Крипто тайлбар толь [17-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Дуудлага худалдаа
Үнэ хаялцаж, ховор нандин, дурсгалтай, чухал бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, өмч хөрөнгийг арилжаалах явдлыг дуудлагаар худалдаалах гэнэ. Анхны дуудах үнийг, уг худалдааг зохион байгуулагч тогтоож, зарлах ба, тухайн хөрөнгийг авахаар сонирхогчид нь бусдаасаа өрсөн үнийг өсгөж дуудсаар, хэн хамгийн өндөр үнийг хэлсэн нь авах буюу түүний амласан үнээс дээгүүр ханшаар авах хүн гарахгүй болтол үргэлжилнэ.
Ийм худалдааны үед, тухайн хөрөнгийг авахаар сонирхож, өрсөлдөх хүн хэр их байгаагаас, үнэ ханшийн өсөлтийн хэмжээ ихээхэн хамаардаг. Цаг хугацааг даган, дуудлага худалдааны зохиогдох зарчим өөрчлөгдөж байгаа ч, бүртгүүлж хувийн дугаар авах, давхардаагүй, хамгийн өндөр дүнг амласан нь ялах зарчмууд хэвээр хадгалагдсаар байгаа. Гэхдээ, хамгийн бага дүнг хэлж өрсөлдөх худалдааны хэлбэр ч бас бий болсон бөгөөд энэ нь ихэвчлэн хэрэглэгчдийг татах, сурталчилгааны зорилгоор хэрэглэгддэг. Ийм худалдааны үед, доод үнийг нь зохион байгуулагчаас зааж өгөх ба, оролцогчид нь бусдынхтай давхардаагүй, хамгийн бага дүнг таахын төлөө өрсөлдөнө. Доод үнийн дуудлага худалдааг Dutch Auction гэдэг.
Уралдах дайралт
1 ижил хөрөнгийг адил дүнгээр, нэгэн зэрэг 2 тусдаа гүйлгээ хийхээр захиалах явдлыг Race Attack гэнэ.
Хиртүүлэх дайралт
Сүлжээн дэх зангилаануудын олонх нь, үнэн мэдээллийг илгээж буй шударга зангилаануудын илгээсэн мэдээллийг, бусад зангилаануудад хүргэлгүй хааж явдлыг Eclipse Attack гэж нэрлэдэг.
Гараг хоорондын фаялын систем
InterPlanetary File System (IPFS) нь, P2P сүлжээгээр фаял түгээх, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж буй төсөл юм. Интернэтийн хэрэглээг өөр түвшинд аваачих, том амлалтыг тавиад буй энэ төсөл, бүх төхөөрөмжийг нэгдсэн 1 сүлжээнд холбохоор зорилготой. IPFS-г бүрэн гүйцэт ойлгохын тулд, түүнийг өнөөгийн интернэтийн жишиг болох Hypertext Transfer Protocol (HTTP) буюу өгөгдлийг замчилж дамжуулах протоколтой харьцуулсан нь дээр байх болов уу.
World Wide Web (WWW) буюу дэлхийг хамарсан веб нь, үндсэндээ HTTP болон түүний Secure буюу аюулгүй хувилбар болох HTTPS дээр тулгуурлан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ 2 протоколгүйгээр, дэлхий нийт хоорондоо харилцаж, мэдээлэл солилцох боломжгүй.
HTTP нь, хүсэлт илгээж, хариу авах зарчмаар ажилладаг протокол бөгөөд, хэрэглэгчид, төхөөрөмжүүдийг харгалзах бүсийнх нь сервертэй холбож өгдөг гарц, гүүр юм. Энгийнээр бол хэрэглэгч, ямар 1 веб хуудсанд хандах үед, хүсэлт нь сервер дээр ирээд, хүсэлт нь элдэв зөрчилгүй бол, түүнд харгалзах хуудсынх нь мэдээллийг серверээс зөрүүлж илгээснээр, тухайн хуудас хэрэглэгчийн төхөөрөмж дээр ачаалагддаг.
Ийм байдлаар ажиллаж буй интернэт орчин дахь өгөгдөл бүр түр зуурынх байдаг. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн зохион байгуулалт нь, серверийн доголдлоос хамаарч, тухайн мэдээлэлд хандах боломжыг хязгаарлах дутагдалтай.
Харин IPFS сүлжээнд холбогдсон үед, бүхий л мэдээлэл нь, холбогдсон хэрэглэгчиддээ түгээгдсэн байх учир, тухайн мэдээллийг хадгалж байгаа хэрэглэгч байгаад, тэр нь сүлжээнд холбогдсон байх л юм бол, тэрхүү мэдээлэлд хандах боломж бусад бүх хэрэглэгчдэд нээлттэй хэвээр байх юм. Зарчмын хувьд, IPFS нь, контентийг чухалчилдаг сүлжээ байх бөгөөд, энгийнээр бол, хэрэглэгч, бусад хэрэглэгчдээс асууж, хайсан зүйлээ олж авахтай адил хэлбэрээр ажиллана.
Суурилуулсан байдлаасаа хамаарах ч, IPFS нь, HTTP-с, хааж хориглох боломж бага, мэдээллийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулалгүй хамгаалах чадвар өндөр, ажиллагааны өртөг зардал бага, хурд болоод хүчиин чадал сайн, найдвартай бөгөөд аюулгүй байдал өндөртэй зэрэг олон давуу чанаруудтай. Дутагдалтай талууд гэвэл, хүмүүсийн сонирхол, оролцооноос их хамаарах явдал бөгөөд, хэрэглэгчдийг ихээр татаж чадахгүй бол, мэдээллийн хүрэлцээтэй байдал болоод сүлжээний өргөжин тэлэх чадамжинд сөрөг нөлөө учрах юм.
Фаял
Компьютер болон бусад өгөгдөл боловсруулагч, цахилгаан төхөөрөмж дээрх ямар 1 өгөгдлийг хадгалж буй нэгж зүйлийг File гэж тодорхойлно. Дотроо олон төрөл зүйл байх бөгөөд тэдгээрийг харгалзах өргөтгөлөөр нь ялгаж ангилна. Жишээлбэл, .png болон .jpg зэрэг өргөтгөлүүд нь зургын фаялыг илэрхийлэх хамгийн өргөн хэрэглэгддэг төрлүүд юм.
Интернэт
Протоколуудын тусламжтайгаар, өөр хоорондоо харилцан холбогдож, мэдээлэл солилцох, төхөөрөмжүүд болон сүлжээнүүдийн нэгдсэн системийг Internet гэнэ. Интернэтийн үүсэл гарал, хөгжлийн түүх, шинэ эриний таамаглалын талаарх сонирхолтой нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
Эх код
Програмыг анх бичиж байх үедээ, түүний төлөв загвар, ажиллах зарчмыг нь тодорхойлж, заасан олон мөр кодыг эх код гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэглүүрийн анхны санаа, гол зориулалт, гүйцэтгэлийг шингээсэн кодуудыг ийн нэрлэдэг.
Уг кодыг, програмчлалын ямар ч хэл дээр бичиж болох бөгөөд, тэдгээр нь ямар 1 үйлдэл гүйцэтгэж, тодорхой 1 үр дүнд хүрэх зориулалттай байна. Кодууд нь, хүний өгсөн зааварчилгаа, үйлдлээс хамаарч, харгалзах төхөөрөмжиндөө, зохих тушаалыг хэрэгжүүлдэг буюу хүн, машин хоорондын харилцааны хэл юм.
Зарим кодуудыг тусгай хөрвүүлэгчээр машинд ойлгуулдаг байхад, зарим нь шууд ажиллах боломжтой байдаг. Ямар ч хэрэглүүрийн хувьд, код бичих ажиллагаа нь хамгийн чухал хэсэг байдаг боловч, сүүлийн үед маш хялбар энгийн ойлгомжтой хэлүүд хөгжиж, зарим бэлэн загвар өрдөг, код бараг огт бичихгүйгээр веб хуудас, програм бүтээдэг хэрэгслүүд ч бүтээгдээд байна.
Хангамж
Хэрэглэгчдийн тодорхой бүлэгт, тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж, хүргэх бүхий л шатны дамжлага, нийлүүлэлтэнд хамаарах хүмүүс болоод ААН-үүдийн сүлжээг, Supply Chain гэнэ. Үүнд, түүхий эдийн олборлолт, боловсруулалт, угсралт, хадгалалт, тээвэрлэлт, нийлүүлэлт, борлуулалт, хүргэлт зэрэг, эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл оролцох бүхий л ажиллагааг, цөмийг нь хамруулан ойлгоно.
Орчин цагийн хангамжын сүлжээ, дэлхий дахиныг бүхэлд нь бүрхэж чадаж байгаа. Түүний ачаар, түүхий эдээ хямдаар болон их хэмжээгээр олж авах, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санаачлан нэвтрүүлэх гээд л олон сайхан давуу талууд буй болсон. Гэвч, сүлжээ томрохын хэрээр, ачаалал, харилцан зохицолтой байдалд асуудал тулгарч байгаа ба үүнийг Блокчэйн хэрхэн шийдвэрлэх боломжтой ЭНД дараад судлаарай.
Төвлөрсөн бус, бие даасан хоршоо
Decentralized Autonomous Cooperative (DAC) гэдэг нь, ерөнхий 1 удирдлагын доор захирагддаг бус, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнээр удирдуулсан байгууллага, нэгдэл юм.
Бүртгэлийн дэвтэр
Ledger нь, бодит дэвтэр эсвэл компьютерийн файлын аль ч хэлбэрээр бүтээгдэж, ашиглагдах боломжтой, санхүүгийн болон мөнгө, төлбөр тооцоотой холбоотой мэдээллүүдийн жагсаалтыг агуулдаг тэмдэглэл юм. Өрийн дэвтэр, хөрөнгө оруулалтын данс зэрэг нь ийм бүртгэлийн жишээ болно. Ихэвчлэн, зээлдэгчдийн нэрс, зээлийн хэмжээ, огноо, эргэн төлөлт, хүүг бүртгэж тэмдэглэх, хянаж шийдвэрлэх зорилгоор ийм бүртгэлийг хөтлөх нь бий.
Технологийн хөгжлийн ачаар, цахим бүртгэл илүү өргөн хэрэглэгдэх болсон ба, олон төрлөөр, олон зориулалтаар хэрэглэж байна. Орлого/зарлага, гүйлгээнүүдийг ч ийм байдлаар бүртгэх явдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ба, үүнийг Блокчэйн технологитой нэгтгэж, маш үр дүнтэй, найдвартай бүртгэлийн системийг үүсгэх боломж бий. Ингэснээр, ямар давуу талууд бий болох, ямар ашигтай зэргийг ЭНД дараад уншаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation