BakerySwap гэж юу вэ?

BakerySwap нь, Binance Smart Chain (BSC) дээр бүтээгдсэн, олон олон урамшууллыг санал болгодог, DeFi-ийн журам юм. AMM загвараар ажилладаг уг DEX дээр, хөрөнгө гадаслах, NFT багц үүсгэх, өөрийн гэсэн, тэжээмэл NFT амьтантай болох зэрэг боломжуудыг бүрдүүлж өгсөн байдаг.

Хоолны нэрээр нэрлэгдсэн DeFi төслүүд зөндөө бий. Тэдгээрээс, SushiSwap, PancakeSwap нарыг бид өмнөх нийтлэлүүдээрээ танилцуулсан байгаа. Тэгвэл энэ удаад, Bakery буюу талх, нарийн боов, бялууны газар, Swap буюу солилцоо гэсэн үгсээс бүтсэн нэртэй биржийг танилцуулах гэж байна.

Дээрх төслүүдийн дийлэнх нь токений хослол үүсгэн, хөрвүүлэлтийн санд байршуулж, урамшуулал хүртэх болон өөрт буй токеноо, өөр токеноор сольж авах боломжыг олгодог бөгөөд ихэнх хэрэглэгчид, Эфириумийн Блокчэйн дээрх DeFi-г ашиглаж байгаа хэдий ч, сүүлийн үед шимтгэл болон баталгаажуулах хугацаа багатай гэсэн шалтгаануудаар BSC дээрх төслүүдийг сонирхох хэрэглэгчид хурдацтай нэмэгдэж байна.

Ажиллах зарчмын хувьд, UniSwap зэрэг бусад солилцооны захуудтай төстэй ч, суурилсан технологийн хувьд PancakeSwap-тай илүү төстэй. Уг биржийн өөрийн, үндсэн хөрөнгө нь BAKE нэртэй токен байдаг бөгөөд, бүхий л урамшууллыг энэ токеноор олгоно. Крипто зах зээл дээрх, BakerySwap-тай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг ЭНД-ээс, BAKE токений талаар ЭНД-ээс тус тус уншиж судалж болно. Мөн бусад бирж, зоос, хаялага, крипто валютийн төслийн хөгжүүлэлт, ханш, нийгмийн сүлжээ зэрэг мэдээллийг ч мөн CMC-аас олж авах бүрэн боломжтой.


BakerySwap-ны хөрвүүлэлтийн сан

Веб хуудас нь, бэйкерийн цэсний загвараар бүтээгдсэн байх ба, байршуулах хөрөнгийн хослолын LP токеноос хамаарч, өөр өөр өгөөжийг амладаг.

Цэс нь дараах байдлаар нэрлэгдсэн байна. Үүнд:

Bread буюу Талх: BAKE гадаслаад BAKE авах

Doughnut буюу Цагариган боов: BAKE-BNB BLP гадаслаад BAKE авах

Waffle буюу Өрмөнцөр: BAKE-BUSD BLP гадаслаад BAKE авах

Rolls буюу Ороомог: BUSD-BNB BLP гадаслаад BAKE авах

Croissant буюу Хавирган саран боов: BAKE-DOT BLP гадаслаад BAKE авах

Latte буюу Сүүтэй боргол: USDT-BUSD BLP гадаслаад BAKE авах

Toast буюу Шарсан талх: ETH-BNB BLP гадаслаад BAKE авах

Cake буюу Бялуу: BTC-BNB BLP гадаслаад BAKE авах

BakerySwap-г яаж хэрэглэх вэ?

bakeryswap.org веб хуудсанд нь зочлоод, BSC дэмждэг, өөрийн хэрэглэдэг хэтэвчийг холбоно. Хэрэв, ийм хэтэвч байхгүй бол MetaMask, WalletConnect зэрэг олны хэрэглээ болсон хэтэвчүүдээс сонгож хэрэглээрэй. Хэтэвч холбогдсоны дараа, веб дээр харагдах мэдээллүүд ч нэмэгдэнэ.

Хөрвөх чадвар яаж нэмэх вэ?

UniSwap зэрэг бусад солилцооны талбарынхтай төстэй учир, тэднийг хэрэглэж үзсэн хүнд бол ойлгомжтой байх болов уу.

Exchange - Pool цэсээр орж, Add Liquidity товчийг дараад, харгалзах хослолоо, зохих дүн хэмжээгээр нь сонгож тохируулна.

BakerySwap Liquidity Pool (BLP) токеноо хүлээж авсны дараа, Earning цэсэнд хандаж, өөрийн BLP-д тохирох сонголтоор ороорой. Дээрх жишээнд, Doughnut буюу BAKE/BNB хослолыг сонгосон байгаа учир, энэ шатанд мөн түүндээ харгалзах сонголт болох BAKE-BNB BLP-г сонгоно гэсэн үг.

Хэдий хэмжээний BLP токенийг гадаслахаа зааж өгөөд л, хүсэлтээ баталгаажуулснаар, тогтмол орлого олж эхлэх нь тэр.

Өөр ямар боломжууд байдаг вэ?

Өөрийн гэсэн NFT захтай бөгөөд, тэдгээрийг BAKE болон дээр жагсаасан бусад токенуудаар сольж, худалдаж авах боломжтой.

Мөн, BakerySwap Launchpad-р дамжин, BSC дээр шинээр зарлагдсан, нээлтээ хийж буй төслүүдтэй танилцаж болно. Гэхдээ уг Launchpad буюу хөөрөх талбар нь, Байнансийн адил самбартай харьцуулахад NFT-д илүү төвлөрсөн байдаг.

Анхны Initial Dex Offering (IDO) буюу төвлөрсөн бус арилжааны биржийн хөрөнгө оруулалт татах арга хэмжээ нь, Блокчэйн технологид суурилсан NFT тэжээмэл амьтдын, Battle Pets гэх тоглоомын дүрүүд байсан. Эдгээр амьтдыг эвсэлдүүлж шинэ төрөл гаргах, тулалдуулах, солилцох боломжтой бөгөөд, уг тоглоом нь мөн BSC дээр хөгжүүлэгдсэн төсөл юм.

BakerySwap NFT багц сан гэж юу вэ?

BAKE токеноо түгжээд, NFT хожих боломжыг олгодог энэ үйлчилгээг хэрэглэх үед, хэдий чинээ их хөрөнгө байршуулна, ховор NFT хожих магадлал тэр хэмжээгээр нэмэгддэг. Гэхдээ, энэ үйлчилгээг аваад, цуцлах үед, анх байршуулсан хөрөнгийн 90 хувьтай тэнцэх дүн л эргэн төлөгдөхийг анхаараарай.

Жишээ зурган дээр бүх багц зарагдаж дууссан бөгөөд, багц бүр хэмжээнээс хамаарч, хожих NFT-ийн тоог өсгөсөн байгааг харж болохоор байна.

BakerySwap хэр найдвартай вэ?

Өнөөг хүртэл ямар 1 зөрчил, дутагдал, цахим халдлагад өртсөн мэдээ дуулдаагүй л байгаа ба, хөндлөнгийн шалгалтаар орсон талаарх мэдээллийг нь ЭНД дараад унших боломжтой.

Гэхдээ, ухаалаг гэрээнд хөрөнгөө байршуулах явдал нь өөрөө эрсдэлтэй алхам гэдгийг ойлгож байх хэрэгтэй. Хичнээн өндөр шалгалтыг давсан байлаа ч, ямар 1 алдаа, сул тал агуулагдаж байх боломж ямагт байдаг тул, алдаж чадах хэмжээний хөрөнгөөрөө л ороорой. Эцсийн эцэст, гаргасан шийдвэрт тань Таны өмнөөс өөр хэн ч хариуцлага хүлээхгүй учир, ухаалаг хандах хэрэгтэй шүү.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!