Крипто тайлбар толь [21-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Өөрчлөгдөшгүй, дархан байдал
Immutability гэж тооцоолуурын шинжлэх ухаанд, анхны үүсгэгдсэн хэв шинжээс нь өөрчилж, засварлах боломжгүй байдлыг илэрхийлдэг. Биткойн болон Блокчэйний хувьд, энэ нь онцлох гол давуу талаар нэрлэгддэг ба, үүнийхээ ачаар Засгийн газар болон томоохон байгууллагуудын дарамт шахаа, солио холио, мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах явдлаас хамгаалагдаж чадсан. Хүссэн мэдээллээ, хүссэн үедээ шалгах бүрэн боломжтой байдаг учир, үл засварлагдах чанар нь өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах дээд зэргийн шийдэл болсон гэж үзэж болно.
Ил Блокчэйний хувьд, энэ чанар нь өнөөгийн бүрэлдээд буй итгэлцэл болон хөндлөнгийн шалгалтын тогтолцоог бэхжүүлэхийн хажуугаар, ийм шалгалтыг гүйцэтгэхэд зарцуулах цаг хугацаа, төсөв мөнгийг хэмнэх боломжыг олгодог. Байгууллагын хувьд, ийм чанрыг буй болгосноор, үйл ажиллагаа болон орлого, зарлагын мэдээллээ бүрэн бүртгэж, тухайн өгөгдөлдөө үндэслэн зардлаа бууруулах гарцыг эрэлхийлэх, цаашлаад бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж ч болно. Түүгээр ч зогсохгүй, маргаан эцэслэх, найдвартай, хөдөлшгүй баримтыг бүрдүүлж өгөх ч боломжтой.
Хэдийгээр, Биткойн болон Блокчэйн нь өөрчлөгдөшгүй чанрын давуу талыг эдэлдэг анхны бөгөөд онцлох хэрэглэгчид мөн боловч, Блокчэйн дээрх өгөгдлүүд 100% бүрэн хамгаалагддаггүйг мартаж болохгүй. Халдахаар санаархагч сүлжээний нийт хэшлэх хүчин чадлын тэн хагасаас илүүг захирч чадсан тохиолдолд, 51% дайралтыг гүйцэтгэж, улмаар өгөгдлийг өөрчлөх эрхийг олж авч болдог. Мөн, шинээр хийгдэж буй гүйлгээнүүдийг баталгаажуулахгүй гацаах эсвэл бүүр буцаах ч боломжтой болох хэдий ч, Биткойн шиг том сүлжээний хувьд энэ төрлийн халдлагыг үйлдэхэд асар их хөрөнгө мөнгө, цахилгаан эрчим хүчний чадал, өндөр хүчин чадалтай олон тооны тоног төхөөрөмж хэрэг болно. PoW хэлбэрийн, хэшлэх чадал бага бусад сүлжээний хувьд ийм халдлагад өртөх магадлал өндөр ч, халдлага үйлдэхийн тулд хэшлэх хүчийг ашиглах нь, блок хаагаад хүртэх урамшууллын хажууд ашиг багатай байдаг тул, үйлдэгдэх нь бага байдаг.
Итгэлцэл шаардлагагүй байдал
Trustless зохион байгуулалт гэж, оролцогч талууд хоорондоо харилцан итгэлцэл үүсгэх эсвэл гуравдагч, итгэмжлэгдсэн талаар зохицуулалт хийлгэх шаардлагагүй байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ийм бүтэцтэй үед, системийг бүхэлд нь хянаж, удирдах ерөнхий удирдлага, зохицуулалтын төвлөрсөн цэг, гэж байдаггүй бөгөөд, оролцогч талууд 1 нөгөөгөө мэдэх ч шаардлагагүйгээр, зөвшилцөлд хүрэх боломжтой байх юм. P2P сүлжээний итгэлцэл шаардлагагүй байдлыг анх Биткойны төсөл дэлхий нийтэд танилцуулж байсан ба, үүний тусламжтайгаар түүн дээр гүйцэтгэгдэж буй гүйлгээнүүд баталгаажиж, Блокчэйнд халдагдашгүйгээр бичигдэж байдаг билээ.
Итгэлцэл нь, эдийн засгийн чухал хэсэг болох шилжүүлэг, гүйлгээний дийлэнхэд ямар 1 байдлаар хамааран оршдог гол хүчин зүйл хэдий ч, итгэлцэл шаардахгүй тогтолцоонд, эдийн засгийг өөрчлөх хүч бий. Гэхдээ, ийм системд харилцан итгэлцэл огт байхгүй гэж бодож болохгүй, харин маш бага л шаардагддаг болсон байдаг. Төвлөрсөн системд хэрэглэгч, ерөнхий удирдлага, зохицуулалтанд бүх хүч, эрх мэдлийг олгож, хувийн мэдээллээ даатгадаг тул, маш чанд итгэлцэл үүссэн байх нь бий. Гэвч, энэ төрлийн систем нь гэмтэл доголдол гарах, халдлага дайралтанд өртөх, хакдуулах, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг олон зөрчил, дутагдлаараа хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг мохоож байдаг. Түүгээр ч зогсохгүй, итгэж хадгалуулсан, үнэмшиж харж буй мэдээлэл, өгөгдлүүдийг тань Таны зөвшөөрөлгүйгээр, санаатайгаар өөрчилж, 3-дагч этгээдэд худалдаж, бүр устгаж, хандах эрхийг хязгаарлах нь энүүхэнд.
Мөнгө, санхүүгийн хувьд төвлөрсөн тогтолцоо илүү өргөн нэвтэрч, хэрэглэгдэж байгаа нь үнэн боловч, сүүлийн үед банк болон уламжлалт санхүүгийн систем итгэх, хүмүүсийн итгэл буурч, Блокчэйний гайхамшгийг ойлгож хэрэглэх нь нэмэгдэж байна. Хэн ч зоргоороо өөрчилж чадахгүй, компьютерийн код, давуу эрхтэй хэрэглэгчгүй систем нь, 1 баян, том даргын ааш авираар шийдэгдэх, амархан эвдэгдэх тогтолцооноос хамаагүй илүү гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Биткойн болон бусад PoW загварын Блокчэйнүүд нь, шударгаар хөдөлмөрлөгсдийг урамшуулах замаар, итгэлцэл шаардлагагүй системийг бүтээсэн бөгөөд, мөнгөн шагнал нь сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах, оролцогч, харилцагчдын хоорондын ойлголцлыг бэхжүүлэх чухал нөлөөлөгч хүчин зүйл болдог. Үүнийхээ ачаар Блокчэйн, төвлөрсөн цэгт учирч болох аюулуудаас бүрэн дархлагдсаны дээр, бусад халдлага, сул талуудаас ч сайтар хамгаалагдаж чадсан.
BEP-2
Binance Chain буюу Байнанс хэлхээн дээр токен үүсгэн бүртгүүлж, ачааллуулах техникийн жишгийг BEP-2 гэнэ. Уг жишигт, Байнанс хэлхээний экосистемд ажиллахын тулд, токенуудын дагаж мөрдөх дүрмүүдийг тусгаж өгсөн байдаг. Энэ жишиг нь, Эфириумийн хувьд ERC-20 жишигтэй адил ойлголт юм. BEP-2 нь програм хангамж биш, техологийн шаардлага бөгөөд, Байнанс хэлхээний экосистемийн хэвийн ажиллагаа, токенуудын хоорондын харилцааг зохицуулах үүргийг гүйцэтгэнэ. BEP-2 жишгээр олон төрлийн цахим хөрөнгө, арилжаалж болох бараа бүтээгдэхүүнийг үүсгэж болно. Ийм бэлэн жишгийг ашиглах нь, асар их ажил, цаг хугацаа, хөдөлмөр хэмнэх давуу талтай.
Байнанс хэлхээний унаган зоосыг Байнансийн зоос гэх ба BNB гэсэн 3 үсгээр тусгайлан тэмдэглэдэг. Уг зоос нь, Эфириумийн хийн адилаар сүлжээний шимтгэл төлөхөд хэрэглэгдэх тул, BEP-2 токенийг шилжүүлэх, ашиглахын тулд багахан хэмжээний BNB-г мөн эзэмшиж байх шаардлагатай. BEP-2 төрлийн токенуудыг, хадгалж чадах олон хэтэвч байгаа ч, Trust Wallet-г хэрэглэх нь хамгийн зохимжтой болов уу. Төхөөрөмжин хэтэвч сонирхдог бол, Ledger Nano X, Ledger Nano S, Trezor Model T, Coolwallet S зэрэг хэтэвчүүд BEP-2 дэмжин ажиллана. Байнанс хэлхээн дээр бүртгэгдсэн токенуудын жагсаалт, харгалзах мэдээллийг харахыг хүсвэл ЭНД дараад, Байнанс хэлхээний блокын хөтчөөр зочлоорой.
Хураангуй өгөгдөл
Өөр өгөгдлийн талаарх мэдээллийг агуулсан өгөгдлийг Metadata гэнэ.
GitHub
GitHub нь, вебд суурилсан, нээлттэй эхийн хөгжүүлэлт, байршуулын платформ юс. Энд хэрэглэгчид, фаял, бичиг баримт, код зэргийг өөрийн бүртгэл дээр хуулж бөгөөд, түүнийг нь бүртгэлгүй хэрэглэгчид ч харах, татах, хөгжүүлэлтэнд саналаар болон гүйцэтгэлээр оролцох боломжтой байдаг. Зардал багатай байхаар загварчилагдсаныхаа хүчинд, GitHub нь өдгөө дэлхий дээрх хамгийн том, эх кодын талбар болоод байна. Уг вебд хандахыг хүсвэл ЭНД дараарай.
#CoinMarketCap
Тусгаарлагдсан хөшүүрэг
Isolated Margin-г, тухайн 1 төлөвт харгалзах хөшүүргийн дүн гэж ойлгож болно. Тусгаарлагдсан ийм хөшүүрэгт арилжааны горим нь, тусдаа хөшүүрэгтэй төлвүүдийг нээх замаар эрсдлийн зохицуулалт гүйцэтгэх боломжыг олгодог. Эдгээр төлөв бүрийн хөшүүргийн хэмжээг тусад нь тохируулж болох бөгөөд, Isolated Margin горимд хүчээр хөрвүүлэгдэх үед, бүх маржныг бус, тусгаарласан хэмжээгээр л хөрвүүлдэг. Жишээлбэл, хэрэглэгч маань, $1'000 USD-ын үнэлгээ бүхий BTC-ын 10х хөшүүрэгт арилжаанд орох хүсэлтэй байг. Түүний маржн дансанд нийт $2'000 USD байсан бөгөөд түүнийхээ тодорхой хэсгийг л эрсдэлд оруулж чадахаар байсан гэж үзвэл, тэр $100 USD-ыг тусгаарлагдсан маржн дансандаа байршуулаад, түүнийгээ ашиглаж болно. Ингэсэн тохиолдолд, төлвөө хаалгалаа ч, ердөө $100 USD-ыг л алдах юм.
Тусгаарлагдсан хөшүүргийн горимд, нээлттэй байгаа төлвийн хөшүүргийн хэмжээг өөрчилж болдог. Өөрөөр хэлбэл, төлөв хураагдахад ойртсон байвал, маржнаа өсгөөд, түүнийг хамгаалж авч үлдэж болно гэсэн үг. Энгийн маржн горимд нэгэнт нээгдсэн төлвийн хөшүүргийг тохируулах боломжгүй байдаг тул, арилжаанд орохын өмнө төлвийн горимоо шалгаж, зөв тохируулж хэвших хэрэгтэй.
Хөндлөн хөшүүрэг
Тусгаарлагдсан хөшүүргээс гадна, хөшүүрэгт арилжаанд өргөн хэрэглэгддэг өөр 1 чухал горим бол, Cross Margin. Энэ горим нь, маржн дансан дахь бүх дүнг, нээлттэй байгаа төлвүүдийн дунд харилцан хүртээмжтэй түгээх замаар, татан буугдахаас нь сэргийлж байдаг. Хөндлөн хөшүүргийн үед, хүчээр хөрвүүлэлт тохиолдвол, нээлттэй байгаа төлвүүдийн хамтаар, дансан дахь хөрөнгөө цөмийг нь алдах эрсдэлтэй байдаг. Хүчээр хаагдахад дөхсөн төлвийн амссан хохирлыг, өөр төлвийн ашгаар нөхдөг учир, ихэнх арилжааны платформууд уг горимыг, үндсэн горимоор тохируулсан байдаг. Энэ сэдвийг сонирхож байвал, "Margin Trading", "Forward & Futures Contract", "Perpetual Futures Contract" зэрэг нийтлэлүүдийг уншаарай.
Олборлолтын аж ахуй
Крипто валютийг олборлох зорилгоор, олон тооны олборлогч төхөөрөмжүүдийг нэгтгэн ажиллуулж буй байр, газрыг Mining Farm гэнэ.
Хүндрэлийн тэсрэлт
Эфириумийг PoS системд шилжүүлэх явцдаа нэмж тусгасан, олборлолтын хүндрлийг огцом өсгөгчийг, Difficulty Bomb гэнэ. Эфириумийн олборлолт, дунджаар 10-20 секунд тутамд 1 блок хаагдахаар тохируулагдсан байдаг ба, олборлогчдын тоо нэмэгдэхийн хэрээр, тэдний олборлох нийт чадалд тааруулан хүндрэлийг нэмэгдүүлэх журам үйлчилж байдаг. Гэвч зөвшилцлийн энэ алгоритмын хэв загвар нь мөн, блокын тодорхой өндөрт хүрэх үед, нийт хүндрэлийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгайлан заасан нэмэлт хүндрүүлэгчтэй байдаг ба түүнийг хүндрэлийн тэсрэлт хэмээн нэрлэдэг. Энгийнээр бол уг тэсрэлт нь, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олборлолт гүйцэтгэхэд хэцүү болгох зориулалттай бөгөөд, ийм байдлаар олборлогчдын тоог цөөлөх зорилготой аж. Хүндрэлийн тэсрэлт нь, эцэстээ "мөстлөгийн үед" хүргэх буюу цаашид олборлох боломжгүй болгох зохицуулалт юм. Энэ зохицуулалыг, Эфириумийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөний дагуу, PoW-г халах зорилгын хүрээнд нэвтрүүлсэн. Гадаслалтыг гол зорилго болгохоор зорьж буй учир, хуучин хэлхээн дээр шинэ блок үүсгэх ажиллагааг үүгээр хааж байгаа ба, энэ зохицуулалтын ачаар, 2 тусдаа салаалсан хэлхээ зэрэгцэн хөгжихгүй байх боломжыг бүрдүүлжээ. Түүнчлэн үүний нөлөөгөөр, Эфириумийн хэлхээний хөгжүүлэлтийг удаашруулж, зогсонги байдалд оруулж болохгүй нөхцөл үүссэн нь, зогсолтгүй хөгжүүлэгдэхийн үндсийг тавьсан чухал ач холбогдолтой юм.
Цагийн түгжээнд хэшлэгдсэн гэрээ
Hashed TimeLock Contract (HTLC) нь, төлбөр төлөх сувгуудыг өөрчлөн зохион байгуулж чадах ухаалаг гэрээг үүсгэгч тусгай чадвар/боломж юм. Энгийнээр бол HTLC нь, 2 хэрэглэгчийн хооронд хугацаанаас хамааран хэрэгжих гүйлгээг гүйцэлдүүлэх боломжыг олгоно. Тодруулбал, HTLC гүйлгээг хүлээн авагч нь, төлбөрийг хүлээн авсан тухай криптограф баримтыг зохих хугацаанд (эсвэл блокын өндрийн тоонд) багтаан хариу илгээж, мэдэгдэх ёстой ба, тэгээгүй тохиолдолд тухайн гүйлгээ автоматаар буцаагдана. HTLC-ийг, дундын зуучийн оролцоогүйгээр, 2 чиглэлт болон замчилсан төлбөрийн сувгуудын аль алинд ашиглаж болох ба, крипто валютийн HTLC шилжүүлгийн жишиг нь дараах 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Хэшийн түгжээ - Хөрөнгийг, криптограф баримтыг олгох хүртэл, түгжиж хадгална.
- Цагийн түгжээ - Хөрөнгийг, тодорхой хугацаанд (эсвэл блокын өндөрт хүртэл) түгжинэ. Энэ боломжыг, Биткойнд нэвтрүүлэн ашиглах бүрэн боломжтой бөгөөд, үүний тулд CheckLockTimeVerify болон CheckSequenceVerify функцүүдийг ашиглах шаардлагатай.
HTLC-ийг ашигласан, хамгийн алдартай жишээгээр LN-г нэрлэж болно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс уншиж болно. HTLC-ийг мөн, солилцоо, санхүүгийн ухаалаг гэрээ, Escrow буюу тусгай нөхцөлт хадгаламж зэрэгт хэрэглэх боломжтой байдаг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation