Блокчэйний хэрэглээ

1991 онд анх санааг нь олж байсан ч, 2009 онд Биткойны ачаар л олонд танигдсан технологи бол Блокчэйн. Ихэнх Блокчэйн, криптографын тусламжтайгаар, мэдээллийг дэлгэмэл бүртгэл дээр тэмдэглэж, хамгаалдаг. Тэдгээрийн дийлэнх хувь нь, крипто валют гэх цахим хөрөнгийн сүлжээнд ашиглагдаж байгаа ч, төвлөрсөн бус, халдлага тэсвэрлэх өндөр чадамжуудаас нь шалтгаалан олон олон салбарт хэрэглэхээр судалж, нэвтрүүлж байна.

Крипто салбар өсөхийн хэрээр, Блокчэйн технологи хөгжиж, төрөл бүрийн нөхцөл, зориулалтаар хэрэглэгдэх боломжтой нь тодрон харагдаж, баталгаажсаар байгаа юм. Өндөр зардалтай хамгаалалтын шийдэлд төсөв зарж, итгэл алдах эрсдэлтэй хянан зохицуулагчид хөрөнгөө хадгалуулах шаардлагагүй болгож байгаа нь, маш олон хэрэглэгчдийн анхаарлыг татах болсон гол шалтгаан билээ. Түүнчлэн төвлөрсөн бус сүлжээг, тухайн сүлжээнд холбогдсон хэрэглэгч бүрт ил тод, шилэн данстайгаар тохируулах боломжтой нь бүр ч гайхалтай. Тархмал хэрнээ, нэгдсэн системийг ийм хэмжээнд бүтээх нь саяхныг хүртэл боломжгүй зүйл байсан. Ажил хэрэг болгож л чадвал, маш олон салбарт шинэ эринийг бүтээх боломж байгаа ба тэдгээрийн багахан хэсгийг, товчхон танилцуулахаар энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Өглөг, хандив

Хандив тусламж, сайн үйлсийн аянууд орлого, зарлагаа нээлттэй, ил тод байлгах, түүнийгээ зөв зохистой хуваарилж, төлөвлөгөөтэйгээр зарцуулах ёстой. Тэгж байж л санхүүжилт, хөрөнгө оруулалтаа татах саадгүй орчин бүрдэнэ. Тэгвэл энэ нөхцлийг нь Блокчэйн бий болгох бүрэн боломжтой.

Уг сэдвийг илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.

Хангамж

Ихэнх үйлдвэрлэл, тээвэр зуучлал, агуулахын сүлжээнүүд үр ашиг, бүтээмж болон үйл ажиллагаа, төсөв хөрөнгийн хуваарилалтын мэдээллээ бүртгэж, хянах тал дээр тодорхой хэмжээний тулгамдсан асуудалтай байдаг нь үнэн. Орчин цагийн уламжлалт систем нь, анхны тогтолцооноосоо гойд өөрчлөгдсөн зүйлгүй буюу оролцогч талуудын хоорондын харилцан итгэлцэл дээр тогтож байгаа. Тэгвэл, дээрх асуудлыг шийдвэрлэж өгөх гарц нь, Блокчэйн байж болно. Дэлгэмэл өгөгдлийн санд, зохих хэрэглэгчид нь харгалзах мэдээллийг нь хуулж өгснөөр, бүтээгдэхүүн, тээвэрлэлт болон бусад зардал, төсвийн мэдээллүүдийн үнэн бодит чанар баталгаажих ба түүнийг зөвшөөрөгдсөн бусад хэрэглэгчид, хаанаас ч, хэдийд ч, харж, хянаж, харьцуулан тулгаж, дүгнэж болно. 

Уг сэдвийг илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.

Эрүүл мэнд

Буруу хуваарилалтаас үүдсэн, үйл ажиллагааны төсвийн хомсдол, өгөгдлийн алдаа, хүнд суртал гээд эрүүл мэндийн салбарыг тойрсон өчнөөн дутагдал бий. Тэгвэл, өвчтөний болоод эмийн бүртгэлийг Блокчэйн дээр хөтөлснөөр, мэдээллийн дутагдалтай байдал арилж, түүнийг дагасан алдаатай дүгнэлт шийдвэрүүд багасах боломжтой. Ийм хэлбэрийн бүртгэлийн сантай болсноор мөн, гарах урсгал зардал багасах ч давуу талтай.

Түүнчлэн, анагаахын салбарлүү чиглэсэн хорлон сүйтгэх, мөнгө салгах зорилготой халдлагуудаас, Блокчэйн технологи тодорхой түвшинд хамгаалж чадна. Юунаас, яаж хамгаалах чадвартайг "Блокчэйн гэж юу вэ" нийтлэлээс уншаарай. Эмнэлэг нь, хувийн мэдээлэл, өвчний түүх зэрэг үнэтэй, чухал мэдээллүүдийг хадгалж байдаг тул сүүлийн үед цахим халдлагад өртөх гол байнуудын 1 болоод байгаа юм.

Уг сэдвийг илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.

Бодит үнэлгээ

Хөгжимчид, дуучид, цахим тоглоом бүтээгчид, зураачид гээд л бүхий л уран бүтээлчид, хууль бус хуулбар, зуучлагч зэрэг 3-дагч талын шударга бус үйлдэл гэх мэт олон шалтгааны улмаас хөдөлмөр, бүтээлээ зохих ёсоор үнэлүүлж чаддаггүй. Блокчэйн технологийн тусламжтайгаар, бүтээлээ дахин давтагдашгүйгээр хамгаалж, хэн, хэзээ, ямар үнээр худалдаж авсан эсвэл түрээслэсэн, хэрэглэсэн гээд бүгдийг бүртгэлжүүлж, харж хянах боломжтой. Төлбөрийг нь, өөрөө бие даан ажиллаж чадах, ухаалаг гэрээгээр шийдчихэж болох тул, зардлыг бууруулж, ажлыг хөнгөвчлөхөөс гадна, найдвартай байдлыг ч буй болгоно.



Засаглал

Блокчэйн бидэнд, олон өөр салбарт удирдлагын эрх мэдэл, сүлжээг хянаж зохицуулах чадвар, ардчилсан замаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж, шударга бөгөөд аюулгүй, найдвартай байдлыг бүтээх илүү сайн гарц болж чадна. Блокчэйнийг хэрэглэснээр, сонгуулийн санал хураалт илүү бодитой, булхайгүй болох боломжтой. Санал тоолох, бүртгэж дүгнэх, хураах аргууд бүгд илүү сайжирч, илүү найдвартай болох учраас тэр. Үүнээс гадна, татвар төлөлтийн бүртгэл, орлого зарлага, хөрөнгийн мэдүүлэгт ийм өгөгдлийн санг хэрэглэснээр татвараас зайлсхийх, хээл хахуульд автахын эсрэг хяналт болоод бүртгэлийг хөтөлж болох найдвартай шилэн данстай болж болно.

Уг сэдвийг илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.

DApps болон төлбөрийн шийдэл

Крипто валют нь, өөр улсад суугаа хүнд мөнгө шилжүүлэх хамгийн таатай, зохимжтой аргаар хэдийн нэрлэгдэх болсон. Уламжлалт банкны системээс хямд бөгөөд хурдтай учир тэгэхээс ч аргагүй биз.

Мөн, уламжлалт системийнх шиг хувийн мэдээллийг цуглуулж, харилцагчдын дунд зууч, хянагчаар ажиллахгүй учир DApps нь уламжлалт хэрэглүүрүүдээс шимтгэл багатай, ажиллагаа найдвартай, саатал багатай тул хэрэглэхэд илүү урамтай байдаг.

IoT

Блокчэйн болон Internet of Things буюу зүйлсийн интернэт нь, заяаны хосууд гэмээр сайхан зохицсон бүтээлүүд юм. Эдгээрийн аль аль нь, энд тэнд тарсан, тусдаа эх сурвалжуудаас өгөгдлөө татаж цуглуулдаг бөгөөд давуу чанаруудыг нь хослуулснаар аюулгүй байдлыг утгаар нь бүрэлдүүлэхээс гадна, machine-to-machine (M2M) буюу машин хоорондын гүйлгээг хийх найдвартай платформыг бүтээж болно.

Блокчэйн нь, гүйлгээг хамгаалж, мэдээллийн чанарыг алдагдахаас сэргийлдэг учир, IoT-ийн өгөгдлийн үнэн бодит байдлыг бататгадаг чанартай хослуулах нь жинхэнэ мэргэн санаа байж ч болох юм. Тийм ч учраас Блокчэйнд тулгуурласан IoT сүлжээг хөгжүүлэгчид шил шилээ даран гарч ирэх болсон байх.

Уг сэдвийг илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!