Блокчэйний хэрэглээ : Гуйвуулга
Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.
Мөнгөн гуйвуулга гэдэг нь, товчоор бол алс холын 2 өөр улсад суугаа хүмүүсийн 1, нөгөөрүүгээ мөнгө шилжүүлэх үйлдэл юм. Ихэнх тохиолдолд, хүний нутагт яваа цагаачид, ар гэрийнхэндээ илгээх явдал нь үүний гол жишээгээр хэлэгдэх нь бий. Өнөөдөр, хөгжингүй улсын ядуу буурай оронд олгох хандив, тусламжаас илүү буюу хамгийн их дүн мөнгөн гуйвуулгаар хийгдэж байна. Дэлхийн банкны явуулсан судалгаагаар, мөнгөн гуйвуулгын хэмжээ, сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж, өмнөх онтой нь харьцуулахад, 2017 онд 7.7%, 2018 онд 7.6%, 2019 онд 3.5%, 2020 онд 4.6% тус тус өсөлтийг үзүүлсэн байна. 2019 онд, цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор эрч суларсан, 2020 онд бага зэрэг нэмэгдсэн хэдий ч, сул хэвээр байсаар, 2021 оныг хүртэл, 14 гаруй хувиар буурсан гэсэн тооцоо гаржээ.
Зарим ядуу буурай улсын хувьд, гадаадаас гуйвуулгаар хүлээн авч байгаа мөнгө нь, эдийн засгийнх нь чухал хэсэг болох нь бий. Жишээ нь, 2017 оны Хаитигийн ДНБ-ний нийт хэмжээний 29%, 2018 онд 30.7 хувийг тус тус гадаадаас татсан мөнгөн гуйвуулга бүрдүүлж байв.
Асуудал
Дэлхийн банкны тооцоогоор бол, улс хоорондын мөнгөн гуйвуулгын зардал $200 USD тутамд $7 USD-той тэнцэж байгаа бөгөөд, 2018 онд нийт 689 тэрбум АНУ доллартай тэнцэх хэмжээний мөнгийг гуйвуулсан гэсэн судалгаа байгаа бол, түүний зардал болох 7% нь 48 тэрбум орчим АНУ доллартай тэнцэж байна.
Хэт өндөр шимтгэлтэйгээс гадна, дийлэнх ийм гүйлгээ нь 3дагч байгууллагаар дамжин гүйцэтгэгдэж, цөөнгүй шат дамжиж байгаа нь гол асуудал болоод байгаа юм. Энэ нь зардлаас гадна, гүйлгээний хэрэгжих хугацаанд ч сөргөөр нөлөөлж байгаа юм.
Блокчэйн дээрх асуудалд шийдэл болж чадах уу?
Блокчэйний гол зорилго бол дундын зуучыг халж, ажиллагааг хөнгөвчлөх явдал билээ. Блокчэйн нь, олон хяналт, дамжлагыг туулдаггүй учир цаг хугацаа, зардлыг зэрэг бууруулж чаддаг онцлогтой. Хэдийгээр, баталгаажуулах шатуудыг дамжих ч, тэдгээр нь төвлөрсөн бус, тархмал сүлжээнд маш найдвартай, аюулгүйгээр холбогдсон компьютерууд байх учир, хүндрэл учрах асуудал бараг гарахгүй. Мөн, гүйлгээтэй холбоотой ямарваа саатал гарах магадлал маш бага байдаг давуу талтай. Өөрөөр хэлбэл, өнөөгийн мөнгөн гуйвуулгад тулгамдаад байгаа томоохон асуудлуудыг Блокчэйн бүрэн шийдвэрлэж чадна.
Хэрэглээ
Гар утасны апп
Блокчэйн технологид суурилсан төлбөрийн олон олон шийдэл, хэрэгслүүд хөгжүүлэгдэн гараад байгаа ба зарим хэтэвчүүд, крипто валютийг маш хялбар, хурднаар худалдаж авах, зарах, шилжүүлэх, фиат валютанд хөрвүүлэх боломжыг хүртэл бүрдүүлээд байна.
coins.ph нь, олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн хэрэглүүрүүдийн 1 жишээ бөгөөд хэрэглэгчид нь, мөнгөн гуйвуулга хийх, хэрэглээний төлбөрөө төлөх, тоглоомын мөнгө худалдаж авах, крипто валютуудыг сольж, арилжаалах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтойн дээр, эдгээр үйлчилгээнүүдийн заримыг банкны данс холбохгүйгээр авж ч болохоор загварчилсан байна.
Цахим платформ
Зарим байгууллагууд, уламжлалт санхүүгийн системтэй шууд холбогдон ажилладаг бүтэцтэйгээр загварчлал бүтээн ажилладаг бөгөөд тэдгээрийн дундаас BitPesa-г онцлон нэрлэж болох юм. Уг онлайн платформ нь 2013 онд анх байгуулагдсан цагаасаа хойш, Африкт Блокчэйн технологийг нэвтрүүлэх их үйлсэд зүтгэж байна. Шимтгэл хураамж харьцангуй багатайн дээр, төлбөр төлөлт болон валют хөрвүүлгийн үйлчилгээг маш шуурхай үзүүлдгээрээ өрсөлдөгчдөөсөө ялгарч байна.
Мөн энд, Stellar гэх протоколыг жишээгээр нэрлэхгүй өнгөрч болохгүй байх. 2014 оноос хэрэгжиж буй уг төсөл, дэлхийн өнцөг булан бүрт санхүүгийн боломжыг хүртээмжтэй болгох зорилготой бөгөөд олон олон хүмүүс болон албан газруудыг холбох гүүр нь болоод байна. Уг платформын өөрийн төлбөрийн хэрэгслийг Stellar lumens (XLM) гэдэг. Энэхүү токены тусламжтайгаар, асар олон төрлийн фиат болон крипто валютуудын хооронд хөрвүүлэлтийг, хялбар бөгөөд хурднаар хийх боломж бүрдсэнээс гадна, уг төсөл нь BitPesa-н адилаар санхүүгийн бараг бүхий л үйлчилгээг зардал багатайгаар авах нөхцлийг бүрдүүлсэн, гайхалтай шийдэл болоод байна.
ATM
Automated teller machine буюу Автомат теллер машины хэрэглээ, гар утасны хэрэглүүрээс дутахааргүй хэмжээнд хүрээд буй энэ үед, түүнийг ч гэсэн хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагтай алхам юм. Ялангуяа, интернэт холбогдож ажилладаг, банкны салбарт зориулагдсан бэлэн сайхан төхөөрөмжийг Блокчэйний сүлжээн дэх нэгэн зангилаа болгож яагаад болохгүй гэж?
Яг энэ асуултын хариултыг олохоор, Bit2Me, MoneyFi зэрэг байгууллагууд, ATM-г Блокчэйнтэй хослуулан бүтээж байна. Тэдний зорилго нь, крипто валютийн картуудыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх явдал юм. Банкыг халж, зөвхөн ATM үйлдвэрлэж, хариуцан ажиллуулж, арчилж хамгаалахад л төлбөр төлдөг болсноор, зардал, түүнийг дагасан татаас буурч, хэрэглэгчдийг ч илүү татах боломжтой.
Тулгараад буй бэрхшээл болон дутагдалтай талууд
- Крипто - Фиат хөрвүүлэлт: Ихэнх тохиолдолд банкны данс шаардагдах тул, ийм хөрвүүлэлт хийх нь нилээдгүй төвөгтэй асуудал болон хувирч байгаа юм. Хэдийгээр үүнийг P2P сүлжээгээр шийдэж болох ч, бэлэн мөнгө гаргаж авах зэрэг тохиолдолд дахин 1 асуудал үүснэ.
- Утас болон интернэт: Ядуу буурай улсад интернэт хэрэглэж үзээгүй хүн зөндөө бий. Тэдэнд ухаалаг битгий хэл, "тэнэг" гар утас ч байхгүй. Гэхдээ, энэ асуудлыг ATM-аар шийдэх боломжтой.
- Нэвтрүүлэлтэнд учрах саад: Крипто валют гэж юу болохыг мэдэхгүй, дуулаа ч үгүй хүмүүс их бий. Тэдэнд үүнийг танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх нь багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой. Гэхдээ, Блокчэйний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, энэ асуудал багасна.
- Төвөгтэй байдал: Блокчэйн, крипто валют зэргийг бүрэн ойлгож мэдэхэд, технологийн багагүй мэдлэг шаардана. Ялангуяа шинэ зүйлийг ойлгож, хүлээн авах чадвар тааруу хүмүүст хэцүү санагдаж болно. Гэхдээ, манай блог дээрх нийтлэлүүдийг эхнээс нь сайхан уншаад явбал, яаж ажилладаг, ямар давуу болон сул талтай, ямар ирээдүйтэй зэргээс гадна, цаана нь ямар зүй тогтол оршдог, үүсэл хөгжил болоод хувьслын талаар хангалттай мэдээллийг олох боломжтой шүү. Үүнээс гадна, ихэнх бирж, хэрэглүүрүүд загварын хувьд дулимаг буюу ойлгомжгүй, заавар зааварчилгаа хангалтгүй байгаагаас болоод будлиан үүсэх, залхаж шантрах явдал бишгүй гарч байна.
- Ханшийн дэгдэлт: Крипто салбар нь, намба сууж, нас тогтоогүй, залуухнаараа байгаа учир, түүний эдийн засаг нь тогтворжоогүй, хөдөлгөөн ихтэй байгаа билээ. Түүнээсээ болоод өдөр тутмын хэрэглээнд болон зарим хэрэглэгчдэд зохимжгүй байгаа нь илт. Гэхдээ үүнийг шийдвэрлэх зорилготой бүтээгдсэн, тогтвортой зоосуудын төсөл цөөнгүй байгааг бас мартаж болохгүй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation