Cookie гэж юу вэ?

Интернэт хөтөч буюу browser програмууд, компьютер дээр үүсгэж хадгалдаг, багахан хэмжээний бичвэрийн төрлийн фаялуудыг үртэс буюу Cookie (күүкий гэж шууд дуудлагаар нь хэрэглэх нь ч бий) гэнэ. Ямарваа 1 вебд хандах үед, дахин зочилж магадгүй үүднээс тухайн веб, зочны талаар тодорхой хэмжээнд мэдээлэл цуглуулдаг. Тэдгээр нь ихэвчлэн хэрэглэгчийн өөрийнх нь сонголт, хийж буй үйлдлүүдээс хамааралтай байх ба гол төлөв бүртгэлийн нэвтрэлтийг санах зорилгоор ашиглагдана. Өөрөөр хэлбэл, үртсүүдийн тусламжтайгаар 1 мэдээллийг ахин дахин оруулах ажлыг хөнгөвчилдөг. Гэвч, үүнийг ашиглах нь зарим талаар хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд асуудал үүсгэж болзошгүй байдаг ба энэ талаарх дэлгэрэнгүйг тус нийтлэлийн төгсгөлд дэлгэрэнгүй танилцуулъя. Хэрэв товчхон танилцуулга нийтлэл хангалттай гэж үзэж байвал ЭНД дараад "Крипто тайлбар толь" цувралын 20-р дугаар дахь харгалзах сэдвийг уншаарай.

Өнөө цагт Accept All Cookies сонголт харуулдаггүй веб хуудас гэж бараг байхгүй болжээ. Тухай бүрт үртсийн хэрэглээ болон нууцлалын бодлоготой танилцаад, уншаад суудаг завтай хүн гэхдээ хаана ч байхгүй болов уу. Үртсүүд нь, тухайн вебийг ашиглах таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг гэдгээс өөр, илүү нарийн тодорхойлолт, тайлбарыг Та өмнө нь уншиж, сонсож, харж байгаагүй ч байж магадгүй юм. Күүкийгийн сонгодог жишээгээр, нэвтрэх цонхны Remember me буюу Намайг сана сонголт, мөн онлайн дэлгүүрийн сагс, Dark/Night Mode буюу Бараан өнгийн загвар идэвхжүүлэх товч зэргийг нэрлэж болно. Cookie гэх нэрийг, Лу Монтуллигийн (Lou Montulli) Magic Cookie буюу Шидэт жигнэмэг хэмээх өөр нэгэн тооцооллын бүтээлээс иш татан өгсөн гэдэг. Үртсийг, вебд хэрэглэгчийг таниулах, хэрэглэгчийн сонголтыг хадгалах зэрэг зорилгоор компьютер дээр бүртгэж авдаг тэмдэглэл гээд ойлгочиход 1 их буруудахгүй. Дараа нь тухайн вебд дахин зочлох үед, веб тэдгээрийн тусламжтайгаар, хэрэглэгчийн таалалд нийцсэн өөрчлөлтүүдийг санаж байна гэсэн үг.

Төрлүүд

  1. First Party Cookies буюу Дотоод хэрэглээний үртсүүд - Загвар үзэмжийг нь хүссэнээрээ өөрчилж болдог вебүүд цөөнгүй бий. Тэнд хийсэн өөрчлөлтүүдийг хадгалж буй үртсүүд энэ ангилалд багтана. Хөтчөө хаагаад дахин шинээр нээхэд ч усталгүй, хадгалагдаж үлдсэн байдаг учир ийм үртсүүдийг мөн, Persistent Cookie буюу Бат үртэс гэж нэрлэдэг. Харин Session Cookie буюу Түр үртсүүд нь харин, хөтчийг хаах эсвэл зарим тохиолдолд веб хуудсын цонхноос гарахын төдийд л устгагддаг онцлогтой.
  2. Third Party Cookies буюу Гадны хэрэглээний үртсүүд (Зарим тохиолдолд, 3-дагч талын үүсгэн, ашиглаж буй үртсүүд хэмээн нэрлэсэн байх нь бий) - Эдгээр нь, хандсан эсвэл хандаж байгаа вебээс тань бус, тухайн вебээр дамжуулан сурталчилгаа эсвэл өөр бусад үйлчилгээг санал болгож буй өөр бусад вебүүдийн үүсгэн, хадгалж буй фаялууд юм. Энэ төрлийн үртсүүдийн ихэнх нь хэрэглэгчийг тандах зорилгоор ашиглагддаг бөгөөд хэрэглэгчийн юуг сонирхож, юунд анхаарал хандуулж байгааг илрүүлэх, цаашлаад ямар вебүүдээр зорчдог, ямар сурталчилгаа эсвэл бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарал хандуулж байгааг илрүүлэх, тэдгээрт нийцэх зүйлсийг шүүж харуулж байдаг. Тийм ч учраас гадаад хэрэглээний ийм үртсүүдийг, Tracking Cookie буюу Мөшгигч үртэс хэмээн нэрийддэг байна.

Бүтэц

Бүх үртэс адил бүтэцтэй байдаггүй учир, ерөнхий бүтцийг нь дор, жишээн дээр танилцуулъя.

Google Chrome хэрэглэж байгаа үед, Settings - Privacy and security - Cookies and other site data замаар, Firefox хэрэглэж байгаа бол Preferences - Privacy & Security - Cookies and Site Data сонголтоор үртсүүдрүүгээ хандаж болно. Гэхдээ Firefox дээр Storage Inspector-гүйгээр үртэст агуулагдаж байгаа өгөгдлийг шууд харах боломжгүй байдаг шүү. Үртэст агуулагдаж буй контентод, jwt.io мэтийн тайлагч ашиглан харж болдог ба доорх зурагт жишээ болгон Байнансын академийн үртсийг задалж харуулав.

Энд хэрэглэгчийн хувийн мэдээллийг агуулсан зүйл маш бага байгаагаас гадна, тэдгээрийг өөр бусад этгээдтэй хуваалцаагүй байгааг харж болно. Нил ягаанаар тодруулсан тоонууд нь хугацааг илтгэх бөгөөд эхнийх нь үртсийн үүсгэгдсэн, арынх нь устгагдах огноог заана. Мөн уг үртсийг үүсгэсэн веб, хэрэглэгчийн бүртгэл болон хандах эрхийн зэрэглэл, бүртгэлийн үнэн бодит байдлыг тодорхойлох тэмдэгтүүд агуулагджээ. Орчин цагт ихэнх үртсүүд, түлхүүр утгыг жишдэг тогтолцоотой болсон бөгөөд түүнийг веб дээрх хэрэглэгчийн тусгай дугаартай уялдуулснаар, нэвтэрсэн даруйд хэн, ямар тохиргоо болон сонголтонд дуртайг шууд таних боломжтой болсон. Хэрэглэгч интернэтээр зочилсон түүхээ устгахдаа, үртсүүдийг арилгах боломжтой байдаг бөгөөд, энэ нь веб сайтанд ямар 1 асуудал учруулахгүй учир дахин шинээр нэр, нууц үгээ шивэхээс л залхуурахгүй бол байнга цэвэрлээд байсан ч болно.



Асуудал болдог зүйлс

Дээрх жишээнээс харахад, үртсийг ашиглалаа гээд муудаад байх зүйл огт байхгүй байгаа боловч, тэдгээрийг дагасан сөрөг үр дагавар үүсч болдог гэдгийг мэдээд авсан байхад илүүдэхүй. Үртсүүд асар их мэдээллийг, бүр арай гэмээр их зүйлийг тандаж, олж авч чаддаг болсон учир, General Data Protection Regulation (GDPR) буюу Мэдээллийн аюулгүй байдлын газраас, вебийн үртэс ашиглах тусгай журмыг боловсруулан гаргаж, дагаж мөрдөхийг үүрэгдэх болсон. Дотоод хэрэгцээний үртсүүдийн хувьд санаа зовоод байх шаардлага бараг байхгүй гэж хэлж болохуйц байдаг бол, гадны хэрэглээнд зориулагдсан үртсүүд, интернэтийн орчин дахь хувийн мэдээллийн алдагдалд сэтгэл зовниж явдаг хүмүүст толгойны өвчин болж болно. 1 нийтлэл эсвэл бичлэг сонирхоод үзчихсэний төлөө бараг бүх веб, апп дээр түүнтэй холбоотой сурталчилгаа гараад байх нь зарим тохиолдолд үнэхээр таагүй байдлыг үүсгэж болох юм. Нийгмийн сүлжээн дэх бүхий л "Таалагдлаа", "Хуваалцах", "Хадгалах" болон "Чатаар илгээх", "Цааш унших" сонголтууд хэрэглэгч тэдгээр дээр дарж орсон эсэхээс үл хамаарч, сонирхдог эсэхийг нь бүртгэж, цааш мэдээллэж байдаг. Өөрөө ч мэдэхгүйгээр хүмүүс асар их хувийн мэдээллээ хулгайд алдаж байдаг ба энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг доорх холбоосоор уншаарай. Мэдээллийг ийм замаар цуглуулах нь шууд ноцтой асуудал үүсгэхгүй ч, тэдгээрийг худалдаж авч ашиглаж байгаа этгээдүүд дунд ямар ч атгаг санаа агуулсан хүн эсвэл бүр байгууллага байхыг үгүйсгэхийн аргагүй юм.

"Device Fingerprinting" гэж юу вэ?


Цэвэрлэх аргууд

Огт үртэс хадгалдаггүй болгож тохируулж болох ч энэ нь интернэтээр зорчих явцыг үнэмлэхүй төвөгтэй, залхмаар болгож мэднэ. Харин зөвхөн 3-дагч талын хэрэглээнд зориулагдсан үртсүүдийг хориход, хэрэглээний ямар ч саад үүсэхгүйн дээр харин ч аюулгүй байдлыг бататгах 1 алхам болж өгдөг давуу талтай. Хэрэв хэрэглэх шаардлагатай аль 1 чухал веб тань үртэс хадгалахгүй л бол хандах эрх олгохгүй гээд байвал, түрдээ нээгээд эсвэл тухайн вебд үртэс хадгалах эрхийг тусгайлан олгоод, ашиглахад гэмгүй. Хөтөч дээрээсээ шууд тохируулаад, Third Party Cookie хадгалагдахгүй болгох хамгийн энгийн арга нь, хөтчийн тохиргооноос Do Not Track сонголтыг идэвхжүүлэх явдал байдаг. Энэ сонголт ихэвчлэн, Privacy буюу Хувийн нууцлал цэсэнд байршсан байна. Гэвч үүнд 1 их найдаад хэрэггүй болов уу, учир нь энэ тохиргоо нь вебд ямар 1 хориг, хаалт тавьдаггүй, харин мэдээллүүдийг цуглуулахгүй байхыг л хүссэн, өргөдөл уламжилдаг төдий, аргацаасан шийдэл юм. Өөрөөр хэлбэл энэ тохиргоо нь, гэрийнхээ хаалгыг түгжилгүй орхичихоод, гадна ханан дээрээ "Хулгайчдаа, манайхыг битгий тоноорой" гэсэн самбар өлгөхтэй агаар 1 зүйл билээ. Анх шууд хориглох зорилгоор бүтээгдэж байсан ч, одоо ийнхүү хүчин мөхөсдөөд байгаа энэ шийдлийг ихэнх вебүүд "нохой хуцсан чинээ" тоохгүй нь мэдээж. Гэхдээ ихэнх хөтчүүдийн сүүлийн үеийн хувилбарууд бүгд анхны тохиргоогоор үртсүүдийг хориглодог болсон байгаа нь сайшаалтай. Хэрэв Та хувийн мэдээллийг нууцалдаг, хялбар, хүчирхэг, ажиллагаа бараг шаардахгүй, найдвартай хэрэглүүрүүдийг хүсч байвал, манайхаас санал болгож буй доорх програмуудаас хэрэглээд үзээрэй.

Үртэс цэвэрлэх, хянах мэргэжлийн шийдлүүд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!