Интернэтийн хувьсал - Web 3.0
Интернэт анх гарч ирсэн үеээсээ, тэс өөр болсон, өөрчлөгдсөөр ч байгаа. Зурвас солилцох төдий байсан үйлчилгээ өнөөдөр, нийгмийн сүлжээг дотроо багтаасан, харилцаа холбооны хамгийн агуу төрөл болоод байна.
Web 3.0 гэдэг нь, дараагийн түвшний интернэт бөгөөд machine learning (ML) буюу суралцах чадвартай машин болон artificial intelligence (AI) буюу хиймэл оюунд тулгуурлсан интернэт технологийн шинэ эрин юм. Энэ төрөл нь, өгөгдлийг шинжилж, ойлгож чаддаг машинуудын тусламжтайгаар, хэрэглэгчдэд илүү нээлттэй, илүү өргөн цар хүрээтэй сүлжээ, ухаалаг веб хуудсууд болон хэрэглүүрүүдийг санал болгоно.
Хүний оруулсан өгөгдөл бүрийг таньж, боловсруулж, хариулах чадвар буюу ML, хүн шиг сэтгэх чадвар буюу AI-г хослуулснаар, Web 3.0 нь, илүү оновчтой илэрц, мэдээллийг, хамаагүй богино хугацаанд олж өгөх давуу талтай болох юм. Илэрцийн чанар болон хайлтын хурдыг, ухаалаг хайлтын алгоритм нь өнөөгийнхээс харьцангуй төгс гүйцэтгэх боломжтой гэж үздэг.
Одоогоор хэрэглэгдэж байгаа вебүүдийн дийлэнх нь, тогтсон мэдээллийг л харуулах буюу тодорхой, хэсэг бүлэг хүмүүсийн хэрэгцээнд л нийцэж байгаа. Угтаа бол, хүн бүрт харгалзан тохиромжтой байдлаар хувьсаж, чөлөөтэй харилцаж байвал тэр нь интернэтийн жинхэнэ зорилтот чанар болох юм.
World wide web (www)-г зохиосон Тим Бернерс-Ли (Tim Berners-Lee) 1999 онд, өөрийн Semantic Web буюу Ухамсарт веб санаагаа: "Хүмүүс болон компьютеруудын хооронд, интернэтэд байгаа бүхий л контент, холбоос, харилцааг судалж, ойлгох чадвартай веб" гэж тодорхойлсон байдаг ба, цааш нь: "Одоогоор бий болоогүй байгаа ч, нэгэнт бүтээгдээд гараад ирвэл, хүний амьдралын болоод арилжааны өдөр тутмын бүхий л зүйлсийг бидний өмнөөс гүйцэтгэх болно. Тэр цагт хүнд суртал бүрэн замхарна." гэжээ.
Зах хязгааргүй их мэдээллийн дундаас, хүн тус бүрийн хэрэгцээ, хайлтанд яг тохирсныг нь олж харуулах, тэгэхийн тулд тэр бүгдийг, асар богино хугацаанд ухаж ойлгож чаддаг байх нь, Web 3.0-ийн хүрэхээр тэмүүлж буй зорилго юм.
Интернэтийн хөгжлийн хураангуй түүх
Сүүлийн жилүүдэд, бүр арай дэндүү гэмээр хурдацтай хөгжиж байгаа салбар бол яах аргагүй мэдээллийн технологи, интерэт билээ. Анхны веб суурьтай програмууд тогтсон загвар, нэгэн хэвийн мэдээллийг л харуулдаг байсан.
Web 1.0
Анхны интернэт, 1990-ээд оны эхээс гаралтай бөгөөд интернэтийн хөгжлийн шатны Web 1.0 үед хамаарна. Гэхдээ, хөгжлийн шатуудыг нь, 1999 онд л анх тодорхойлсон бөгөөд тухайн үед Web 2.0 хэдийн бүрэлдээд эхэлсэн байсан.
Web 2.0
Интернэт хувьсаж, 1990-ээд оны сүүл үеэс, хариу үйлдэл үзүүлж чаддаг болсноор энэ эрин эхэлжээ. Өөрөөр хэлбэл, энэ шатанд хэрэглэгчид өгөгдлийн санд хандаж, мэдээлэл хуулах, засах, устгах, серверийн зохион байгуулалт бүрэлдэж, нийгмийн сүлжээ гэсэн ойлголт үүссэн юм.
Dynamic буюу хувьсамтгай вебүүд үүсч, static буюу тогтмол хуудсууд халагдсан нь энэ үеийн онцлох давуу талуудын 1 мөнөөсөө мөн. Гэхдээ, веб болон хэрэглүүрүүдийн хооронд харилцан холбогдож ажиллах боломж нээгдэж, хэрэглэгчдэд контент бүтээх боломжыг олгосон энэ шатны хамгийн гол онцлог чанар байсан болов уу. Энэ шат нь, өмнөх үеийг бодвол судлах, ажиглах нь бага, хэрэглэж, гар бие оролцох нь илүү болсон бөгөөд 2000 оны дунд үе гэхэд бараг бүх вебүүд Web 2.0 жишгийг нэвтрүүлсэн гэсэн тоо баримт байдаг.
Ирээдүй
Хөгжлийн бүхий л үе шатанд, улам ухаалаг, боловсронгуй болоод байгаа интернэт нь, цаашдаа хэрхэх нь бүрэн тодорхой болоогүй байгаа хэдий ч, Блокчэйн мэтийн P2P бүтэцтэй, нээлттэй эхийн програмд суурилсан, virtual reality (VR) буюу бодит мэт хийсвэр байдал, internet of things (IoT) буюу зүйлсийн интернэт болон өөр бусад сор шийдлүүдийг багтаах байх.
Өнөө цагт, ихэнх хэрэглүүрүүд, зориулагдан гарсан ганц систем дээрээ л ажилладаг. Web 3.0 гарснаар, энэ байдал арилж, төхөөрөмж, үйлдлийн систем ялгахгүй, бүгд дээр нь саадгүй ажилладаг хэрэглүүр хөгжүүлэх боломж бүрдэх учиртай.
Дээрхээс гадна, Web 3.0 төвлөрсөн бус, бүгдэд нээлттэй байх болно. Яг одоо байгаа Web 2.0 нь, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, болон үүрэн холбооны байгууллагуудаас эрх авч, тэдний интернэт сүлжээгээр дамжуулан вебүүдрүү хандаж байгаа учир, боломж, чадамж тааруу хүмүүст хүртээмж муу байгаа. Төвлөрсөн бус хэлбэртэй болсноор, хэрэглэгчийн хувийн мэдээлэлд, тухайн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага чөлөөтэй хандах боломжтой байдал үгүй болох буюу хэрэглэгчээс өөрөөс нь өөр хэн ч хандаж чадахгүй болно.
Web 3.0 юугаараа төгс байх вэ?
- Төвлөрсөн хянах, зохицуулах цэггүй болно - Дундын зуучгүй болсноор, тэдэнд хувийн мэдээллээ алдах аюул бүрэн арилна. Өөрөөр хэлбэл, ЗГ болон бусад эрх мэдэлтнүүд Таныг тагнах, чагнах, тандах боломжгүй болж байгаа юм. Мөн DDoS дайралт зэрэг халдлагуудаас айлтгүй болно.
- Өгөгдлүүдийн харилцан солилцох боломж өргөжинө - Хэрэглэгчийн болон холбогдох төхөөрөмжийн тоо нэмэгдэхийн хэрээр мэдээллүүд улам ихээр хуримтлагдаж, тэдгээрийн хэрэглээ, олдоц ч нэмэгдэнэ. Технологийн хөгжил ч үүнийгээ дагаад илүү их мэдээллийг, илүү өндөр хүчин чадалтайгаар, богино хугацаанд боловсруулах чадвартай болох юм.
- Хайлтууд төгөлдөржинө - Хэрэглэгчийн юу хайж байгааг ойлгож, оновчтой илэрцийг харуулах чадварт суралцсанаар, хайлтын вебүүдийн хэрэглээ өснө. Ялангуяа, үнэн худлыг ялгаж салгаж чаддаг AI хянаж байгаа үед, хуурамч мэдээллүүдэд "тархидуулаад" суудаг цаг ард хоцорно.
- Зар сурталчилгаа сайжирна - Хэрэггүй, хогийн сурталчилгаагаар "булуулаад" суух хэнд ч таатай санагдахгүй нь тодорхой. Гэхдээ, хэрэгцээ шаардлагад тань нийцсэн сурталчилгаа, цагаа олоод гараад ирвэл ч бас сайхан шүү дээ. Хэрэглэгчээ таньчихсан, хэрэгцээ шаардлагыг нь мэдэж байгаа AI, харгалзах сурталчилгааг нь олоод авч ирээд сонирхуулчих учир, энэ салбар ч мөн адил ухаалаг, үр ашигтай болж хөгжих нь ойлгомжтой юм.
- Үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээнүүдэд дэвшил гарна - Хэрэглэгчид тулгамдсан асуудлыг шийдэх, хэрэглэхэд таатай, ойлгомжтой байх зэрэг олон асуудлуудыг бага зардлаар, тогтмол, цаг алдалгүй, бодитоор шийдэж чадаж байвал, хэрэглэгчид ч таатай байх болно. Одоогоор, 1 ажилтан, олон үйлчлүүлэгчидтэй нэгэн зэрэг холбогдож "чатлах" замаар энэ асуудлыг шийдвэрлэж байгаа ба үүнийг туршлагажсан, дээрээс нь сураад, сурснаа хөгжүүлээд явдаг "робот" гүйцэтгэвэл, үгүй мөн их болно доо.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation