Блокчэйний хэрэглээ : Хандив
Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.
Хандивын сан, байгууллагууд, хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулснаа нэг бүрчлэн, тодорхой тайлагнаж чаддаггүйгээсээ болон хандив цуглуулах болон бүртгэх арга зам дутмаг, ядмаг байдгаас шалтгаалан, амжилтанд хүрэхгүй байх нь олонтаа. Крипто сайн үйлс буюу Блокчэйнд суурилсан хандивын санг бүтээж, хэрэглэснээр шилэн данстай болохоос гадна, хандив хүлээж авах арга зам нэмэгдэх боломжтой юм.
Дэлхий нийтийн хэрэглээнд нэвтрэх хүртэл ямар ч төсөл, санаа урт замыг туулах шаардлагатай тулгардаг. Тэр дундаа хандивын үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд энэ нь, бүр ч их цаг хугацааг шаарддаг. Гэхдээ сүүлийн үед, хэд хэдэн жижиг боловч, хурдтайгаар өсөн торниж буй хандивын байгууллагууд крипто валютаар хөрөнгө босгохоор зүтгэж эхлээд байна.
Зарим идэвхтэн, олны танил, нийгмийн нөлөө бүхий эрхмүүд албан газар, аж ахуйн нэгжүүдийг хандивын ажиллагаандаа уриалж, тэгэхдээ крипто валютийг хэрэглэхийг санал болгож байгааг ч нүдээр харж болохоор, сайхан цаг үе хэдийн бидний өмнө иржээ.
Хандивыг хүлээн авахын тулд эхлээд, үр дүнтэй бөгөөд ил тод замыг сонгож, зохих бэлтгэлийг базаасан байх хэрэгтэй. Блокчэйн яаж ажилладгыг ойлгох нь нэн тэргүүний шаардлага болно. Түүний дараагаар мэдээж, крипто валютийг яаж фиат валютанд шилжүүлдгийг мэдэх нь чухал.
Крипто-сайн үйлсийн боломжит ашиг
Хөрөнгө татаж буй, хандивын сан болоод түүнд санхүүжилт өгч буй хандивлагчдын аль алинд дараах давуу талууд бий болох боломжтой. Үүнд:
- Бүх зүйл ил тод байх - Бүх гүйлгээний мэдээлэл ил тод байх учир, хандив хэр олон хүний анхаарлыг татаж, хэр хэмжээний төсөв босгож байгааг сурталчлахын хажуугаар, хандивлагчид ч өөрсдийн оруулсан мөнгөн тусламж зохих газраа саадгүй хүрсэн, зорьсон үйлсдээ зүй ёсоор хэрэглэгдэж чадаж байгаа эсэхэд хяналт тавих нөхцөл бүрдэнэ.
- Бүх нийтэд нээлттэйгээс гадна, төвлөрсөн бус чанартай байх - Дундын зууч, түүнд төлөх зуучлалын хөлс зэрэг ойлголтууд халагдаж, цугларч буй хандивыг хүрэх ёстой зүйлд нь хүргэхэд, зардал хэмнэх давуу талтай. Ялангуяа, гадаадын улс орнуудаас ч хялбар, хурднаар татах таатай орчин бий болох юм.
- Цахим хэлцэл - Оролцогч талуудад, цаг зав, нэмэлт зардал үрэхгүйгээр, хүссэн газраасаа оролцох эрх чөлөөг олгох ба чухал албан бичиг баримт, гэрээ зэргийг бүх гишүүдээр батлуулах шаардлагагүйгээр, албан ёсных болохыг нь нотлох боломжтой.
- Зардлыг багасгах - Бага ажлаар ихийг амжуулах, дийлэнх үйлдлийг хүнгүйгээр шийдвэрлэх боломжтой байдал нь, нийт зардлыг ихээр бууруулах онцлогтой.
- Татварын хөнгөлөлт - Тухайн улсын хуулийн зохицуулалтаас хамаарах хэдий ч, бэлэн мөнгөөр бус, крипто валютаар хийсэн гүйлгээнд одоогоор татаас, шимтгэл бага эсвэл огт байхгүй байгаа нь, хүлээн авагч болон илгээгч аль аль талд хамаагүй ашигтай байх болно.
Учир дутагдалтай болон анхаарах шаардлагатай зүйлс
Бүх зүйлд сайн болон муугын аль алин байдгын жамаар, дараах таагүй зүйлс бас учирч болохыг анхаарвал зохистой юм.
- Ханшийн хэлбэлзэл - Тогтвортой зооснуудыг эс тооцвол, бараг бүх крипто валютийн ханш асар хурдтайгаар өөрчлөгдөж, огцом хувьсаж байдгыг анхаарах хэрэгтэй.
- Аюулгүй байдал - Хэдийгээр халдлагад хамаагүй илүү тэсвэртэй боловч, далд түлхүүрээ гээсэн/мартсан/алдсан тохиолдолд хөрөнгөө эргүүлэн сэргээж авах, гаргаж авах боломж бараг байхгүй болох аюултай байдгыг мартаж болохгүй.
- Ерөнхий ойлголт, суурь мэдлэг - Ихэнх хүмүүс Блокчэйнийг ойлгохгүй, өрөөсгөл ойлголттой байгаа нь хүндрэл учруулж болзошгүй. Хүн бүрт товчхон, ойлгомжтой тайлбарлах боломжгүйн дээр, крипто валютийг хэрэглэх, сонирхох хүсэлгүй хүмүүс ч бас байдгыг бодолцож үзэх нь зүйтэй болов уу.
Бодит ажил хэрэг болсон жишээ
Сүүлийн үед үнэхээр амьдрал дээр хэрэгжсэн тохиолдлууд нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Жишээ нь л гэхэд, 2017 онд Fidelity Charitable гэх хандивын сан 69 сая АНУ доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг, крипто хандиваар цуглуулж чадсан. Мөн онд, Pine гэх нэрээр нэгэн үл мэдэгдэх хандивлагч, Pineapple Fund-аар дамжуулан хэд хэдэн хандивын санд, нийт $55 сая USD хөрөнгө оруулсан байна.
Түүнчлэн, Байнансийн харъяа, Blockchain Charity Foundation (BCF) гэх ашгийн бус байгууллага, крипто хандивын талбарыг байгуулж, өглөгийн буяныг, цахим эриний шинэ үед хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation