MetaMask гэж юу вэ?
Эфириумийн экосистемийг сонирхож буй хэн бүхэнд MetaMask шиг хэрэглүүр хэрэгтэй. Учир нь MetaMask бол, зүгээр 1 хэтэвч төдий бус, Эфириумд нэгдсэн вебүүдтэй харилцах боломж олгодог чухал багаж юм.
Гар утасны апп/хэрэглүүр эсвэл, интернэт хөтчөөсөө шууд DApps-д хандах гүүр нь болж өгөхөөс гадна, DeX-үүд дээр арилжаанд оролцох боломжыг бүрдүүлж өгөх давуу талтай.
Асар их хүлээлттэй байгаа, Web 3.0-г боломжтой болгож буй Эфириумийн онцлох давуу талуудын 1 бол яах аргагүй DApps. Түүний гол тулгуур баганууд болох DeFi болон Блокчэйнүүдийн хоорондын харилцан холбогдож ажиллах чадамж, цаашлаад DeX, крипто валют барьцаалсан зээл зэрэг олон шил шилээ даган гарч ирсэн сайхан төсөл, санаанууд хурдтай хөгжиж байна.
Эфириум сонирхогчдын хувьд MetaMask бол, эзэмшиж байвал зохих хэтэвч билээ. Компьютер, гар утас дээрээ суулгаж болох хэрэглүүрээс гадна, хөтөч дээрээ суулгаж болох extension буюу нэмэлттэйгээрээ онцлог.
MetaMask нь, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж буй Эфириумийн хэтэвч бөгөөд бүхий л төрлийн Эфириумийн токенийг (энгийн ERC-20 болон NFT-ийн ERC-721) хадгалах боломжтой. Түүнээс гадна, өөр дээрээ Coinbase болон ShapeShift холболтыг агуулсан байдаг тул, шууд арилжаа, шилжүүлэг, солилцоо хийж ч болдог давуу талтай.
Гэхдээ хамгийн гол онцлох чанар нь, веб хуудсуудтай чөлөөтэй харьцах чадвар нь юм. Бусад хэтэвчүүд дээр хаягаа хуулж, наах эсвэл QR кодыг нь уншуулах зэрэг ажиллагааг шаарддаг байхад, MetaMask-тай үед, шууд хэтэвч дээрээ мэдэгдэл хүлээж аваад зөвшөөрөх эсвэл татгалзах байдлаар хялбар, хурдан шийдвэрлэх боломжтой байдаг.
Хэтэвчийн үүргийг төгс гүйцэтгэхийн хажуугаар, ухаалаг гэрээ болон DApps ачааллуулах гээд л олон сайхан боломжуудыг ганцхан MetaMask л олгоно.
Татаж суулгах
Хөтчийн нэмэлтийг нь, Google Chrome болон Chromium суурьтай хөтчүүд (Brave, Edge г.м.), Firefox дээр, Store-с хайж олоод, татаад суулгачихаж болно.
Мөн, iOS болон Android системүүдэд зориулагдсан хэрэглүүрүүдийг нь бас, харгалзах Store-үүдээс нь татаж суулгах боломжтой.
Дээрх холбоосуудаар шууд татаж болох ч, хөгжүүлэгчийнх нь вебээр зочилж сонирхоод, тэндээс татаж авахыг илүүд үзэж байвал, албан ёсны веб хуудас нь, metamask.io шүү.
Хэтэвчээ үүсгэх
Суулгаж дууссаны дараа, Metamask-руугаа хандах үед "Тавтай морил" гэсэн утгатай нүүр хуудас нээгдэнэ. Уг цонхны доод хэсэгт "Get started" буюу "Эхлэх" товч байгаа. Үүнийг дарсны дараа шинэ хэтэвч үүсгэх эсвэл өмнө үүсгэж байсан хэтэвчээ импортлох сонголт гарч ирэх ба энд өөрт тохирох сонголтыг хийгээрэй.
Шинээр үүсгэх: Create Wallet
Өмнө үүсгэсэн байсныгаа сэргээх: Import
Дараагийн алхамд, хөгжүүлэгчдэд зориулж, хувийн мэдээллээс бусад өгөгдлүүдийг хуваалцаж, хөгжүүлэлтэнд хувь нэмэр оруулах эсэхийг асуух ба түүнд нь, өөрийн сонирхлоор хариулж болно.
Түүний дараагаар, нууц үг тохируулахыг шаардана. Мөн залхуугүй уншдаг хэрэглэгчид, Terms of Use буюу хэрэглэх нөхцөлтэй танилцах боломжтой. Нууц үгээ мартахааргүй хэрнээ, хүн тайлж чадахааргүйгээр зохиогоорой. Бидний бэлтгэн хүргэсэн 2 цуврал зөвлөгөөг ЭНД дараад уншиж бас болно шүү.
Үр үгсээ сайтар нөөцөлж авдаг юм шүү дээ!
Хөрөнгөө, хэтэвчээ ганцхан Та л эзэмшиж, хариуцна. Хөгжүүлэгч нар нь ч түүнийг тань харж, дотогш хандаж чадахгүй. Хэтэвч тань, хөтөч дотор тань байршиж, дээр тохируулж өгсөн нууц үгээр тань хамгаалагдаж байгаа. Тиймээс, хэрэв төхөөрөмжөө алдах, эвдэх эсвэл нууц үгээ мартсан тохиолдолд, хэн ч Таньд тусалж сэргээж өгч чадахгүй. Энэ тохиолдолд далд түлхүүр тань крипто ертөнцөд үүрд түгжигдэн, хөрөнгө тань хар нүхрүү сорогдон орсон мэт алга болох болно гэдгийг анхаар!
Тиймээс backup phrase (seed phrase гэж нэрлэх нь ч бий)-г заавал, маш найдвартай газар хадгалж авах хэрэгтэй. Учир нь, дээрх гэнэтийн таагүй зүйлсийн аль 1 нь тохиолдох үед, эдгээр үгсийн тусламжтайгаар л сэргээж болох болохоор тэр. Тиймээс хадгалж авахдаа, MetaMask суулгасан төхөөрөмжөөс өөр, 3 тусдаа газарт нөөцөлж авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Аль болох гараар бичиж эсвэл хэвлээд, сейф, бичиг баримтын сав г.м. чухал, хамгаалалт сайтай газруудыг сонгохыг хичээгээрэй. Тэгэхдээ ус, тоос шороо, хорхой шавж зэрэг хортоны хөнөөлөөс сэргийлж, уут, саванд хийвэл бүүр сайн. Цахимаар хадгалах бол, үүл эсвэл өөр тусдаа төхөөрөмж дээр хадгалах нь илүү зохимжтой шүү.
Тэр саарал тэгш өнцөгт дотор таны үр үгс байгаа, түүн дээр дарж, тэдгээрийг ил гаргаад, хадгалж аваарай.
Хадгалж авсны дараа үргэлжлүүлэх товч дармагц, эргээд эдгээр үгсийг дарааллын дагуу зөв оруулахыг шаардаж, шалгана. Ингэхгүй бол залхуураад эсвэл хайхрамжгүй хандах гээд байдаг хүмүүс цөөнгүй байдаг. Хэрэв Та бас хойрго загнасан бол Back дараад бичиж ав! Дараа нь хөрөнгөндөө хандаж чадахгүй болчихвол, тэр чинь Таны хохь болно гэж мэдээрэй.
Үгсээ зөв оруулж дууссан бол "All Done" дараад хэтэвч үүсгэх ажиллагаагаа дуусгаарай.
MetaMask ба хувийн мэдээллийн нууцлал
Юунд, ямар эрхийг олгож байгаагаа мэддэг байх нь чухал. Хэрэв хандаж буй веб тань таны хаягыг мэдэж байгаа бол, тэд бас Таны бүхий л Эфир болон токенуудын хэмжээ, гүйлгээнүүдийн мэдээлэл, хөрөнгөө хаанаас ямар байдлаар олсон зэргийг бүгдийг нь мэдэж чадна. Тэдгээрийгээ Таны IP буюу интернэт дэх хаягтай тулгаж шалгах ч боломжтой байх юм.
Зарим хэрэглэгчид, үйлдэл бүртээ шинэ хаяг үүсгэж, хувийн мэдээллээ хамгаалдаг бол, зарим нь "тэртээ тэргүй Блокчэйн чинь шилэн данс шүү дээ" гэх байр суурьтай байх нь бий. Тэгэхээр, хувь хүний өөрийнх нь л сонголт юм даа.
Мэдэж байхад илүүдэхгүй зүйлс
MetaMask-г, Trezor болон Ledger зэрэг төхөөрөмжин хэтэвчүүдтэй холбож ашиглаж болдог.
MetaMask нь интернэт холбогдож ажилладаг хэтэвч учир, луйвар, залиланд автах, фишингд өртөх эрсдэлтэй байдаг. Тиймээс, эдгээр халдлага хэрхэн үйлдэгддэгийг Та өөрөө судлаж, мэддэг болсноор, тэдгээрээс сэргийлэх боломжтойг анхаараарай.
MetaMask апп
Android/iPhone-ийн хэрэглүүрүүд нь, Web 3.0 түвшний хэрэглүүрүүдтэй шууд харьцах боломжтой санг агуулж байдаг онцлогтой ч, ажиллах зарчим болон чадварын хувьд хөтчийн нэмэлттэйгээ тун адилхан.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation