Blockchain Oracle гэж юу вэ?
Ухаалаг гэрээнд, гадны мэдээллийг тусгаж өгдөг нэмэлт үйлчилгээг Oracle буюу Хутаг (дуудлага нь, оракл) гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь гадаад ертөнц, Блокчэйн 2-н хоорондох гүүр нь болж өгдөг чухал хэрэгсэл юм.
Блокчэйн болон ухаалаг гэрээнүүд нь, өөрсдийн сүлжээнээс гаднах мэдээлэлд хандах чадваргүй. Гэвч, гаднаас мэдээлэл татаж авч, боловсруулж, хэрэглэж чаддаг байх нь зүй ёсны шаардлага мөн. Тэрхүү үүргийг нь Oracle гүйцэлдүүлэх учиртай. Хутагын ачаар, ухаалаг гэрээний ажиллаж чадах цар хүрээ өргөжиж байдаг тул, түүнийг Блокчэйний экосистемийн маш чухал хэсэг гэж тооцож болно. Ийм тэлэгч байгаагүйсэн бол, ухаалаг гэрээ нь зөвхөн өөрийн сүлжээн доторх мэдээлэлтэй л харьцдаг, баригдмал, учир дутагдалтай хэрэгсэл болох байлаа.
Гэхдээ, хутаг нь өөрөө мэдээллийн ундарга, эх булаг биш гэдгийг нэн тэргүүнд ойлгох хэрэгтэй. Харин, гаднаас мэдээлэл олж, түүнийгээ шалгаж, баталгаажуулаад, дотогш дамжуулж өгдөг 1 төрлийн давхарга гэж ойлгох нь зүйтэй. Түүгээр дамжих мэдээлэл олон төрөл, янз байх боломжтой. Жишээлбэл, ханшийн мэдээлэл, төлбөр төлөлт амжилттай болсон эсэх төлвийн мэдээлэл, мэдрэгч дээрх дулаан болон ачааллын мэдээлэл гэх мэт.
Гаднаас мэдээлэл авахын тулд, ухаалаг гэрээг ачааллуулж, сүлжээний нөөцийг зарцуулах шаардлагатай. Зарим oracle, мэдээлэл оруулаад зогсохгүй бас зөрүүлээд гаргах чадвартай байдаг ба дотроо олон ангилагддаг. Тэдгээр ангиллууд нь, хутагыг ямар зориулалттайгаар бүтээж, ашиглаж байгаагаас шууд хамаарна.
Жишээн дээр тайлбарлавал?
А болон Б хэрэглэгчид, 1 болон 2 дугаарын намуудын алинаас нь ерөнхийлөгч сонгогдохыг урьдаас тааж, мөрийцсөн байгаа гэж төсөөлцгөөе. Тэд нөхцлөө харилцан тохиролцсоны үндсэн дээр, ухаалаг гэрээн дотор бооцоогоо түгжээд, хариу гарах үед, хэн нь зөв таасанд нь түгжигдсэн байгаа бүх хөрөнгө очихоор тохиролцов.
Ухаалаг гэрээ, сонгуулийн дүнг олж мэдэж чадахгүйгээс хойш, хутагаар дамжуулан түүнийгээ олж явах шаардлагатай тулгарч байгаа юм. Санал хураалт дуусмагц хутаг нь, найдвартай API-аар дамжуулан, хэн ялсныг олж мэдээд, харгалзах мэдээллийг ухаалаг гэрээрүү илгээнэ. Тэрхүү үр дүнгээс хамаарч, гэрээ нь зохих шийдвэрийг гаргах буюу ялагчид бүх бооцоог гаргаж өгнө. Oracle-ын ачаар л энэ бүхэн боломжтой болж байгаа хэрэг.
Ямар ямар төрлүүд байдаг вэ?
Доорх 3 үндсэн шалгуурыг харгалзан үзэж ангилна. Үүнд:
- Эх - Өгөгдлөө програм хангамж, техник эд анги 2-ын алинаас авч байна?
- Мэдээллийн урсгал - Орох, гарахын аль чиглэлд хийгдэж байна?
- Итгэлцэл - Төвлөрсөн, төвлөрсөн бус хэлбэрийн аль нь вэ?
1 oracle, дээрх ангиллуудын хэдэд нь ч хамаарах боломжтой. Жишээ нь, албан газрын веб хуудсаас мэдээллийг нь татаж авдаг хутаг нь, "төвлөрсөн, оролтын програм" гэж тооцогдоно.
Програм хангамжын хутаг
Интернэт дэх мэдээллийг татаж, Блокчэйнд илгээх зориулалттай oracle. Тодруулбал, онлайн өгөгдлийн сан, сервер, веб хуудас г.м. веб орчинд буй бүхий л эх сурвалжаас мэдээлэл татдаг гэсэн үг.
Ийм төрлийн хутагууд нь, мэдээллийг ямар ч хоцрогдолгүйгээр, шууд дамжуулах чадамжтай байдаг учир, хамгийн өргөн хэрэглэгддэг төрөл болоод байгаа. Энэ төрлийн oracle-ын дамжуулж чадах өгөгдлүүд нь, арилжааны болон биржүүдийн мэдээллүүд, цахим хөрөнгийн үнэ ханш, онгоцны нислэгийн тухайн агшин дахь бодит мэдээлэл г.м. байна.
Техник хангамжын хутаг
Хэмжигч, мэдрэгч болон barcode буюу зураасан код уншигч болон бусад мэдээллийг уншиж чаддаг төхөөрөмжүүдтэй холбогдож ажилладаг oracle-ууд энэ ангилалд багтана. Энгийнээр тайлбарлавал, төхөөрөмжин хутагууд нь, бодит ертөнц дээрх зүйлсийг, ухаалаг гэрээнд ойлгогдохоор цахим утга болгож хөрвүүлдэг "хэлмэрч" юм.
Оролт/гаралтын хутаг
Оролтын хутаг нь, ухаалаг гэрээрүү гаднаас өгөгдлийг оруулдаг бол, гаралтын хутаг нь, ухаалаг гэрээнээс гадагш мэдээллийг илгээдэг.
Оролтын жишээгээр, мэдрэгч дээрх дулааны мэдээллийг гэрээрүү хүлээн авч байгааг нэрлэж, гаралтын жишээнд, ухаалаг цоожыг төлөөлүүлж болох юм. Хаяг дээр хөрөнгө орж ирэх үед, гаралтын oracle-аар дамжин, ухаалаг гэрээнээс түгжих тушаалыг цоожруу илгээж байгаагаар үүнийг тайлбарлаж болно.
Төвлөрсөн болон төвлөрсөн бус хутагууд
1 талын хараа хяналт, зохион байгуулалтан дор ажиллаж байгаа бол энэ нь төвлөрсөн хэлбэр байдагтай адил, гэрээрүү мэдээлэл илгээгч нь цор ганц байвал үүнийг төвлөрсөн хутаг гэнэ. Дан ганц мэдээллийн эх сурвалжтай байх нь, ихээхэн аюултайд тооцогддог. Гэрээний боловсруулж гаргах дүнд, тэрхүү эх сурвалж шууд нөлөөлөх чадвартай болох учраас тэр. Түүнчлэн, эх сурвалж халдлагад өртөх эсвэл зүй бус аашилж эхлэхэд л, ухаалаг гэрээнд шууд нөлөөлнө. 1 цэгт удирдлагыг олгосон ийм хэлбэрийн шийдлүүд нь, тухайн цэг дээрээ их хэмжээний дайралтанд өртөх нь их байдаг тул, эрсдэл өндөртэйд тооцогддог.
Төвлөрсөн бус хутаг нь, нээлттэй Блокчэйнтэй төстэй зарим шинж чанаруудыг агуулдаг буюу 1 цэг, 1 эх сурвалжинд найддаггүй тул, халдлагад өртөх аюул багатай, хамгаалалт өндөртэй байдаг. Ухаалаг гэрээ нь, олон хутагуудыг зэрэг ачааллуулаад, тэдгээрийнхээ тусламжтайгаар мэдээллийнхээ үнэн бодит чанарыг шалгаж, баталгаажуулдаг давуу талтай. Тийм ч учраас, төвлөрсөн бус oracle-ыг зөвшилцлийн хутаг гэж дуудах нь бий.
Төвлөрсөн бус хутаг нь, төвлөрсөнтэйгээ харьцуулахад итгэлцэл үүсгэх чадвар өндөртэй болохоос, аюулыг бүрэн зайлуулсан, төгс шийдэл биш гэдгийг анхаараарай. Олон эх сурвалжаас мэдээгээ татаад, харьцуулах замаар бодит үр дүнг ирэлхийлдэг учраас л, 1 эх сурвалжинд баттай найддаг системээс харьцангуй илүү үр дүнтэй байдаг.
Гэрээнд тусгайлсан хутаг
Тухайн 1 гэрээнд зориулагдсан, oracle-ыг ийн нэрлэх бөгөөд хичнээн гэрээ ачааллуулна мөн хэмжээний хутаг үүсгэгдэнэ гэсэн үг. Ийм хэлбэрийн хутагууд нь, өндөр зардалтай, арчилгаа ихтэйд тооцогддог. Мэдээллийг олон ангилж, задлан, олон өөр дүгнэлт гаргадаг байгууллагуудын хувьд энэ хэлбэрийн oracle нь утгагүй, хэрэггүй, ашиггүй гэх нэрийг зүүх хэдий ч, уг хутаг нь, тодорхой 1 зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой хэрэгсэл болно.
Хүний хутаг
Тодорхой 1 салбарт мэргэшсэн хувь хүмүүс заримдаа oracle-д тооцогдох боломжтой байдаг. Тэд мэдээллийг хянаад, үнэн эсэхийг тогтоож, ухаалаг гэрээрүү мэдээлэл болгон оруулж өгч чадна. Ийм хүмүүс өөрсдийгөө мөн гэж батлахын тулд криптограф ашиглах тул, нэрийг нь барьж, хуурамч мэдээлэл оруулах боломж бараг байхгүйтэй адил бага байдаг.
Хутагын асуудал
Ухаалаг гэрээнүүд нь, хутагуудын бүрдүүлж өгсөн өгөгдлүүдэд үндэслэн дүгнэлт гаргаж, тэр нь Блокчэйний экосистемийн эрүүл, зөв хөгжлийн гол түлхүүр болно. Тиймээс oracle, "буруу замаар будаа тээхгүй" байх нь чухал юм. Тэгж чадахгүй бол, түүнээс хамаарч буй ухаалаг гэрээ нь "шороо тээх" аюулд орно.
Хутагууд нь, Блокчэйний үндсэн зөвшилцлийн хэсэг биш учир, тэднийг Блокчэйний гайхалтай хамгаалалт "хучдаггүй". Хутаг болоод, гэрээний хоорондын итгэлцлийн зөрчилдөөн нь өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй, ноцтой асуудал хэвээр байсаар байгаа. Бас, дундын хүний дайралтанд тэсвэргүй байдлыг шийдвэрлэх хүндхэн асуудал байгааг мартаж болохгүй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation