Аюулгүй байдлын ерөнхий зарчмууд
Крипто валют бидэнд олон сайхан боломжуудыг авч ирсэн. Гэвч, тэднийг дагасан эрсдэл, аюулууд бас бий. Ялангуяа, туршлага нимгэн, шинээр сонирхож буй хэрэглэгчдэд тэдгээр нь ихээхэн асуудал болж болно. Тиймээс, энэхүү нийтлэлээрээ, крипто хөрөнгө хадгалах, хэрэглэх, арилжаалах үед баримтлах, аюулгүй байдлын 3 чухал зарчмыг танилцуулахыг зорьлоо.
1. Хувийн мэдээллийн нууцлалаа алдагдуулахгүйг хичээ!
Интернэтийн ачаар мэдээллийг чөлөөтэй, хурдтайгаар дамжуулах боломж бүрдсэн. Гэвч, атгаг санаатнуудын нөлөөгөөр, ёс бүс үйлдлүүд ч цөөнгүй гарч, хувийн болоод албаны чухал мэдээллүүд алдагдаж, түүнээс улбаалсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна.
Дайралтууд ихэвчлэн нийтрүү чиглэж, тэр дундаас гэнэн итгэмтгий, мэдлэг хомс, хайхрамжгүй болон шуналдаа автсан хүмүүсийг урхидах замаар гүйцэтгэгддэг. Ингээд, тэдний хувийн мэдээлэл буюу утасны дугаар, овог нэр, зураг, ц-шуудангийн хаяг, цаашлаад нууц үг, дансны дугаар, найз нөхдийн талаарх мэдээллийг нь олж авах ба тэдгээрийгээ ашиглан луйвар, өгөгдөл барьцаалах, тагнан турших, дүр хуулбарлах, чухал мэдээллийг задруулах сүрдүүлэг, данс хоослох зэрэг ёс бус авирлах боломжтой болдог. Криптогийн хувьд биржрүү болон хэтэвчрүү хандах нууц үг, үр үгс болон далд түлхүүрийг олж авах нь гол зорилго байх бөгөөд, 1 л нэвтэрсэн тохиолдолд, алдсан хөрөнгийг эргүүлэн сэргээх бараг боломжгүй байдлыг тэд өөрсдийн давуу тал болгон ашиглана. Ялангуяа, хувийн мэдээллээ задруулсан тохиолдолд илүү нарийн төлөвлөсөн, боловсронгуй халдлагуудыг хийх нь бий.
Тиймээс, дараах алхмуудыг санаж, хэрэгжүүлэх нь чухал юм. Үүнд:
- Амжилттай хийсэн арилжааныхаа талаар бусдад гайхуулж, сайрхахаас зайлсхийх;
- Өмнө нь хэрэглэж байсан хаягуудаа ил зарлахаас татгалзах;
- Хэр хэмжээний хөрөнгө, төсөвтэйгээ илчлэхгүйг хичээх;
- Хувийн чанартай мэдээллүүдээ дэлгэж, нийтлэхгүй байх;
- Нууцлал, хамгаалалт өндөртэй харилцаа холбооны сувгуудыг сонгож хэрэглэж хэвших.
Алсын хараатай бай. Одоо байгаа жаахан хэдхэн сатоши тань, алсдаа олон мянган долларын үнэлгээнд хүрэх үед, түүнд шунах "хар гартан" нэгээр дутахгүй гарч ирэх вий.
2. Өөрийгөө хамгаал!
Уламжлалт банкны болон крипто валютийн системүүдийн аль алийг луйвар, залилан сүүдэр мэт дагаж байдаг. Крипто валютийн хувьд, хэрэглэгчийн хүлээх хариуцлагыг ихээхэн бууруулж өгсөн байдаг ч, зарим эрсдэл байсаар байгаа ба тэдгээрийн талаар дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай. Мөн, эрсдлийг хэрхэн зохицуулах боломжтой ЭНД дараад мэдэж авч болно шүү.
Мартагдахааргүй хэрнээ, тоо, том болон жижиг үсэг, тусгай тэмдэгт агуулсан урт нууц үг зохиож, түүнийгээ 2 нөхцөлт баталгаажуулалтаар хүчитгэх нь, хамгаалалтын эхний оновчтой шийдэл болно. 1 нууц үгээ олон өөр веб, апп, үйлчилгээнд хэрэглэхээс зайлсхийх нь, ухаалаг алхам болно. Мөн, мартахаас сэргийлэх эсвэл мартсан үед сэргээх боломжыг өөртөө бүрдүүлж өгөх чухал, ингэхдээ түүнийгээ бас найдвартай, аюулгүй газарт байршуулахыг хичээгээрэй.
Халдагчдын хэрхэн ажилладаг, юуг онилж, ямар арга хэргэлдгийг багахан ч атугай судалж, мэд. Ингэснээр, тэдний өгөөшийг үмхэх аюулаас Та өөрийгөө хамгаалах наад захын чадамжыг олж авах юм.
Нууц үг зохиох, нөөцлөхдөө анхааралтай ханд. Үсэг, тэмдэгт андуурч дарахаас эхсүүлээд, хүний гаргаж болох олон алдаа байдаг учир, гүйлгээ хийхдээ ч, хүлээн авагчийн хаягыг шивж биш, хуулж хэрэглэ.
3. Өөрөө өөрийнхөө банк бол!
Далд түлхүүрүүдээ, интернэт холбогдоогүй, цахим бус орчинд хадгалах нь хамгийн найдвартай сонголт болно. Биржүүдийн хамгаалалт эрс сайжирч байгаа нь үнэн ч, тогтмол арилжаа хийдэггүй л бол, хөрөнгийнхөө ихэнх хувийг биржээс гадуур хадгалахыг хичээгээрэй. Далд түлхүүрээ алдвал, хэн ч, яаж ч тусалж чадахгүй болох эрсдэлтэйг бас мартаж болохгүй.
Хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах, хянах, удирдах бүх эрх Таньд олгогдсон байгаа. Тэр хэмжээгээр, үүрэг хариуцлага бас ногдсон. Тиймээс, хэтэвчээ сайтар судалж, сонгоорой.
Криптод банк гэсэн ойлголт байхгүй тул, банкны санал болгодог үйлчилгээнүүдийг өөртөө үзүүл. Гүйлгээ хийхийн өмнө, хаягаа нягтал, дансны үлдэгдлээ бүртгэ, арилжааны ашиг, алдагдал болон орлого/зарлагаа хяна. Тэдгээр дээрээ дүгнэлт гаргаж, төлөвлгөөгөө сайжруулах эсвэл өөрчлөх аргыг эрэлхийл.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation