Хөрөнгийн хуваарилалт ба төрөлжүүлэлт

Хөрөнгө оруулалт бүрт тодорхой хэмжээний эрсдэл агуулагдаж байдаг. Мөнгө хэлбэрээр хадгалах нь ч, инфляциас үүдэлтэйгээр хорогдох эрсдлийг дагуулна. Түүнийг бүрэн үгүй хийх боломжгүй ч, зорилго, төлөвлөгөөний тусламжтайгаар бууруулж болно.

Эрсдлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс хамгийн чухал нь, хөрөнгийн хуваарилалт болон төрөлжүүлэлт байдаг. Эдгээр ойлголт их эртнээс улбаатай учир, хөрөнгийн болон крипто арилжааны салбарыг шинээр сонирхогч ч ерөнхий санааг нь гадарлаж байх учиртай.

Уг 2 ойлголтыг хооронд нь хольж, сольж хэрэглэх явдал их гардаг ч, эрсдлийн зохицуулалтанд үл ялиг ялгаатай утгыг илэрхийлнэ. Хөрөнгийн хуваарилалт гэдэг нь, хөрөнгийн багцад бүртгэх буюу хөрөнгө оруулах хөрөнгүүдийн нийт нэр төрлүүдэд, төсвөө хэрхэн хуваарилахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй мөнгөний зохицуулалтын төлөвлөгөө юм. Харин, хөрөнгийн төрөлжүүлэлт гэж, тухайн төрөл дотроо хөрөнгүүдэд төсвөө хэрхэн хуваарилахыг тодорхойлсон төлөвлөгөөг хэлнэ.

Уг төлөвлөгөөнүүдийг, эрсдлийг бууруулахын хажуугаар боломжит өндөр өгөөжийг хүртэх зорилгоор хэрэглэнэ. Ингэхдээ, хөрөнгө оруулалтын хугацаа, эрсдлийг даах чадвар, эдийн засгийн хүчин зүйлсийг хамааруулан тооцдог.

Хамгийн энгийнээр зүйрлэвэл, авсан бүх өндгөө 1 сагсанд хийхгүй байх явдлыг ийн тодорхойлж байгаа юм. Хоорондоо шууд хамаарахгүй хөрөнгийн төрлүүдээс сонгож, багцаа үүсгэх нь хамгийн оновчтой шийдэл болно. Тухайн төрөл дотроо, харилцан адилгүй хөрөнгүүдийг сонгох нь бүүр ч ухаалаг сонголт болно.

Зарим мэргэжилтнүүд, хөрөнгийн хуваарилалтаа оновчтой гүйцэтгэх нь, хөрөнгө оруулах сонголтоо хийхээс ч илүү чухал гэдэгт итгэдэг.

Орчин цагийн хөрөнгийн багцийн онол

Modern Portfolio Theory (MPT) гэдэг нь, дээрх санааг тоон загварчлалаар бүтээсэн фрэмворк юм. Уг онолыг, 1952 онд эдийн засгийн ухааны Нобелийн шагналт Харри Марковиц (Harry Markowitz) анх танилцуулж байжээ.

Хөрөнгийн том төрлүүд, нэг нөгөөгөөсөө ялгаатай хөдөлж байдаг. Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйгээс хамааралтайгаар, 1 хөрөнгийн төрлийн ахиц дэвшил нь, нөгөө төрлийн саатал доройтлын шалтгаан болох нь бий.

MPT-д, хоорондоо харилцан хамааралгүй хөрөнгүүдээс бүтсэн багц ханшийн хэлбэлзэлд илүү тэсвэртэй байдаг гэж үздэг. Нөгөө талаас, ийм багц нь мөн илүү ашигтай байдаг гэж ойлгож ч болно. Түүнчлэн уг онолд, 2 тусдаа багц адил ашиг авч ирж байвал, хөрөнгө оруулагчид аль эрсдэл багатайг нь сонгоно гэж заасан байдаг.

Энгийнээр бол MPT нь, хөрөнгийн багцаа, өөр хоорондоо хамааралгүй хөрөнгүүдээс бүтээх нь хамгийн үр дүнтэй байдгыг тодорхойлсон онол юм.

Хөрөнгийн төрлүүдийн ангилал ба хуваарилалтын төлөвлөгөө

Хөрөнгийн төрлүүдийг дараах ангилалд хамааруулж болдог. Үүнд:

  1. Уламжлалт хөрөнгө - Хувьцаа, өрийн бичиг, бэлэн мөнгө.
  2. Бусад хөрөнгө - Үл хөдлөх, бараа таваар, даатгалын бүтээгдэхүүнүүд, хувийн өмч, крипто хөрөнгүүд.

Ерөнхийд нь авч үзвэл, хөрөнгийн хуваарилалтын 2 үндсэн хэлбэр бий бөгөөд тэдгээр нь хоёул MPT-ыг тусгасан байдаг.

Хөрөнгийн төлөвлөгөөт хуваарилалт

Идэвхгүй хөрөнгө оруулалтын загварт илүү нийцтэй, уламжлалт шинжтэй хуваарилалтыг ийн нэрлэдэг. Ийм хуваарилалтаар зохицуулагдсан хөрөнгийн багцыг зөвхөн, хөрөнгө оруулалтын хугацаа болон эрсдлийн үнэлэмжээс хамааралтайгаар хуваарилалтын хэмжээг өөрчлөх үед л дахин зохион байгуулдаг.

Хөрөнгийн хэрэгжилтэт хуваарилалт

Идэвхитэй хөрөнгө оруулалтын хэлбэрт илүү зохимжтой уг хуваарилалт нь, амжилттай яваа төсөл, хөрөнгүүдэд төвлөрсөн багцыг үүсгэх боломжыг, хөрөнгө оруулагчдад олгодог. Тодорхой салбар амжилттай байгаа бол, тухайн салбар цаашдаа ч амжилтыг үзүүлнэ гэсэн байр сууриас хандах бөгөөд, MPT-г баримталж, тодорхой хэмжээнд төрөлжүүлэх боломжыг ч мөн олгоно.

Төрөлжүүлэлтээс ашиг олохын тулд, хөрөнгүүдээ огт холбоо хамааралгүй эсвэл эсрэг холбоо хамааралтайгаар сонгох шаардлагагүй гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Шууд хамааралтай биш хөрөнгүүдийг сонгож болно гэж ойлгох нь зөв юм.



Хөрөнгийн багцандаа, хуваарилалт болон төрөлжүүлэлтийг нэвтрүүлэх нь

Энэ сэдвийг жишээн дээр тайлбарлавал илүү эвтэйхэн байх гэж бодлоо. Хөрөнгийн багцын хуваарилалтаа, дараах байдлаар хөрөнгийн төрлүүдэд хувааж болно.

  1. 40%-д хувьцаа;
  2. 30%-д бонд;
  3. 20%-д крипто валют;
  4. 10%-д бэлэн мөнгө;

Харин хөрөнгийн төрөлжүүлэлтийг, крипто валют дотор доорх хэмжээгээр тохируулах нь тохиромжтой.

  1. 70%-д Биткойн;
  2. 15%-д өндөр үнэлгээтэй токенууд;
  3. 10%-д дундаж үнэлгээтэй токенууд;
  4. 5%-д бага үнэлгээтэй токенууд;

Хуваарилалтаа хийсний дараа, багцынхаа үзүүлж буй үр дүнг ойр ойрхон хянаж байх хэрэгтэй. Хуваарилсан хэмжээ өөрчлөгдөж, тодорхойлсон дүнгээс зөрж эхэлвэл, дахин хуваарилах хэрэгтэй гэж ойлгоно. Энгийнээр бол, илүүдсэн хөрөнгөөс зарж, дутсан хөрөнгийг худалдаж авна гэсэн үг. Ингэх нь, ханш нь өссөн хөрөнгийг зарах, ханш нь буурсан хөрөнгийг худалдаж авах боломжыг олгодог онцлогтой. Төрөл дотроо ямар хөрөнгө сонгох нь, тухайн арилжаачин, хөрөнгө оруулагчийн арилжааны төлөвлөгөө болон зорилгоос бүрэн хамаарах учир, хүн бүрт харилцан адилгүй байх боломжтой.

Дээрх хөрөнгийн төрлүүд дотроос, крипто валют нь хамгийн өндөр эрсдэлтэй хөрөнгөнд тооцогдох учир, түүнд ийм бага хувийг оноосон болно. Түүнчлэн, крипто хөрөнгийг багтаасан учир, дээрх жишээ хөрөнгийн багц нь, ихээхэн эрсдэлтэй хөрөнгө оруулалтанд тооцогдоно. Эрсдлийг бууруулах бодолтой байгаа бол хамгийн эрсдэл багатайгаар нь бондод оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг ихэсгэх зэргээр өөрчилж тохируулж болно.

Крипто хөрөнгийн багц доторх төрөлжүүлэлт

Онолын хувьд, крипто хөрөнгүүдийг төрөлжүүлэн ангилах боломжтой ч, бодит байдал дээр, тэдний ханш Биткойныхоос шууд хамаарч байдгаас болоод төрөлжүүлэх гэдэг ойлголт ихээхэн бүрхэг сэдэв болдог. Гэхдээ сүүлийн үед бусад зоосуудын зарим нь, "өрх тусгаарлаж", бие даан хөдлөх болсон нь, төрөлжүүлэх боломжыг нэмж өгч байна. Мэдээж энэ нь, уламжлалт төрөлжүүлэлтийн загвараас нилээдгүй ондоо байдлаар хэрэгжихийг анхаараарай. Крипто зах зээл тогтворжиж, бууриа олсны дараа л энэ сэдэв утгаараа хэрэглэгдэж эхлэх байх. Гэвч, тэр хүртэл бас багагүй хугацаа орох нь мэдээж.

Хөрөнгийн хуваарилалтыг даган ургах асуудал

Хөрөнгийн хуваарилалт нь, маш үр дүнтэй арга гэдэг нь маргаангүй боловч, зарим арилжаачин, хөрөнгө оруулагч болон багцад зохихгүй байх магадлал бас бий. Төлөвлөгөө зохиох нь хэцүү ажил биш ч, зөв хуваарилах явдал нь нилээдгүй туршлага, туршилтыг шаардах нь ойлгомжтой. Хуваарилалт хийх явцдаа, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө дарахгүй бол, багц үүсгэсний үр дүн алдагдах аюултайг бас анхаарах хэрэгтэй.

Тулгарч болох өөр нэгэн асуудал нь, эрсдэл даах чадвараа урьдчилж дүгнэхтэй холбоотой асуудал бөгөөд энэ нь, шийдвэргүй байдалд хүргэх, үр дүнгээ хүлээн авах үедээ өмнөх шийдвэртээ харамсах зэрэг таагүй нөлөөг үзүүлж болзошгүй байдаг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!