Крипто тайлбар толь [15-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Холбоос
Link (бүтэн нэр нь hyperlink) - Веб орчин дахь бүхий л контент, цахим зүйлс өөрсдийн гэсэн давтагдашгүй хаяг, зам дээр байрших ба түүгээр нь хэрэглэгчид болон хэрэглүүрүүд тэдгээр нөөцүүдэд хандаж байдаг. Вебийн хаяг, email хаяг, зураг болон дуу, бичлэгийн холбоос нь энэ төрлийн хаягууд юм.
Uniform Resource Locator (URL) буюу жигдрүүлсэн нөөцийн заагч нь, веб дэх зүйлсрүү замчлагч, чиглүүлэгч бөгөөд өнгөц харахад дээрх 2 нэр томъёо 1 зүйлийг илтгэнэ. Гэвч задалж үзвэл, link нь өдөр тутмын харилцан ярианд ихэвчлэн хэрэглэгддэг бол, URL нь мэргэжлийн хэллэгт тооцогдоно. Бүр нарийвчлан авч үзвэл, link нь веб хуудас дээрх дараад өөр хуудас эсвэл ямар 1 хэрэглүүрийг ачааллуулах буюу заасан нөөцрүү URL-аар нь хандах боломж олгодог хэрэгсэл юм. Уг нийтлэлийн эхэнд буй өмнөх дугааруудын гарчгууд, сэдвүүд нь үүний жишээ болно. Харин, URL нь тухайн веб хуудсын эсвэл контентийн байршиж буй, дахин давтагдашгүй, өвөрмөц хаяг билээ. Хөтчийн тань хаягийн мөр дээр https://r347i6ht.blogspot.com/2021/08/glossary15.html гэх мэтээр харагдаж байгаа хаяг нь URL юм. URL-г бүтцээр нь задалж харвал, дараах хэлбэртэй байна.
- Scheme - Интернэт хөтөч програмын, тухайн нөөцтэй холбогдохдоо хэрэглэх протокол;
- Domain - Интернэт IP протоколын хялбаршуулсан хаяг. Үүний ачаар олон орон тоо биш үг, үсэг зэрэг тогтооход хялбар хаягыг хэрэглэх боломжтой болсон;
- Port - Оролт/гаралтын эрх зөвшөөрөгдсөн нээлхий. Энгийнээр бол, нийтэд нээлттэй хаалга;
- Path to the file - Файлын зам буюу хадгалагдаж буй байршил болон нэр, өргөтгөл буюу төрөл. Жишээн дээр .html төрлийн буюу веб хуудсанд хандсан байна;
- Parameters - Өгөгдөл дамжуулах утгууд. Энэ нь хэрэглэгчид хамааралгүй тул дэлгэрүүлж тайлбарлах шаардлагагүй гээд орхив;
- Anchor - Зангуу нь, тухайн хуудас дээрх, заагдсан зүйлрүү чиглүүлдэг. Уг нийтлэлийн эхэнд буй өмнөх дугааруудын сэдвүүд бүгд ийм зангуугаар чиглүүлэгдсэн байгаа ба үүний тусламжтайгаар хэрэглэгч, харгалзах зүйлийг шууд олж хандах боломжтой болдог.
Гэхдээ ихэнх хүн эдгээрийг 1 гэсэн ойлголттой байдгаас болоод, URL-г холбоос гэж дуудаж, хэрэглэсээр өдгөө дээрх ялгаа бараг үгүй болсон.
Нам орой
Lower High (LH) нь, өмнөх хамгийн өндөр цэгт хүрч чадаагүй, дараагийн өндөр цэг юм.
Өндөр ёроол
Графын, тодорхой хугацаан дахь үзүүлэлтүүд дунд өмнөх хамгийн нам цэгтэй харьцуулахад өндөрт үүссэн, удаах нам цэгийг Higher Low (HL) гэдэг.
Өндөр орой
Higher High (HH) гэж, өмнөх өндөр цэгээс илүү өндөрт бүрэлдсэн цэгийг хэлнэ.
Асуугаад, мэдээд ав
Ask Me Anything (AMA) буюу надаас юу ч хамаагүй асуу гэсэн хэллэгийг товчлолтой нь адилтгаад ингээд орчуулчихлаа. AMA нь, крипто ертөнцөд, хөгжүүлэгч, таниулагчдын зүгээс сонирхогч, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх, өөрсдийн төслийг сурталчлах зорилгоор зохион байгуулдаг, асуулт, хариулт, нээлттэй ярилцлагын арга хэмжээ юм. Цахим болон интернэт технологийн давуу талыг ашиглаж онлайн орчинд зохиогдох нь их бөгөөд түүнд идэвхтэй хамрагдсан хэрэглэгчдийн урамшуулан мялаах, азтан тодруулах болон хөгжөөнт тэмцээн явуулах зэргээр хөтөлбөрөө баяжуулсан байхтай ч таарч болно.
Тооцоолуур
Хүмүүний өдөр тутмын ажил, амьдралын салшгүй хэсэг болсон computer-ийг эх хэлнээ ийн орчуулаад хагас жарныг үзэж байгаа ч, уг орчуулгыг нь мэддэг хүн тун цөөн байдаг. Гэхдээ, Та одоо мэддэг болоо. Үүнтэй холбоотой бусад үг хэллэг, нэр томъёог доор жагсаан танилцуулъя.
- Personal computer (PC) - Хувийн/Амины/Өөрийн тооцоолуур
- Desktop - Суурин компьютер (нэрийг нь шууд орчуулбал ширээн дээр байршуулдаг гэх утгатай)
- Laptop - Зөөврийн компьютер (шууд орчуулбал өвөр дээрээ тавьж, хэрэглэж болдог гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд, орчин цагт notebook буюу тэмдэглэлийн дэвтэр гэсэн үгээр зүйрлэн нэрлэж хэрэглэх нь түгээмэл болсон)
- Super computer - Томоохон их сургууль, лаборатори болон байгууллагууд хэрэглэдэг асар өндөр хүчин чадалтай, аварга том компьютер (дээд зэргийн, маш том, мундаг гэж орчуулагдана).
- Quantum computer - Квант компьютер нь, тооцоолуурын шинэ эринийг тодорхойлох, гайхалтай хүчин чадалтай технологи юм. ЭНД дараад уг компьютерийн талаар сонирхолтой танилцуулга нийтлэлийг уншаарай.
Хэвлэлт
Mint - NFT буюу дахин давтагдашгүй токеныг бүтээх үйлдлийг ийн нэрлэж байгаа. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг вебээр дамжуулан, харгалзах сүлжээгээ сонгоод, токенжуулах цахим контентоо оруулаад, сүлжээндээ гүйлгээний зохих шимтгэлийг нь тушааснаар NFT-оо хэвлэж авах боломжтой.
Крипто ертөнц болон NFT-ы талаар бараг бүх мэдээллийг CMC вебээс олж болно. ЭНД дараад зочлоод үзээрэй.
Хэрэглүүрийн хөгжүүлэлтийн үе шатууд
Програм хангамж бүр хөгжүүлэлтийн тодорхой үе шатыг дамжиж, хэрэглэгчиддээ хүрдэг. Хэрэглүүрээ бүх нийтийн хүртээл болгохоос өмнө, сайжруулах шаардлагатай эсвэл боломжтой, засах хэрэгтэй зүйлс юу байгааг олны хүчээр илрүүлэх, хөгжүүлэгчдээс бусад буюу тухайн програмыг хэрэглэх мэргэжлийн болон сонирхогч хэрэглэгчдээр шалгуулж, саналыг нь сонсох, тусгах, мэргэжлийн алдаа илрүүлэгчдийн сорилтыг ашиглах зэргээр хөгжүүлэлтээ олон талаас хянуулж, сайжруулах нь хөгжүүлэлтэнд чухал ач холбогдолтой байдаг.
Хөгжүүлэлтийн эдгээр үе шатуудыг грек цагаан толгойн үсгийн дарааллаар нэрлэсэн байх бөгөөд анхных нь Alpha буюу Альфа хувилбар юм. Анхны шалгалт, үзлэг, туршилтуудыг энэ шатанд гүйцэтгэж, илрүүлсэн алдаануудаа бүртгэж, зохих арга хэмжээг авч, засч залруулах зорилготойгоор хэрэгжүүлнэ. Хөгжүүлэлтийн хамгийн чухал үе гэж нэрлэгдэх энэ шатанд, програмын эхний загвар үүсэх бөгөөд түүнийг төлөвлөгөөтэйгээ хэр төстэй болсон хийгээд, хэр чанартай бүтээгдэж, дахиад хэр ажил хийгдэх үлдсэнийг эндээс шүүн тогтох боломжтой.
Энэ үеийг нээлттэй буюу хүссэн хэрэглэгч бүр татаж аваад, шалгахад нь гар бие оролцох боломжтой эсвэл, хаалттай буюу цөөн хүнд тусгайлан олгосон эрхээрээ (урилгаар, тохиролцооны дагуу эсвэл гэрээгээр) дамжуулан хянуулах гэсэн 2 хэлбэрээр зохиож болдог.
Нээлттэйгээр зохиох нь, илүү олон хүнийг хамруулж, илүү олон алдааг богино хугацаанд илрүүлж, олон шинэлэг санааг олох боломжыг бүрдүүлдэг бол, хаалттай хэлбэрийн ийм туршилт нь зорьсон чиглэлдээ чанартай үзүүлэлтийг, харгалзах шалтгаан, шийдлийн хамтаар боловсронгуй дүгнэлттэйгээр гаргуулах онцлогтой байдаг. Хаалттайгаар зохиохдоо, хэрэглэх хүмүүсийн төлөөлөл, мэргэжлийн туршигчдыг оролцуулах нь илүү үр дүнтэй. Гэвч, ихэнх байгууллагууд, зардлаа бууруулах үүднээс, энэ үеийг дотооддоо хэрэгжүүлэх нь их байдаг ба үүнээс шалтгаалан алдаа ихтэй, ажиллагааны доголдолтой бүтээгдэхүүн гарах магадлал өндөр байдаг.
Зарим тохиолдолд Pre-Alpha буюу Альфагийн өмнөх үе шат гэж бий. Nightly build гэж нэрлэгдэх энэ үе нь, хөгжүүлэгчдэд тусгайлан зориулагдсан үе юм.
2 дахь шат нь, Beta/Бета. Альфа дээр илрүүлсэн, олж сэдсэн зүйлсээ хэрэгжүүлж нэвтрүүлсэн, арай дэвшилтэт хувилбарыг ийн нэрлэнэ. Өөр өөр төхөөрөмж, хэрэглэгчид, сүлжээн дээр ажиллуулах үед тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, өмнөх шатанд оролцоогүй хэрэглэгчдийн санал хүсэлтээс онцлохыг нь тусгах зорилготойгоор энэ шатыг хэрэгжүүлдэг. Энэ шат нь, дотроо Perpetual буюу үүрдийн, нээлттэй, хаалттай, Release Candidate (RC) гэсэн төрлүүдэд хуваагдана. Үүрдийн гэдэг нь, туршигчдад зориулсан хувилбарыг, албан ёсны хувилбарын хажуугаар тогтмол нийтлэсээр байхыг, харин RC гэдэг нь бараг бэлэн болсноос өөрцгүй хувилбарыг сүүлчийн удаа шалгуулах зорилгоор гаргаж байгааг хэлнэ.
Хөгжүүлэлтийн дараагийн шатанд, stable буюу тогтвортой хувилбар, final буюу эцсийн бүтээгдэхүүн гэх зэрэг олон янзаар тодотгосон, бэлэн болсон хувилбарыг гаргана. Гэвч, энэ үе шат дотроо Gamma/Гамма, Delta/Дельта дэд үеүүдэд хуваагдах бөгөөд тэдгээр нь, stable release буюу тогтвортой хувилбаруудыг л хүргэх эсвэл, long-term support (LTS) буюу урт хугацааны турш хөгжүүлж, дэмжсээр байх зэрэг ялгаатай.
Түүний дараагаар, Release to manufacturing (RTM) буюу зах зээлд нийлүүлэх хувилбарыг гаргана. Эцсийн хэрэглэгчдэд хүрэх бүтээгдэхүүн нь энэ байх хэдий ч, бүгдэд шууд хүрэхгүй. Ноцтой алдаа гарвал засах, гарахгүй бол төлөвлөгөөний дагуу зугуухан сайжруулж, тараасаар дараагийн шат болох General availability (GA) буюу Нийтийн хэрэглээнд очно. Ингээд дэлгүүрүүдээр борлуулагдсаны дараагаар, интернэтээр дамжуулан авах боломжыг бүрдүүлж, Release to the Web (RTW) буюу Вебээр түгээх хувилбараа гаргадаг. Эдгээр сүүлийн үе шатууд нь, хөгжүүлэлтийн алтан үе бөгөөд, цаашид дэмжлэг хийгдэх буюу хөгжүүлэгдэх явц үргэлжлэнэ. Эцсийн шатанд, End-of-life буюу хөгжүүлэлт зогсож, төслийг хаах, "дуусгавар" үеийг нэрлэснээр, тухайн програмын замнал дуусдаг байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation