Крипто тайлбар толь [19-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Блокын хөтөч
Block explorer гэдэг нь товчхондоо, Блокчэйний сүлжээний анхдагч блокоос эхлээд, бүхий л мэдээллийг нь харах боломжыг олгодог хэрэгсэл юм. Энгийнээр бол үүнийг, харгалзах крипто валютийн блок, ил хаягууд, гүйлгээнүүдийн хайлтын талбар гэж ойлгож болно.
Зарим ийм хөтчүүд, тухайн зах зээлийн тоон болон граф үзүүлэлтүүд, олборлолтын сангууд, хүлээгдэж буй гүйлгээнүүд, сүлжээний хэшлэх чадал, баян дансуудын жагсаалт, өнчин блокууд, сэт салаалалтууд зэргийн мэдээллийг ч дэлгэн тавьсан байдаг.
Хүлээгдэж буй гүйлгээний мэдээллийг харуулдаг хөтөч нь, хичнээн баталгаажуулалт хийгдсэн, хэд дутуу байгааг харуулах давуу талтай. Үүнийг харахын тулд, өөрийн хаягийн болон гүйлгээний дугаарыг ашиглах боломжтой.
Блокчэйнийх нь төрлөөс хамаарч, эдгээр хөтчүүдийг мэдээллийн нэгдсэн самбар болгон ашиглаж болно. Жишээлбэл, Эфириумийн сүлжээн дээр бүтээгдсэн, олон мянган ERC-20 токенуудын мэдээллийг харгалзах ухаалаг гэрээ эсвэл EtherScan зэрэг хөтчөөс харах бүрэн боломжтой байдаг. Харин, Байнансын зоосын (BNB) хувьд, Binance Chain Explorer-ийг ашиглан, нийт нөөц, шатаалт болон бусад бүхий л мэдээллийг нь олж авч болно.
Блокын хөтчүүд нь, крипто валютийн сүлжээний өнөөгийн төлөв байдлыг тандахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Хөтөч бүр харгалзах Блокчэйнийхээ мэдээллийг л харуулах боломжтойгоор загварчлагдсан байх хэдий ч, олон хөтчийг 1 дор багтаасан веб хуудсууд бас байдаг. Түүнчлэн, тухайн 1 Блокчэйний мэдээллийг харуулдаг 1-ээс олон байх боломжтой, ялангуяа том Блокчэйүүдэд зориулагдсан ийм хөтөч илүү их хөгжүүлэгдсэн байгаа. Тэр байтугай, хэтэвчин дотроо ийм хөтчийг суурилуулж өгсөн төсөл, үйлчилгээ ч бас цөөнгүй бий.
Кечак
Keccak нь, олон талын ач холбогдолтой криптограф юм. Уг криптографыг олон өөр салбарт, олон өөр зорилгоор ашигладаг ч, хэшлэхэд ашиглах нь хамгийн зохимжтой байдаг. Тэр тусмаа, өмнөх хэшлэгч загварууд болох SHA-1 болон SHA-2 нараасаа хамаагүй илүү найдвартай хувилбар болж чадсаныг нь дурьдахгүй өнгөрч хэрхэвч болохгүй.
SHA гэх нэр томъёог, Secure Hash Algorithm буюу найдвартай хэшлэх алгоритм гэсэн үгсийн эхний үсгүүдээс бүтээсэн бөгөөд, эдгээрийг АНУ-ын National Institute of Standards and Technology (NIST) буюу жишиг болон технологийн үндэсний хүрээлэнгээс хөгжүүлэн, баталж гаргадаг. SHA-1, SHA-2 загваруудыг, АНУ-ын National Security Agency (NSA) буюу үндэсний аюулгүй байдлын газрынхан боловсруулсан учир тэдний бүтэц нь ойролцоо байдаг. Кечак, SHA-2 алгоритмтай адил хэмжээний (хэшийн уртаар) үр дүнг боловсруулж гаргах боловч, нилээд ондоо зарчмаар ажиллана. Гэсэн хэдий ч, түүнийг SHA ангилалд хамааруулах ба, ихэвчлэн SHA-3 гэж нэрийддэг.
2004 онд, SHA-1 хувилбарлуу хийж туршилтын дайралтуудыг гүйцэтгэж, харгалзах мэдээллийг 2005 онд нийтэд ил болгосон ба, түүнээс 6 жилийн дараа буюу 2011 онд SHA-2 загварыг, өгөгдөл нууцлах гол хэрэгсэл болгон зарласан байдаг. Харамсалтай нь, SHA-1 алгоритмаас, SHA-2 хувилбарт шилжих ажил хэт сунжирч, удааширсаар, 2017 оноос л SHA-2 загварыг илүү төлхүү хэрэглэх болжээ. Төд удалгүй буюу 2017 оны 2-р сар гэхэд, Google-ийнхэн SHA-1 хувилбарыг амжилттай эвдэж чадсанаа зарласнаар, уг алгоритмыг найдваргүйд тооцож, хэрэглээнээс халсан байна.
SHA-3 загварыг 2007 онд, NIST-ээс зарласан SHA-г сайжруулах уралдаанд зориулан бүтээсэн бөгөөд, тэрхүү уралдааны гол зорилго нь SHA-1 болон SHA-2 хувилбаруудын дутагдлыг арилгаж чадсан, илүү боловсронгуй алгоритмыг бүтээх явдал байв. Хэдийгээр, SHA-2 хувилбарыг эвдэхээр оролдсон томоохон дайралтууд гүйцэтгэгдэсэн эсэх, тэдгээр нь ямар 1 амжилт олсон эсэх талаарх мэдээ бараг огт олдохгүй байгаа хэдий ч, цаг хугацаа өнгөрч, технологи хөгжихийн хэрээр түүний эвдэгдэх магадлал өсөн нэмэгдэх нь тодорхой учир, ийнхүү шинэ, өөр гаргалгааг тэд эрэлхийлсэн аж. Ингээд 2012 онд, уралдааны ялагчаар Кечак тодорсон ба, тэр цагаас эхлэн SHA-3 хэмээх хочийг зүүх болжээ.
Кечакийн зохион байгуулалт нь, түүний нууцлал, хамгаалалтыг бусад алгоритмуудынхаас илүү болгож чадсан бөгөөд, түүний зөөлөвчин бүтэц гэх зүй тогтоц нь, SHA-1 болон SHA-2 хувилбаруудын Меркла-Дамгора зохион байгуулалтаас харьцангуй шинэлэг, дэвшилтэт шийдлийг бүтээж чадсан байна.
Одоогоор, SHA-2 загварыг найдвартайд тооцсон хэвээр байгаа бөгөөд, уг алгоритмыг орчин цагийн хамгийн өргөн дэлгэр хэрэглэгдэж буй мэдээлэл нууцалж, хамгаалах багажаар нэрлэж болно. Биткойны олборлолтыг SHA-256 алгоритм дээр боловсруулдаг ба, энэ нь SHA-2 төрөлд хамаардаг хэшлэлтийн хувилбар юм. Гэхдээ SHA-3 загвар, гол хэрэгслээр нэрлэгдэх, бүр илүү дэвшилтэт хувилбарууд ч мэндлэх цаг удахгүй ирэх нь дамжиггүй.
Хөөс
Хөрөнгийн үнэ ханшийг, зохих хэмжээнээс хэт өндрөөр үнэлэх эсвэл, ирээдүйд ихээр өснө гэсэн ул үндэсгүй таамаглалыг даган зохиомлоор хөөрөгдөх явдлыг Economic Bubble, Asset Bubble, Speculative Bubble, Market Bubble, Price Bubble, Financial Bubble, Speculative Mania, Balloon зэргээр нэрлэнэ. Ийм үйл явдал болж байгаагүй, болох боломжгүй гэж үзэх эрдэмтэд байдаг ч, болсон, болж ч байдаг, болсоор байх болно гэж итгэх хүмүүс бүр ч их бий.
Хөөсрөлтийн хамгийн тод жишээний талаар бидний бэлтгэн хүргэж байсан, "Алтан зул цэцгийн солиорол" гэсэн гарчигтай нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
QR код
Анх 1994 онд, Японы авто-машин үйлдвэрлэгч Дэнсо (Denso Wave) байгууллагынханы бүтээсэн уг матриц кодыг (2 хэмжээст бар/баганан код гэх нь ч бий), сүүлийн үед бараг бүхий л салбарт, өргөн хэрэглэх болоод байгаа. Агуулж буй өгөгдөлдөө маш түргэн замчилдаг чадвар нь, үүний гол шалтгаан болсон гэхэд хэлсдэхгүй болов уу. QR гэсэн нэр нь, Quick Response буюу хурдан хариулагч гэсэн үгсийн товчлолоос бүтсэн бөгөөд, уламжлалт баганан кодын агуулж чадахаас харьцангуй их мэдээллийг багтааж, зөвхөн машинд шууд ойлгогдох боломжтойгоор бүтээгдсэн давуу талтай.
Дээрх жишээ зураг дахь QR код нь, крипто валютийн арилжааны дэлхийн хамгийн том бирж болох Байнанст бүртгүүлэх холбоосыг агуулж байгаа. Хэрэв Та бүргүүлж амжаагүй байгаа бол, яг одоо уг кодыг уншуулаарай.
QR кодын цаана, вебийн болон интернэт дэх контентийн хаяг, крипто валютийн хэтэвчийн хаяг, аппын татах холбоос, ц-шуудангын хаяг, бичвэр, нэрийн хуудас, Wi-Fi буюу утасгүй интернэтийн сүлжээнд холбогдох зэрэг заагч, тодорхойлогч, тандагчуудыг тусгах боломжтой. Ингэхдээ, тоон, тоон болон үсэг холилдсон, хоёртын тоолол, Япон Канзи ханз зэрэг 4 төрлөөр өгөгдлийг нууцалж, хадгалж болдог.
Интернэтэд холбогдсон
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт, сүлжээнд холбогдсон байгаа төлвийг Online, холбогдоогүй буюу салгагдсан байгаа төлвийг Offline гэнэ.
Хак
Комьютерийн систем болон сүлжээний дутагдалтай талуудыг илрүүлж, хамгаалалтыг нэвтлэх, эвдэх аргыг илэрхийлж, хандах эрхийг өөртөө олж авах явдлыг Hack гэнэ. Хак үйлдэгчийг нь, Hacker гэх ба, тэднийг дотор нь:
- Cracker буюу сүйтгэгч: Өөр гэмт хэрэг үйлдэх зорилгоор, сүлжээ болон системд хандах эрхийг зүй бусаар олж авагч этгээд;
- Хар малгайт: Хувийн эрх ашгийн төлөө болон, хорлон сүйтгэх зэрэг саар санааг өвөрлөн, систем болон сүлжээнд хууль бусаар нэвтрэх эрхийг олж авагч этгээд;
- Саарал малгайт: Интернэтээр хэсүүчилж, ямарваа систем болон сүлжээний сул талыг олж, түүнийг хариуцсан хүнд нь мэдэгдэж, түүнийхээ төлөөсөнд ашиг эсвэл нэр хүнд олохыг санаархагчдыг энэ ангилалд хамааруулна.
- Цагаан малгайт: Өөрийн хариуцсан болон, гэрээний дагуу бусад систем, сүлжээний аюулгүй байдлыг шалгах, дутагдлыг илрүүлэх зорилгоор ажилладаг, хорлон сүйтгэх санааг агуулаагүй хүмүүс.
Эдгээрээс гадна, Elite Hacker буюу хакчид дундаа алдартай, маш чадварлаг хакчин, Script Kiddie буюу бусдын бичсэн кодыг ашиглан халдлага үйлдэгч, Neophyte буюу ямар ч туршлага, мэдлэггүй, шинээр суралцагч, Цэнхэр малгайт буюу гэрээгүйгээр, бусдын системрүү халдах оролдлогуудыг туршиж, алдааг илрүүлж, мэдэгддэг хэдий ч, ашиг хонжоо хөөдөггүй хүмүүс, Hacktivist буюу улс төр, шашин шүтлэг, нийгмийн бурангуй бүхнийг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлж, сайжруулахыг шаардагчид, зохион байгуулалттай, гэмт хэргийн бүлэглэл болон үндэсий аюулгүй байдлын газрын ажилтан зэрэг төрлүүд бий.
Нэмж хэлэхэд, "хакердах" гэж ярих, бичих нь буруу шүү. Хакер гэж хак үйлдэж байгаа хүнийг нь хэлдэг тул, ингэж бичих нь, "тогоочдох", "жолоочдох", "засварчиндах", "орчуулагчдах", "малчиндах" гэж байгаа мэт сонсогддогыг анхаараарай.
PIN код
PIN код нь, personal identification number буюу хувийн нэрчлэлийн дугаар гэсэн үгсийн товчлолоос бүтсэн нэршил юм. Уг кодыг, ихэнх тохиолдолд дан тоо, зарим тохиолдолд үсэг болон тоо холилдсон хэлбэрээр зохион хэрэглэх, ба нууц үгний хялбаршуулан цомхотгосон хэлбэрт тооцож болно. PIN кодын хамгийн танил жишээ нь, Таны гар утасны SIM картын болон, төлбөрийн/зээлийн картын нууц кодууд байна.
Анх 1967 онд, ATM буюу мөнгөний машинд зориулан сэдэж байсан уг хэрэглэгч таних, хамгаалалтын шийдлийг өдгөө бараг бүхий л салбарт тодорхой хэмжээнд хэрэглэх болсон.
Мийм
Ямар 1 утга санаа, үзэл бодлыг бусдад шууд ойлгогдохуйц байдлаар хүргэх, уламжлан танилцуулах хэрэгсэл болсон соёлын үзэгдлийг Meme гэнэ. Миймийг зураг, бичвэр, дүрс бичлэг, яриа, үйл хөдлөл, зан үйл, төлөөлүүлсөн болон зүйрлэсэн бусад бүхий л хэлбэрээр түгээж болдог.
Мийм гэх үг анх 1976 онд анх хэл зүйд бүртгэгдсэн бөгөөд, түүний хамгийн алдартай жишээгээр 1940 онд зурагдсан "Killroy was here" буюу "Килрой энд байсан" гэх гудамжны зургыг нэрлэх нь бий. Дэлхийн 2-р дайны үед ид тархаж, улс бүрт өөр өөрийн нэрээр бичиж дүрслэх болсон энэ зураг, орчин цагийн интернэт миймийн үндэс болсон байж ч болох юм.
Интернэт мийм гэж юу вэ?
Ихэвчлэн алиа хошин, маазарч марзганасан, гэхдээ зарим тохиолдолд нийгмийн сул талуудыг дооглож, шүүмжилж, буруутгах, зөв зүйтэйг сурталчилж, магтан сайшааж, дэмжих байдлаар дүрслэгдэх, интернэтээр, тэр дундаа нийгмийн сүлжээгээр тараагдах зураг, бичвэр, дуу, дүрс бичлэг, загвар, зан ааш болон үзэл санаа, тэдгээрийн нэгдлээс бүтсэн соёлын үзэгдлийг, internet meme буюу товчоор meme гэнэ.
Миймүүд нь, цаг хугацаа, нөхцөл байдал, бүс нутаг, соёл урлагаа даган өөрчлөгдөж байдаг ба, хүн бүр өөр өөрийн үг, зураг, бичвэрээр баяжуулан, өөрчилж хэрэглэж болдог уудам цар хүрээг хамарсан, уран сэтгэмж, чөлөөт сэтгэлгээний бүтээлүүд юм. Орчин цагт, миймийг сурталчилгаанд ч өргөнөөр ашигладаг болоод байгаа ба, миймээс сэдэвлэн бүтээсэн, DOGE, SHIBA INU зэрэг крипто валютууд ч үүсээд байна. Ийм токенуудын анхдагч болох DogeCoin-ы талаарх танилцуулга нийтлэлийг ЭНД дараад уншаарай. Мөн, бусад төстэй зоосуудын жагсаалт, тэдгээрийн талаарх бүхий л мэдээ мэдээллийг авахыг хүсвэл, крипто ертөнцийн хамгийн том сан болох CMC-ээр зочлоорой.
#CoinMarketCapВеб: coinmarketcap.com
Тусгай/Давуу эрхтэй хэрэглэгч
Захиргаа, удирдлагын хэлтсийн ажилтныг Administrator гэнэ. Гэхдээ, компьютер, сүлжээний хувьд, түүнийг хянаж, зохион байгуулж, удирдах үүргийг хүлээгчийг мөн ийн нэрлэнэ. Вебийн хувьд, тухайн веб, түүний хэсгүүдийг хариуцан хөгжүүлж, зохицуулах үүрэгтэй, энгийн хэрэглэгчээс давуу эрхтэй хүнийг мөн ийн нэрлэнэ.
Админтай харьцуулахад эрх, үүрэг бага боловч, энгийн хэрэглэгчээс давуу эрхийг эдлэх бусад хэрэглэгчдийн төрлүүд бас бий. Тэдгээр нь, Moderator буюу хянагч, Content Creator буюу контент хөгжүүлэгч, Tester буюу туршигч, Developer буюу хөгжүүлэгч гэх мэт.
Нэгдмэл олборлолт
Олборлолтын нийт хүчин чадлаа хуваалгүйгээр, 1 дор, 2 эсвэл түүнээс олон крипто валютийг зэрэг олборлох явдлыг Merged Mining гэнэ. Нэгэн зэрэг олон Блокчэйн дээр олборлолт хийх боломжыг, Auxiliary Proof of Work (AuxPoW) буюу ажлын дэмжлэгийн баталгаа гэх алгоритм олгоно.
AuxPoW нь, 1 Блокчэйн дээр гүйцэтгэгдсэн ажлыг, нөгөө дээр бодит ажлын хөшүүрэг болгон ашиглах замаар ажиллана. Ажлын баталгааг гаргаж өгч байгаа Блокчэйнийг эцэг, хүлээж авч байгааг нь туслагч гэдэг.
Нэгдмэл олборлолтыг гүйцэтгэхийн тулд, адил алгоритм ашигладаг крипто валютуудыг сонгох шаардлагатай. Жишээлбэл, Биткойны адилаар SHA-256 алгоритм ашигладаг токен бүрийг, түүнтэй хавсруулан олборлож болно. Үүний тулд, багахан тохируулгыг л зөв гүйцэтгэх шаардлагатай. Гэхдээ уг тохиргоо нь, эцэг Блокчэйнд огтоос нөлөөлөхгүй буюу, зөвхөн туслагч Блокчэйнүүд дээр л тохируулагдана. Гэхдээ, ийн тохируулах нь сэт салаалалтыг үүсгэн, ашиглаж буйтай агаар нэгэн ойлголт юм.
Нэгдмэл олборлолт нь, хэшлэх чадвар тааруу буюу жижиг Блокчэйнүүдийн хувьд, аюулгүй байдлаа нэмэгдүүлэх, Биткойн зэрэг том Блокчэйний хэшлэх чадлыг ашиглах зэрэг сонирхолтой давуу талуудыг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, 51% дайралт зэргээс хамгаалах, нэмэлт шийдлийг ийм байдлаар бүрдүүлж өгч болно.
Гэвч, ийм байдлаар тохируулах нь аюулгүй байдлыг сайжруулах ямар нэгэн нөлөөг үзүүлэхгүй гэж үзэх хөгжүүлэгчид ч тун олон байгаа ба, ийн үзэх болсон шалтгаан нь эдийн засгийн зохицуулалт алдагдсантай нь холбоотой аж. Энгийнээр бол, том Блокчэйн дээрээс олж болох урамшуулын хэмжээ нь огт өөрчлөгдөхгүй учир, жижиг Блокчэйн дээр шударгаар хөдөлмөрлөх, булхайцахын хооронд ямар ч ялгаагүй болох аюултай юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation