Крипто валют арилжааны төлөвлөгөөний суурь мэдлэг

Крипто валютийн арилжаанаас ашиг олж болох олон арга зам бий. Тэдгээр аргуудыг зохион байгуулж, цэгцтэй, нэгдсэн фрэмворк болгоход, арилжааны төлөвлөгөө Таньд тусална. Төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх нь, арилжааны үр дүнгээ хянах, сайжруулах боломжыг олгох тустай байдаг.

Төлөвлөгөөний талаар судлаж эхлэхээс өмнө FA болон TA-ний талаар заавал ч үгүй уншиж танилцаарай. Уг нийтлэлдээ, эдгээр шинжилгээнүүдийн алийг нь, ямар төлөвлөгөөн дээр хэрэглэдгийг танилцуулах тул, эхлээд тэдгээрийн хоорондын ялгааг ойлгосон байх шаардлагатай.

Арилжааны асар олон өөр төлөвлөгөө байгаа, тэдгээрийг бүгдийг нь танилцуулах боломжгүй тул, энэхүү нийтлэлдээ заримыг нь л онцолж танилцуулах болно. Тэгэхдээ, крипто валют арилжааны төлөвлөгөөнүүдэд төлхүү анхаарсан боловч, эдгээр төлөвлөгөөнүүдийг мөн гадаад валютийн форекс, үнэт цаас, сонголтот болон алт зэрэг ашигт малтмалын арилжаанд ч хэрэглэх боломжтой. Мөн эдгээр төлөвлөгөөний арга барилуудад суралцсаны дараа, авах гээхийн ухаанаар хандаж, өөрийн арилжааны төлөвлөгөөг зохиож ч болно. Төлөвлөгөөний сайнаар, амжилтын хэмжээ ахина.

Арилжааны явцад баримтлах, өөрөө өөртөө зориулан гаргасан дүрмүүдийг арилжааны төлөвлөгөө гээд байгаа юм. Ийм төлөвлөгөө нь зарим үед, эрсдлийн зохицуулалт ч болох нь бий. Хүсэхгүй бол заавал төлөвлөгөө боловсруулах шаардлагагүй ч, төлөвлөгөөний ачаар эрсдлийг бууруулж, алдагдлыг багасгаж болдог. Өөрөөр хэлбэл, зах зээлд гэнэтийн, цочир өөрчлөлт үүсэхэд, гаргасан төлөвлөгөө тань Таны сэтгэл хөдлөлөөрөө гаргаж болох оновчгүй шийдвэрийг дарж, зөв арга хэмжээг олж, авах боломжыг бүрдүүлж өгнө. Үүнээс дүгнэвэл, арилжааны төлөвлөгөөтэй байна гэдэг нь, ямар ч нөхцөлд, авах арга хэмжээгээ урьдаас тооцоод бэлдчихсэн, бүхий л зүйлд бэлтгэлтэй байхын нэр байх нь.

Арилжааны цогц төлөвлөгөө дараах шаардлагуудыг хангасан байх учиртай. Үүнд:

  1. Арилжаалах хөрөнгийн төрлүүд;
  2. Хэрэглэх арилжааны тохируулга;
  3. Ашиглах хэрэгсэл болон үзүүлэлтүүд;
  4. Арилжааны төлөв нээх болон хаах (SL зоох) шалгуур;
  5. Оруулах хөрөнгийн хэмжээ;
  6. Хөрөнгийн багц, түүний чанарыг хөтлөх болон хэмжих арга;

Дээрхээс гадна, зарим жижиг сажиг заалтуудыг тусгаж өгч болно. Жишээлбэл, баасан гараг буюу 5 дахь өдөр огт арилжаанд орохгүй эсвэл сэтгэл санаа, бие махбодь таагүйрхсэн үед (ядарсан, гунигласан, бухимдсан, нойрмоглосон, яарч сандарсан г.м.) арилжааны шийдвэр гаргахгүй, хагас бүтнээр арилжаанд орох сонирхол байхгүй бол, тэр үед төлвөө заавал хаагаад гарч байна г.м.

Гаргасан төлөвлөгөөгөө амьдрал дээр хэр нийцэж, хэрэгжихийг цаасан арилжааны талбарт туршиж, хөгжүүлж болно.

Арилжааны төлөвлөгөөгөө уян хатан, хосолмол хэлбэрээр зохион байгуулж болно. Гэхдээ, өөртөө үнэнч байж, түүнийгээ баримтлаж хэвших хэрэгтэй шүү. Мэдээж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсаж өөрчлөгдөх зүйл байлгүй л яахав. Тэглээ гээд, ганц энэ удаадаа яахав, зүгээр гэж муйхарлаж болохгүй. Эцсийн эцэст, тууштай байдал л амжилтанд хүргэдэг гэдэг.

Идэвхит арилжааны төлөвлөгөө

Энэ төрлийн арилжааны төлөвлөгөө нь, цаг хугацаа, хичээл зүтгэл илүү их шаарддаг.

Өдрийн арилжаа

Идэвхтэй арилжаа хийдэг хүн бүрийг day trader ангилалд хамааруулах нь буруу. Хэдийгээр, өдөр тутам арилжаалагчид, дийлэнх арилжаачдыг бүрдүүлж байгаа боловч, нээсэн төлвөө тухайн өдөртөө багтааж, хаадаг арилжаачдыг л өдрөөр арилжаалагч гэж тодорхойлно. Энгийнээр бол, тухайн өдрийн ханшийн хэлбэлзлээс ашиг олох зорилготой, өдөр бүр арилжаанд оролцоод, ашиг/алдагдлаа хүлээгээд гарч байдаг арилжаачдыг л энэ ангилалд хамааруулах нь зөв юм.

Day trading гэх нэршил нь, уламжлалт арилжаанаас гаралтай бөгөөд, ажлын өдөр, ажлын цагт багтаж төлвөө нээгээд, хаадаг зарчмаас шууд хамааралтай. Криптогийн хувьд, ажлын өдөр, ажлын цаг гэсэн ойлголт байхгүй тул, хоног, өдрөөр тооцдогоороо ялгаатай.

Өдрөөр арилжаалагчид нь, ханшийн хөдөлгөөн дээр TA хийж, шийдвэрээ гаргахын хажуугаар, зах зээлийн үр ашгийн тооцоололд тулгуурлан ашиг олох гэж оролддог. Энэ төрлийн арилжаанаас ихээхэн ашиг орлого олох боломж байдаг хэдий ч, олон цагаар дэлгэц ширтэж суух шаардлагатайн дээр, өндөр эрсдэлтэй, эдгээрээс шалтгаалан мэдрэлийн ядаргаанд орж мэдэх тул, шинээр сонирхон, судлаж байгаа арилжаачдад тохиромжгүй.

Савлуурт арилжаа

Энэ төрлийн арилжаа нь, өдрийн арилжаа, чиглэлт арилжааны дунд оршдог гэж тооцогддог буюу төлвөө хэдэн өдрөөс, хэдэн сараар нээж болох дундаж хугацаатай арилжаа юм. Ханшийн дэгдэлтүүд дээрээс ашиг хийх зорилготой учир, swing trading гэж нэрлэсэн уг арилжааны талаарх дэлгэрэнгүй тайлбар нийтлэлийг ЭНД дараад уншаарай.

Чиглэлт арилжаа

Position trading буюу төлвийн арилжаа ч гэж нэрлэгддэг уг арилжааны төрөл нь, багадаа хэдэн сараар үргэлжилнэ. Ханшийн чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ дагуулж төлөв нээх болон хаах, энэ trend trading төрлөөр арилжаанд оролцох үед, ихэвчлэн FA гүйцэтгэж, шийдвэрээ гаргадаг ба тэгэх нь ч оновчтой байж болох. Урт хугацаанд хүлээх хэдий ч, харьцангуй өндөр ашиг олох нь энэ төрлөөр арилжаа эрхлэгчдийн зорилго байдаг тул, MA, чигийн шугамууд зэрэг TA-ний аргуудыг ч мөн өргөнөөр хэрэглэх нь бий.

Шинээр сонирхон, оролдож буй арилжаачдын хувьд, чиглэлт арилжааг маш тохиромжтой сонголт гэж нэрлэж болох боловч, ямар ч хөрөнгө оруулалтын үед DYOR, эрсдлээ тооцож, зохицуулах нь зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай алхмууд байдаг гэдгийг мартаж болохгүй.

Хуйхлалт

Хамгийн богино хугацаанд хэрэгжих арилжааны төрлийг scalping гэнэ. Энэ төрлийн арилжааны үед, ханшийг огцом эсвэл, их өөрчлөлтийг хүлээдэггүй, харин багахан өөрчлөлт бүрийг алдалгүй "хусах" зорилготой байдаг. Хөрвөх чадвар болон авах/зарах үнийн зөрүү зэргээс ашиг олохоор хийгдэж буй арилжаанууд нь уг арилжааны төрлийн сонгодог жишээнүүд юм.

Төлвөө аль болох хурдан хаахаар "яарч" байдаг учир, хуйхлалтыг өндөр давтамжтай арилжаатай хамааруулж ойлгож болно. Зах зээлийн үр ашиггүй байдал назгайрсан үед, ийм төрлийн арилжаа цэцэглэх ба бага багаар цуглуулсаар, их ашиг олох боломжтой.

Шинэ арилжаачдад тохирохгүй, харин халимнуудад илүү тохиромжтой арилжааны хэлбэрт тооцогдоно.

Идэвхгүй хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Цаг зав багатай хүмүүст, энэ төрлийн төлөвлөгөө илүү зохино. Арилжаа, хөрөнгө оруулалт 2 нь ихээхэн ялгаатай ойлголтууд хэдий ч, хөрөнгөө өсгөх зорилгоор, өөр хөрөнгийг худалдаж авч, эргүүлэн зарж байгаа гэдгээрээ адил. Идэвхгүй гэдэг нь, ашиг бага олно гэсэн үг биш, харин ажиллагаа бага шаардахыг хэлж байгаа юм шүү.

АвДар

Ханш, зах зээл яаж ч "галзуурч" байсан, зорьсон дүнгээ хүртэл, оруулсан хөрөнгөө гаргаж, ашгаа хүртэхгүй хүлээх нь энэ төрлийн хөрөнгө оруулалтын сонгодог хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хөрөнгө оруулалтын үед, хэр удаан хүлээх, ханш хэр их өөрчлөгдөх нь огтоос чухал асуудал биш байдаг. FA, TA-ндээ суурилсан дүгнэлтээ гаргаад, хааяа хааяахан хөрөнгийн багцаа, эргэж 1 харсан шиг ээ суух нь, HODL хийгчдийн хэв маяг юм.

Индексийн хөрөнгө оруулалт

Exchange-traded funds (ETF) буюу биржээр арилжаалагдах хөрөнгийг худалдаж авах нь, энэ төрлийн хөрөнгө оруулалтын гол зорилго байдаг. Крипто валютийн, төвлөрсөн болон төвлөрсөн бус арилжааны биржийн аль алинд энэ ойлголт агуулагдана.

Крипто индексийг, 1 төрлийн крипто валютуудыг эсвэл ханшийн мэдээнүүдийг багцлаад, тэдгээрийн ханшийн нийт өөрчлөлтийг дагасан токен гаргах замаар бүрдүүлнэ. Тусдаа олон зоосонд хөрөнгө оруулснаас, харгалзах индекс буюу дүйцэлд хөрөнгө оруулах нь хялбар тул токенжуулсан дүйцлийн шийдэл нь, Блокчэйн болон крипто валютанд хөрөнгө оруулах шинэлэг, таатай замыг бий болгож байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!