Крипто тайлбар толь [22-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Харилцагчийн зөвлөгч машин
Automated Teller Machine (ATM) буюу бэлэн мөнгөний машин нь, мөнгөн шилжүүлэг, орлого болон зарлага, дансны үлдэгдэл шалгах, дансны мэдээллийг харах, засах зэрэг түгээмэл гүйцэтгэгддэг үйлдлүүдийг банкны ажилтны оролцоогүйгээр, өөрөө өөртөө үйлчлэх боломжыг олгодог, интернэтийн сүлжээнд холбогдсон, цахилгаан төхөөрөмж юм. Анх 1966 онд, Японд Computer Loan Machine буюу зээлийн тооцоолуурт машин нэрээр хөгжүүлэгдэн гарсан ч, нийтийн хэрэглээнд нэвтрэлгүй байсаар, 1962 онд Их Британид карт уншдаг хувилбараар бүтээгдэж, 1964 онд оюуны өмчөөр баталгаажсан байна. Өдгөө дэлхий нийтээр, 4 сая гаруй бэлэн мөнгөний ATM, 5'000 гаруй крипто валютийн ATM-ыг ашиглаж байгаа гэсэн тоо бий.
Гүйлгээний дугаар
Крипто валютийн ертөнцөд гүйлгээ бүрт, үсэг тоо холилдсон, олон тэмдэгтээс бүтсэн, дахин давтагдашгүй дугаар байдаг бөгөөд түүнийг, Transaction ID (TXID) эсвэл Transaction Hash хэмээн нэрлэдэг. Хэрэглэгчийн хийсэн гүйлгээг, Блокчэйнд бичихдээ ийм тусгай дугаарыг олгох бөгөөд, тухайн дугаараар нь харгалзах Блокчэйний хөтчөөс гүйлгээгээ шүүн харж, гүйлгээний дүн, огноо, илгээгч болон хүлээн авагчийн хаягууд, сүлжээн дээрх баталгаажуулалтын тоо зэрэг мэдээллүүдийг олж авч болдог. Дэлхийн хамгийн анхны Биткойны шилжүүлгийг жишээ болгон авч үзье. Дугаар нь:
f4184fc596403b9d638783cf57adfe4c75c605f6356fbc91338530e9831e9e16
Мөн, Биткойн Пицца захиалгын гүйлгээний дугаарыг бас харцгаая.
cca7507897abc89628f450e8b1e0c6fca4ec3f7b34cccf55f3f531c659ff4d79
Эдгээрийг, blockchain.com, blockchair.com, btc.com зэрэг Блокчэйн хөтөч дээр шалгаж харж болно. Биткойн Пиццаны төлбөрийн шилжүүлгийн хаяг дээр хөтчийг ашигласан жишээ бүхий, Блокчэйн хөтчийг ашиглах зааврыг ЭНД-ээс үзэж сонирхож болно. Төвлөрсөн биржүүд (CEX) нь, Transaction History буюу гүйлгээний түүх цэсэнд, тухайн хэрэглэгчийн гүйлгээнүүдийн мэдээллийг тайлагнах зохицуулалттай байдаг тул, тэндээс өөрийн хийсэн шилжүүлгийн дугаарыг авч, хөтөч дээр оруулж, шалгаж болно. TXID нь, хаяг андуурч илгээсэн шилжүүлгийг хөөн, хянах, сэргээ(лгэ)хээр оролдох үед ихээхэн хэрэг болох нь бий.
Блокын толгой
Тухайн блок дахь өгөгдлүүдийн товч мэдээллийг агуулсан хэсгийг, Block Header гэнэ. Тодруулбал уг толгой хэсэгт, блок үүсгэгдэх үеийн хүндрэлийн хэмжээ, блокыг үүсгэсэн огноо, агуулагдаж буй гүйлгээнүүдийн Мерклийн үндэс, давтагдашгүй дугаар зэрэг хураангуй өгөгдлүүдийг, хэлхээ үүсгэх боломжыг олгогч буюу өмнөх блокын хэшийн хамтаар шингээсэн байдаг. Олборлогчдын чанартай блок үүсгэхээр оролдож, нарийн тооцооллыг боловсруулдаг гол хэсэг нь, блокын толгой байх бөгөөд, олон мянган гүйлгээ бүхий, 2 Mb блокоос, 80 byte (эдгээр хэмжээ нь зөвхөн Биткойны блокт хамаарна, бусад Блокчэйнүүд өөр өөр хэмжээгээр тохируулагдсан байдаг) толгойтой харьцах нь, цаг хугацаа болоод эдийн засгийн асар их хэмнэлтийг авч ирдэг. Үүний хэмжээ багатай байдал нь, зөвхөн олборлогч нарт ч бус, цомхон зангилаануудад ч ашигтай байдаг. Тус бүр 2 Mb хэмжээтэй, 50'000 ширхэг блоктой Блокчэйнийг л хадгалахын тулд, 100 Gb сул зай шаардлагатай байдаг бол, зөвхөн блокын толгойг ашигласнаар энэ хэмжээг 8Mb хүртэл бууруулах боломжтой. Эдгээр хэмжээг ойлгомжтой болгох үүднээс, харьцуулалтыг доор жагсаав.
Гадаслалын сан
Олон хувьцаа эзэмшигч, шуудайлагч нар, өөрсдийн тооцоолох хүчин чадлыг нэгтгэж, урамшуулал авах боломжоо өсгөх явдлыг Staking Pool гэнэ. Олборлолтын сантай төстэй бүтцээр ажиллах энэ сан нь, PoS төрлийн системүүдэд зориулагдсан хэдий ч, PoS бус системүүдэд нэвтрүүлэн ашиглах боломж бүхий журамтайгаараа онцлог. Гадаслалын санг зохион байгуулагч нь удирдах бөгөөд, оролцогчид нь Блокчэйний тусгай хаяг эсвэл хэтэвчинд барьцаа хөрөнгүүдээ байршуулж, түгжнэ. Ихэнх ийм сангууд тусгай хэтэвчинд байршуулахыг шаарддаг ч, зарим нь өөрийн хэтэвчинд байлгахыг зөвшөөрдөг. Жишээлбэл, Cold Staking Pool буюу хүйтэн гадаслалтын сангууд нь, оролцогч өөрийн хөрөнгийг төхөөрөмжин хэтэвч дээрээ хадгалангаа, түүнийгээ барьцаалж, баталгаажуулалтанд оролцох боломжыг олгодог. Гадаслалын санд нэгдэх нь, ганцаараа ажилласнаас бага урамшууллыг олгож, шимтгэл хураамж суутгах сул талтай хэдий ч, тогтмол орлогыг, жигд хугацаанд татах болон зангилаа ачааллуулахтай холбоотойгоор үүсэх техникийн асуудлуудад санаа зовох шаардлагагүй болгодог давуу талтай.
IOU
"I owe you" буюу "Би чамд өртэй" гэсэн өгүүлбэрийг дуудлагаар нь (Ай-Өү-Юү) тэмдэглэсэн энэ хэлц, 2 талын хоорондын өглөг/авлагын зохицуулалт баримтанд өргөнөөр хэрэглэгддэг. Гэвч, Bond буюу өрийн бичиг зэрэг хууль ёсны баримттай харьцуулахад, IOU-д албан ёсны зохицуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, ийм бичиг үйлдэн зээлдсэн тохиолдолд, өртэй тал түүнийгээ барагдуулах ямар ч үүрэг хүлээхгүй байх боломжтой. Зарчмын хувьд IOU нь, гэр бүлийн гишүүд хоорондын харилцан тохиролцоог тэмдэглэсэн баримт төдий бичиг байдаг. Гэхдээ, ажилтнууддаа болон бусад албан газарт хэдий хэмжээний зээлтэйгээ мэдээлэх зорилгоор IOU-г хэрэглэдэг байгууллагууд бас бий. Тиймээс IOU-г, хугацаа эсвэл нөхцөл товлон бичсэн, сануулга, мэдэгдлийн чанартай баримтанд тооцож болно. Зарим IOU-д талуудын төлөөлөгчдийн гарын үсэг, өрийн хэмжээ, хүүгийн хэмжээ, эргэн төлөх нөхцөл, баримт бичсэн огноог тусгасан байдаг ч, энэ нь тухайн бичгийг хууль ёсны баримт бичиг болгож чадахгүй буюу зээлдэгч талын эргүүлэн төлөх үүрэг хариуцлагыг бататгах боломжгүй байдаг.
#CoinMarketCap
Тэнцүүлэлт
Хувь хэмжээ эсвэл үнэлгээ нь, өөр зүйлтэй ямагт 1:1 харьцаагаар тэнцэж байх төлвийг Pegged гэж тодорхойлдог. Ийм хөрөнгийн жишээгээр, $USD-той тэнцүү үнэлгээтэй, тогтмол ханштай зоос болох USDT-ийг нэрлэж болно.
Санхүүгийн үүсмэл хэрэгсэл
Derivative гэдэг нь үнэ цэнэ нь хувьцаа, бараа бүтээгдэхүүн, валют, индекс, бонд, хүү зэрэг бусад үндсэн хөрөнгөөс үүсэлтэй гэрээ юм. Арилжаачид аливаа арилжаа хийхдээ өөрсдийн байр сууриа хамгаалах, эрсдлээ бууруулах зорилгоор деривативыг ашиглаж болно. Жишээлбэл, ямар 1 бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, чухал түүхий эдийнхээ үнийн гэнэтийн өсөлтөөс өөрийгөө хамгаалахыг хүсч байвал, фьючерс гэрээг ханган нийлүүлэгчээс худалдан авснаар, тодорхой хэмжээний түүхий эдийг ирээдүйн тохиролцсон цаг хугацаанд, тохиролцсон үнээр нийлүүлэн авах боломжтой. Санхүүгийн үүсмэл хэрэгслийн ийм гэрээг ихэвчлэн төвлөрсөн платформ дээр арилжаалдаг. DeFi зэрэг шинэлэг платформууд нь дөнгөж саяхнаас л төвлөрсөн бус дериватив зах зээлийг бүтээж эхэлж байна.
Хэрэв Та крипто валютийн дериватив арилжааг сонирхож байвал, ApolloX хэмээх биржийг сонгон үйлчлүүлээрэй.
Бусад зоосуудын үе
Бусад зоосууд хэмээх ангилалд хамаарч буй крипто валютуудын ханш хүчтэй өсөлтийг үзүүлж, Биткойн болон Эфириумээс зөрж/давж хөдлөх эсвэл зах зээлийн үнэлгээ нь өсч, долларын үнэ ханшийг сөрөхийн хажуугаар, Биткойны ноёрхлыг сулруулах үеийг, Altcoin Season (товчоор AltSeason) гэдэг. Энгийнээр бол, нийт зах зээл тодорхойгүй эсвэл уналттай үед, бусад зоосуудаас зарим 1, эсвэл хэд хэдээрээ пуужиндах үзэгдлүүдийг нийтэд нь бусад зоосуудын улирал/эрин зэргээр нэрлэж болно.
Интернэт хөтөч
Internet/Web Explorer/Browser зэргээр нэрлэгдэх програм/аппуудыг бид өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг. Веб хуудсууд болон интернэтэд байршсан контентуудад хандахын тулд бид эдгээр хөтчөөс өөрсдийн сонголтоор хэрэглэдэг бөгөөд тэдгээрээс хамгийн их танигдсан төрлүүдийг доор жагсаав. Харгалзах дүрс тэмдэг дээр нь дараад, албан ёсны веб эсвэл манай блог дээрх танилцуулгын нийтлэлрүү нь хандаж болно.
Хөтчийн нэмэлт
Browser Extension гэж, интернэт хөтөч програм дээр өргөтгөл хэлбэрээр суулган ашигладаг бичил програм хангамжыг хэлнэ. Харагдах байдлыг өөрчлөх, сурталчилгааг хааж хориглох, үртэс зохион байгуулж хянах, интернэт хэрэглээний түүхийг нөөцөлж зөөвөрлөх зэрэг олон төрлийн зориулалттайгаар ийм нэмэлтүүдийг хөгжүүлж, хэрэглэж байна. Компьютер дээрх, MetaMask хувилбар нь ийм хэлбэрээр бүтээгдсэн програмын онцлох жишээ юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation