Tulip Mania гэж юу вэ?
Tulip Mania буюу Алтанзулын солиорол гэдэг нь, хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн анхны том санхүүгийн хөөс юм.
Уг үйл явдал, 1600-аад оны үед, Нидерланд улсад, тус улсын сэргэн мандалтаас үүдэн тохиолдсон бөгөөд тухайн үед Нидерланд улс нь, 1 хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлогын хэмжээгээр дэлхийн тэргүүлж байсан аж. Олон улстай арилжааны сувгыг нээн, хөгжүүлж байсан нь энэхүү хөгжлийнх нь гол шалтгаан болсон гэдэг.
Эдийн засгийн ийм гэнэтийн үсрэнгүй хөгжил олон хүнд хөрөнгө чинээг авч ирсэн ба, түүнийг дагаад тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ч ихээр арилжаалагдах болсон байна. Тэдгээр тансаг хэрэглээг, хувьслын улмаас онцгойрч чадсан алтан зул цэцэг тэргүүлсэн. Хувьслын ачаар, бусад төрлөөсөө тэс ондоо өнгө, загвартай болсон уг цэцгийг хүн бүр сонирхож, хөрөнгө чинээгээ гайхуулах хэрэгсэл болгохоор улайрснаар хөөсрөлтийг үүсгэжээ.
Үзэмжээсээ хамаараад, 1 ширхэг цэцэг нь, ажилчин ангийн сарын цалингаас, байшингийн үнийг ч давж байсан гэдэг. Фьючерс хэлцлийн нөлөөгөөр, үнэ ханш бүр ч хүчтэй нэмэгдсэн юм. Тухайн үед тархаад байсан булчирхайн тахал ч, үнийн энэ хөөрөгдөлд нөлөө үзүүлсэн байх боломжтой.
Гэвч, тариалалт хэрээс хэтэрч, нийлүүлэлт замаа алдсанаар 1637 оны 2-р сард алтан зул цэцэг ханшийн хамгийн дээд үнэлгээндээ хүрсэн буюу, цаашид өсөх боломжгүй болсон юм. Дуудлага худалдааны үед, алтан зул цэцгийг сонирхох, худалдаж авах хүн олдоогүйн улмаас, айдас түгшүүр, сандрал дэгдэж, хэдхэн өдрийн дотор, хөөс хагарсан байна.
Тухайн үеийн санхүүгийн бүртгэлийн системийн учир дутагдалтай байдлаас шалтгаалан, хэр хэмжээний хохирол учирсныг нарийн тодорхойлох боломжгүй байгаа ч, алтан зул цэцгийн гэрээ атгасан байсан хөрөнгө оруулагчид ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн нь дамжиггүй.
Алтан зулын солиорол ба Биткойн
Алтан зул цэцгийн үнийн энэ хэт хөөрөгдөл нь, хөөсрөлтийн гол жишээ юм. Шунал болон нийтийн сонирхлын хэт их нөлөө нь, уг цэцгийн үнийг зохих хэмжээнээс олон дахин хөөрөгдөхөд хүргэсэн гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Учир мэдэх нь ашгаа хийгээд, эртхэн гарч байхад, бусад нь улайран, орой дээрээс ороод, унаж эхэлмэгц, сандарч зарсаар, санхүүгийн хувьд асар их хохирлыг амсах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Биткойныг бас хөөс гэж дуудах хүмүүс бишгүй бий. Гэвч, алтан зулын солиорол, Биткойн хоорондоо, хөрөнгийн төрөл, зах зээлийн төлөв гээд бараг бүх зүйлээрээ ялгардаг.
Онцлох ялгаанууд
Хамгийн гол ялгаа нь магадгүй, үнэ цэнээ хадгалах чадвар байж болох юм. Цэцгийн хувьд, насжилт тун багатайгаас гадна, бусад цэцгээс ялгарах онцын шинж чанрыг агуулаагүйн дээр, тариад яг адилыг гаргаж авах боломжгүй байсан. Ялангуяа ховор өнгөтэйг нь дахин үрслүүлж, мөн адил ховор өнгийг гаргаж авч болно гэх баталгаа байгаагүй. Түүнчлэн, хадгалалт, тээвэрлэлтийн орчин, зардал ч өндөр гардаг байсан. Олон бутарч, задрахгүй тул төлбөрийн хэрэгсэл ч болгох боломжгүй ба, талбай дээрээс түүх, зах дээрээс шүүрэх зэргээр амархан алдагдах эрсдэлтэйд тооцогдоно.
Алтан зулын солиорол үнэхээр хөөс байсан уу?
2006 онд, Эрл А. Томпсон (Earl A. Thompson) өөрийн "Алтан зулын солиорол: Бодит уу,ийсвэр үү?" хэвлэлдээ, алтан зул цэцгийн солиорлыг арилжааны зах зээлийн хөөрөгдөл бус, засгийн газрын буруу зохицуулалт байсан гэсэн дүгнэлтээ нийтэлсэн байдаг. Тэрээр, хөөсийн "үндсэн үнэлгээг давсан ханш нь, харгалзах талуудын урьдчилан санал нэгдсэн байдлаас бүтээгдэх учиртай" гэсэн тодорхойлолтод уг үйл явдал нийцэхгүй байгааг тодотгосон нь бий.
Мөн, 2007 онд Анне Голдгар (Anne Goldgar) өөрийн "Алтан зулын солиорол: Голландын алтан үеийн мөнгө, нэр хүнд ба мэдлэг" номондоо, уг үйл явдлыг асар их хэтрүүлэгтэйгээр түгээгдсэн хэмээн тэмдэглэсэн байдаг ба, түүний хийсэн нарийн, дэлгэрэнгүй судалгаагаар бол, уг үйл явдал нь онцын содон зүйл байгаагүй гэнэ. Бодитоороо бол, маш цөөхөн хүн оролцож, маш бага өсөлт үзүүлсэн төдий байсан гэж тэрээр барин тавин нотлосон байдаг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation