Automated Market Maker гэж юу вэ?
Automated Market Maker (AMM) буюу Автоматжуулсан зах зээл бүтээгч, 2 токений ханшийн харьцааг тодорхойлж өгдөг робот гэж ойлгож болно. Ийм төрлийн, энгийн томъёо ашигладаг төслүүдийн жишээнд, UniSwap тэргүүтэй солилцооны биржүүд багтана.
AMM-ийн тусламжтайгаар, P2P хэлбэрийн арилжаа хийж болохоос гадна, хөрвүүлэлтийн санг үүсгэж болдог. Өөрөөр хэлбэл, зах зээл бүтээгч болж, арилжааны шимтгэлээс ашиг олох боломжыг AMM бидэнд олгоно. Хэрэглэхэд дэндүү гэмээр хялбар байдлынхаа ачаар, AMM өдгөө DeFi ертөнцийн гол ноён оргилуудын 1 болоод байгаа билээ. Төвлөрсөн бус зах зээл бүтээх нь, криптогийн гол зорилго учир, энэ төрлийн санаа, загвар цаашид улам бүр өсөн нэмэгдэж, хөгжин цэцэглэх биз.
Захиалгын жагсаалтын оронд, тусгай томъёог хэрэглэж, токенуудын ханшийн харьцааг тогтоодог, DEX-үүд сүүлийн үед эрчийг авч байна.
x * y = k
Томъёоны тогтмол утга болох k нь, хөрвөх чадварыг илтгэх бөгөөд x болон y хувьсагчууд нь, тухайн хослолд хамаарах токенуудын хэмжээг заадаг. Үүний талаарх, арай илүү дэлгэрэнгүй тайлбар болон жишээг, ЭНД-ээс уншаарай. Мэдээж, илүү ярвигтай томъёог хэрэглэх өөр төслүүд зөндөө бий, тэдгээрийг харгалзах нийтлэл дээр нь тайлбарлах нь дээр гэж үзээд, уг нийтлэлд дурьдалгүй өнгөрүүллээ.
AMM яаж ажилладаг вэ?
Захиалгын жагсаалттай адил 1 тал нь, энд арилжааг заавал хослол дээр гүйцэтгэдэг. Жишээ нь, ETH/DAI, BNB/USDT гэх мэт. Гэхдээ хослол нь, крипто валютуудаас бүрдэх ба солилцоог гүйцэтгэхийн тулд эсрэг талаас адил дүн, ханшийг оруулах хүн гарч ирэхийг хүлээх шаардлагагүй.
Уламжлалт арилжааны бирж дээр, захиалгын жагсаалтанд захиалга оруулаад, түүнтэй адил ханшаар сөрөг захиалга орж ирэхийг хүлээдэг бол, AMM-д авах хүн нь л байвал зарагдаж, зарах хүн нь л олдвол авч болдог давуу талтай. Мөн, CEX-д, зах зээл бүтээгчид нь авах, зарах ханшийн зөрүүг буулгаж, авах ханшийн сонголтуудыг гаргаж өгдөг байхад, DEX-д солилцох хослолуудын нэр төрөл, хэмжээг нэмж өгч байдгаараа ялгарна.
AMM-г, Peer to Contract (P2C) буюу Хэрэглэгч болон гэрээ хоорондын сүлжээ гэж тодорхойлж болох юм. Учир нь, хэрэглэгчийн байршуулж буй хөрөнгийн хослол ухаалаг гэрээнд түгжигддэг. Одоохондоо, AMM-д захиалгын төрөл гэсэн ойлголт байхгүй байгаа ч, алсдаа бий болохыг үгүйсгэх боломжгүй.
Уг сэдэвтэй нарийн нягт уялдаа холбоотой, заавал унших сэдвүүд бий. Тэдгээр нь, Хөрвүүлэлтийн сан болоод, Зуурдын алдагдал хэмээх ойлголтууд юм. Харгалзах нэрс дээр нь дараад, эдгээр сэдэвтэй танилцаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation