Захиалгын төрлүүд
Цахим хөрөнгө арилжаалах үед, хэрэглэгчийн биржтэй харьцан гүйцэтгэх үйлдэл нь захилга оруулах явдал байдаг.
Захиалгыг 2 үндсэн төрөлд хуваах ба тэдгээрийн талаар болоод бусад өргөн хэрэглэгддэг төрлүүдийг энэхүү нийтлэлээрээ товчхон танилцуулахыг зорьлоо.
- Market order буюу шууд захиалга - Зах зээлийн, яг тухайн агшин дахь ханшаар шууд худалдаж авах болон зарах;
- Limit order буюу нөхцөлд захиалга - Заасан нөхцөл биелэгдсэн үед хэрэгжих захиалга.
Эдгээр төрлүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбар, танилцуулгыг уншихыг хүсвэл ЭНД эсвэл/болон ЭНД дараарай.
Шууд болон нөхцөлт захиалгууд
Яарч байгаа үед, ханшийн мэдээллийг харж, тэр дүнг бичиж захиалга оруулаад, хүлээх нь төвөгтэй санагдаж болно. Энэ тохиолдолд, авах хэмжээгээ оруулаад л биелэх, шууд захиалгыг өгсөн нь дээр байдаг. Нөхцөлт захиалгуудыг бүртгэсэн захиалгын жагсаалт дээрээс шууд татах учир, ийнхүү хугацааг хэмнэдэг байна.
Нөхцөлт захиалга нь, Y ханшаар X ширхгийг зарна эсвэл авна гэх зэргээр тохируулагдсан байдаг учир, тэр нь биелэгдэх хүртэл хүлээгддэг дутагдалтай. Харин, шууд захиалга нь, захиалга оруулахаас илүүтэйгээр, захиалгын жагсаалт дээрээс хамгийн эхний захиалг(ууд)ыг, шууд биелүүлж хаадаг. Эхний гэдэг нь, авах үед, зарах хамгийн өндөр ханш(ууд)аар, зарах үед, авах хамгийн бага ханш(ууд)аар гүйлгээг хийдэг гэсэн үг. Энэ үйлдэл нь, тухайн биржийн хөрвөх чадварыг нь хороодог учир шууд захиалагчдыг, market taker буюу биржийг бутлагч гэж тооцох боломжтой. Харин, авах болон зарах захиалгыг нэмж, хөрвөх чадвар буюу арилжааны сонголтыг баяжуулж өгч байдаг учир, нөхцөлт захиалга оруулагчид нь, market maker буюу биржийг бүтээгчид болно.
Шууд захиалгын талаар мэдэж байвал зохих зүйлс
Шууд захиалга нь, захиалгын хамгийн энгийн захиалгын хэлбэрүүд болох авах/зарах үйлдлүүдээс л бүтэх бөгөөд өөрт хамгийн таатай нөхцлөөр ийм захиалгыг хийж болно. Гэхдээ хамгийн таатай нөхцөл гэж, граф дээр харагдаж буй өндөр дүнг биш, захиалгуудын жагсаалт дахь дүнгүүдээс хамаарч хувьсаж байдаг ойлголтыг тодорхойлж байгаа юм шүү.
Шууд захиалга нь, асар богино хугацаанд, бараг шууд биелэгдэх учир, энгийн гүйлгээтэй ч зүйрлэж болно. Гэхдээ, халтиргаа болон шимтгэлээс шалтгаалсан зөрүүг тооцвол, энэ төрлийн захиалга нь, нөхцөлт захиалгаас зардал харьцангуй өндөртэйд тооцогддог.
Өргөн хэрэглэгддэг захиалгын төрлүүд
Шууд болон нөхцөлт, авах/зарах захиалгууд нь хамгийн энгийн захиалгын төрлүүд билээ. Гэвч, зөвхөн эднийг ашиглах нь, арилжааны туршлагыг бүрэн олж авч чадахад саад учруулна. Эдгээр дээр нэмээд, зах зээлийн чиг хандлагад нийцүүлэн бусад төрлийн захиалгуудыг туршиж, хэрэглэх нь эрсдлээ зохицуулж сурахаас гадна, амжилтаа ахиулахад туслах болно.
Stop-loss order гэж юу вэ?
SL хэмээн товчилж нэрлэх уг захиалгын төрөл нь, захиалгын жагсаалтанд шууд бичигдэхгүй, тусгай нөхцөл биелсэн үед, тухайн ханшаар зарах захиалга оруулдаг нөхцөлт захиалга юм. Тодруулбал, ханш унаад, тодорхой дүнд хүрвэл, зарах захиалга оруулах зарчмаар ажилладаг учир, уг захиалгын төрлийг алдагдал зогсоох захиалга гэж нэрлэсэн аж. 100 төгрөгөөр зарагдаж байгаа зоосны ханш унаад 90 төгрөгт хүрвэл, зарахаар тохируулж байгаа нь, энэ төрлийн арилжааны жишээ юм.
Stop-limit order гэж юу вэ?
Зогсоох нөхцөлтэй захиалгын энэ төрөл нь, дээрх төрөлтэй адил боловч, оруулж буй захиалгадаа бас нөхцөл зааж өгдөг онцлогтой. Stop-loss order-тай адил SL гэж товчилж нэрлэн, хэрэглэх уг захиалгын үед, stop price буюу хүрмэгц захиалга оруулах ханш болон limit price буюу нөхцөлт захиалга оруулах ханш гэсэн 2 тусдаа дүнг оруулдаг ялгаатай. Дээрх жишээн дээрээ, үргэлжлүүлэн тайлбарлая л даа. 100 төгрөг байгаа токений ханш, буурсаар 90 хүрвэл, 88 төгрөгөөр зарах нөхцөлт захиалга оруулах боломжыг энэ захиалга олгоно. Эсвэл 85 хүртэл буугаад эргээд ойх үед 90 дээр зарах захиалга оруулахаар тохируулж бас болно. Гэхдээ, энэ тохиолдолд эргэж өсөхгүй бол SL цохигдохгүй гэдгийг анхаараарай.
Ийм төрлийн захиалгыг хэрхэн хийх жишээ болон үүнийг хийснээр эрсдлийг яаж бууруулж болохыг ЭНД дараад судлаарай.
One-cancels-the-other (OCO) order гэж юу вэ?
2 нөхцөлт захиалгыг нэгтгэсэн, боловсронгуй захиалгын төрлийг OCO гэнэ. Энэ захиалгын үед, 2 нөхцлийн 1 нь биелэгдмэгц, нөгөө нь цуцлагдахаар загварчлагдсан байдаг. Өмнөх жишээгээ дахин ашиглая. 100 төгрөгтэй байгаа зоосны ханш ирээдүйд унавал 90 дээр, өсвөл 110 төгрөгөөр зарагдахаар тохируулан захиалга өгөх боломжтой гэсэн үг.
Хүчинтэй хугацааг хэрхэн тохируулдаг вэ?
Захиалгатай холбоотой, өөр 1 чухал сэдэв бол цаг хүчинтэй хугацаа. Захиалгыг хэр хугацаанд хүчинтэй байхыг, анх захиалга оруулахдаа тохируулж өгөх ёстой ба дараах 3 үндсэн төрлөөр зааж өгч болно.
Good ‘til canceled (GTC) гэж юу вэ?
Гараар цуцлах эсвэл захиалга биелэх хүртэл хүчнтэй байхаар сонгосон бол, уг захиалгыг, цуцалтал хүчинтэй гэж үзнэ. Бараг бүхий л бирж дээр оруулж буй захиалгууд үндсэн утгаараа энэ тохиргоог баримталж байдаг.
Үнэт цаасны арилжааны хувьд үүнтэй хамгийн төстэй захиалга нь, өдөртөө хүчинтэй гэх тохиргоо байдаг. Учир нь, ийм биржүүд нь, уламжлалт системийн дагуу, ажлын өдөр, ажлын цагаар л арилжаа хийдэг билээ.
Immediate or cancel (IOC) гэж юу вэ?
Даруй эсвэл цуцлах сонголт нь, орсон даруйдаа биелэгдсэн хувиас бусдыг нь цуцалдаг захиалгын төрөл юм. Жишээ нь, 3 BTC зарах захиалгаа, IOC дээр тохируулж оруулах үед, 1 нь л зарагдсан бол, үлдсэн 2 BTC нь буцаад хэтэвчиндээ орсон байх юм.
Fill or kill (FOK) гэж юу вэ?
Бүхлээр эсвэл цуцлах тохиргоотой үед, захиалга орсон даруйдаа 100% биелэгдэхгүй л бол, хэсгээр биелүүлэхгүйгээр, шууд цуцлах болно. Энэ сонголт дээр, 10 ETH-ийг $1'000 USD-оор авах захиалга оруулах үед, яг адил эсвэл илүү ханш болон хэмжээтэй зарах захиалгууд орсон эсвэл орж ирж таарахгүй л бол уг захиалга биелэгдэхгүй гэсэн үг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation