Крипто тайлбар толь [16-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Хүлээлт
Daemon - Тодорхой 1 нөхцөл бүрдэх эсвэл, үйл явдал гүйцэтгэгдэхийг хүлээн, идэвхгүй төлөвт орших боловсруулалтыг ийн нэрлэдэг.
Хувиа хичээсэн олборлолт
2013 онд хэвлэгдсэн, "Олонхи хангалттай биш: Биткойн олборлолт эмзэг" гэх гарчигтай, Корнеллийн шинжээчдийн нийтлэлд, уг нэр томъёог анх танилцуулсан байдаг. Хэдийгээр олборлолт нь шударгаар хөдөлмөрлөх шалтгаан болдог ч, түүнийг нь буруугаар ашиглах боломжтой гэж тэд үзжээ.
Хувиа хичээсэн 1 эсвэл нижгээд олборлогчид нийлж, бүтээсэн блокоо сүлжээрүү илгээлгүй, санаатайгаар саатуулж байгаад хаах замаар ашиг хийж болох аж. Бүтээгдсэн блокыг, сүлжээрүү шууд илгээгээд, шаардлагад нийцэж байвал урамшууллаа хүртэх ёстой. Энэ ажиллагааг зориудаар удааснаар, Блокчэйн дээр шинэ, хувийн хэлхээг үүсгэж болдог. Ингэснээр, бусад олборлогч нар, анхны бөгөөд үндсэн хэлхээн дээр блок хааж байхад, хувиа хичээгчид, шинэ хэлхээн дээр ажиллах боломжтой юм.
Ингэж өрх тусгаарлах нь, бусдаас дор хаяж 1 блокоор урьтах зорилгтой. Зангилаанууд, хамгийн олон PoW баталгааг хэрэгжүүлсэн хэлхээг зөв Блокчэйнд тооцдог учир, ингэж түрүүлсэн хэлхээгээ илчлэх үед, уг хэлхээ нь, хүлээн зөвшөөрөгдөх аюултай. Энэ үед, жинхэнэ хэлхээн дээр бүртгэгдсэн блокуудаас, салаа хэлхээнийхтэй зөрж байгаа блокууд өнчирж, тэдгээр дээр хийгдсэн байсан гүйлгээнүүд нь цуцлагдах юм. Түүнээс гадна, ийн түрж орж ирсэн шинэ хэлхээ, үндсэн хэлхээгээр сонгогдох үед, хувиа хичээгчид л урамшуулал хүртэж, анхны хэлхээн дээр блок хаасан олборлогчдын зарцуулсан цаг хугацаа, эрчим хүч, түүний зардал гээд л бүгд хийднэ.
Гэхдээ, ийм байдлаар амжилт олох магадлал нь хэшлэх чадлаас ихээхэн, азаас багахан хамаарна гэж дээрх нийтлэлд тодорхойлжээ. Аз гэж, жинхэнэ хэлхээн дээр дэмий ажиллаж, алдагдал хүлээхийн оронд, уг дэд хэлхээн дээр ажиллаад, ашиг хийхийг илүүд үзэх үзэл өргөн тархаж, шинэ хэлхээний хэшлэлтийг хүчирхэгжүхэүлж болно гэсэн онолыг тодорхойлж байгаа гэнэ. Хэрэв энэ үзэгдэл биеллээ олвол, Биткойн төвлөрсөн бус чанараа алдах эрсдэлтэй.
Хальт харахад, дээрх санаа нь бүтэмжгүй сонсогдож болох ч, Блокчэйнд ийм ноцтой дутагдал байна гэхээс, жийрхэх хүмүүс ч бас гарч байна. Тэгээд ч, төвлөрсөн шинж бүрэлдэхийн хэрээр крипто валютийн үнэ цэнээ алдах учир, Биткойноор урамшууллаа авах гэж байгаа хэн ч, түүнийг үнэлгээгээ алдаасай гэж хүсэхгүй болов уу.
Токен түгжилт
Крипто валютийг түр хугацаагаар арилжаалж, шилжүүлж болохгүй төлөвт хадгалахыг түгжих гэж тодорхойлно. Тухайн хөрөнгийн үнэлгээг урт хугацаандаа тогтвортой барих зорилгоор ихэвчлэн ингэж түгждэг. Ингэснээр, том шуудайтай халимнуудыг их дүнгээр 1 дор арилжаалж, ханшийг гоожуулахаас нь сэргийлэх тустай байдаг.
ICO арга хэмжээний дараа асар олон зарах захиалга овоорч болно. Ингэсэн тохиолдолд, ханш маш хүчтэй унаж болох учраас, хэсэг хугацаанд түгжих замаар эрсдлийг бууруулах боломжтой. Ялангуяа, хөгжүүлэлтийн баг болон санхүүжүүлэгч талын хөрөнгийг түгжсэнээр, төслийн үнэ цэнийг хадгалж болох юм. Энэ нь, эргээд урт хугацаандаа хамтарч ажиллах, хөрөнгө оруулах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх таатай нөхцлийг ч бүрдүүлж болно. Зарим хөрөнгө оруулагчид, токеныхоо үнэлгээг өсгөх үйлсэд гар бие оролцож эхлэх нь ч бий.
Түгжигдсэн зоосыг эргэлтийн хөрөнгөнд хамаардаггүй учир TA-ний явцад огт тооцоолддоггүйг анхаараарай.
Ханшийн хөдөлгөөн
Хөрөнгийн үнэ ханшийг харуулж буй граф дээрх өөрчлөлтийг ханшийн хөдөлгөөн гэх ба уг нэр томъёог таваарын, хувьцааны, гадаад валютийн, крипто валютийн, bond буюу өрийн бичгийн зэрэг бүх төрлийн арилжаанд хэрэглэнэ. Ханшийн хөдөлгөөнийг ажиглаж, шинжилгээ хийснээр, граф дээр үүсч буй загвар, чиг хандлагыг илрүүлж, тэдгээрээсээ хамаарсан арилжааны санааг олж, ашиглах боломжтой.
TA-ний цөм гэж нэрлэгдэх энэ үзүүлэлтийг олон төрлийн граф дээр хэрэглэж болох ч, Япон лааны граф дээр төлхүү хэрэглэдэг. Мөн, шугаман болон баганан графууд дээр ч өргөнөөр хэрэглэж байна.
Хар хунгын үзэгдэл
Гэнэт тохиолдоод, хүчтэй нөлөө үзүүлсэн үзэгдлийг хар хун гэж тодорхойлно. Уг нэр томъёог анх 2-р зууны үед амьдарч асан, Ромын яруу найрагч зохиолдоо ашигласнаар хэрэглээнд нэвтэрсэн.
Rara avis in terris nigroque simillima cygno
буюу шууд орчуулвал, "хар хун харсан мэт", утгачилвал "эвэртэй туулай харсан мэт" гэсэн санааг илтгэсэн байдаг. Тухайн үед хар хун байдгыг олж илрүүлээгүй байсан учир, уг хэллэг боломжгүй мэт зүйлсийг төлөөлүүлэхэд хэрэглэгдэж байв.
Харин, санхүүгийн салбарт 2007 онд хэвлэгдсэн "Хар хун: Үнэмшмээргүйн нөлөө" номоос үүдэлтэйгээр нэвтэрсэн гэдэг. Хар хунгын үзэгдэл дараах 3 шинж чанартай байна Үүнд:
- Хар хун нь, урьдчилан таних боломжгүй буюу өнгөрсөнд тохиолдсон үзэгдлүүдийн 1 нь ч түүнийг таамаглахад тус болж чадахгүй.
- Ихэвчлэн маш хүчтэй нөлөөг үзүүлдэг.
- Тохиолдоод өнгөрсний дараа л учир шалтгааныг нь тодруулж мэдэх боломжтой болдог учир, 1 тохиолдсоны дараа цаашид дахин тохиолдох үед, урьдчилан таних боломжтой болсон байна.
Ийм төрлийн үзэгдлүүдийн сүүлийн үеийн жишээнд: интернэт, хувийн тооцоолуур, зөвлөлтийн задран бутралт, 2001 оны 9-р сарын 11-ы халдлага хамруулдаг.
Сан хөмрөг
Компьютерийн програм хөгжүүлэлт болон хэрэглээнд ашиглагдах, тогтсон нөөцүүдийн багцыг library гэнэ. Нөөц гэдэгт, ачааллуулж болох хэрэглүүрүүд, бичиг баримтууд, загварын бэлдэц болон бэлэн кодууд хамаарна. Мөн, тодорхой 1 даалгаврыг биелүүлэх эсвэл заасан 1 үр дүнд хүргэх тооцооллын бэлэн боловсруулагчуудыг ч ийм хэлбэрээр багцлах боломжтой. Тэдгээр нь, код, тохируулга, ажиллагааны зааварчилгаа гэх мэтийн аль нь ч байж болно. Энгийнээр тодорхойлбол, бэлэн кодыг/ажлыг дахин шинээр эхнээс нь 1 бүрчлэн бичихгүй/гүйцэтгэхгүй, шууд дуудаж ажиллуулах/ашиглах боломжыг олгодог, хөдөлмөр хөнгөвчлөгч багажуудын цуглуулгыг ийн нэрлэнэ.
Сангууд нь, энгийн хэрэглээний (цаг харуулдаг, энгийн тооцоолол хийдэг г.м.) болон мэргэжлийн хэрэглээний (дууны гаралтыг шахдаг, нарийн төвөгтэй тооцоолол гүйцэтгэдэг г.м.) гэсэн 2 төрөлд хуваагдана. Хэрэглүүр хөгжүүлэхдээ ийм бэлэн санг ашигласан бол, тухайн хэрэглүүрийг ашиглахын тулд харгалзах санг системдээ суулгасан эсвэл татаж авч хадгалсан байх хэрэгтэй болдог.
Ийм бэлэн санг ашиглахад 1 л сул тал бий. Тэр нь: хөгжүүлэгч ч эцсийн үр дүнг л харж чадахаас, дунд нь ямар үйлдэл хэрэгжиж, юу болж байгааг мэдэх боломжгүй байх явдал бөгөөд үүнийг "Хар хайрцгын нөлөө" гэнэ.
Төгс тооцоолуур
Орчин цагийн, боломжит хамгийн өндөр хүчин чадалтай компьютер эсвэл виртуал машиныг (VM) supercomputer гэдэг.
Тусгайлсан
Ad Hoc гэдэг нь, "уг зорилгод нийцүүлж", "үүнд онцгойлон зориулсан" гэх утгыг илэрхийлэх латин үг юм. Энэхүү нэр томъёог, тухайн 1 асуудлыг шийдвэрлэж чадах ч, цаашид үндсэн гаргалгаа болж чадахгүй шийдлийг тодорхойлоход хэрэглэнэ. Хөдөө хээр явж байх үед, дугуй хагарвал, засвар очтол түр нөхөөс хэрэглэх эсвэл хүн гуйж, хамгийн ойрын засварлуу дугуйгаа өгч явауулах зэрэг явдал нь үүний жишээ болно.
Програм хөгжүүлэлтийн үед, тусгайлсан шийдэл гэсэн нийлмэл үгээр өргөн хэрэглэгдэх ба тулгамдан гарч ирсэн тухайн 1 асуудалд нь нийцүүлсэн засвар, сайжруулалтыг тодорхойлдог.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation