DogeCoin гэж юу вэ?

DogeCoin (DOGE) нь, түүхэн дэх хамгийн алдартай meme-үүдийн 1-ээс сэдэвлэж, хошигнол болгон хөгжүүлж, гаргасан крипто валют юм. Хачирхалтай нь, түүний энэ маазралтаар бүтсэн түүх, ямар ч зориулалт, хэрэгцээгүй байдал нь, түүний ханшийг өсгөхгүй барьж үнэхээр дийлээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд маш идэвхтэй өсөлтийг үзүүлж, олны дэмжлэгийг хүлээх болсон.

Анхдагч зоосуудын мөрийг даган, эрт мэндэлсэн бусад зоос, токенуудын 1 болох DOGE нь, тухайн үедээ бусдаасаа тэс ондоо, өвөрмөц бүтээл байсан нь үнэн. 2014 оноос олны хараанд өртөж, нийтийн ярианы сэдэв болох болсон шалтгааныг энэхүү нийтлэлээрээ танилцуулахыг зорьлоо.

DogeCoin-ы товч түүхэн замнал

LiteCoin-ы кодоос хуулбарлан бүтээгдсэн, нээлттэй эх дээр хөгжүүлэгддэг уг крипто валютийн сэдэвлэсэн эх нь, 2013 оноос интернэт ертөнцийг байлдан дагуулсан алдартай мим болох Doge (Сиба Ину) юм.

Уг "хошигнол" крипто валютийг анх, АНУ-ын Орегонд харъяалалтай, програм хөгжүүлэгч Билли Маркус (Billy Markus) гэгч сэдсэн бөгөөд, тэрээр ийм хөгжилтэй байдлаар сэтгэсэн зоос, Биткойноос ч олон хэрэглэгчдийг татаж магадгүй гэж таамагласан нь, DogeCoin-ы үндсийг тавьсан аж. Тухайн үед, өнөөгийн Adobe корпорацийн бүтээгдэхүүн зохион байгуулалтын хэлтсийн захирлын албыг хашиж буй, Жексон Палмер (Jackson Palmer), "DogeCoin-д хөрөнгө орууллаа. Үүнийг дараагийн том зүйл болж чадна гэдэгт итгэж байна." хэмээн жиргэж байсан ч, хожим тэрхүү жиргээгээ устгасан байдаг.

Тухайн үедээ Палмер, dogecoin.com вебийг хүртэл хөгжүүлж, нээж байсан ба, түүний энэ санааг, Маркус өлгөн авч, Палмертай холбоо тогтоосноор, Та бидний сайн мэдэх, DogeCoin мэндлэсэн түүхтэй. Нээлтээ хийсэн даруйдаа, асар хурдтай түгж, сарын дотор зах зээл дээр олон саяын үнэлгээнд хүрч чадсан.

Нийгмийн байр суурь

DOGE-ийн хөрөнгө оруулагчид, хандив, буяны үйлсэд гар татдаггүйгээрээ алдартай. Reddit зэрэг систем дээр, контент хөгжүүлэгчдийг урамшуулах систем болон хөгжсөн явдал нь үүнийг гэрчилнэ. Түүгээр ч зогсохгүй, 2014 онд, Ямайкын Бобслей буюу хурдны чаргын багын, Сочигийн өвлийн спортын их наадамд оролцох зардал болох $30'000 USD-г DogeCoin-оор цуглуулж өгсөн түүх бий. Тухайн үед, уг багынхан оролцох эрхээ олсон боловч, хөрөнгөгүйн улмаас оролцож чадахгүйд хүрээд байсан юм.

Мөн онд, Doge4Water төслийн хүрээнд, $30'000-аас илүү АНУ долларын хөрөнгийг босгож, Кени улсад гүний, цэвэр усны худаг ухах ажлыг санхүүжүүлж, дахин $50'000 USD-г цуглуулж, NASCAR-н жолооч Жош Уайз (Josh Wise)-ын уралдааныг ивээн тэтгэж байжээ. Энэ явдал нь, түүний машин дээр DogeCoin-ы лого дүрсийг буулгах, уралдааныг сонирхогч, шимтэн үзэгчдэд, токеноо сурталчлах том завшаан болсон.

Цахилгаан авто хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага болох Tesla-н гүйцэтгэх захирал Элон Маск (Elon Musk), DogeCoin-г өөрийн хамгийн дуртай крипто валютуудын 1 байж магадгүй талаар жиргэсэн нь, мөн уг токенийг сонирхогчдын тоог өсгөхөд үнэтэй хувь нэмрийг оруулсан байдаг. Түүнийг жиргээг ЭНД-ээс уншаарай. Энэ жиргээг дагасан, нийтийн "хошигносон" санал асуулгын ачаар Маск, DogeCoin-ы гүйцэтгэх захирлаар өргөмжлөгдөөд байгаа.

TikTok-н нөлөө

2020 оны дунд үед, бичлэг түгээгч алдартай хэрэглүүр болох TikTok дээр, нэгэн хэрэглэгчийн "хамтдаа баяжицгаая" гэх уриатай, DogeCoin-г худалдаж авах уриалгын нөлөөгөөр, DOGE-ийн ханш савласан билээ. Хямд байгаа үед нь аваад, $1 USD хүргэж зарах энэ уриалгын ачаар, 7 хоногийн дотор ханш 2.5 дахин өссөн боловч, төд удалгүй эргэн унасан байдаг.

Дээрх үзэгдлийг pump and dump буюу хөөргөөд, хаях гэж нэрлэдэг ба, ийм байдлаар ханшинд зохиомлоор өөрчлөлт оруулж, түүгээрээ ашиг хийх нь хууль бус үйлдэлд тооцогдоно. Өөрсдөө маш хямдаар, их хэмжээгээр авсны дараа, бусдыг уриалан, FOMO-руулж, ханшийг нь өсгөөд, авсан хөрөнгөө зарах замаар орлого олох нь, цаанаа олон арилжаачид, хөрөнгө оруулагчдыг хохироох эрсдэлтэй байдаг. Тиймээс, ханшийн өсөлтийн шалтгааныг эхлээд сайтар судалж хэвших хэрэгтэй.

DogeCoin-ы бүтэц

DOGE нь, LiteCoin (LTC)-ы салаалалт болох, LuckyCoin-д суурилж бүтээгдсэн боловч, хөгжүүлэлтийнхээ явцад цөөнгүй өөрчлөлтийг хэрэгжүүлээд байгаа.

Блокчэйн

Биткойны адилаар Дожкойн нь, PoW алгоритмаар баталгаажуулалт хийдэг. Сүлжээнд хамрагдагсад нь, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж буй програмыг суулгаснаар, бүтэн зангилааны үүргийг гүйцэтгэх боломжтой. DOGE-н сүлжээг хянаж, зохицуулах давуу эрхтэй хэрэглэгч байхгүй учир, түүнийг төвлөрсөн бус хэлбэртэйд тооцно.

Олборлолт ба нөөцийн нийлүүлэлт

Мөн л Биткойны жишгээр, шинэ зоосуудыг олборлож бүтээнэ. Гэхдээ, Биткойн болон Лаяткойны хооронд хэшлэлтийн ялгаа бий. Биткойн, SHA-256 гэсэн хэш ашигладаг бол, LTC нь Scrypt гэх криптографыг ашиглана. Тийм ч учраас, BTC-ыг олборлоход хэрэглэдэг тусгай төхөөрөмжүүдээр LTC-г олборлох боломжгүй. Гэхдээ, Лаяткойнд тусгайлан зориулсан ASIC-үүд бас бий.

Лаяткойноос өрх тусгаарлахдаа хөгжүүлэгчид нь, нэгдмэл олборлолтын аргад шилжүүлэн өөрчилсөн ба ингэснээр, LTC-г олборлогчид, Лаяткойн олборлох үедээ, DOGE-г ч мөн түүнтэй зэрэгцүүлэн олборлох боломж бүрдсэн. Уг аргыг, "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн дараагийн дугаар болох 19-р хэсэгт тодорхой танилцуулъя.

Дожкойны хувьд, минутанд 1 блок хаагдах ба, блок хаасны урамшуулал нь 10'000 DOGE байдаг. DogeCoin-д нөөцийн хязгаар байхгүй бөгөөд, өдгөө нийт 131 тэрбум гаруй ширхэг эргэлдэж байна. Уг токений талаарх бүхий л мэдээ мэдээллийг, CMC дээрх хуудсаас нь авах боломжтой. Тэрхүү хуудсанд нь хандахыг хүсч байвал, ЭНД дарна уу.


DogeCoin-оор юу хийж болох вэ?

Бусад крипто валютийн адилаар нохойн зоосыг, төлбөрийн хэрэгсэл, арилжааны хөрөнгө зэргээр ашиглаж болно. Олны анхаарлыг сайн татаж чадсаныхаа ачаар, уг токен өдгөө бараг бүхий л бирж дээр арилжаалагдаж, түүнийг хадгалж чадахгүй хэтэвч ч байхгүй болоод байгаа. Гэхдээ, хэрэв DOGE-р бодит бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахыг хүсвэл, хамгийн давгүй газраар Bitrefill-г нэрлэж болох юм.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!