид хүргэсэн тээвэрлэгч, худалдаж авсан хэрэглэгч нар юм.
Гэвч, орчин цагийн хангамжын ийм сүлжээ нь, түүнд оролцогч талуудын хооронд уялдаа холбоо үүсгэх, үр ашигтай ажиллах, мэдээллээ харилцан солилцох боломжоор дутаж байгаа нь гашуун боловч үнэн. Угтаа бол, бүтээгдэхүүн болон түүхий эд, өгөгдөл болон мөнгө нь хэлхээний туршид тогтвортой, чөлөөтэй хөдөлж байх ёстой. Харамсалтай нь, өнөөгийн систем нь, дээрх дутагдлуудаасаа шалтгаалан, байгууллагуудад ашиг багатай байх эсвэл хэрэглэгчдэд үнэтэй хүрэх гэсэн сонголтыг өгөхүйц хүндрэлтэй бөгөөд дутагдалтай байгаа билээ.
Эдгээр дутагдлуудын заримыг шийдвэрлэж чадах технологи гэхдээ хэдийн хөгжүүлэгдээд эхэлсэн байгаа. Мэдээллийн бүртгэх, дамжуулах, хуваалцах боломжыг нээлттэй болгох тэрхүү технологи нь мэдээж, Блокчэйн.
Түгээлтийн сүлжээнд Блокчэйнийг ашиглахын давуу талууд
Ийм гинжин цуваа мэт хэлхэгдсэн сүлжээнд, Блокчэйн шиг дэлгэмэл сүлжээ хамгийн тохиромжтой болох нь олонтаа батлагдсан. Сүлжээний бүх гишүүд санал нэгдэхгүйгээр, нэгэнт бичигдсэн мэдээллийг өөрчлөх боломжгүй байдал нь, өгөгдлийг хадгалж дамжуулах аюулгүй болоод найдвартай байдлыг бүрдүүлж өгнө.
Ил тод бөгөөд хааж хориглох боломжгүй байдал
Олон шат дамжиж байгаа ажиллагааны үед, хэн алдаа гаргасан, хаана зөрчил илэрснийг хэн ч хараад мэдчих боломжтой, шилэн бүртгэлтэй байх нь тухайн асуудлаас урган гарах маргааныг шийдвэрлэхэд чухал үүргийг гүйцэтгэнэ.
Зардалд хэмнэлттэй байдал
Сүлжээний дамжлагууд дундаас завших эсвэл үйлдвэрлэлт, тээвэрлэлтийн явцад бараа чанараа алдах, үрэгдэх явдал бишгүй тохиолдоно. Ялангуяа, хүнс зэрэг түргэн үнэ цэнээ алдаж, устах аюултай барааны хувьд бүр ч их. Бүртгэлээ чанаржуулснаар, хаана, ямар учраас ийм алдагдал гараад байгааг илрүүлэх, түүнийхээ тусламжтайгаар уг асуудлыг бүр мөсөн шийдвэрлэх эсвэл багасгах шийдлийг олж болох юм.
Олон банк дамжиж, олон өөр татаас, хураамж төлөх зэрэг ажлаас биднийг, Блокчэйн чөлөөлж өгч чадах бөгөөд түүний ачаар илүүдэл зардлууд багасахын сацуу, зардлаа илүү нарийвчлалтайгаар урьдчилан тооцох, тулган шалгахад хялбар болно.
Харилцан ашиглаж болох өгөгдлүүдийг үүсгэх боломж
1 нэгжийн бүртгэлийн мэдээллийг нөгөө дээр хүлээн авч, ашиглахад нийцтэй бус байгаа нь, уламжлалт системийн томоохон дутагдлуудын 1 яах аргагүй мөн билээ. Түүнийг гэхдээ, Блокчэйнээр хялбархан шийдчихэж болно. Блокчэйний сүлжээнд холбогдсон зангилаа буюу нэгж бүр мэдээллийг харах, мэдээлэл нэмж оруулах боломжтой байдаг тул, дундаа 1 том өгөгдлийн санг үүсгэж ашиглах хамгийн таатай нөхцөл энд л бий.
EDI-г халах боломж
Electronic Data Interchange (EDI) буюу цахим өгөгдлийг солилцох системүүд нь, яг одоо ашиглагдаж байгаа системүүд бөгөөд байгууллага, нэгжүүдийн хоорондох мэдээллийг үүгээр дамжуулан шийдвэрлэж байгаа. Гэтэл уг систем нь, өгөгдлийг цуглуулж, багцалж илгээдэг учир чухал мэдээллийг хоцрогдуулах зэрэг дутагдалтай. Үүний оронд Блокчэйнийг хэрэглэвэл, мэдээлэл шинээр бүртгэгдсэн даруйд бусад бүх нэгжүүд түүнийг нь харах, мэдэх боломж бүрдэнэ.
Цахим хэлцэл болон бичиг баримтыг хуваалцах боломж
Блокчэйнд мэдээллийг, ухаалаг гэрээ хянаж оруулах тул, түүнийг хуурамчаар үйлдэх, өөрчилж янзлах боломж бараг байхгүйтэй адил бага байна. Өөрчлөх шаардлагатай үед, бүх талууд санал нэгдсэнээр л, засварлах боломжтой болж байгаа нь, хардалтыг багасгаж, харилцан итгэлцлийг үүсгэх давуу талтай. Уулзалт товлож, хуульчаа илгээж, санал солилцож, шийдвэрт хүрдэг цаг ард хоцорч, зайнаас, цагт баригдахгүйгээр тохиролцоонд хүрнэ гэдэг бас л гайхалтайяа.
Түгээлтийн сүлжээнд Блокчэйнийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор учирч болох саад тотгорууд
Олон сайхан чанаруудтай ч, бас анхаарууштай хэдэн зүйлс байгааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй байх.
Шинэ систем нэвтрүүлэх
Одоо байгаа системээ орхиж, өөр нэгийг ашиглахад цөөнгүй саад учирч болно. Хэдийн зорилгодоо нийцсэн системийг бүрдүүлж, боломжтой хэмжээнд төгөлдөржүүлсэн байгаа бол, түүнийг хаях даан ч хайран. Ялангуяа том сүлжээний хувьд, үндсээр бүх түвшинд ингэж өөрчлөх үед, асар их ажил, хөрөнгө, нөөц бололцоо, цаг хугацааг зарцуулах тул, өөрчлөлтөөс цааргалахыг үгүйсгэх боломжгүй юм.
Хамтрагчдаа нэгтгэх
Блокчэйн технологийг нэвтрүүлэх саналыг, бусад нэгжүүд дэмжихгүй бол үүнийг нэвтрүүллээ гээд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, өгөөжийг нь хүртэнэ чинээ саналтгүй. Тэгээд бас, шилэн данстай байхыг эсэргүүцдэг байгууллага, хүмүүс байдгыг харгалзаж үзэх хэрэгтэй.
Бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх
Блокчэйнд суурилсан систем нэвтэрсний дараа, ажилтнууддаа уг систем, түүний ажиллах зарчим, өмнөхөөс ялгарах онцлогыг танилцуулах хэрэг гарна. Зохих сургалтыг 1 л удаа хангалттай бэлтгэсэн байхад л болох хэдий ч, олон ажилтантай том сүлжээний хувьд, бас л цаг, мөнгө гарздах шаардлагатай болох нь тодорхой.
Хэр ирээдүй вэ?
Нилээдгүй тооны, томоохон сүлжээнүүд/байгууллагууд Блокчэйнийг нэвтрүүлээд, хэрэглээд эхэлчихсэн байгаа. Удахгүй, дэлхий нийтээрээ ийм системд шилжихийг харах хувь тохиохыг үгүйсгэх аргагүй юм.
Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт болон бүртгэл, нягтлан бодох гээд л асар олон салбарт Блокчэйн хувьслыг авчирч чадна, авчирч ч байгаа. Давуу талуудынхаа ачаар, уламжлалт системийг огцруулах чадвар Блокчэйнд бий. Түүнийг нь, гагцхүү хүлээх л үлдэж байх шив.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation