Блокчэйний хэрэглээ : Тоглоом
Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.
Орчин үеийн тоглоомын салбар
Өнөөгийн ихэнх цахим тоглоомууд төвлөрсөн системээр ажиллаж байгаа. Тодруулбал, тоглогчид болоод тоглолтын бүртгэл, мэдээллүүд цөм 1 цэгт (сервер) төвлөрч хадгалагддаг ба түүнийг нь, цөөхөн хэдхэн хүн хариуцаж, зохион байгуулж байдаг гэсэн үг. Энэ нь, тоглогчийн бүртгэл, түүний тоглолтын түүх, түүний тоглоом дээрээ олж авсан эд зүйлс, амжилт гээд бүх зүйлсийг нь тухайн тоглоомыг ажиллуулж байгаа газар бүрэн эзэмшдэг болж таарч байгаа юм. Түүнчлэн, төвлөрсөн системд гардаг дараах ноцтой сул талууд тоглогчдод саад учруулах нь бий. Үүнд:
- Сервер болон холбогдох эд ангийн гэмтэл, доголдол, саатал;
- Халдагчдын тарьсан уршиг;
- Хөгжүүлэлт зогсож, сервер хаагдах явдал;
- Алдаа эсвэл үл ойлголцол зэргээс үүдэн бүртгэлээ хаалгаж, эрхээ хураалгах үзэгдэл;
- Тоглоомын ажиллах зарчим, үнэлгээний талаарх мэдээллийн хомсдолтой байдал;
- Хөгжүүлэгчид болон ажиллуулагчдын сонирхолд нийцсэн, дур мэдэн гүйцэтгэсэн онцгүй өөрчлөлтүүд гэх мэт.
Блокчэйн дээрх асуудлуудыг шийдэж чадна. Тэгэхдээ бүр, тоглоом хөгжүүлэгч, ажиллуулагчдын хэтэрсэн гэмээр эрх дархыг, тоглогчдод шилжүүлж өгч ч чадна.
Яаж ажилладаг вэ?
Тоглогчдод өөрсдөд нь, хүч хөдөлмөр, цаг хугацаа, ухаанаа уралдуулж олж авсан амжилт, тоглоомын мөнгө, эд зүйлс, нэр хүнд, туулсан түүхээ эзэмших боломжыг нь олгосноор, тоглоомын ертөнцөд ардчилсан хувьсгал явагдах юм. Тэдгээрийгээ бусдад сонирхуулах, худалдаалах нь тоглогчдын өөрсдийнх нь сонирхол, эрх чөлөөт сонголт байна. Блокчэйнд суурилсан тоглоомыг олон төрлөөр бүтээж болох учир, хөгжүүлэлт саатах бараг боломжгүй гэж үзэж болно.
Блокчэйн, тоглоомын ертөнцөд хэрхэн нөлөөлж болох вэ?
Эзэмших эрх
Дээр дурьдсан, эрх боломжуудыг тоглогчдод олгоно. Ингэхдээ, тоглоомын эд зүйл бүрийг ERC-721 зэрэг жишгээр, NFT болгон бүтээсэн байх юм. Тоглоомын эд зүйлс гэдэгт, хөзөр, хувцас, зэвсэг, эмчилгээний хэрэгсэл, дүр зэрэг эдэлж, хэрэглэж, эзэмшиж болох бүхэн багтана.
Төвлөрсөн бус зах
Уламжлалт тоглоомын салбарийн хувьд, тоглоом доторх эдийн засаг, үнэ ханшийг удирдах эрх нь, шууд хөгжүүлэгчдэд олгогдсон байдаг. Түүнээс гадна тэд, юуг зарж, авч болохыг шийддэг. Блокчэйн технологи дээр бүтээгдсэн тоглоомын хувьд, эдгээр сонголт тоглогчдын гарт байх юм. Авах, зарах эрхээ эдлэхэд нь, P2P хэлбэрийн арилжааны талбар тусална.
Төлбөрийн таатай шийдэл
Блокчэйн болон ухаалаг гэрээг хослуулснаар, гүйлгээний боловсруулалтын хурд нэмэгдэж, шимтгэлийг багасгаж болно. Тэгэхдээ, тоглогч хооронд төдий бус, тоглогч болон хөгжүүлэгчийн хоорондох төлбөрийн зохицуулалтыг ч гүйцэтгэх боломжтой.
Тоглоом дахь олон ертөнцийн нэгдэл
Тоглоомын эд зүйлс нь, Блокчэйн дээр бүртгэгдэж байгаа тохиолдолд, өөр өөр тоглоомуудын хооронд тэдгээрийгээ холбож, зөөж, сольж хэрэглэх боломж бүрдэнэ. Адил Блокчэйн дээр бүтээгдсэн зүйлсийг, өөр тоглоомын зах дээр арилжаалах, өөр тоглоом дотор туршиж үзэхэд саадгүй байх боломжтой.
Шударга тоглоомын талбар
Яаж тохируулж, хөгжүүлснээсээ хамаарах боловч, Блокчэйнийг ашигласнаар тоглоомын бараг бүхий л зүйлс, нээлттэй эхийн, дэлгэмэл, шилэн данс дээр бүртгэгдэж, нийт тоглогчдын сонголтоор л өөрчлөгдөхөөр загварчлагдсан байна. Түүнчлэн, булхайцах, халдлага үйлдэхийг санаархахын ч хэрэггүй, маш өндөр хамгаалалттай байх нь ойлгомжтой.
Хязгааргүй тоглолт
Төвлөрсөн бус хэлбэрээр бүтээгдсэн тоглоомыг, хөгжүүлэгчид нь хаясан ч, цаашид ажилласаар байх болно гэдэг маш том давуу тал бий. Блокчэйн нь л байхгүй болчихгүй бол, дараа нь өөр хөгжүүлэгч, уг тоглоомыг нь өргөж аваад цааш хөгжүүлж ч болох учир, дуртай тоглоомоо санаа амар тоглох бүрэн боломжтой.
Дутагдалтай талууд
- Өргөжин тэлэх чадвар - Блокчэйн нь, уламжлалт системтэй харьцуулахад, нэгж хугацаанд боловсруулж чадах гүйлгээний хэмжээний хязгаартай байгаа учир, хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр удаашрах, ачаалал нь хүндрэх сул талтай байдаг.
- Сонирхлыг ихээр татаж чадахгүй байх - Олон зуун тоглоом хөгжүүлэгдэн гарсан ч, тэдгээрийг "тоож" тоглох хүн тун цөөн байгаа.
- Төвлөрсөн байдал - Бүх Блокчэйн төвлөрсөн бус шинжийг агуулдаггүй. Зарим тоглоом, токен үүсгэж хэрэглэж байгаа ч, сервертэй холбогдон ажилладаг загвараар бүтээгдсэн.
- Хэт энгийн - Цөөн хэдхэн тоглоомыг эс тооцвол, дийлэнх тоглоомууд нь, загвар үзэмж болон тоглоомын түүх, зохиол, бүтэц, чанарын онц гойд, анхаарал татахуйц өвөрмөц зүйлгүй байгаа нь, тэдгээрийг эрхэмлэдэг тоглогчдоос тааруу үнэлгээг хүртэж байна.
- Өндөр босго - Блокчэйн дээр тоглоом хөгжүүлэх нь, чамгүй зардлыг шаардана. Санхүүжилт босгоход тоглогчдын сонирхол болон сүлжээний өргөжих чадварын хэмжээ чухал нөлөө үзүүлнэ.
- Өрсөлдөөн - Блокчэйн дээрх ихэнх тоглоомыг бие даасан, сонирхлоороо нэгдсэн цөөн хүнтэй бүлгүүд бүтээж байгаа. Тоглоом хөгжүүлэлтийн олон жилийн арвин туршлага, олон ажилтан, их төсөвтэй, том байгууллагуудыг давж гарна гэдэг тэдэнд хүнд байх нь тодорхой.
Блокчэйн тоглоомуудын жишээ
Гарч ирээд удаагүй, дөнгөж л соёолж буй хэдий ч, энэ төрлийн олон зуун DApps хэдийн мэндлээд буй. Тэдний ихэнх нь Эфириум, тэр дундаа Enjin, Loom зэрэг Блокчэйн дээр хөгжүүлэгдэж байна. Гэхдээ бас, EOS, TRON, ONT, NEO, VeChain, IOST зэрэг Блокчэйнүүд дээр ч бас бүтээгдэн гарч байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй. Тэдгээрээс, хамгийн амжилттай яваа төслүүдийг жагсаавал:
- Decentraland (VR платформ)
- Cryptokitties
- Gods Unchained
- My Crypto Heroes
- Cheeze Wizards
- Crypto Space Commander
- Mythereum
- Axie Infinity
- HyperSnakes
- EOS Dynasty
- EOS Knights
- Beyond the Void
- CryptoZombies
- Relentless
- HyperDragons Go
- CryptoWars
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation