Liquidity Pool гэж юу вэ?

DeFi-ийн экосистемийн цаана орших, суурь технологиудын 1 нь, хөрвүүлэлтийн сан юм. Уг санг, AMM, зээлийн журам, yield farming буюу ургац хураалт, нийлэг хөрөнгө, хэлхээн дээрх даатгал, Блокчэйнд суурилсан тоглоом зэрэг олон олон төсөл, салбарт хэрэглэж байна.

Яг үндсэн санаа нь бол, маш энгийн. Олон тусдаа газраас хөрөнгө цуглуулж босгосон том овоо гэж ойлгож болно. Өдгөө DEX-ийн хандалт, хэрэглээ, CEX-тэй дүйхүүц хэмжээнд хүрч, DeFi-ийн журмууд буюу ухаалаг гэрээнүүдэд 15 гаруй тэрбум АНУ доллартай тэнцэх хөрөнгө байршаад байна.

Ийн төвлөрсөн хөрөнгүүд нь, DEX дээрх арилжаа буюу солилцоо, зээл зэрэг олон зорилгоор ашиглагдаж байдаг. UniSwap зэрэг солилцооны биржийн хувьд, сан нь түүний амин судас болж байдаг бөгөөд, түүнд хөрөнгөө байршуулагчид болох Liquidity Provider (LP) буюу хөрвөх чадварыг бүрдүүлэгчдийн ачаар өргөжин тэлнэ. Тийм ч учраас, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд гар бие оролцсон тэднийг, шимтгэл хураамжаас зохих хувиар урамшуулдаг. Нийт үнэ ханшаараа тэнцэх, 2 төрлийн токенийг эзэмшиж байгаа хэн ч, LP болох боломжтой.

Хөрвүүлэлтийн санг тусгаж, ашигласан анхны онцлох жишээ Bancor боловч, түүнээс илүү амжилтыг олж чадсан төслөөр UniSwap нэрлэгдэнэ. Эфириумийн сүлжээн дээрх буюу ERC-20 жишигт нийцсэн, алдартай төслүүд нь, SushiSwap, Curve, Balancer зэрэг байдаг бол, BSC дээрх буюу BEP-20 токенуудад зориулагдсан, ийм сангууд дундаа амжилттай яваа нь, PancakeSwap, BakerySwap, BurgerSwap зэрэг биржүүд болоод байна.

Хөрвүүлэлтийн сан ба Захиалгын жагсаалт

Хөрвүүлэлтийн сангийн онцлогыг ойлгохын тулд эхлээд, захиалгын жагсаалт гэж юу болох, ямар зарчмаар ажилладгыг нь мэдсэн байх хэрэгтэй. Үүний тулд, ЭНД дараад "крипто тайлбар толь" цуврал нийтлэл дээрх тайлбарыг нь уншиж танилцаарай.

DeFi дээрх арилжаанууд нь, хэлхээн дээр явагдах бөгөөд, ямар ч дундын зууч, хянагчийн оролцоогүй хэрэгжинэ. Энэ төрлийн зохицуулалтын үед, шимтгэл бага байхаас гадна, найдвартай, аюулгүй байдал нэмэгдэх давуу талтай.

Эфириум мэтийн Блокчэйнүүдийн өнөөгийн хүчин чадал нь, өдөрт олон тэрбум гүйлгээг боловсруулж дийлэхээргүй загварчлагдсан байгаа учир, CEX буюу захиалгын жагсаалт хэрэглэдэг биржүүд бүгд дэд хэлхээ болон 2-р давхарга зэрэг, хэлхээнээс гадуур гүйлгээний аргыг хэрэглэж байна. Харин, BSC болон Соланагийн Блокчэйн дээр хөгжүүлэгдэж буй, DEX хэлбэрийн биржүүдэд энэ нь огт асуудал болохгүй.



Хөрвүүлэлтийн сангууд яаж ажилладаг вэ?

Ханш болон хэмжээг тулгах, захиалгын жагсаалтгүй болсноор, хөрвүүлэх чадамж ихээр нэмэгдсэн. Өөрт байгаа токенийг, хэрэгтэй байгаа токеноор шууд солих боломжтой байна гэдэг том давуу тал.

AMM энэ боломжыг бүрдүүлж өгсөн бөгөөд, хослолын харьцааг тусгай алгоритмаар тооцоолдог. Хэдийгээр, уламжлалт арилжааны биржүүд нь, захиалгын жагсаалтаар дамжиж байгаа P2P хэлбэрийн солилцоо мэт санагдах боломжтой ч, хөрвүүлэлтийн санг ашиглаж буй солилцоо л жинхэнэ утгаараа P2P болж чадна.

Хөрвүүлэлтийн санг юунд ашиглаж болох вэ?

Нийтлэлийнхээ туршид, ийм сангуудын ганцхан жишээ болох AMM-н талаар л танилцуулжээ. Бусад төрлүүдийг нь, yield farming буюу ургац хураалт, liquidity mining буюу хөрвөх чадварын олборлолт тэргүүтэй олон өөр салбар, зорилгоор ашиглаж болдог. Ургац хураалт нь, оруулсан хөрөнгийнхөө хүүгээр өгөөж авах зориулалттай байдаг бол, хөрвөх чадварын олборлолт нь, шинэ гарч буй зоосыг зөв хүмүүст хүргэх хүндхэн даалгаврыг гүйцэлдүүлэх хамгийн зохимжтой арга юм.

Хөрвөх чадварыг нь баяжуулахад оролцсон хэрэглэгчдэд, тооцооллын дагуу хуваарилахдаа, оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарч хуваадаг тул 1 талд хэт төвлөрөх эрсдлийг бууруулсан онцлогтой. Түүнчлэн, засаглалын эрх, ухаалаг гэрээний эрсдлийн даатгал зэрэг өөр сонирхолтой, өвөрмөц шийдэл, төслүүдэд энэ санг өргөнөөр хэрэглэдэг.

Хөрвүүлэлтийн сангууд ямар эрсдлүүдийг дагуулдаг вэ?

Юуны түрүүнд ЭНД дараад, зуурдын алдагдал гэх эрсдлийн талаарх танилцуулга нийтлэлтэй танилцаарай. Түүний дараагаар, ухаалаг гэрээг дагасан эрсдлийн талаар судлах хэрэгтэй.

Санд байршуулсан хөрөнгө тань, хэний ч эзэмшилд хамаарахгүй болсон байх тул, түүнийг хамгаалагч нь ухаалаг гэрээ болж таарна. Энэ үед, хэрэв ухаалаг гэрээний кодонд алдаа эсвэл доголдол байж таарвал, хөрөнгөө бүр мөсөн алдах эрсдэлтэй юм.

Өөр 1 анхаарах шаардлагатай зүйл нь, хөгжүүлэгчдийн байр байдал, зан төлөв. Тэд хүссэн үедээ дүрэм журам, хөрөнгөнд хандах эрхийг өөрчилж чадах тул, хэр итгэл даах хүн эсвэл баг болох, аюулгүй байдал, хамгаалалт хэр сайтайг нь судалж байж үйлчилгээг нь авч байгаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!