Ponzi гэж юу вэ?
Биткойн, крипто валют, ICO сонирхож, оролцох гэж байгаа хүн бүр 2 зүйлд ихээхэн санаа зовниж байдаг. Тэдний 1 нь ROI буюу хөрөнгө оруулалтын өгөөж (ашиг) байдаг бол, нөгөө нь учирч болох эрсдэл, хүлээж болзошгүй алдагдал (эрсдэл) юм. Эдгээрийн талаар судлахгүй, тооцоо судалгаа хийлгүйгээр арилжаа, хөрөнгө оруулалтанд оролцох нь мунхаглал. Учир нь, ийм төрлийн зах зээлд, ашиг хийх нь битгий хэл, оруулсан хөрөнгийнхөө тодорхой хэсгийг эсвэл бүүр бүгдийг нь ч алдах эрсдэл өндөр.
Мэдээж хөрөнгө оруулалт бүрт ямар 1 хэмжээгээр эрсдэл байлгүй л яахав. Гэвч, ихэнх улсад хуулиар хориглоод буй Ponzi болон пирамид схемд хөрөнгө оруулсан тохиолдолд мөнгөө эргүүлэн олж авах боломж маш бага болно. Тиймээс, ийм төрлийн луйврын тогтолцоог хэрхэн ажилладгыг энэхүү нийтлэлээсээ олж мэдээд, тэрхүү мэдлэгийнхээ тусламжтайгаар таньж, өөрийгөө болон өөрийн хөрөнгөө эрсдлээс хамгаалж сураарай.
Понзи гэж юу вэ?
Уг башир аргаар хөрөнгөжих төлөвлөгөөгөө нь, Чарльз Понзи гэгч, Итали луйварчны нэрээр нэрлэгдсэн ба тэрээр 1920-оод оноос, хойд Америкийн нутгуудаар аялан, бусдыг хуурч мэхлэн, хөрөнгө босгож байсан нь өнөөгийн Понзи схемийн үндэс суурийг тавьсан. Жил гаруйн хугацаанд, хэдэн зуун хувь хүнийг залилж чадсан тэрээр, шинэ хөрөнгө оруулагчаас татсан мөнгөө, түрүүчийн хөрөнгө оруулагчдад өгөх замаар, хүмүүсийн итгэл үнэмшлийг олж, хөрөнгө оруулагчдын сүлжээгээ тэлдэг байжээ. Хангалттай том сүлжээ бүрдэж, олон олон хөрөнгө оруулагчдаас, бөөн бөөн мөнгө төвлөрмөгц, тэрээр эргүүлэн төлөхөө зогсоож, ашгаа хаман одох санаатай байсан. Өөрөөр хэлбэл эхэнд орсон нь ашиг хийх ч, луйварчинд хохирогчдыг нь бэлдэж өгдөг, харин сүүлд орснууд нь хөрөнгөө алдаад дуусдаг тогтолцоог Понзи схем гэж нэрлэнэ.
Понзи схемийн жишээг, хийгдэх дарааллынх нь дагуу жагсааж, харуулъя л даа. Үүнд:
- Хөрөнгө оруулагчаас 1'000'000 г.м. дүнгээр төгрөгийн санхүүжилт татна. 90 хоногийн дараа 10% зэрэг хүүгийн хамтаар эргүүлэн төлөхөө тэрээр амлана. Бүүр баталгаа хүртэл гаргах ч, тэр нь мэдээж, хуурамч байна.
- Тэрхүү амласан 90 хоногийн хугацаагаа гүйцэхээс өмнө, амжиж дахин 2 хөрөнгө оруулагчийг элсүүлэн, мөнгийг нь салгах ба тэдгээрээс авсан нийт 2'000'000 төгрөгийнхөө 1'100'000-г нь эхний хөрөнгө оруулагчид эргүүлэн төлнө. Тэгэхдээ, түүнд ахин хөрөнгө оруулаад, ашиг хүртэж болохыг санал болгодог. Цаашлаад найз нөхөд, хамаатан садан, гэр бүлээ ч урьж, хөрөнгөө өсгөх гайхалтай, "найдвартай" боломжыг эдлүүлж болно хэмээн "ятгана".
- Сүлжээгээ тэлэхийн хэрээр, илүү олон хөрөнгө оруулагч олох шаардлагатай тулгардаг ба энэ нь цааш үргэлжлэх боломжгүйд хүрч, нуралтанд орох үед тэрээр өөрийн гар дээр хуримтлагдсан байгаа бүх мөнгөө хамаад, "усанд хаясан чулуу" мэт замхран оддог.
Тэдний хэр зальжин, овсгоотой нь тэдний амлалтаас ил харагдана. Жишээлбэл, найзаа уриад ирвэл урамшуулал олгоё, их хөрөнгө оруулах тусам, өндөр хүү санал болгоно г.м. үнэн гэхэд гоёдмоор зүйлсийг ёстой уянгалуулна. Даан ч, хүний шунал, гэнэн итгэмтгий байдал нь тэднийг "өгөөш үмхүүлдэг". Гэвч бас, сэргэлэн нөхдүүд нь, амьдралаас хэт тасарчихсан биш, хөрсөндөө буухаар, үнэмшил төрүүлэхээр сайхан "бурж", ятгалга биш мэтээр, тэгэхдээ бүүр өөрөөр нь бараг гуйлгаж, сандаргаж, араасаа хөөцөлдүүлэн барин, бараг дуртай дургүй туслаж байгаа мэт эсвэл үнэхээр өөрт тань л боломж гаргаж өгч байгаа мэтээр итгүүлж бас чаддаг гэдгийг анхаарч явахад илүүдэхгүй.
Пирамид схем гэж юу вэ?
Хөтөлбөрт нь гишүүнээр элсэх, түүнээсээ үр өгөөжийг нь хүртэх, шинэ гишүүн нэмээд илүү өндөр урамшуулал авч болохыг санал болгодог бизнесийн хэлбэр бүхий луйврын үйл ажиллагааг Пирамид схем гэдэг.
Жишээн дээр танилцуулъя.
Луйварчин, А болон Б-д борлуулагчийн эрхийг 100'000 төгрөгөөр олгох ба А, Б нар одоо өөрсдөө бас ийм эрхийг цааш борлуулах эрхтэй болно. Тэгэхдээ, шинээр элсүүлсэн гишүүн бүрээсээ тогтсон эсвэл шатлалт урамшууллыг хүртэнэ.
- Тогтсон урамшуулал гэдэг нь, анх байгуулсан гэрээн дээр заасанчлан, урьсан гишүүн бүрийнхээ элсэлтийн хураамжын 10%, 20%, 25%, цаашлаад 50% хүртэлх дүнг хувьдаа ашиг (цалин) болгон авахыг;
- Шатлалт урамшуулал гэж, яг өөрийн урьсан хүнээс 20%, түүний урьсан хүнээс 10%, тэрний урьсан хүнээс нь 5% гэх зэргээр буурсан хэмжээтэй боловч, их ашигтай мэт харагдах тогтолцоог тус тус хэлнэ.
Хувиасаа гаргасан зардлаа нөхөхийн тулд А, Б 2 тус тусдаа, нилээдгүй тооны гишүүдийг элсүүлэх шаардлагатай ч, тэдэнд итгэж, уригдсан шинэ гишүүд нь мөн адил ийм замаар зардлаа нөхөнгөө, ашиг хийхийн тулд бүүр ч олон хүнийг "уруу татна". Уг схем нь, гишүүн нэмэгдэхийн хэрээр, улам олон гишүүн нэмэхийг шаардах тул, богино хугацааны дараа нурна. Ийм тогтворгүй байдал нь, уг схемийг хууль бус гэж үзэхэд хүргэдэг.
Дийлэнх пирамид схем нь цалин, бараа таваар санал болгодоггүй ч, сүүлийн үед өнгөлөн далдлалтын зорилгоор, "брэнд" хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Гэхдээ бас, гишүүн элсүүлвэл урамшуулал амладаг ААН бүр луйврын системээр ажилладаггүй учир ийм төрлийн бизнест хөрөнгө оруулах гэж байгаа бол заавал ч үгүй судлаж, шалгаж байгаарай.
Понзи ба Пирамид
Адил төстэй талууд
- Ашиг амлан, луйвардах зорилго агуулдаг;
- Тогтмол шинэ гишүүд элсүүлж байх шаардлагатай;
- Ихэвчлэн бодит бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, үр дүнг тайлагнадаггүй.
Ялгаатай талууд
- Понзи нь, хөрөнгө оруулалтын хэлбэрээр танилцуулагдах ба, луйварчин нь 1 хүнээс авсан мөнгөө, нөгөөд өгөх замаар итгэлцлийг бүтээж байдаг.
- Харин Пирамид нь, сурталчилгаа, борлуулалтын хэлбэртэйгээр зохион байгуулагдсан байх ба шинэ гишүүн элсүүлж байж л урамшуулалд хамрагдах эсвэл оруулсан хөрөнгөө гаргаж авч, ашиг хийх боломжтой.
Хэрхэн сэргийлэх вэ?
- Эргэлз. Багахан мөнгөөр, богино хугацаанд өндөр ашиг олно гэдэг нь "үлгэр". Ялангуяа бүрэн ухаж ойлгоогүй, судалж танилцаагүй, сайн мэдэгдээгүй, шинэ зүйлд бол бүүр ч няхуур хандах хэрэгтэй. Үнэн баймааргүй гайхамшигтай сонсогдож байвал, худал гэсэн үг.
- Татгалз. Гэнэтийн, төлөвлөөгүй хөрөнгө оруулалтаас ашиг хийх боломж нь ихэнх тохиолдолд аюул дагуулж байдгыг ямагт санаж яв.
- Нягтла. Төслийг санаачлагч, хөгжүүлэгч, цаашлаад хэрэгжүүлэгчдийг нь шалгаж бай. Олны танил болсон, хөлөө олсон бизнесүүдийг засгийн газар тодорхой хэмжээнд хянаж байдаг болохоор эрсдэл бага, харин шинэ гарч ирсэн, танигдаагүй бизнесүүдийн "замхрах" магадлал туйлын өндөр байдаг. Тиймээс төслийнхөө хэр найдвартай, ирээдүйтэйг шалгахдаа түүний эдийн засгийн үзүүлэлтүүдийг CoinMarketCap зэрэг веб дээрээс заавал урьдчилж, харж байгаарай.
- Бүү итгэ. Хууль ёсны үйл ажиллагаа бүр, зохих бүртгэл, батламж хийгдсэн байдаг. Тиймээс, хамгийн түрүүнд түүнийг нь асууж, шалгаж бай. Бүртгэлгүй тохиолдолд луйвар байх магадлал нь туйлын өндөр тул шалтгааныг нь лавла, гэхдээ ямар ч уран яруу тайлбар хийгдэж болох тул бэлтгэлтэй, хуулийн мэдлэгтэй байвал зохино. Мөн үзүүлж харуулах материал нь бэлэн байж байвал, түүнийг нь албан ёсны суваг дээрх мэдээлэлтэй тулгаж харьцуул. Өнөө цагт Photoshop зэрэг програмаар зургыг танигдахын аргагүй засч янзладаг болсон тул хуурамч баримт мөн эсэхийг давхар шалгаж сурах нь зүйтэй.
- Тэвч. Бүрэн ойлголттой болтлоо хүлээ. Ямар учиртай, яаж ажиллаж байгаа болоод бодит үр дүнг хэрхэн бүтээж байна вэ гэдгийг нь гүйцэт ухаж ойлголгүйгээр, хөрөнгө оруулалт хийж хэрхэвч болохгүй. Яарвал, даарна!
- Мэдэгд. Хэрэв ямар 1 луйврын хохирогч болсон бол, хохирлын хэмжээ их, бага хамаагүй, заавал зохих газарт нь мэдэгдэж байх хэрэгтэй. Алсдаа өшөө олон хүн луйвардуулахаас сэргийлэх боломжыг бүрдүүлэхэд оролц. Эс бөгөөс хамсаатнаас ялгаагүй, өөдгүй хүн гэдгээ хүлээн зөвшөөр. Хичнээн бага мөнгө алдсан байсан, хөөцөлдөөд хэр ч их цаг зав гарздах байсан хамаагүй, бусармаг үйлдлийн эсрэг дуу хоолой болж байх хэрэгтэй. Гэмтнийг өөгшүүлэх нь алсдаа түүнийг улам боловсронгуй болгож, дахин өөрөө эсвэл ойр дотныхноо хохирогч болох замыг нь тавьж өгч мэднэ шүү дээ. Тэгээд ч, ганцхан өөрийг тань хохироогоогүй, өөрөөс тань өмнө нь хэдэн мянган хүнийг хулхидсан боловч, түүний эсрэг хангалттай баримт цуглахгүй байгаагаас үүдэн улам бүр зоргоороо аашилж ч байгаа юм билүү? Хэрэг үүсгэж, ялыг нь эдлүүлэхэд, дахиад хэдхээн хүний зориг, зүтгэл л дутаад байгаа ч юм билүү?
Биткойн пирамид схем мөн үү?
Зарим хүмүүс мөн гэж, ямар ч нотолгоогүйгээр дайрдаг нь үнэн. Гэвч энэ нь үндэслэлгүй хардлага юм. Дээр бичсэн тодорхойлолтуудын хаана нь ч нийцэхгүй байгааг Та өөрөө сая уншихдаа, ухаж ойлгосон л байлгүй.
Биткойн нь, энгийнээр бол мөнгө. Арай гүнзгийрүүлж авч үзвэл, ЗГ болон банкны хяналтгүй ч, тусгай алгоритм, криптограф, протоколуудаар хянагдаж байдаг ц-мөнгөний 1 төрөл буюу крипто валют юм. Үүнийг ашиглан хэн ч, хаанаас ч, хэдийд ч, боломжтой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авч болно. Биткойны нэрийг барьсан луйвар гарч байгаа нь, үүнийг луйвар гэх үндэслэл болохгүй. Мөн, цаасан дэвсгэртийг луйвар, хууль бус үйл ажиллагаанд хэрэглэлээ гээд, түүнийг луйврын хэрэгсэлд тооцдоггүйн адилаар, Биткойныг ч мөн тэгж тооцох үндэслэлгүй юм.
Эцсийн эцэст, луйврын гэмт хэргийн үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн буруутан нь хохирогчид өөрсдөө байдгыг санаж, сэргийлэх үүднээс, хувьдаа хичээнгүйлэн судлагаа хийж, яаруу шийдвэр гаргахаас зайлсхийж байгаарай.
Крипто зэрэг хөрөнгө санхүүгийн эрсдэл өндөртэй зах зээлд оролцох гэж байгаа хэн ч бай, өөрийн болоод хөрөнгийнхөө аюулгүй байдалд анхаарах нь нэн тэргүүний зорилт билээ.
Боломжыг алдаж болно, хөрөнгөө алдаж болохгүй!
гэсэн сайхан зөвлөгөөгөөр энэхүү нийтлэлээ өндөрлөе
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation