Binance Smart Chain гэж юу вэ?

Байнанс биржийн уугуул токен, Binance Coin (BNB)-ын өлгий болох Binance Chain буюу Байнансын хэлхээг өдийд мэдэхгүй хүн бараг байхгүй. Уг хэлхээ нь арилжааг асар өндөр хурдтайгаар гүйцэлдүүлдэг давуу талтай ч, програмчилж болдоггүй дутагдалтай бүтээгдсэн. Тэгвэл, уг асуудлыг шийдвэрлэх гаргалгаа нь, Binance Smart Chain (BSC) буюу Байнансын ухаалаг хэлхээ юм. Уг тусдаа Блокчэйн дээр, өндөр чадалтай DApps бүтээх боломжтойгоос гадна, Байнансын хэлхээтэй бүрэн нийцтэй ажиллаж чаддаг.

Байнансын хэлхээ анх 2019 оны 4-р сард нээлтээ хийж байсан. Өндөр хурдтай, төвлөрсөн бус арилжаанд хэрэглэгдэх зориулалттайгаар бүтээгдэж байсан уг Блокчэйн, өдгөө Байнансийн хамгийн том DApp болоод буй DEX-ийн суурь технологи юм. Уг биржрүү "bnbchain.org" гэсэн хаягаар эсвэл Trust Wallet гэх хэтэвчийн хэрэглүүрээр дамжин хандах боломжтой. Гэвч, Блокчэйнийн системүүдэд тулгамдаад буй асуудлууд болох өргөжих чадварын хязгаарлагдмал байдал, ухаалаг гэрээний сүлжээнд учруулж буй ачаалал зэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай тулгарсан учир, шинээр BSC-г хөгжүүлэн гаргасан билээ.

Эдгээр Блокчэйнүүд нь, зэрэгцэн ажиллах боловч, BSC нь Ethereum Virtual Machine (EVM)-тэй нийцэн ажиллаж, ухаалаг гэрээг ачааллуулж чаддаг онцлогтой. BSC-ний ачаар Байнансийн экосистемийн ачаалал даах болон гүйлгээ боловсруулах чадлаа нэмэгдүүлж чадсан. Гэхдээ BSC нь, хэлхээнээс гадуурх болон 2-р давхаргын шийдлүүдийн аль нь ч биш болохыг анхаараарай. Уг хэлхээ нь, Байнансын хэлхээгүйгээр буюу дангаараа ажиллаж чадах, тусдаа Блокчэйн юм шүү.

Түүнчлэн BSC нь, Эфириумийн ертөнцийн уудам орон зайд хандах, түүн дээр хөгжүүлэгдсэн DApps-г хэрэглэх боломжыг ч олгоно. Өөрөөр хэлбэл, Эфириум дээр хөгжүүлсэн төслөө, BSC дээр хэрэглэж болно гэсэн үг. Тийм ч учраас, MetaMask зэрэг хэрэглүүрийг холбож, ашиглахад хялбар, саадгүй байдаг. Хэдхэн тохиргоог өөрчлөхийн төдий л холбочих боломжтой гэдэг том давуу тал юм шүү.



BSC яаж ажилладаг вэ?

Зөвшилцөл

BSC нь, PoS хэлбэрийн зөвшилцлийн алгоритм болох Proof of Staked Authority (PoSA) буюу гадасласан эрх мэдлийн баталгааны алгоритмыг ашигладаг бөгөөд блок хаах хугацаа нь ойролцоогоор 3 секунд байдаг. Энэ зөвшилцлийн үед, хэрэглэгчид BNB-оо барьцаалж, баталгаажуулагчийн эрхийг олж авах ба зөрчилгүйгээр хааж чадсан блоктоо харгалзах гүйлгээнүүдийн шимтгэлээс урамшуулал хүртэнэ. Гэхдээ, BNB нь хязгаарлагдмал нөөцтэй, тогтмол шатаагдаж байдаг токен гэдгийг мартаж болохгүй.

Хэлхээ дамнасан зохицол

Хэдийгээр BSC нь, бие даасан систем боловч, Байнансын хэлхээн дээр өргөтгөл болон суурилсан. Ийнхүү хослуулан бүтээснээр, ачаалал даах, харилцан холбогдож, ажиллах чадвар сайтай цогц шийдэл болж чадсан. Энгийнээр бол, Байнансын хэлхээн дээр бүтээгдсэн BEP-2 болон BEP-8 токенуудыг, BSC-ний BEP-20 токентой солиход ямар ч асуудал гарахгүй гэсэн үг. Ингэж солихын тулд, Chrome болон Firefox хөтчүүдэд зориулагдсан Binance Chain Wallet нэмэлтийг ашиглаж болно. Татах холбоосыг нь доор орууллаа.

Хэрхэн ашиглах зааврыг удахгүй оруулъя. Мөн, сонирхуулж хэлэхэд, BEP-20 нь, ERC-20 токентой яг адил хэлбэрээр бүтээгдсэн байдаг.

BSC дээрх DeFi

BSC дээр, BTC, LTC, ETH, EOS, XRP тэргүүтэй, цөөнгүй зоосууд өлгөгдсөн байдаг. Өлгөгдөх гэдэг нь, өөрийн харъяа Блокчэйн дээр түгжигдэж, өөр Блокчэйн дээр адил хэмжээний хөрөнгөөр бүртгэгдэх явдал юм. Жишээлбэл, Биткойны Блокчэйн дээр 10 BTCтүгжүүлээд, BSC дээр 10 BTCB авч, хэрэглэх боломжтой байдлыг ийн нэрлэж байгаа. Түгжсэн BTC-оо гаргаж авахын тулд, BTCB-аа буцаагаад хөрвүүлэхэд л болно. Үүнийг хэрхэн гүйцэтгэх, ямар хэрэгцээ, шаардлагатай эд болохыг алсдаа танилцуулна аа.

BSC-ийн онцлог чанаруудын ачаар, түүн дээр хөгжүүлэгдэх DeFi төслүүд цаг минутаар нэмэгдэж, хэрэглэгчдийнх нь тоо ч өссөөр байна. Тэдгээрийн тод жишээ болсон, PancakeSwap, BurgerSwap болон BakerySwap-уудын талаарх танилцуулга, хэрхэн хэрэглэх зааврыг бид хүргэсэн байгаа. Тэдгээрийг, цаг гарган уншаарай гэж хүсмээр байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!