UniSwap гэж юу вэ?

UniSwap нь, Эфириумийн Блокчэйн дээр ажиллах, крипто валютийн солилцоо хийх боломжыг олгодог төвлөрсөн бус арилжааны хэрэглүүрүүдийн багц юм.

UniSwap хэмээх нэр нь, Unicorn буюу эвэртэй морь гэсэн товчлол болон Swap буюу солилцоо гэсэн үгсээс бүрдэх бөгөөд уг зах дээр, хэн бүхэн өөрсдийн хөрөнгийг дундын хяналт, зуучын оролцоогүйгээр арилжих, бусадтай солилцох, хөрвүүлэлтийн санд зээлдүүлж ашиг олох боломжтой.

DEX-ийг хөгжүүлэх олон арга замыг эрэлхийлж, хөгжүүлж байгаа DeFi төслүүдийн сонгодог нэгэн жишээ бол UniSwap. Гэхдээ, UniSwap-ын ажиллах зарчим, DEX-ийнхээс илүү нарийн төвөгтэй санагдаж болно.

Энэхүү солилцооны биржийн протокол нь, Эфириум дээр суурилсан байдаг бөгөөд уг протоколыг automated liquidity protocol буюу хөрвүүлэлтийн автоматжуулсан протокол гэнэ. UniSwap дээр арилжааны дунд зууч, зохицуулагч байхгүй учир, төвлөрсөн бус болон чөлөөт чанар өндөртэй байдаг. Түүнчлэн уг захын програм хангамж нь, нээлттэй эх дээр хөгжүүлэгддэг тул, түүнийг нь хуулбарлан ашиглах, хөгжүүлэлтэнд гар бие оролцох бүрэн боломжтой.

Уг бирж дээр, бүхий л ERC-20 токенуудыг өөр хооронд нь сольж болохоос гадна, төвлөрсөн бус чанарынх нь ачаар, шинэ токенийг бүртгүүлэхгүйгээр нэмж, оруулж болдог. Хөрвүүлэлтийн сан нь бүрдсэн ямар ч токенийг байршуулж, солилцож болдог нь, CEX-ээс ялгарах чухал онцлог мөн.

UniSwap дээр шинээр токен байршуулахад төлбөргүй байдаг учир нийтийн эрх ашгийг өндрөөр үнэлсэн бүтээлд тооцож ч болох юм. Эл арилжааны захын протоколыг анх 2018 онд Хейден Адамс (Hayden Adams) зохиосон хэдий ч, түүний цаад санааг Эфириумийг бүтээгч, Виталий Дмитриевич Бутерин гаргасан гэдэг.

UniSwap яаж ажилладаг вэ?

Захиалгын жагсаалт ашигладаг арилжааны уламжлалт хэв загварыг UniSwap эвдэж чадсан буюу Automated Market Maker (AMM)-ийн 1 төрөл болох, Constant Product Market Maker (CPMM) загвараар ажиллана. Энгийнээр тайлбарлавал AMM нь, ухаалаг гэрээгээр дамжуулан хөрвүүлэлтийн санг бүрдүүлж, түүгээрээ арилжааг гүйцэлдүүлдэг гэсэн үг. Ижил үнэлгээтэй 2 өөр токеныг хослол болгон байршуулснаар ийм санг үүсгэж болно. Санг өргөтгөхөд оруулсан энэ хувь нэмрийнхээ хэмжээнд харгалзах шагналыг хүртэх бөгөөд, тэрхүү шагнал нь, санг ашиглаж, солилцоо хийсэн хэрэглэгчдийн тушаасан шимтгэлээс бүрдэнэ.

UniSwap v3 гэж юу вэ?

Хөгжлийнхөө явцад UniSwap хэд хэдэн томоохон үе шатыг туулсан байгаа бөгөөд энэхүү нийтлэлийг бичиж байх үед, 3 дахь хувилбар дээрээ ирсэн байна. Уг шинэ хувилбарын онцлог давуу талуудтай танилцацгаая.

Хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх

Солилцоо хийгч нь, сан бүрдүүлэгчийн заасан ханштай санал нийлсэн үед л, арилжаа хийгддэг байсныг, сангийн ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлж өгөх байдлаар, солилцоо явагдах боломжыг өсгөж өгсөн. Захиалгын жагсаалттай төстэй ийм бүртгэлийг нэвтрүүлснээр, өдөрт нийт сангийн 6-ны 1 нь л хөдөлгөөнд ордог байсныг эсрэгээр өөрчилсөн.

LP = NFT

UniSwap дээр сан үүсгээд, түүнийхээ гэрчилгээ болгон авдаг, Liquidity Pool (LP) токен бүр нь дахин давтагдашгүйгээр бүтээгддэг бөгөөд NFT-д тооцогдох боломжтой. LP-ээрээ дараа нь, санд оруулсан хөрөнгөө гаргаж авах, "цалингаа" хүртэх учир, хүсвэл үүнийг ч арилжаалах боломж удахгүй нээгдэх байлгүй.

2-р давхаргын UniSwap

Эфириумийн хийн төлбөрийн өсөлтөөс хамаарч, UniSwap дээрх гүйлгээний хураамж өсөх үзэгдэл ажиглагддаг байсныг 2-р давхарга ашиглах шийдлээр арилгасан. Өөрөөр хэлбэл, шимтгэлийг маш бага дүн дээр барихын хажуугаар, аюулгүй байдал болон боловсруулах чадварыг алдагдуулалгүй хадгалах боломжыг бүрдүүлж өгжээ.

UniSwap яаж ашиг олдог вэ?

Тэд ямар ч ашиг олдоггүй. Санаачлагч, хөгжүүлэгчид нь, уг платформын хуримтлуулах шимтгэлээс өөрсөддөө сохор зоос ч авахгүйгээр загварчилсан буюу хуримтлал нь зөвхөн сан үүсгэгч нарт л зориулагдах юм.

Гэхдээ алсдаа, хөгжүүлэлтийн санхүүжилтэнд зориулж, багахан хувийг татан төвлөрүүлж болох ба ингэх нөхцлийг нь, протоколынхоо v2 хувилбартаа хэдийн тусгасан байгаа аж.

UniSwap-г яаж хэрэглэх вэ?

Нээлттэй эх дээр бүтээгдэж, хөгжүүлэгддэг тул, хүн бүр өөрт тохирсон харилцах самбарыг зохиож, хэрэглэж болно. Гэхдээ тэгэх боломжгүй болон шаардлагагүй гэж үзэж байгаа үед, хамгийн өргөн хэрэглэгддэг доорх 2 хуудсанд хандах боломжтой.

app.uniswap.org

uniswap.exchange

  1. UniSwap-т ханд.
  2. Хэтэвчээ холбо. Эфириум дэмждэг буюу бараг бүхий л хэтэвчийг ашиглах боломжтой. Санал болгох хэтэвч: MetaMask
  3. Сольж илгээх токеноо сонго.
  4. Сольж авах токеноо сонго.
  5. Swap товчийг дар.
  6. Гарч ирсэн цонхноос солилцооны ерөнхий мэдээллийг тулгаж баталгаажуул.
  7. Эфириумийн сүлжээн дээр баталгаажтал хүлээ. etherscan.io зэрэг Эфириумийн сүлжээний хөтчөөр гүйлгээгээ хянаж болно.

UniSwap (UNI) токен

UniSwap-ийн протоколын токен буюу төлбөрийн үндсэн хэрэгслийг, UNI хэмээн тэмдэглэдэг. Уг токен нь, эзэмшигчиддээ засаглалын эрх олгодог тул, тэд санал нийлж чадвал, протоколд өөрчлөлт оруулах боломжтой.

Анхны бүтээгдсэн 1 тэрбум токений, 60 хувийг UniSwap-н нийгмийг бүтээгч гишүүддээ тараасан бөгөөд, үлдсэн 40 хувийг 4 жилийн хугацаанд, нийт хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч, зөвлөхүүддээ олгохоор тусгажээ. Ингэж тараахдаа, ETH/USDTETH/USDC, ETH/DAI, ETH/WBTC хослолуудаар хөрвүүлэлтийн сандаа тусгаж, хуваарилсан байна.

UniSwap биржийн талаарх мэдээ мэдээллийг ЭНД (v2, v3), токенийх нь талаарх мэдээллийг ЭНД тараад CMC дээрх тус тусын хуудсаас нь дэлгэрэнгүй уншиж судлаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!