Tether гэж юу вэ?
Орчин цагийн хамгийн алдартай тогтвортой-зоосоор Tether (USDT)-г нэрлэж болно. Америк доллар ($ USD)-той тэнцүү ханштай энэ зоос бүртгэгдээгүй бирж тун цөөхөн бөгөөд тэр чинээгээрээ хөрвөх чадвар сайтай байдаг.
Бусад тогтвортой зоосуудын адилаар, ханшийн дэгдэлтээс учрах алдагдлыг багасгах зорилгоор уг зоосыг төлхүү хэрэглэх боловч мөн, фиат болон крипто хоорондын хөрвүүлэх ажиллагааны нэмэлт зардал болон хүлээлгийн хугацаанаас зайлсхийхэд ихээр хэрэглэж байна.
USDT нь крипто валютийн экосистемийн чухал хэсэг бөгөөд 2020 оны 12-р сар гэхэд зах зээлийн үнэлгээгээрээ, бараг 20 тэрбум USD хүрсэн буюу BTC, ETH, XRP 3-ын араас, дэлхийд 4-рт жагсаж байлаа. Гэхдээ өдөрт арилжаалагдсан тоо хэмжээгээрээ Биткойноос ч илүү буюу дэлхийд тэргүүлдэг.
Түүх
Tether нь, 2014 онд Realcoin гэсэн нэрээр, дэлхийн хамгийн анхны тогтвортой зоос болон гарч ирсэн ба түүнийг, Биткойнд хөрөнгө оруулагч Брук Пирс (Brock Pierce), бизнес эрхлэгч Рив Коллинз (Reeve Collins) болон програм хангамж хөгжүүлэгч Крейг Селлерс (Craig Sellers) нар хамтран бүтээсэн.
Анх гарахдаа, Omni Layer буюу Омни давхаргаар дамжин Биткойны протокол дээр бичигдсэн ч, өдгөө асар олон өөр Блокчэйнүүд дээр суурьшаад байна. ERC-20 токен хэлбэрээр Эфириумийн Блокчэйнээс эхсүүлээд TRON, EOS, Algorand, Solana, OMG гээд олон сүлжээнд тархсаныг нь, хэмжээний харьцуулалттайгаар доорх граф дээрээс харж болно.
Зах зээлд мэндлээд удаагүй байх үедээ ханшийн дэгдэлтэнд нэрвэгдэж, $1.2 USD хүртэл өсч байсан ч, 2019 оны эхэн үеэс эхлэн, сайн тархаж, ихээр арилжаалагдаж чадсаныхаа хүчинд үнэмлэхүй тогтворжоод байгаа.
USDT яаж ажилладаг вэ?
Тогтвортой зоосууд нь, ханшийн маш тогтуун чанараараа бусад крипто валютуудаасаа ялгардаг ба түүнийхээ ачаар Tether нь, крипто валют болон мөнгөн тэмдэгтийн хооронд хөрвүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байна.
USDT нь, USD-тэй ямагт 1:1 буюу тэнцүү үнэлгээтэй байна гэсэн тодорхойлолтоо өөрийн whitepaper буюу танилцуулга дээрээ тодоор цохон тэмдэглэсэн байдаг ба яг тэр хэсгийг нь доор, орчуулгын хамтаар нийтлэв.
Each tether unit issued into circulation is backed in a one-to-one ratio (i.e., one Tether USDT is one US dollar) by the corresponding fiat currency unit held in deposit by Hong Kong-based Tether Limited.
Орчуулвал:
Гүйлгээнд шинээр нэвтэрч буй нэгж Tether бүр, Хонг-конгод суурьтай Tether ХК-ын хадгаламжин дахь харгалзах фиат валютийн (тодорхойлбол: 1 Tether USDT = $1 USD) тоотой 1, 1-ээр тэнцүүлсэн харьцаатай байна.
гэжээ.
Анх гарахдаа, заавал USD-тэй тэнцэтгэнэ гэж заасан байсан боловч, сүүлдээ энэ заалтаа өөрчилж, үнэ цэнэ бүхий бусад зүйлсээр орлуулан төлөөлүүлж болохоор өөрчлөн, үнэт цаас, бусад төрлийн валют, эд хөрөнгөөр дүйцүүлэх болсон.
Ханшийн хэлбэлзэл ихэнх тохиолдолд, маш тогтвортой байдаг хэдий ч, зарим томоохон арга хэмжээний үед хэлбэлзэж байдгыг дараах зураг батална.
Tether яагаад чухал вэ?
Фиат, крипто хооронд гүүр болж өгөхөөс гадна, ханшийн тогтвортой байдал нь крипто арилжаанд оролцогчдод хялбар байдлыг бүрдүүлж өгдөг. Гэхдээ, бас санхүүгийн эрсдэл дагуулдаггүй гэж өрөөсгөл ойлгож болохгүй шүү.
Онцлог чанарууд
- 1:1 харьцаатай (USD - USDT);
- АНУ долларын ханш тогтвортой байхын хэрээр, түүнтэй адил хэмжээнд тогтвортой байна;
- Их олон Блокчэйн дээр гарсан буюу хөрвөх чадвар тун сайн;
- Бусад крипто валютаасаа ялгарах онцгой хэрэглээтэй;
USDT-н хэрэглээ
- Крипто зах зээл тэр чигтээ эсвэл хөрөнгө оруулсан бусад крипто валютийн ханш унаж, хөрөнгө оруулалт алдагдалд хүрэх шинж бүрдсэн үед, хүлээх хохирлын хэмжээг багасгахад хэрэглэж болно. Ингэхийн тулд, Tether-лүү хөрөнгөө хөрвүүлээд, тогтвортой ханшийнх нь давуу талыг ашиглана.
- Бирж хооронд хөрөнгөө хялбархан бөгөөд маш хурднаар шилжүүлэх боломжыг олгодог. Мөн, бусад зоосууд дээр арбитрын арилжаа хийхэд ч хэрэглэж болно.
- Фиат валютаар хөрөнгө оруулж эсвэл/болон гаргахыг зөвшөөрдөггүй, зөвхөн крипто валютаар л арилжаа хийдэг бирж дээр наймаалцахад хэрэглэгдэнэ.
- Forex буюу гадаад валютийн хэлбэрийн арилжаа гүйцэтгэх боломжтой. Энгийнээр тайлбарлавал, USD-с бусад валютийн, USD-тэй харьцах ханш чангарсан байхад нь USDT авч дараад, уг ханшийг сулрах үед буцаагаад мөнгөө гаргаж авах (эсвэл бусад криптод хөрвүүлэх) замаар ашиг хийж болдог.
Хадгалалт
Бараг бүхий л бирж, хэтэвчүүд дээр хадгалах боломжтой. Гэхдээ, USDT-г олон өөр Блокчэйн дээр байдгыг нь анхаарч, илгээх сүлжээгээ зөв сонгох хэрэгтэйг анхаараарай.
Жишээ болгон доорх зурагт, Байнанс биржээс Tether татах үед, сүлжээний сонголт хийх цэсийг харуулав.
Буруу сүлжээрүү илгээснээсээ болоод хөрөнгөө бүр мөсөн алдаж болох аюултай тул, анхаарал сэрэмжтэй хандах нь чухал. Жишээ нь л гэхэд, Omni USDT-с ERC-20 USDT хаягруу шилжүүлчихвэл, тухайн хөрөнгөө "хар нүх"-рүү хаясанд тооц.
Tether-ийн бусад хувилбарууд
USDT-с гадна, Tether-ийн дараах тогтвортой-зоосон төрлүүд байдаг.
- EURT: Евротой дүйцэх ханштай Tether
- CNHT: Хятадын Юантай тэнцэх ханштай Tether
- XAUT: Алттай адил үнэ ханш бүхий Tether
Уг зоос, түүний төсөл хөтөлбөрүүд, хөгжүүлэгчид, ханш болон зах зээлийн үнэлгээ зэрэг мэдээ мэдээлэл цаг алдалгүй авч байхыг хүсвэл ЭНД дараад CMC веб дээрх хуудсанд нь тогтмол зочилж байгаарай.
САНАМЖ: Уг нийтлэл нь мэдээлэл хүргэх зорилгоор бичигдсэн бөгөөд санхүүгийн зөвлөгөө биш болохыг анхаарна уу!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation