Крипто тайлбар толь [18-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
BEP-20
Эфириумийн хамгийн өргөн хэрэглэгдэж буй токений жишиг болох ERC-20 загварыг сайжруулан хуулбарлаж, BSC дээр бүтээсэн жишгийг, BEP-20 гэх ба, эдгээр жишгийн дагуу токенуудыг хэн, яаж, хэрэглэж болохыг зохицуулдаг гэж ойлгож болно. Binance Chain-ий BEP-2, Эфириумийн ERC-20 жишгүүдийн аль алинтай нийцтэй ажилладгаас гадна, шимтгэл бага, хурд өндөртэй зэрэг давуу талуудтай.
Уг жишгийн гол зорилго нь, BSC-ийн тогтолцоог бүтээх, асар олон төрлийн токен бүтээж, хөгжүүлэх боломж, нөхцлөөр хангах явдал юм. Тогтвортой зоос, битүүмжлэгдсэн зоос, DApps гээд л, Binance Chain-ы санал болгож чадахаас ихийг энэ сүлжээн дээр гүйцэтгэх боломжтой.
Шарп харьцаа
Sharpe Ratio-г, Уильям Шарп (William F. Sharpe) гэгч, АНУ-ын эдийн засагч, 1966 онд анх зохиосон. Уг харьцаа нь, ROI-н чадамжыг тооцоолоход хэрэглэдэг, хөрөнгө оруулагч, арилжаачдын гол багажуудын 1 билээ. Өгөх өгөөжийн боломжит хэмжээг, эрсдэлтэй тулган харьцуулах замаар тооцдог уг харьцааг мөн, Шарпийн хэмжүүр, Шагнал болон өөрчлөлтүүдийн харьцаа зэргээр нэрлэх нь бий.
Энгийнээр бол уг харьцаа нь, хөрөнгө оруулалтыг, харгалзах эрсдлээсээ илүү гарч чадах эсэхийг тодорхойлоход тусладаг шинжилгээний арга болдог. Тодруулбал, тухайн 1 хөрөнгийн хувьд, нэгж бүрийн авч ирч болох ашиг нь, тэдгээрт ногдох алдагдлаас илүү гарч чадаж байгаа эсэх, хэр илүү гарах боломжтойг илрүүлэхэд хэрэглэгдэх юм. Уг аргыг 2 тусдаа хөрөнгө дээр хэрэглээд, аль илүү өндөр дүнг харуулсныг нь, илүү ирээдүйтэй гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, эрсдлээсээ илүү ашигтайд тооцогдох хөрөнгийг нь олоход ашиглаж болно гэсэн үг.
Гэхдээ понзи схемүүд дээрх, Шарп харьцаа өндөр дүнтэй буюу ашиг ихтэй мэт харагдах тал байдаг тул, бусад судалгаа, шинжилгээний аргуудыг заавал хавсруулан хэрэглэж байгаарай. Учир нь, луйврын системүүдийн нийтэд дэлгэх мэдээлэл нь хуурамч байдгаас, харьцангуй өндөр өгөөжтэй мэт харагддаг байна.
Санхүүгийн байгууллага, банкууд ч, уг харьцааг өргөн ашигладаг бөгөөд, бусад хэрэгслүүдтэй хослуулснаар хөрөнгийн хэмжээ, өсөлтөө үнэлэх боломж бүрддэг учраас тэр. Үнэт цаас, хувьцааны арилжаанд ч бас хэрэглэх боловч, ханшийн хэт савлагаатай болон ашгийн тогтмол өсөлттэй үед уг харьцааны үзүүлэх дүн 0-рүү дөхөж, бодит дүгнэлт гаргах чадвараа алдах нь бий. Ялангуяа сөрөг гарсан дүн нь, амьдрал дээр хэрэгжихгүй байх нь олонтаа.
Баталгаажуулалтын хугацаа
Блокчэйний сүлжээрүү гүйлгээний мэдээллийг илгээснээс эхлээд, баталгаажсан блокт бичигдэж, өгөгдлийн санд хуулагдах хүртэлх хугацааг баталгаажуулалтын хугацаа гэнэ. Өөрөөр бол, олборлогч зангилаагаар боловсруулагдаж, хүлээн зөвшөөрөгдтөл хүлээх хугацааг ийн нэрлэнэ.
Блокчэйн болон сүлжээний зохион байгуулалтаас шалтгаалж, уг хугацаа төсөл бүр дээр харилцан адилгүй байдаг. Өндөр шимтгэл төлж, гүйлгээгээ "яаралтайгаар" баталгаажуулуулах боломжтой сүлжээ байхад, шимтгэлийн хэмжээг цаанаас нь тогтмолоор заасан систем ч бас байх жишээтэй.
Энэхүү хугацааг, тухайн Блокчэйний сүлжээний хурдыг хэмжиж, тодорхойлоход ашиглаж болно. Гэхдээ, баталгаажуулалтын хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс, эрэлтийн хэмжээнээс эхсүүлээд тун олон байдаг тул, хурдыг оновчтойгоор тодорхойлохдоо тухайн үеийн төлөв, сүүлд баталгаажсан блокуудын мэдээллийг хянаж үзэх нь зүйтэй байдаг.
Олборлогчоор баталгаажиж, блокт бичигдсэн ч, тухайн блокыг сүлжээн дэх бусад зангилаанууд шалгаж, баталгаажуулах ёстой байдаг ба, үүний араас баталгаажиж буй бусад бүх блокууд, уг блок дахь бүхий л өгөгдлийг давхар давхар баталгаажуулна. Ийм нарийн үе шатуудыг дамжих тул, дөнгөж баталгаажсан блокыг шууд найдвартайд тооцдоггүй. Харин түүний дараагийн блокууд баталгаажиж, түрүүчийн блок дахь гүйлгээ буцаагдаж, цуцлагдахаас бүрэн сэргийлэгдсэний дараагаар л, гүйцэт баталгаажсанд тооцно. Ялангуяа, криптотой холбоотой онлайн үйлчилгээ үзүүлэгчид дээрх шалтгааны улмаас л олон баталгаажуулалтыг шаарддаг.
Биткойны хувьд, аюулгүй байдал тун өндөртэй учир, 6 баталгаажуулалтаар л, найдвартайд тооцогддог бол, бусад токенууд бүтцээсээ шалтгаалж, үүнээс олон баталгаажихыг хүлээдэг байна.
Виртуаль машин
Компьютерийн системийг төлөөлөх чадвартай програмыг virtual machine (VM) гэдэг. Ийм хэрэглүүрийн, CPU (боловсруулагч нэгж), RAM (санах ой), багтаамж зэрэг нь цөм, бодит төхөөрөмжөөс ялгарахааргүйгээр тохируулагдсан, хийсвэр үзүүлэлт байдаг.
Хийсвэр машин яаж ажилладаг вэ?
Энгийн тооцоолуурын адилаар, үйлдлийн систем, фаялууд, хэрэглүүрүүдийг агуулсан байх ба, бодит PC-н гүйцэтгэж чадах бүгдийг яг адил түвшинд боловсруулж чадна. Веб байршуулах, програм ачааллуулах, бусад системүүдтэй зэрэгцэн, 1 сүлжээнд орших бүрэн боломжтойн дээр, 1 компьютерийн систем дотор, өөр 1 систем ажиллаж байгаа мэт харагддаг.
1 сервер дээр, түүнтэй зэрэгцсэн хэд хэдэн ийм хийсвэр компьютерийг үүсгэж, ашиглаж болох ба, тэдгээрийг hypervisor буюу хийсвэр хянагч гэх програмаар зохицуулж болно. Уг програм нь, хийсвэр системүүдийн зохиомлоор үүсгэж тохируулсан хүчин чадлыг, бодит төхөөрөмжийн чадлын нөөцөнд хуваарилах ажлыг гүйцэтгэх юм. Гэвч, VM-уудын хүчин чадал, бодит хүчин чадлаас илүү гарах боломжгүй бөгөөд, олон VM үүсгэхийн хэрээр, төхөөрөмжийн нөөц хоргодож, удаашрах, хэт ачааллах, улмаар гацах, халах зэрэг доголдол үүсч болно.
Хийсвэр машиныг юунд хэрэглэдэг вэ?
Үндсэн системээс тусдаа орчинд, код болон програмыг ачааллуулж, турших зорилгод ихээр ашигладаг. Ялангуяа аюултай байж болзошгүй кодыг ийм байдлаар шалгах ба, ингэснээр учирч болох эрсдлийг арилгах давуу талтай.
VM дээр, үндсэн системээс өөр эсвэл адил боловч, хуучин хувилбарыг нь суулгаж, тохируулснаар, үндсэн систем дээр ашиглах боломжгүй хэрэглүүрүүдийг ашиглах боломж бүрдэнэ. Жишээлбэл, Windows үйлдлийн систем дээр, Linux, Mac, Android тэр ч бүү хэл, Sega, PS, Nintendo-г ч ийм байдлаар ачааллуулж болдог.
Онцлох жишээ: Эфириумийн хийсвэр машин (EVM)
Эфириумийн сүлжээн дэх бүх зангилаа, EVM дээр ажилладаг ба EVM нь, ухаалаг гэрээг ачааллуулах гол хэрэгсэл нь болдог. Ийм байдлаар үндсэн сүлжээнээс тусгаарласан нь, аюулгүй байдлыг сайжруулах, DDoS болон бусад халдлагаас тодорхой хэмжээнд дархлаажуулах зорилготой аж.
#CoinMarketCap
Веб: coinmarketcap.com
Загварчлалын алдааны халдлага
Design Flaw Attack гэдэг нь, зориудаар үүсгэсэн дутагдлыг агуулж буй ухаалаг гэрээ, арилжаа болон солилцооны бирж болон програмуудыг хөгжүүлэн гаргаж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлээд, тухайн дутагдлаараа дамжуулан хэрэглэгчдийнх нь хөрөнгийг завших, ёс зүйгүй, башир арга юм.
Энэ төрлийн халдлагыг ихэвчлэн, ухаалаг гэрээнд хөрөнгөө байршуулж, түгжихийг санал болгоод, тухайн гэрээ эсвэл түүнд хамаарах журмыг ашиглан, хөрөнгөнд хандах, захиран зарцуулах эрхийг олж авах замаар үйлддэг.
Зарим тохиолдолд, дутагдалтайг нь мэдэлгүй үүсгэн хэрэглэж байгаа харилцагчдын хөрөнгийг, дутагдлыг нь илрүүлсэн гуравдагч тал халдан орж ирж, хамж одох нь бий. Гэхдээ энэ тохиолдолд дайралтыг үйлдэгч нь, оролцогч талуудын аль нэгээс мэдээллийг олж авснаар л боломжыг олж авдаг тул, мэдээллийн аюулгүй байдалд анхаардаг хэрэглэгчдэд ийм аюул тохиолдох эрсдэл маш бага байдаг.
Ийм халдлагын бодит жишээгээр, Augur гэх платформыг нэрлэж болно. Мөн, хутагууд болон мэдээллийн эх сурвалжуудруу чиглэсэн дайралтуудыг, энэ төрөлд хамааруулах боломжтой.
Хоригт тэсвэртэй байдал
Крипто валютийн сүлжээний нэн чухал шинж чанаруудын 1 нь хааж, хориглох боломжгүй байдал нь байдаг. Сүлжээний журмыг л дагаж байгаа бол, түүнийг хэн ч, хэзээ ч ашиглах боломжтойгоос гадна гүйлгээнүүдийн мэдээлэлд хандах эрх нь бүх нийтэд нээлттэй, ил тод байна.
Түүнчлэн, өгөгдлийн сан дахь мэдээллийг засах, устгах эрхийг хэнд ч олгодоггүй нь, мөн энэ шинж чанарын олгох давуу тал билээ. Биткойны хувьд, уг чанар нь тэргүүлэх онцлогуудын 1-ээр нэрлэгддэг бөгөөд, олон сая хэрэглэгчид, сонирхогчид, арилжаачид болоод хөрөнгө оруулагчдыг татсан чухал давуу тал юм.
Дэвшилтэт веб хэрэглүүр
Progressive Web Application (PWA) гэх нэр томъёо нь, вебийн үндсэн жишгүүдийг баримталж, орчин үеийн шинэлэг, боловсронгуй технилогиудад тулгуурлан бүтээгдсэн, тусгай програмыг тодорхойлно.
Веб апп ба суугуул апп
Веб апп нь, интернэт хандах чадвартай апп юм. Ийм төрлийн хэрэглүүрийг ашиглахын тулд тэднийг заавал татаж, суулгах шаардлагагүйгээс гадна, сервер дээр байршиж байгаа учир, хэрэглэгчдийн төхөөрөмж, системийн хувилбараас хамаарахгүйгээр, тогтмол, хурдтайгаар шинэчлэгдэх давуу талтай байдаг.
Суугуул апп нь, заавал татаж суулгах шаардлагатайн дээр, шинэчлэлт гарах бүрт, түүнийг нь Store-с татах хэрэгтэй болдог. Гэхдээ, ийм хэрэглүүрүүд нь, веб хэрэглүүрүүдээ бодвол, хурд болон хүчин чадал сайтай, интернэтгүй үед ч ажиллах боломжтой зэрэг давуу талуудтай. Төхөөрөмж бүрт нийцдэггүй, бүтээх өртөг зардал өндөр зэрэг олон дутагдлыг агуулдаг учир, сүүлийн үед вебд суурилсан дэвшилтэт апп илүү хөгжих болсон.
PWA нь, хурд, найдвартай ажиллагаагаараа дээрх төрлүүдээс илүү гарч чадсан, тэдгээрийн нийлмэл загвар юм. Веб хэрэглүүр атлаа, татаж суулгаж болдог энэ төрлийн програм нь, бараг бүх хөтчөөс хандах боломжтойн дээр, бүхий л системд суулгаж болдгоороо онцлог.
PWA-ийн цаана орших технологи нь, HTML, CSS болон JavaScript зэрэг веб програмчлалын хэлүүд байх ба, эдгээрийн ачаар PWA нь дээр дурьдсан давуу талуудаа олж авсан. Түүнээс гадна, ийм байдлаар хөгжүүлэгдэж байгаа системүүдийн хөгжүүлэлт тасралтгүйгээр үргэлжлэх боломжтой. Түүнчлэн, веб апптай харьцуулахад, PWA нь заавал интернэт холболт шаардахгүй байж болно. Мөн, суугуул хэрэглүүр шиг, далд ачааллаад, ажиллаад байх боломжтой байдаг.
Сул талын хувьд, PWA нь хэрэглэгчийг тандах, үзэхийг хүсэхгүй байгаа сурталчилгааг шахах, интернэтийг нь ихээр хэрэглэх зэргээр тохируулан бүтээж болдог дутагдалтай.
Түрүүлж хөдлөхийн давуу тал
Шинэ зах зээлд, түрүүлж хөл тавих, түүнийг түрүүлж нийтэд таниулах, нэвтрүүлэхтэй холбоотойгоор олгогдох давуу талуудыг first mover advantage гэж нэрлэнэ. Өрсөлдөгчид гарч ирэх хүртэл, тухайн зах зээл дээрээс олж болох бүхий л давуу талуудыг атгах, ашиглах боломж гагцхүү энд л байдаг.
Крипто ертөнцийн хувьд, Блокчэйн технологид суурилсан шинэ төсөл, санааг, хязгаарлагдмал тооны хэрэглэгч, сонирхогч, хөрөнгө оруулагчдад таниулж, хүргэх нь энэ төрлийн өрсөлдөөнийг буй болгодог.
Гэвч, түрүүлж хөдлөх үед учрах дутагдлууд бас гарна. Олон хэрэглэгчдийг татаж, хангалттай танигдах хүртэл, үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ ашиг олоход хэцүү байх ба хичнээн ч хичээж, ямар ч чанартай бүтээгдэхүүн нийлүүлсэн, түүнийг шүүмжлэх, муулах хүн заавал гардаг. Тэр нь эргээд хэрэглэгчдийн цар хүрээгээ нэмэгдүүлэх, олонд зөвөөр танигдахад нь саад учруулах нь бий. Түүнчлэн, цоо шинэ зах зээлд анхны суурийг тавих нь, "туршилтын туулай" болохтой агаар 1 ойлголт юм. Энэ тохиолдолд, нэмэлт зардал, туршлагагүй байдал, төлөвлөөгүй ажил, тооцоолоогүй саатал их учирна. Гэвч, салбартаа анхдагчийн хувьд, алсдаа туршлага, мэдлэг, чадвар, нөөц бололцоогоор баялаг, тэргүүлэгч болох, бүүр ноёрхогч ч болох боломжтой.
Илчлэхгүйгээр батлах
Zero-knowledge proof (ZKP эсвэл 0KP) буюу ZK protocol нь, батлагч, баталгаажуулагчдын хооронд гүйцэтгэгдэх баталгаажуулалтын аргын 1 төрөл юм. Энэ төрлийн тогтолцооны үед, батлагч нь, баталгаажуулагчид мэдээллээ зарлан мэдэгдэхгүйгээр, түүнийг мэдэж байгаагаа нотлох боломжтой байдаг. Ингэхийн тулд, криптографийг ашиглах ба, тэр нь нууцлал болоод аюулгүй байдлын аль алийг нь сайжруулах давуу талтай.
Анхны санааг нь, Шафи Гольдвассер (Shafi Goldwasser), Сильвио Микали (Silvio Micali) нар, анх 1985 онд хэвлүүлж байсан ба, түүндээ ямарваа 1 онолын бодит үнэн байдлыг батлахдаа, тухайн мэдээллээ бүгдийг нь илчлэхийн оронд, багахан хэсгийг нь харуулах замаар шийдвэрлэж болохыг тайлбарласан байдаг.
ZKP нь, мэдээллийн бүрэн бүтэн, чанартай байдал болон түүнийг баттай мэдэж байгаа нотлогоог шаардана. Ийм байдлаар баталгаажсан мэдээллийг ихэвчлэн, хувийн мэдээллийн нууцлал болон аюулгүй байдалд өргөнөөр ашигладаг. Энгийн нэвтрэх систем яг ийм зарчмаар ажиллаж байгаа. Жишээлбэл, хувийн дугаар эсвэл ц-шуудангийн хаяг, нууц үгийг ашигласнаар, тухайн хэрэглэгчийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо зэрэг бусад хувийн мэдээллийг илчлэхгүйгээр, түүнийг мөн болохыг баталж болно.
ZKP-ийн хамгийн ирээдүйтэй хөгжиж чадах талбар бол, Блокчэйн технологи болон крипто валютийн орон зай юм. Үүний сонгодог жишээ болсон, Zcash-ийн zk-SNARK баталгааг дараагийн нийтлэлээрээ тодорхой тайлбарлаж өгье.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation