Stablecoin гэж юу вэ?
Товч тайлбарыг ЭНД дараад, "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 4-р дугаараас уншаарай.
Доллар, евро, рубль, вон, йен, фунт гэх мэт фиат валютийн үнэ цэнтэй адил ханштай байдаг крипто валютийг тогтвортой зоос гэнэ. Энэ төрлийн зоос нь, ханшийн үнэлгээг нь алдагдуулалгүйгээр, хол байгаа нэгэнд мөнгө шилжүүлэх боломжыг олгодог онцлогтой.
Биткойн, Эфириум зэрэг крипто валютуудын ханш нь, ямар 1 бодит хөрөнгөөс уягдаагүй байдаг тул, фиат валюттай харьцуулахад ханшийн дэгдэлт хэт ихтэй байдаг. Блокчэйн, крипто валют гэх ойлголтууд нь хөлөө олоогүй, харьцангуй шинэ ойлголт хэвээр байгаа учир, ийм хэлбэлзлүүдэд өртөх нь их байгаа юм. Энэ байдал нь, чөлөөт арилжааны зах зээлийн өнцгөөс харахад таатай боловч, өдөр тутамдаа өргөнөөр ашиглах төлбөрийн хэрэгсэл болгоход зохимжгүйд тооцогдоно.
Технологийн талаас нь харвал, крипто нь арилжаалахад тун таатай хөрөнгө мөн хэдий ч, ханшийн хэт дэгдэмхий байдал нь, хөрөнгө оруулахад тохиромжгүйгээр нэрлэгдэхэд хүргээд байгаа. Гүйлгээг баталгаажих хооронд л, илгээснээсээ их эсвэл бага дүнтэй болчихно гэдэг зарим талаар яав ч хүлээн зөвшөөрч болохгүй чанар билээ.
Тогтвортой зоосууд дээрх нөхцөлд хамгийн тохиромжтой. Тэд харгалзах хөрөнгийнхөө үнэ цэнийг өндөр нарийвчлалтайгаар яг дагаж байдаг учир, ханш хэлбэлзэх магадлал болон хэлбэлзлийн хэмжээ тун багатай байдаг. Тиймийн учир, тогтвортой зоосууд нь, тогтворгүй зах зээлийн аюулыг сөрөх бамбайгаар нэрлэгдэх нь ч бий.
Тогтвортой зоос яаж ажилладаг вэ?
Тогтвортой зоосууд нь дотроо хэд хэдэн төрөлд хуваагдах ба тэдгээр нь ханшаа хэрхэн тогтоодгоороо ялгагдана. Хамгийн өргөн хэрэглэгдэж буй төрлүүдтэй нь хамтдаа танилцацгаая.
Фиатаар баталгаажсан тогтвортой зоос
Тогтвортой зоосууд дундаа хамгийн алдартай нь, фиат валюттай 1:1 харьцаатайгаар үнэлэгдэх зоосууд болоод байна. Үүнийг мөн, "фиат барьцаалсан тогтвортой зоос" гэж нэрийдэх нь ч бий. Энэ нь, банк, банк бус болон бусад санхүүгийн байгууллага бодит хөрөнгийг дансандаа байршуулж, түгжээд, харгалзах хэмжээний токенийг нийлүүлэх замаар түгээгддэг крипто валют юм. Жишээлбэл, 1 сая долларыг түгжээд, ширхэг бүр нь 1 доллартай тэнцүү ханштай 1 сая зоосыг гаргана гэсэн үг.
Ийм зоосыг бусад крипто валютийн адилаар зарах, авах, хадгалах бүрэн боломжтойгоос гадна, хүссэн үедээ буцаагаад долларт хөрвүүлээд гаргаж авч болно.
Тогтвортой зоосонд хөрөнгө оруулах гэж байгаа үед, тухайн зоосыг хөгжүүлэн гаргагч байгууллагыг сайтар шалгах нь зүйтэй. Учир нь, төслийн ирээдүй тэднээс бүрэн шалтгаалж байгаа буюу энэ төрлийн зоосны хувьд, учирч болох хамгийн том эрсдэл нь төслийн хөгжүүлэгчдийн нөлөөлөл байдаг. 1 тогтвортой зоосны цаана, үнэхээр 1 доллар түгжигдсэн байгаа эсэхийг мэдэх боломж байхгүй шүү дээ. Хэдийгээр, хөндлөнгийн шалгалтаар орж, дансаа ил тод байлгах гэж хичээх нь тодорхой ч, түүнд нь итгэхгүй байх шалтаг шалтгаан мундахгүй.
Ийм төрлийн зоосуудын жишээ: USDT, TUSD, PAX, BUSD, BGBP, USDC г.м.
Криптогоор баталгаажсан тогтвортой зоос
Фиатаар даатгагдсан тогтвортой зоосуудын адилаар харгалзах фиат валюттайгаа адил ханштай байх боловч, крипто валютийг барьцаа болгон хадгалж байдгаараа ялгаатай зоосыг crypto-backed stablecoin гэнэ. Түгжигдсэн хөрөнгө нь биет бус, цахим учир, түүний нэгжийг ухаалаг гэрээгээр зохицуулдаг.
Энэ төрлийн тогтвортой зоосуудад итгэл хүлээлгэхэд жаахан бүрхэг боловч, мөнгөний бодлогыг нь санал хураалтаар шийдэж байдаг давуу талтайг нь онцлохгүй өнгөрч болохгүй байх. Энгийнээр бол, 1 хүн эсвэл байгууллагад итгэл хүлээлгэхийн оронд, тухайн сүлжээнд холбогдсон, бүх хэрэглэгчдэд итгэж байгаатай зүйрлэж болохуйц найдвартай байдаг гэсэн үг. Сүлжээнд холбогдсон хэрэглэгч бүр нийтийн буюу өөрийн эрх ашиг, хөрөнгө оруулалт, түүний өгөөжөө хамгаалах гэж оролдох нь ойлгомжтой шүү дээ.
Криптогоор даатгагдсан тогтвортой токенийг авахын тулд, өөрийн хөрөнгөөс зохих хэмжээг, гэрээнд байршуулан түгжих шаардлагатай. Буцааж хөрвүүлэхдөө, мөн хэмжээний зоосыг, нэмэлт шимтгэл хураамжын хамтаар тушаагаад, хөрөнгөө гаргаж авч болно.
Энэ төрлийн тогтвортой зоос бүр, системээсээ хамаарч харилцан адилгүй загварчлагдсан байдаг ч тэд бүгд, хэлхээн дээрх алгоритмуудыг, тоглоомын онолтой хослуулах замаар ханшийг тогтвортой барьж байдаг.
Ийм төрлийн тогтвортой зоосуудын жишээ: Bitshares USD, DAI г.м.
Алгоритмын тогтвортой зоос
Algorithmic stablecoin-ы цаана, ямар ч фиат эсвэл крипто валютийн барьцаа байхгүй. Ийм төрлийн токений нөөцийн хэмжээ, нийлүүлэлтийг ухаалаг гэрээ болон алгоритм зохицуулж байдаг. Мөнгөний бодлого нь, төв банкуудын фиат валют дээрээ хэрэгжүүлдэг бодлоготой туйлын адил зарчмаар явагддаг.
Уг токений ханш нь, түүнтэй уягдсан фиат валютийн ханшаас бага болох үед нөөцийн хэмжээг багасгаж, их болох үед нэмж гаргах замаар өөрийн ханшийг тогтворжуулж байдаг онцлогтой зоос юм. Үүнээс нь шалтгаалан, үүнийг "барьцаа хөрөнгөгүй тогтвортой зоос" гэж дуудах болсон. Гэвч, энэ нэршил нь бодит байдалтай нийцэхгүй, зохимжгүй нэршилд тооцогдоно. Бусад тогтвортой зоосын төрлүүдээс ялгаатай л болохоос биш, энэ төрөлд ч бас барьцаа буюу ханшаа барих хамгаалалт бий.
Ийм төрлийн тогтвортой-зоосуудын жишээ: Carbon,Basis(мөхсөн) г.м.
Тогтвортой зоосны давуу болон сул талууд
Крипто валютуудын хоорондын хөрвүүлэлтийг хялбарчлах, өдөр тутамдаа төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах, ханшийн хэт хэлбэлзлийн үед хөрөнгийн хамгаалалт болгох, бирж хооронд болон хэрэглэгч хооронд мөнгөн гуйвуулгыг хэрэгжүүлэх хэрэгсэл болоод байгаа бөгөөд, цаашид энэ эрчээрээ хөгжиж чадвал, фиат валютаас илүүтэйгээр зээл, төлбөрийн үндсэн хэрэгсэл болох боломжтой. Мөн тогтвортой зоосыг, хөрөнгийн багцаа хэмжих нэгж ч болгон хэрэглэж болно.
Фиатаар баталгаажсан тогтвортой зоосууд нь, бусад крипто валютуудтайгаа харьцуулахад хамаагүй илүү төвлөрсөн шинж чанартай байдаг. Харин, криптогоор даатгагдсан тогтвортой зоосууд нь, бусад хэрэглэгчиддээ итгэх итгэл дээр тогтдог учир, жигдэртлээ эрсдэл өндөртэйд тооцогдох боломжтой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation