Блокчэйний хэрэглээ : Эрүүл мэнд

Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.

Блокчэйнийг ихэвчлэн Биткойн болон бусад крипто валютанд өргөнөөр хэрэглэж байгаа ч, олон өөр салбарт хэрэглэх боломжтой. Тэдгээрийн 1 нь, анагаахын салбар.

Блокчэйнийг эрүүл мэндийн салбарт ашиглаад хүртэж болох өгөөж

Хил хязгаарт баригдахгүй, асар уудам сүлжээ нь тасралтгүй найдвартай ажиллагааг санал болгохоос гадна, криптографаар хамгаалагдсан байх тул гадны этгээд зоргоороо нэвтэрч, халдах боломж маш бага байх буюу өвчтөнүүдийн түүх, эмийн бүртгэлд зохих зөвшөөрөлгүй, хөндлөнгийн этгээд хандахад асар төвөгтэй байх юм. Сан дахь мэдээллийг, сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нийтээрээ хүлээн зөвшөөрөх хүртэл засварлаж болохгүйгээр загварчлагдсан учир, хэн 1 ажилтан эсвэл удирдах албан тушаалтан, тухайн мэдээллийг өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөхөөс хамгаалж чадна. Энэ нь, элдэв зөрчлийг багасгах, бүртгэлжүүлэлтийг илүү мэргэжлийн түвшинд хүргэх ач холбогдолтой гэдгийг эрх биш Та гадарлаж байгаа байлгүй.

P2P сүлжээгээр холбогдож ажиллах тул, 1 эмчийн нэмж бүртгэсэн мэдээллийг бусад нь цаг алдалгүй, бүрэн бүтнээр нь, хаанаас ч, хэдийд ч, ямар ч төхөөрөмж дээрээс харах боломж бүрдэнэ. Ийм төвлөрсөн бус хэлбэрийн тогтолцооны үед, сервер мэтийн төв холболтоос үүдсэн саатлаас шалтгаалн системийг ашиглах боломжгүй болно гэсэн ойлголт байхгүй. Хэрэглэгч бүр өөрсдөө өгөгдлийн сангаа барьж, түүнийгээ бусдынхтай тулгаж, тогтмол шинэчлэж байх тул, мэдээллийн зөрүүтэй эсвэл хоцролттой байдал үүсэхгүйгээс гадна, тухайн мэдээлэлд элдэв засвар орсон байх вий гэх хардалт сэрдэлтгүй, итгэл дүүрэн байх боломжтой болно.

Гэхдээ, Блокчэйн заавал төвлөрсөн бус чанартай байх албагүй гэдгийг бас энд тодруулж хэлэх хэрэгтэй болов уу. Нийт бүтэцийн байгуулалт, зангилаануудын хуваарилалт зэргээс хамаарч төвлөрсөн болон төвлөрсөн бус чанар хэр харьцаатайгаар бүрэлдэхийг шийдвэрлэж болдог буюу төвлөрсөн бус чанар гэдэг нь тогтсон утгатай бус, хувьсагч төрлийн ойлголт юм. Түүнээс гадна, Блокчэйнийг эрүүл мэндийн салбарт, крипто валютийнх шиг нээлттэй биш, хаалттай сүлжээнд тохируулж болно. Тэгсэн тохиолдолд, хэн хүссэн нь бус, тусгай зөвшөөрлөөр л сүлжээнд нэвтрэх, тэр дундаас онцлох цөөнх нь, уг сүлжээгээ удирдан, зохион байгуулж, хөгжүүлэх боломжтой байх юм.



Боломжит давуу талууд

Аюулгүй байдал

Олон сая эмчлүүлэгчийн хувийн болоод төлбөрийн мэдээлэл, өвчний түүхийг хадгалж, хамгаалах чухал үүргийг найдвартай хариуцаж чадах сонгодог шийдэл бол яах аргагүй Блокчэйн мөн. Уламжлалт системээс, найдвартай болон аюулгүй байдлаар хол илүүгээс гадна, урсгал зардлыг бууруулах ихээхэн ач холбогдолтойг нь бас дурьдах нь зүйтэй. Ялангуяа, сүүлийн үед эмнэлгүүдрүү чиглэн үйлдэгдэх нь эрчимжиж буй мэдээлэл барьцаалах халдлагаас сэргийлэх боломжтой зэрэг нь, эмнэлгийн салбарт хамгийн зохимжтой технологи болж чадахыг нь баталж байгаа юм.

Харилцан холбогдож ажиллах боломж

Эмнэлгүүд, өвчтөнүүд, эмийн сангууд, эрүүл мэндийн яам, оношлогооны төвүүд зэрэг адил төстэй чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд нэгдсэн 1 системийг бүтээх боломжыг Блокчэйн олгоно. Ингэж нэгтгэснээр, мэдээлэл солилцох, бичиг баримт болон бусад зүйлсийг хуваалцахад хадгалах, илгээх, түгээх, найдвартай байдлыг батлах, хамгаалах зэрэгт саадгүй, хэрэглэхэд хялбар, хурдан болох давуу талтай.

Ил тод, энгийн ойлгомжтой байдал

Өвчтөнүүдэд өөрийн өвчний түүх, эмчилгээний явц, үр дүн, хэрэглэх эм, зардал, цаг хугацааг хянах илүү таатай орчинг Блокчэйн бүрдүүлж өгч чадна. Зарим тохиолдолд, мэдээллийг өөрчлөх талаар зөвшөөрлийг хүсэх боломжтойгоор тохируулж болох ба ингэснээр, тухайн мэдээллийн үнэн бодит байдлыг улам баталгаажуулах давуу талтай.

Хангамжын найдвартай сүлжээ

Эмийн сангийн бүртгэлийн бүхий л үе шатыг бүртгэж, баталгаажуулж, хянах боломжыг Блокчэйнээр шийдэх боломжтой бөгөөд ийм шийдлийг бүтээж чадсан үед, эмийн хуурамч бүртгэл үүсгэж хэрэглэх, замаас нь завших зэрэг үйлдлийг бууруулж, таслан зогсоох нөхцөл бүрдэнэ. IoT төхөөрөмжүүдтэй хослуулснаар, агуулахын дулаан, чийгшил зэрэг чухал үзүүлэлтүүдийг ч хянаж, зохицуулж болно.

Даатгалын залилангын хамгаалалт

Шаардлагагүй үйлчилгээг үзүүлэхгүй байх, даатгалын сантай шууд холбогдож ажиллах зэргээр дутагдлыг ашиглан хонжоо хийгчдээс сэргийлэх боломжыг, халдашгүйгээр дархлагдсан өгөгдлийн сан болох Блокчэйний тусламжтайгаар үүсгэх боломжтой.

Эмнэлзүйн туршилтын хамруулалт

Шинээр бүтээж, чанар болон үр дүнг нь турших гэж байгаа эмэнд хамгийн тохирох өвчтөнүүдээ олоход шаардлагатай мэдээллүүдийг агуулсан өгөгдлийн сан бэлэн байж байх нь, цаг хугацаа, хөрөнгө мөнгөнд хэмнэлттэйгээс гадна, тухайн өвчтөнд ч боломжыг эрт олгох давуу талтай. Түүнчлэн, туршилтын үр дүн, явцыг нэгд нэгэнгүй бүртгэхэд Блокчэйн тусалж чадна.

Учир дутагдалтай талууд

Шаардлагад нийцүүлэлт

Блокчэйн технологийг нэвтрүүлсэн байгууллагуудаас тухайн улсын засгийн газрууд хуучин байсан системдээ тохирсон, хоцрогдсон шаардлагыг тавьдгаас шалтгаалж, нууцлалыг сайжруулах, хандах боломжыг хязгаарлах зэрэг өөрчлөлтүүдийг тусгахын тулд шинэ системээ согогтуулах үзэгдэл их гарч байна.

Суурь зардал болон хурд

Хэдийгээр алсдаа асар их хэмнэлтийг авч ирэх боломжтой ч, анх тохируулж суурилуулахад маш өндөр өртөг шаарддаг нь, татгалзах гол шалтаг болж байгаа ба төвлөрсөн системтэй харьцуулахад, секундэд боловсруулж чадах гүйлгээний хэмжээгээр бага байгаа нь, том сүлжээнд, их ажилтай үед тээртэй санагдаж мэдэх юм. Ялангуяа өвчтөнүүдийн тоо ихсэх тусам, зангилаа буюу нэгжүүд дээр хадгалагдах мэдээллийн хэмжээ дагаж нэмэгдэх нь бүр ч их хүндрэл учруулж болно. Мөн, MRI болон томограф гэх мэт том хэмжээтэй зургын файлууд бүр ч их ачаалал, саатал учруулж болзошгүй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!