Блокчэйний хэрэглээ : Засаглал

Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.

Яагаад засгийн газрууд Блокчэйнийг нэвтрүүлэх сонирхолтой байна вэ?

Засаглалын маш олон давуу талыг олгох ч, тэдэн дундаас онцлох хэдэн шалтгаан байгаа нь, төвлөрсөн бус байдал, өгөгдлийн үнэн бодит, найдвартай байдлыг хадгалж, хамгаалах, түүнийг задлаж харуулалгүйгээр, засвар ороогүйг батлах чадвар, ил тод бүртгэл, чанартай бөгөөд зардал багатай зэрэг чанар нь болно.

Төвлөрсөн бус хийгээд мэдээллийн найдвартай байдал

Блокчэйн дээр дэлгэмэл сүлжээ бүтээх олон өөр арга зам байгаа хэдий ч, тэдгээр нь бүгд тодорхой хэмжээнд төвлөрсөн бус чанарыг агуулдаг. Учир нь, Блокчэйний сүлжээнд холбогдсон компьютер бүр тухайн мэдээллийг өөр хоорондоо холбогдон, шалгаж, харьцуулж, баталгаажуулж байдгаас тэр. Тэдгээр зангилаа нэгжүүд хоорондоо харилцан зөвшилцөж, шийдвэрт хүрсний дараа дахин давтагдашгүй, бүгд хүлээн зөвшөөрсөн мэдээллийг гагцхүү үнэнд тооцож, санруугаа хуулна.

Ийм байдлаар тохируулж бүтээсэн сүлжээнд, тэдгээр мэдээлэлд зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгч л хандах боломжтойгоос гадна, зарим тохиолдолд тусгай эрхтэй хэрэглэгчдэд л засах эрхийг олгох боломжтой байдаг. Олон өөр хэрэгжүүлэгч газрууд нэгдэж, сүлжээн дээрх мэдээлэл болон сүлжээний аюулгүй байдлыг бататгаснаар, залилан, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг үйлдлийг гүйцэтгэгдэхээс нь урьтаж таслан зогсоох ч боломжтой.

Шаардлагатай гэж үзвэл, их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн бус байгууллагууд, энгийн иргэдийг ч тухайн сүлжээний баталгаажуулагчаар ажилуулах замаар, хамгаалалтыг бүр ч сайжруулж болно. Ингэж хамгаалах нь дан ганц гадны халдлага бус, дотоод зөрчил, цаашлаад хүний гаргаж болох алдаанаас ч сэргийлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг онцлогтой.

Түүнчлэн, Блокчэйнийг сонгуульд ашиглахад нэн тохиромжтойд тооцогддог. Ил тод, шударга өрсөлдөөн, санал хураалт нь ардчилалын жинхэнэ мөн чанарыг тодотгох тулгуур багана билээ. Блокчэйний, халдагдашгүй, засварлагдашгүй байдал нь, түүнийг сонгогчдын саналыг хадгалах хамгийн найдвартай сан болгож өгч чадсан. Саналын байрууд, санал цуглуулах явцын нууцлал, хамгаалалтыг л сайтар шийдэж чадвал, интернэт ашиглан саналаа өгөх боломж ч нээлттэй байгаа. АНУ-ын Баруун Виржини муж, 2018 оны сонгуульд яг ийм системийг хэрэглэсэн түүхэн жишээ бий.

Ил тод байдал

Мэдээллийг өөрчилж, засварлах, нуун дарагдуулах бараг ямар ч боломжгүй болгох учраас Блокчэйн хүмүүсийн итгэлийг бусад системтэй харьцуулашгүйгээр бат дааж чадна. Орчин цагийн бүхий л систем, төвлөрсөн тогтолцоотойгоор ажиллаж, тэдгээрийг нь төрийн удирдлагууд болон засгийн газрын харгалзах харъяа байгууллагууд л хянаж, удирдаж байгаа. Тэдгээрийн заримыг нь хэдхэн хүн хувьдаа эзэмшиж, ашиглаж байгаа нь, хувийн эрх ашигтаа нийцүүлэн, зоргоороо удирдах эрх олгож байгаа нь ч нууц биш. Блокчэйнийг ашигладаг болсноор, ийм зүй бус үйлдлүүдийг таслан зогсоох, илрүүлэх боломж бүрдэхийн хажуугаар эрх мэдлийг илүү жигд тараах, төвлөрсөн бус болгох давуу талтай.

Дээрхээс дүгнэвэл, Блокчэйн нь төрийн байгууллага, удирдлагууд болон ард иргэдийн хоорондын үл итгэлцлийг бууруулах, арилгах чухал ач холбогдолтойд ч тооцогдож болох юм. Европийн зарим улсууд, Блокчэйний тусламжтайгаар эд хөрөнгийн бүртгэлийг гүйцэтгэхээр судалж байгаа ба ингэснээр хөрөнгийн маргааны зөрчлийг шийдвэрлэх ажил багасч, хялбар бөгөөд шуурхай болно гэж тэд тооцож байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх зэрэг хөрөнгийн бичиг баримтыг ийм санд хадгалснаар, 2 түлхүүрийн 1-г төр, нөгөөг нь иргэн хариуцаж, түүнийгээ чөлөөтэй хянаж, захиран зарцуулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ.

Түүнээс гадна, Блокчэйн технологид суурилсан сүлжээн дэх мэдээллүүд нь, эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн зэрэг бүртгэлийг хууль, хүчний байгууллагууд хүссэн үедээ олж авч, ашиглах боломж нээгдэнэ. Түүнээс гадна, ийм сүлжээнд бүртгэгдсэн бүхий л зүйлсийг харж хянахад хялбар байх тул хээл хахууль, хөрөнгө санхүүжилтийг хувьдаа завших, төсвийг "замаас нь унагах", мөнгө угаах зэргийг ч илрүүлэх, шалгах, нотлоход хэрэглэх боломж нээгдэнэ.

Ашигтай байдал

Гүйцэтгэх ажлыг багасгаж, хүний оролцоогүйгээр ихэнх үйлдлийг гүйцэтгэхээр тохируулах нь урсгал зардлыг багасгах, хүний алдааг бууруулах тустай. Татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж байгаа учир, төсвөө ухаалаг хуваарилж, зарцуулах нь ихээхэн чухал асуудлуудын 1 мөн. Эдгээрийг шийдвэрлэх гарц нь Блокчэйн байх бүрэн боломжтой. Энэ нь эргээд, татвар төлөгчдөд ч таатай сэтгэгдлийг төрүүлэх, түгээхийг үгүйсгэх аргагүй юм. Үйл ажиллагааны зардлаа танаж чадсанаар, бусад ажиллагаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, тэр хэмжээгээр ажил амжуулах, асуудлыг шийдвэрлэх давуу талууд бүрдэнэ.

Блокчэйнийг мөн татвар хураалттай холбож хэрэглэж болно. Урьдчилан тохируулсаны дагуу хөрөнгийг шилжүүлэх үйлдлийг Блокчэйн гүйцэтгэж чадах бөгөөд үүний ачаар ажиллагаа багасч, хялбар болохын хажуугаар, татвар цуглуулалттай холбоотой зөрчлүүд болон зардал багасна. Татвараас зайлсхийгчдийг илрүүлэх, хянах зэрэг бусад талын хэрэглээг ч сайжруулах онцлогтой.



Хязгаарлагдмал болон дутагдалтай талууд

Мэдээллийг засварлах боломжгүй байдал нь олон чухал давуу талыг бий болгож байгаа ч, бас сул тал болох нь бий. Ийм систем ашиглах гэж байгаа тохиолдолд, оруулах мэдээллээ урьдаас маш нарийн, олон дахин хянаж, шалгах хэрэгтэй болно гэсэн үг.

Хэдийгээр, зарим Блокчэйн дээр засах эрхийг олгодог ч, сүлжээн дэх дийлэнх зангилаа буюу нэгжүүд санал нэгдэж, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй болдог. Энэ нь эргээд төвлөрсөн бус чанарын асуудлыг хурцатгаж ч болох юм. Гэхдээ төвлөрсөн бус чанарт хэт их ач холбогдол өгөх шаардлагагүй сүлжээний хувьд энэ огтоос асуудал болж чадахгүй. Эрх бүхий зангилаа бүр, тухайн сүлжээн дэх бүх мэдээллийг харах эрхтэй байна гэдэг нь, цэргийн нууц, гэрчийг хамгаалах хөтөлбөр зэрэг өндөр нууцлал шаардах баримтуудад заналхийлэх аюултай.

Түүнчлэн, хуучинсаг үзэл, шинэчлэлтээс эмээх дургүйцэл, технологийг бүрэн ойлгох хүсэл, чадваргүй байдал зэргээс улбаалан засгийн газрууд Блокчэйнийг дутуугаар үнэлэх, үгүйсгэх, эндүү ойлгож, төвөгшөөх, эсэргүүцэх нь ч энүүхэнд. Бусармаг явдал нь хэрээс хэтэрч, гаарсан газарт бол төрийн удирдлагууд нь, уг технологийг өөрсдөд нь аюул гэж үзээд, бүрэн хааж хориглох, нэвтрүүлэхээс татгалзах, түүнийгээ янз бүрээр тайлбарлаж, улмаар Блокчэйнийг буруугаар ойлгуулж ч мэдэх юм.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!