Крипто тайлбар толь [20-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Тайлал
Нууцлагдсан мэдээллийг анхны, эх загварт буцаан сэргээх үйлдлийг Decryption гэнэ. Энгийнээр бол, өгөгдлийг анх нууцлах үед, түүнийг эргүүлэн гаргаж авахад хэрэглэх түлхүүр үүсдэг ба, тэрхүү түлхүүрийг нь ашиглах явдлыг нь тайлал гээд байгаа хэрэг.
Боловсруулагч нэгж
Зааварчилгааны дагуу, энгийн үйлдлүүдийг гүйцэтгэх, програмуудад зааварчилгааг ойлгуулах үүргийг хүлээсэн цахилгаан хэлхээг, Central Processing Unit (CPU) гэдэг. Энгийнээр бол энэ нь, компьютерийн тархи нь бөгөөд, арифметик буюу тооцоолол, логик буюу онол, удирдлага, I/O буюу оролт гаралт зэргийг гүйцэтгэх чадвартай байна. CPU гэх нэр томъёог 1960-аад оноос өргөн хэрэглэж эхэлсэн ба, уг эд анги дараах 4 үүргийг гүйцэтгэх, дэд нэгжүүдээс тогтоно. Үүнд:
- Удирдлагын нэгж - CPU-р дамжих өгөгдөл, зааварчилгаануудыг зохицуулна.
- Arithmetic Logic Unit (ALU) буюу Тооцоолол, онолын нэгж - Арифметик, логик боловсруулалтуудыг гүйцэтгэнэ.
- Registry буюу Бүртгэлүүд - Өндөр хурдаар хандах боломжтой, дотоод санах ойн эсүүд. Хувьсагчид (хаягууд, өгөгдлүүд г.м.) болон ALU-ийн боловсруулалтын үр дүнгүүдийг хадгалах зориулалттай.
- Cache буюу Кэш - Хэмжээ багатай боловч, өндөр хурдтай ачааллаж чаддаг тусгай санах ой. Үндсэн санах ойд хандах шаардлагыг бууруулж, CPU-ийн гүйцэтгэлийг түргэсгэх чухал ач холбогдолтой.
Эдгээр дэд-нэгжүүд нь өөр хоородоо хугацааны нарийвчлалаар холбогдох ба дараах 3 үндсэн зохицуулагчаар дамжин ажилладаг.
- Data bus буюу өгөгдөл дамжуулагч.
- Address bus буюу хаяг дамжуулагч - Санах ойд унших эсвэл бичихийг нь зааж өгнө.
- Control bus буюу удирдлага дамжуулагч - Оролт гаралтын бусад төхөөрөмж, эд ангиудыг зохион байгуулах боломжыг олгоно.
Дээрхээс гадна, CPU-ийн гүйцэтгэх чадах зааварчилгаагаар нь дараах 2 үндсэн төрөлд ангилж болно.
- Complex instruction set computer (CISC) буюу Цогц зааварчилгаа бүхий тооцоолуур - Олон жижиг боловсруулалтыг, олон зэрэг боловсруулах замаар, нарийн төвөгтэй тооцооллыг хурдтай гүйцэтгэх боломжтой.
- Reduced instruction set computer (RISC) буюу Цомхон зааварчилгаа бүхий тооцоолуур - Нэгж хугацаанд, 1 л жижиг боловсруулалтыг гүйцэтгэх чадвартай.
Биткойн Пицца
Биткойноор бодит эд зүйл худалдаж авсан, түүхэн дэх анхны тохиолдлыг Bitcoin Pizza хэмээн нэрийддэг. 2010 оны 5-р сарын 22-нд, Ласло Ханец (Laszlo Hanyecz) гэгч, програм хөгжүүлэгч залуу, тухайн үедээ Биткойны талаар ярилцаж болох цорын 1 нээлттэй индэр болох BitcoinTalk дээр 10'000 BTC-оор 2 том пицца авмаар байгаагаа зарлаж байсан ба, тус нийтлэлийг нь ЭНД-ээс уншиж болно. Тухайн үед 10'000 BTC нь, $41 USD-той тэнцэж байсан буюу 1 ширхэг BTC = 0.0041 АНУ доллар = 0.41 центээр үнэлэгдэж байжээ. Түүнд нийт $25 USD-ын үнэ бүхий 2 том пиццаг, тус форумын өөр нэгэн гишүүн хүргэж өгсөн бөгөөд, тэрээр тухайн үедээ час хийсэн 16 ногооны ашгийг халааслаад авсан гэдэг.
2021 оны 4-р сард Биткойны ханш "дэлбэ" өсч, ширхэг нь $60'000 USD үнэ хүрэх үед, Биткойн Пиццаны захиалгын нийт дүн 600'000'000 АНУ доллартай тэнцэхүйц хэмжээнд хүрч, олны анхаарлыг татсан байна. Түүнээс хойш, 5-р сарын 22 өдрийг Bitcoin Pizza Day буюу Биткойн Пиццаны өдөр хэмээн нэрлэх болжээ.
Ханец төлбөрт тушаасан Биткойноо, энгийн хэрэглээний компьютероороо олборлож цуглуулсан байсан бөгөөд, тэр цагаас хойш олборлогчдын дунд өрсөлдөөн ширүүсч, улмаар ASIC-үүд хөгжүүлэгдэх болсон байна. Тэрээр сүүлд өгсөн ярилцлагадаа, 10'000 BTC-г 2 пиццанд зарцуулсандаа харамсдаггүй гэж мэдэгдсэн бөгөөд, тухайн үед Биткойныг цөөхөн хэдхэн хүн л сонирхдог байсныг дурьджээ. Тэр үед, компьютер ажиллуулаад олсон, хийсвэр мөнгөөрөө бодит эд зүйл авна гэхэд итгэх хүн тун цөөхөн байсан биз. Тухайн үедээ энэ наймаа, тун боломжын тохиролцоо төдий байсан нь ойлгомжтой ч, өдгөө бол тэс ондоо түвшинд хөгжөөд байгаа билээ.
Сонирхуулахад, Ханец 2018 онд аянгын сүлжээ ашиглан, дахин 2 ширхэг пиццаг 0.00649 BTC-оор худалдаж авсан байдаг, түүний бичсэн тэмдэглэлийг ЭНД-ээс уншиж болно.
Хүндрэл
Крипто валютийн хувьд Difficulty гэдэг нь, блок хаахад шаардагдах хүч хөдөлмөрийн хэмжээг тодорхойлсон ойлголт юм. PoW төрлийн Блокчэйнүүд, сүлжээний нийт хэшлэлийн хүчин чадлаас хамаарч, үүнийг өөрчилж тохируулдаг дүрмүүдтэй байдаг.
Хүндрэлийн ачаар, блок хэт хурдан үүсэх, түүнийг дагасан сүлжээний аюулгүй байдалд заналхийлэх асуудал үүсэхээс сэргийлэх боломжтой болдог. Жишээлбэл, Биткойны хувьд, 10 минутанд 1 шинэ блок үүсч байх ёстой ба, хэрэв энэ хугацаанд блок үүсч амжихгүй бол, хүндрэлийг бууруулах замаар, хурдыг нь нэмж байдаг. Хүндрэлийг тохируулахдаа, зорилтот 1 хувьсагч утгыг тодорхойлж өгөх ба, түүнээс нь бага утга бүхий хэш үүсгэхгүй л бол, олборлосон блок хүчингүйд тооцогдох юм.
Бэлчир
Confluence гэж 2 гол уулзаж, нийлэх цэгийг хэлдэг боловч, санхүүгийн хэлэнд хэд хэдэн арилжааны төлөвлөгөө болон арилжааны дохио нэгэн цэгийг заах үзэгдлийг ийн нэрлэнэ. Урт хугацааны хөрөнгө оруулалтын хувьд, олон тусдаа хөрөнгө дээр, олон өөр төлөвлөгөөг ашиглаж хөрөнгийн багц үүсгэх үед, бэлчир тохиох боломжтой болдог. Энгийнээр бол, хөрөнгийн төрөлжүүлэлт болон төлөвлөгөөнүүдийг нэгтгэсэн цоморлигийг ийн нэрлэдэг. TA-ний үед, арилжааны олон өөр үзүүлэлт болон аргуудаас бүрдсэн төлөвлөгөөг хөгжүүлж, хэрэглэх болон олон тусдаа дохиогоор, таамаглалаа баталгаажуулахаар оролдох явдлуудын аль алиныг бэлчир гэж тодорхойлж болно.
#CoinMarketCap
Хүчээр хөрвүүлэлт
Хөрөнгийг бэлэн мөнгө болон түүнтэй төстэй тогтвортой зоос зэрэг бусад төлбөрийн хэрэгсэлрүү автоматаар хөрвүүлэх явдлыг Forced Liquidation гэнэ. Өөрөөр хэлбэл, хөшүүрэгт арилжааг хаахын тулд, үүсгэж ашигладаг шууд захиалгыг ийн нэрлэдэг. Хөрвүүлэлт гэсэн нэр томъёо дангаараа бол, хөрөнгийг мөнгөөр солих гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд, хүчээр хөрвүүлэх гэж тодорхойлсон үед, нөхцөл эсвэл нөхцлүүд биелэгдсэн үед, солих үйлдлийг шууд хэрэгжүүлэх үйлдлийг заана.
Крипто валютийн арилжаанд, хөшүүрэгтэй төлвийнхөө шаардлагыг барьж чадаагүй үед, ийм хөрвүүлэлт хийгддэг бөгөөд энэ ойлголт Фьючерс болон Маржн арилжаануудад ижил үйлчилдэг. Ийм төрлийн арилжаануудын үед, хөрвүүлэлтийн ханшийг сайтар манаж байх хэрэгтэй бөгөөд, хэдий их хөшүүрэг тавина, хөрвөх ханш нь оруулсан хөрөнгийн тань дүнд төдий чинээ ойртдогыг анхаарах хэрэгтэй.
Хүчээр хөрвүүлэгч нь, хөрвүүлэлтийн нэмэлт шимтгэлийг татдаг ба түүний дүн нь бирж бүр дээр харилцан адилгүй байдаг. Тиймээс хөшүүрэгт арилжаанд орохын өмнө бүхий л эрсдэлтэй нь заавал, бүрэн танилцсан байх хэрэгтэй. Ихэнх биржүүд, хэрэглэгчиддээ төлөв нээхээсээ өмнө, хөрвүүлэлтийн ханш, хэмжээ, шимтгэлийг урьдчилж тооцох боломжыг нь олгосон байдаг тул, энэ төрлийн арилжааны захиалга өгөх бүртээ харгалзах тооцоололтой нь танилцаж хэвшээрэй.
Сосан
Memory Pool (товчоор, Mempool) буюу санах ойн сан гэж, крипто валютийн зангилааны баталгаажаагүй байгаа гүйлгээнүүдийн мэдээллийг хадгалах аргыг нэрлэдэг. Энгийнээр бол сосан нь, блокт хараахан бичигдээгүй, бичигдэхээр хүлээгдэж буй гүйлгээнүүдийг түр байршуулсан, хүлээлгийн өрөөний үүргийг гүйцэтгэнэ.
Гүйлгээ үүсмэгцээ, сүлжээн дэх нэгжүүдрүү цацагдах бөгөөд, хүлээн авагч нь түүнийг цааш бусад нэгжүүдрүү бас илгээдэг. Ингэж түгээгдсээр, сүлжээний хэрэглэгчдийн олонхид хүрсний дараа түүнийг блокт бичих боломжтой болно. Блокчэйнд шууд бичигдэлгүй, ингэж хүлээгддэг учир, тэдгээрийг байршуулах ийм түр санах ойтой байх зайлшгүй шаардлагатай байдаг.
Гүйлгээ тус бүрийн гарын үсгүүд зөв байгаа эсэх, гаргах хөрөнгийн хэмжээ нь, дансан дахь нийт дүнгээс хэтэрсэн эсэх болон тухайн хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан эсэх зэрэг олон олон зүйлсийг зангилаа нэг бүр дээр шалгаж байдаг ба, ямар 1 зөрчил илэрвэл, тухайн гүйлгээг хүчингүйд тооцож, буцаана. Гэвч mempool нь, нийт зангилаануудын дунд үүссэн нэгдсэн том орон зай биш, өөр өөрөөр тохируулагдсан, харилцан адилгүй хугацаанд мэдээллийг хүлээн авч байдаг, тусдаа үүсч, тусдаа ажилладаг сангуудаас бүрдэнэ. Ингэхдээ, зангилааг үүсгэгч төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарч, тохируулагддаг байна.
Олборлогчдын ихэнх нь ашгийн төлөө ажиллаж байдгаас шалтгаалан, сосан дотроос хамгийн өндөр шимтгэлийг тушаасан гүйлгээнүүдийг түүвэрлэн, блокт түрүүлж бичих нь нийтлэг үзэгдэл болоод уджээ. Блокын хэмжээний хязгаар, хэт их эрэлттэй байдал зэргээс шалгаалан шимтгэлийг тохиромжтойгоор тааруулахад төвөгтэй байдаг хэдий ч, гүйлгээг ийн ангилах боломжыг олгох талбар нь, mempool болдог аж.
Линукс
Linux нь, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж буй, өөрчлөн зохион байгуулах өргөн боломжыг агуулсан, алдартай үйлдлийн систем юм. Орчин цагийн бараг бүхий л техник технологи, тоног төхөөрөмжийг, програм хангамжтай холбох гүүр болоод байгаа энэ системийг, анх 1991 онд Линус Торвалдс (Linus Torvalds) гэгч бүтээж байсан. Нээлттэй эх дээр хөгжүүлэгддэг учир, албан болон амины аль ч хэрэглээнд үнэ төлбөргүй ашиглах боломжтой байдаг ба, хэн ч уг системийг өөрийнхөөрөө өөрчилж, зөвшөөрлийн дагуу ашиглаж, түгээж болдог.
Уян хатан чанар нь Линуксийг, хувийн компьютероос, сервер, супер-компьютер, ухаалаг утас, Тв, интернэтийн сүлжээний төхөөрөмжүүд, гэрэл зураг, дүрс бичлэгийн камер, хөгжмийн хэрэглэл, авто-машинд ч өргөнөөр хэрэглэх шалтгаанаар нэрлэгддэг. Техник талаас нь харвал, Линукс нь kernel буюу цөм хэмээх, үйлдлийн системийг ажиллуулах гол хэрэглүүр хэлбэрээр бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл, цөм нь програмын кодыг, техникт ойлгомжтойгоор орчуулдаг хөрвүүлэгч юм. Гэхдээ энэ цөмийг дангаар нь ашиглахад төвөгтэй учир, хэрэглэгчийн харилцах самбар зэрэг бусад нэмэлтээр тоноглон сайжруулж, гаргадаг ба тэдгээрийг нь Linux Distributions (товчоор, distros) буюу Линуксийн төрлүүд гэнэ.
Линуксийн ямар ямар төрлүүд байдаг вэ?
Албан байгууллагууд болон хоршоо нэгдлүүд, Линуксийг өөрсдийн хэрэглээнд нийцүүлэн олон янзаар хөгжүүлж ирсэн бөгөөд асар олон загварыг үүсгээд байгаа. Debian, Arch Linux зэрэг олонд танигдсан, сонирхогчдын хөгжүүлдэг төслүүд байхад, томоохон байгууллагуудад зориулсан Fedora, openSUSE зэрэг хувилбарууд ч бас бий. Төрөл бүр өөр өөр зориулалттайгаар хөгжүүлэгдэж байдаг ба, тэдгээрийн заримыг жишээ болгон дурьдвал, хувийн мэдээллийг нууцлагч нь TAILS, хэрэглэхэд хялбар нь Ubuntu, өөрчлөн зохион байгуулах асар өргөн боломжтой нь Arch г.м. болно.
Линуксийг хэрэглэхийн ашиг тус нь юу вэ?
Линукс бол, олон талын хэрэглээтэй, өндөр үр ашиг, хүчин чадалтай, аюулгүй байдлыг сайтар хангасан үйлдлийн систем юм. Хэрэглэгч бүр, өөр өөрийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн өөрчлөх бүрэн боломжтойн дээр, хөнгөн авсаархайн байдал нь, хурдтай ажиллагааг бүрдүүлж, хуучин төхөөрөмж дээр ч ашиглах боломжыг олгодог онцлогтой. Линуксийн ихэнх төрлүүд, энгийн хялбар, хамгаалалт өндөртэй, нууцлал өндөртэй, эсвэл өөрчлөн тохируулах боломж өндөртэй зэргээс сонгон ашиглах нөхцлийг ч бүрдүүлж өгөх нь бий.
Зарцуулагдаагүй гүйлгээний гаралтууд
Шинэ гүйлгээний оролт болж болох, өөр гүйлгээий гаралтыг unspent transaction output (UTXO) гэдэг. Товчхондоо бол UTXO нь, Блокчэйний гүйлгээ бүрийн хаана эхэлж, хаана дуусахыг заадаг тодорхойлогч юм. Биткойн болон өөр бусад олон крипто валютууд, UTXO загварыг ашигладаг буюу крипто валютийн гүйлгээнүүд оролт/гаралтаас бүрддэг. Гүйлгээ бүр 1 эсвэл олон UTXO-ыг оролт болгох ба, цахим гарын үсгээрээ тэдгээрийг өөрийн болохыг баталснаар гаралт үүснэ. Ингэж хэрэглэгдсэн UTXO нь, зарцуулагдсанд тооцогдох учир, дахин ашиглагдах боломжгүй болно. Гэхдээ түүний гаралтаас үүссэн гүйлгээ нь, шинэ UTXO үүсгэж, дараа өөр гүйлгээнд ашиглагдах боломжтойгоор хүлээгдэнэ. Ойлгомжтой болгох үүднээс, жишээн дээр танилцуулъя.
А хэрэглэгчийн хэтэвчинд, 0.45 BTC байв. Тэр нь хэд хэдэн UTXO-аас бүрдсэн байх боломжтой буюу 0.4 BTC, 0.05 BTC гэсэн 2 тусдаа гүйлгээгээр хэтэвчинд орж ирсэн гэж үзье. Түүнээсээ 0.3 BTC-ыг нь тэрээр, Б-д шилжүүлэх шаардлагатай бөгөөд, үүний тулд А 0.4 BTC-той хэсгээсээ тасласан гэж бодъё. Шууд хасч илгээгдэх мэт харагдавч үнэндээ, 0.3-г нь Б-ын хэтэвчрүү, үлдсэн 0.1-г буцаагаад өөрийн хэтэвчрүү шилжүүлэх замаар гүйлгээ хийгдэнэ. Хэдийгээр гүйлгээний шимтгэлээс шалтгаалж эргүүлэн авах дүн 0.1 хүрэхгүй болох ёстой ч, жишээг хялбарчлах үүднээс шимтгэл гэсэн ойлголтыг түрдээ халцгаая.
Уг жишээний дагуу бол, А хэрэглэгч 0.4 BTC-г UTXO оролт болгохдоо, 0.3-г нь таслаад, Б-ын хаягруу, бусдыг нь өөрийн хаягруу эргүүлэн татах захиалга бичсэн байгаа юм. Тухайн 0.4 BTC-той UTXO дахин ашиглагдахгүй дүрмийн дагуу халагдаж, оронд нь, А-ын хаягт огт ашиглагдаагүй 0.1 BTC-той UTXO, Б-ийн хаягт ашиглах боломжтой 0.3 BTC-ын UTXO тус тус үүснэ. Хэрэв, А-ын төлөх ёстой дүн 0.42 байсан гэж үзвэл, тэрээр 2 дүнгээ нэгтгээд, 0.45-ийн 1 UTXO үүсгэж, түүнийгээ ашиглаад, эргүүлэн 0.03 BTC-ын UTXO гаргаж авч болох байсан. Дээрхээс ажвал, UTXO нь зоосын тухайн агшин дахь байр байдлыг бүртгэх арга, журам хэлбэрээр ажиллаж байна. Ингэж дүгнэвэл, UTXO нь цахим чектэй тун төстэй санагдаж болох юм.
Үртэс
HTTP Cookies (товчоор, cookie) нь, жигнэмэг гэсэн англи үгээр нэрлэгдсэн, интернэт хэрэглэгчийн төхөөрөмж дээр хадгалагдах, интернэт хөтөч/харуулагч хэрэглүүрээр дамжуулж, серверийн үүсгэсэн өгөгдөл хадгалагч бяцхан блок юм. Үүнийг, web cookies, Internet cookies, browser cookies гэх зэргээр нэрлэх нь ч бий. Үртэс нь, онлайн худалдааны үед, хэрэглэгчийн сагсандаа хураасан барааны жагсаалт, бүртгэлийн нэвтрэлт, нэр, нууц үг, картын мэдээлэл, хаяг, утасны дугаар, ц-шуудангийн хаяг, тухайн 1 товчийн даралт зэрэг хэрэглээ болон үйлдэл, чухал болон олон дахин ашиглагдах мэдээллийг хадгалах зориулалттай эд юм.
Дотроо, authentication cookies буюу бүртгэл баталгаажуулалтын үртэс, tracking cookies буюу хэрэглээ тандалтын үртэс гэсэн 2 үндсэн ангилалд хуваагдах ч цааш, Session cookie буюу тухайн хандалтын, Persistent cookie буюу заасан хугацааг хүртэл устдаггүй, Secure cookie буюу хамгаалагдсан, Http-only cookie буюу нууцлалгүй, Same-site cookie буюу олон салбартай вебд зориулагдсан, Third-party cookie буюу хаягаасаа өөр домэйнд зарлагдсан вебд зориулагдсан, Supercookie буюу дээд түвшний домэйнд зориулагдсан, Zombie cookie буюу хэрэглэгчээс нууж байршуулсан, Cookie Wall буюу хэрэглэгчид үртэсний мэдээллийг харуулдаг самбартай зэрэг төрлүүд бас бий. Үртэс нь дараах 3 төрлийн өгөгдлийг агуулах чадвартай. Үүнд:
- Нэр;
- Утга;
- Төрөл болон бусад нэр/утгууд.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation