Non-fungible Token гэж юу вэ?

Non-fungible Token (NFT) буюу давтагдашгүй токенийг ихэвчлэн crypto collectible буюу цуглуулгын крипто гэж нэрлэх нь бий.

Биткойныг гарч ирэхээс өмнө, цахим контентийг дахин давтагдашгүй бүтээх боломж бараг байгаагүй. Хэн хүссэн нь хуулбарлах боломжтой байснаас тэр. NFT-ийн токенууд нь, крипто валютийнхээс ялгаатай буюу токен тус бүр цор ганц хувь эсвэл тоо хэмжээний хязгаартайгаар бүтээгдсэн байдаг.

Блокчэйнд суурилсан, шинэлэг цахим эдийн засгийн гол бүрэлдэхүүнээр NFT-г заавал нэрлэх учиртай. Өдгөө, NFT-г тоглоом, цахим бүртгэл, гэрчилгээ, батламж, урлаг зэрэг олон төрөл, салбарт судалж, туршиж, нэвтрүүлж, хэрэглэж байна. Тэр ч бүү хэл, өндөр үнэтэй эд зүйлсийн хэсгийг эзэмших боломжыг ч NFT олгох болсон. NFT-г үүсгэхэд улам бүр хялбар болж байгаагийн учир, сүүлийн үед маш ихээр хэвлэгдэж байна. 

NFT-ийн хөрөнгө нь, бүрэн цахим эсвэл бодит ертөнц дээрх хөрөнгийн токенжуулсан хувилбар байж болдог. NFT бүр өвөрмөц учир, тэднийг өөр хооронд нь солиход ханшийн зөрүү үүсч болно. Өөрөөр хэлбэл, орлох чадварын хувьд, бодит ертөнц дээрх хосгүй бүтээлүүдийн адил хэмжигдэнэ гэсэн үг. Мөн NFT-г зөвхөн цахим орчинд л, жинхэнэ гэдгийг нь нотлох, эзэмших боломжтой.

Биткойныг хуулбарлахдаа, түүний нэгж тус бүрт онцгой содон тэмдэглэгээг суулгах өгвөл, тэдгээр нэгжүүд нь өөр хоорнд нь сольж, арилжаалж болдог крипто валют биш, харин цуглуулж болох давтагдашгүй хөрөнгө буюу NFT болж хувирна.

NFT яаж ажилладаг вэ?

NFT үүсгэж, бүртгүүлж болох олон фрэмворк бий бөгөөд тэдгээрээс одоогийн байдлаар хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нь, Эфириумийн Блокчэйн дээр гаргаж, арилжаалж болох ERC-721 жишиг юм.

Илүү сайжирсан, орчин үеийн жишиг нь, ERC-1155 гэж байгаа. Уг жишиг дээр, давтагдашгүй токен болон орлуулах боломжтой хөрөнгийн аль алиныг ганц гэрээгээр хэрэгжүүлж болдог болсон ба энэ онцлогынхоо ачаар харилцан хамааралтай ажиллах өндөр чадамжтай болсон. Энгийнээр бол, ямар ч хөрөнгийг, ямар ч хэрэглүүрлүү хялбархан шилжүүлэх боломжыг бүрдүүлж өгсөн байна.

Binance Smart Chain (BSC) дээр ч мөн адил, BEP-721, BEP-1155 жишгүүд байдаг ба, эдгээр нь Эфириумийн ижил дугаартай жишгүүдтэй тун төстэй зарчмаар ажилладаг. Гэхдээ, Эфириумийнхтэй харьцуулахад зардал багатайгаа онцлог.

Бусад криптогийн адилаар NFT-г хэтэвчний хаяг дээрээ хадгалж болдог. Түүнчлэн, NFT-г эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хувилж, шилжүүлэх ямар ч боломж байхгүй. Бүр, бүтээгчид нь ч тийм эрх олгогддоггүй гэдгийг энд тодруулж тэмдэглэх нь зүйтэй болов уу.

NFT-г зохих биржүүд дээрээс нь худалдаж авч, зарж борлуулж болно. Токен бүр өөрийн гэсэн үнэ ханштай байх хэдий ч, эрэлт нийлүүлэлтээс хамаарч ханш хэлбэлзэх нь их.

NFT-ийн ханш нь, түүнийг хүмүүс хэр үнэ цэнтэй гэж үзэж байгаагаас шууд хамаарч байдаг буюу бэлэн мөнгө, ашигт малтмал, урлагын бүтээл, хувцас хунар, хоол унд, үл хөдлөх зэрэг бусад бүхий л зүйлсийн адилаар үнэлэгдэнэ.

NFT-г юунд хэрэглэж болох вэ?

DApps дээр, дахин давтагдашгүй цахим эд зүйл болон цуглуулгын бүтээл хэлбэрээр хэвлэгдэж болно. Тэгэхдээ тоглоомын дүр, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, ховор чамин бүтээл гээд л юу ч байж болно. Бодит уран зураг, хөшөө дурсгал, үнэт эдлэлийг ч мөн токен хэлбэрээр хэвлэх боломжтой.

Цахим бүртгэлээ мөн NFT дээр бүтээж хадгалах боломжтой. Дахин давтагдашгүйн дээр, аюулгүй байдал, нууцлал өндөртэй тул, ухаалаг бөгөөд шинэлэг шийдэл ч болж болох юм.

NFT-г яаж бүтээдэг вэ?

NFT-д хөрвүүлэх зүйл тань бэлэн байгаа бол, minting fee буюу хэвлэлтийн хураамжаа тушаагаад л хялбархнаар үүсгэх боломжтой. Тэгэхдээ мэдээж, Эфириум болон Байнанс Ухаалаг Хэлхээний алин дээр үүсгэхээ сонгох хэрэгтэй болно.

Эфириум нь, NFT-ийн мэндэлсэн, хөгжүүлэгдэж буй гол газар учир, хэрэглэгчдийн тоо их, нийгэм нь тогтворжчихсон боловч, шилжүүлгийн хураамж өндөртэй байдаг. Харин, BSC нь он залуу ч, асар хурдтайгаар олны танил болон гялалзаж байгаагийн дээр, шимтгэл хураамж харьцангуй багатай юм.

Дараагийн нийтлэлүүдээрээ, NFT-тэй холбоотой сонирхолтой мэдээлэл, заавруудыг хүргэхээр төлөвлөсөн байгаа тул, блогоор маань тогтмол зочилж, нийгмийн сүлжээний сувгуудыг (Facebook, Twitter, Instagram) маань дагаарай.

NFT-г яаж худалдаж авах вэ?

Одоохондоо, NFT-г төлбөрийн/зээлийн картаар худалдаж авах боломжгүй байгаа. NFT худалдаж авахын тулд Та өөрийн гэсэн хэтэвч болон тодорхой хэмжээний крипто валюттай байх хэрэгтэй.

Эфириум дээрх NFT ихэвчлэн ETH-р, BSC дээрх нь голдуу BNB-оор зарагдаж байгаа. Эдгээр токенууд нь том, алдартай крипто валютууд учир, бараг бүх бирж дээрээс худалдаад авчих боломжтой.

Хэтэвчээ сонгохдоо, NFT-г хадгалж чаддагыг нь олох ёстойг анхаараарай. Хамгийн амар, олонд танигдсаныг нь сонгоно гэвэл, MetaMask-г нэрлэж болох юм. Гэхдээ, NFT худалдаж авах явцдаа, биржээ сайтар шалгаж сонгоод, хувийн мэдээллээ оруулахаас өмнө, дахин нягтлаж байгаарай. Дуураймал, хуурамч веб эсвэл хулгай, луйврын зорилгоор бүтээгдсэн веб, хэрэглүүрүүд сүүлийн үед шил шилээ даран гарч ирж байгаа учир, анхаарал сэрэмжээ ямагт өндөр байлгах нь зөв.

Гар утасны хувьд, Байнансийн хөгжүүлдэг Trust Wallet хамгийн найдвартай. Тэгээд бас, Эфириум болон BSC-тэй харьцах бүрт шимтгэл төлөх тул, хэтэвчиндээ үргэлж багахан крипто хадгалахаа мартаж болохгүй. 

CryptoKitties ба Эфириум

Цагтаа жинхэнэ "галзууруулж" чадсан NFT төслүүдийн 1 бол яах аргагүй CryptoKitties мөн. Цахим муурнуудыг цуглуулж, эвсэлдүүлэн үржүүлж, солилцож болдог Эфириумд суурилсан энэ тоглоом дээрх муур бүр NFT буюу давтагдашгүй токен юм. Тэдгээр муурнууд нь, өөр өөрсдийн өнгө зүс, хэлбэр хэмжээ, үүлдэр, нас зэрэг хэд хэдэн шинжээрээ ялгарна.

Нэгж токен буюу муурыг, жижиглэж, бутархай нэгжинд хөрвүүлэх боломжгүйгээс гадна, тус бүрдээ өөр өөр үнэлгээтэй байдаг. Гэнэт олны сонирхолд хүчтэй автсанаар, сүлжээ нь ачааллаа дийлэхгүйд хүрч байсан энэ тоглоом, 2017 онд Эфириумийн сүлжээний нийт гүйлгээний 25% буюу 4 хуваасны 1-г дангаар эзэмшиж байв. Ингэж огцом алдарших болсон шалтгааныг нь, ICO арга хэмжээтэй нь шууд холбон тайлбарлаж болно. Мөн энэ тоглоомыг, Эфириумийн сүлжээг олонд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж ч болох юм.

Муурнуудын ачаар олон сая долларын хөрөнгө эргэлтэнд орсоны дээр, цахим хөрөнгө эсвэл валют биш, цуглуулж болдог токен байж болдгыг олон хүмүүс мэдэж авсан билээ. Сонирхуулахад, зарим нэн ховор муурнууд хэдэн зуун мянган USD үнэд хүрсэн тохиолдол ч бүртгэгдсэн байдаг шүү.

NFT болон цуглуулгын криптог ашиглаж буй алдартай төслүүд

Decentraland

Энэ нь, Virtual Reality (VR) буюу хийсвэрлэсэн бодит байдалд, цахим газар болон NFT зүйлсийг өмчилж, солилцож тоглодог тоглоом юм. Үүнтэй төстэй, Cryptovoxels гээд цахим үл хөдлөх барьж, хөгжүүлж, солилцож болдог тоглоом ч бас бий.

Alchemy Toys

BSC дээр бүтээгдсэн, тусгай дугаар бүхий тоглоомон эд зүйлсийг (NFT) олж, цуглуулж, хооронд нь нийлүүлж илүү сайныг гаргаж авах эсвэл бурханд өргөл болгон барьж (burn буюу шатаах) боломжтой. Мэдээж, үнэ хүргээд зарж чадвал болохгүй газаргүй.

Ялахын тулд, бүх 127 тоглоомыг цөмийг нь цуглуулах шаардлагатай бөгөөд тэгж чадсан, үе бүрийн эхний 1 тоглогчдыг, BNB-оор урамшуулдаг.

PancakeSwap

Хамгийн алдартай NFT-уудыг агуулж буй, BSC-ний арилжааны хамгийн өндөр дүнтэй төслөөр нэрлэгдээд байгаа, уралдааны ялагч болон азтай хэрэглэгч нартаа цуглуулгын туулай өгдөг, BEP-20 токений арилжааны төвлөрсөн бус бирж юм. Тэдгээр туулайнуудыг нь, үзүүлэн болгож бусдад гайхуулах эсвэл биржийн өөрийн токен болох CAKE-р зарж, мөнгө болгох боломжтой.

Gods Unchained

Энэхүү хөзрийн тоглоом нь, Блокчэйнд бүртгэгдсэн, цуглуулж болдог хөзрүүдээр тулалдаж тоглох, арилжиж мөнгө олох боломжтойгоор загварчлагдсан төсөл юм. Дээрх зурагт хамгийн өндөр ханштай (4.5 ETH) хөзрийг харуулсан байна.

CryptoPunks

Цахим зургын энэ цуглуулга нь, 8 битээр дүрслэгдсэн NFT дүрүүдийг шингээсэн байдаг. ERC-721 жишгийг олонд таниулсан алдартай төсөл бөгөөд крипто урлагын анхны томоохон, тодхон жишээнүүдийн 1-д зүй ёсоор багтана. Эдгээр бүтээлүүд нь олон саяын ашиг орлогыг авч ирж, олон олон ижил төслийг араасаа дагуулсан билээ. Дээрх зурагт хамгийн өндөр үнэд хүрсэн 4 дүрийг, харгалзах ханшийн хамтаар танилцуулав.

My Crypto Heroes

RPG төрлийн олон тоглогчид холбогдож тоглох боломжтой энэ тоглоомын дүрүүд нь дандаа түүхэн алдартнууд (Эфириумийн Блокчэйнд бүртгэгдсэн NFT) байдаг. Даалгавар гүйцэтгэхийн хажуугаар, бусадтай тулалдаж болно.

Байнанс биржийн NFT болон цуглуулгын криптонууд

Хэрэглэгчиддээ идэвхи болон азаар, NFT олгодог бараг цорын ганц бирж бол Байнанс. Мөн уг бирж, Enjin-тэй хамтарч цуглуулгын криптог, аз од нь гийсэн хэрэглэгчиддээ хаялага болгон тараадаг.

Crypto Stamps

Австри улсын төв шуудан, бодит ертөнцийг, цахимтай холбосон маркуудыг гаргасан нь энэ юм. Бодит маркийг, бодит дугтуй болон илгээмж дээр нааж илгээж болох ба тухайн марк бүрийн цахим хувилбар нь, зарж, цуглуулж, худалдаж авах боломжтойгоор, Блокчэйнд хадгалагдаж байдаг онцлогтой.


NFT-ийн талаар илүү дэлгэрүүлж судлах, ямар ямар төслүүд, хэр амжилттай явааг харахыг хүсвэл крипто зах зээлийн хамгийн том мэдээллийн самбар болох CMC-р зочлоорой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!