Decentralized Finance суурь мэдлэг

Крипто валюттай холбоотой цуврал нийтлэлүүдийг маань уншиж байгаа уншигч Таньд баярлалаа. Бид, крипто валюттай холбоотой мэдлэг мэдээллийг бүхий л түвшний хэрэглэгчдэд зориулан хүргэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд, 1'000 гаруй нийтлэл бэлтгэсэн байгаагаа эхнээс нь хүргэж байгаа билээ. Амралт чөлөөт цагаараа бичиж байгаа болохоор, 7 хоногт цөөн хэдхэн нийтлэл л оруулж байгааг ойлгож хүлээн авч байгаа гэж найдаж байна. Хамтдаа суралцаад, хамтдаа хөгжицгөөе!

Decentralized Finance (DeFi) гэж юу вэ?

Товчхон танилцуулгыг ЭНД дараад, крипто тайлбар толь цуврал нийтлэлийн 4-р дугаараас уншаарай.

Блокчэйнийн сүлжээнүүд дээр бүтээгдсэн, санхүүгийн хэрэглүүрүүдийн экосистемийг DeFi гэнэ. Өөрөөр тодорхойлбол, нээлттэй эхтэй, дундын зууч, хянагч болон зохицуулагчийн оролцоогүй, шилэн данстай, бүх нийтэд нээлттэй, санхүүгийн үйлчилгээний экосистемийг бүтээх төсөл, хөдөлгөөнийг DeFi гээд байгаа юм. Хэрэглэгч нь, P2P сүлжээгээр дамжин ажиллах, DApps-ийг хэрэглэх ба өөрийн хөрөнгийг өөрөө бүрэн захиран зарцуулах эрхтэй байх юм.

DeFi-ийн гол зорилго нь, алслагдсан газрын хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох явдал бөгөөд шинэлэг технологи, шийдлүүдийнхээ давуу талыг ашиглаж уламжлалт санхүүгийн системийн дутагдалтай талуудыг, шинэ боломж, давуу талуудаар нөхсөн, хүчирхэг санхүүгийн системийг бүтээх боломжыг мөн олгож байгаа.

DeFi ямар онцлох давуу талуудыг амлаж байгаа вэ?

Уламжлалт санхүүгийн систем нь, банк, түүнтэй адилтгах байгууллагуудаас шууд хамааралтайгаар ажилладаг бол, DeFi нь шууд хэрэглэгч хоорондын гүүр болдог. Тийм ч учраас, хэрэглэгчийн хөрөнгийг өөрөөс нь өөр хэн ч хянаж, удирдаж чадахгүй. Дундын зууч, банк гэсэн ойлголт байхгүй учир, үйлчилгээ авсны хураамж, хүү, шимтгэл маш бага байх боломжтойн дээр, сүлжээний саатал, доголдол, хүлээлэг учрах магадлал ч маш бага байх болно. Блокчэйн технологийн ачаар дээрх давуу талууд бүрдсэнээс бөгөөд мөн, тухайн үйлчилгээг хэн нэгэн эрх дархтан зоргоороо удирдах, мэдээллийг нь засаж өөрчлөх, устгах, нуун дарагдуулж, хаацайлах бараг боломжгүй.

Фрэмворкоо түрүүлээд хөгжүүлээд бэлдчих боломжтой учир, DeFi-г зах зээлд нийлүүлэх, нэвтрүүлэх ажиллагаа нь хялбар, хурднаас гадна, аюул эрсдэл багатай байдаг. Түүнчлэн, интернэт холбогдсон л бол, хэн ч, хаанаас ч, хэдийд ч холбогдох боломжтой ба төхөөрөмж болон үйлдлийн систем харгалзахгүй холбогдож, ашиглаж болно.

DeFi-ийг хэрэглэх ямар боломжууд байгаа вэ?

Зээл

DeFi экосистемийн хамгийн идэвхтэй хөгжүүлэгдэж, өргөн хэрэглэгдэж байгаа хэрэглүүрүүд нь зээлийн протоколууд болоод байгаа. Төвлөрсөн бус, нээлттэй ийм зээлийн хэлбэр нь, уламжлалт системээс харьцангуй олон давуу талуудтай. Жишээлбэл, шилжүүлэг маш өндөр хурдаар гүйцэтгэгдэнэ, бүх төрлийн цахим хөрөнгийг барьцаанд байршуулах боломжтой, төв банкны хар дансанд бүртгэгдсэн эсэхийг хамаарахгүй, алсдаа улам боловсронгуй, хүчирхэг болох ирээдүй ихтэй гэх мэт.

Блокчэйнд суурилсан учир, үл итгэлцэл, учир битүүлэг байдал үүсэх нь магадлал тун бага бөгөөд баталгаажуулалтын маш найдвартай алгоритм нь, алдаа гаргах бараг огт боломжгүй байх юм. Энэ төрлийн зээлийн үед, нөгөө талын гаргаж болох алдаанаас үүсэх хохирол, эрсдэл ч бага байдаг. Гэхдээ, хамгийн гол нь, хурд өндөр, зардал бага, бүх нийтэд нээлттэй!

Банкны үйлчилгээ

Санхүүгийн хэрэглүүр учир, банкны хүргэдэг бараг бүхий л үйлчилгээг үзүүлж чадна. Даатгал, барьцаалан зээлдүүлэх, тогтвортой зоос нийлүүлэлт гээд л боломжтой бүхэн DeFi-д бий.

Блокчэйн хөгжихийн хэрээр, тогтвортой зоосны төрөл нэмэгдсээр, түүнийг даган крипто валютийн зах зээл өргөжин тэлсээр байна. Зарим хүмүүсийн хувьд, цаасан дэвсгэртээс ч илүүгээр, өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд байгаа цахим мөнгөний энэ төрлийг сүүлийн үед, засгийн газрууд ч судалж, нэвтрүүлж эхлээд байгаа.

Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах ямар их цаг хугацаа, бичиг баримт шаарддагыг, ийм төрлийн зээл авч байсан зочид маань эрх биш мэдэж байгаа байлгүй. Тэгвэл, ухаалаг гэрээнд суурилсан зээлийн систем нь, маш бага хугацаанд зээлийг шийдвэрлэж өгөхөөс гадна, хүү, шимтгэл зэрэг нэмэлт татаасын хэмжээ туйлын бага байх боломжтой.

Даатгалын хувьд, олон хэрэглэгчдийг хамруулахын хэрээр, хураамж бага байх ба мөн тэр хэмжээгээр, эрсдлийг хуваарилах тул, найдвартай байдлаар ч уламжлалт даатгалын системээс хол илүү байх юм.

Төвлөрсөн бус арилжааны биржүүд

DeFi-ийн хувьд, DeX нэн чухал хэрэглүүрээр өргөмжлөгдөж болно. Энэ төрлийн биржүүд нь, гараас гарт солилцоо, арилжааг гүйцэтгэх, хөрөнгөө дундын зохицуулагчийн дансанд байршуулахын оронд, өөрийн сонгосон хэтэвчинд хадгалж, тэндээсээ шууд арилжаалах боломжыг олгодгоороо уламжлалт, CeX буюу төвлөрсөн биржээс ялгаатай. 

CeX-тэй харьцуулахад, хэрэглэгч өөрөө бараг бүх зүйлийг бие даагаад гүйцэтгэчих боломжтой учир гүйлгээний шимтгэл гэх мэт нэмэлт зардал, төлбөр ч маш бага байдаг.

Дундын зуучгүй учир, түүнд хураамж төлөх шаардлагагүйгээс гадна, уламжлалт системийн адил серверийн шинэчлэлт, гэмтэл зэргээс шалтгаалан арилжаа гүйцэтгэх боломж хязгаарлагдана гэсэн ойлголт ард хоцрох юм.

Дээрхээс гадна, өөр зөндөө шинэлэг болон сайжруулсан санаа, шийдлүүд зохиогдсон, хөгжүүлэгдэж эхлээд байгаа.

DeFi-д ухаалаг гэрээ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

DeFi төрлийн бараг бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ухаалаг гэрээг үүсгэж, ашигладаг. Энгийн гэрээтэй харьцуулахад ухаалаг гэрээ нь, компьютерийн кодуудаас бүтэж байгаа учир, хэрэгжүүлэхэд хурдан, ашиглахад хялбар, 2 талын гаргаж болох алдааг багасгах зэрэг давуу талуудыг олгоно. Гэвч, алдаа, дутагдалгүй код бараг байх учир, ухаалаг гэрээгээр дамжих хөрөнгөнд учирч болох эрсдэл бас багагүй байдгыг мартаж болохгүй.

DeFi-ийн бодит ажил хэрэг болоход тулгарч буй асуудлууд юу байгаа вэ?

  1. Гүйцэтгэл - Төвлөрсөн системтэй харьцуулахад, нэгж хугацаанд боловсруулах хүсэлт, мэдээллийн тоо хэмжээ харьцангуй бага байгаа нь, төвлөрсөн бус системийн хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр, гүйцэтгэл буурах эрсдэлтэй.
  2. Алдаа - Банкны хяналтыг халчихсан учир, хүнээс хамааралтай гарч болох алдаа нь хэрэглэгчдээс шууд хамаарна.
  3. Хэрэглэгчдэд таатай байдал - Мэндлээд удаагүй байгаа болохоор, уламжлалт системтэй харьцуулахад, хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар байдлыг хараахан бүрдүүлж чадаагүй л байна.
  4. Замбараагүй экосистем - Програм хөгжүүлж чадах хүн бүр хүч сорьж, чадвараа сорьж байгаагаас шалтгаалж, тодорхой 1 үйлдлийг гүйцэтгэхэд сайн тохирох хэрэглүүрийг таньж олоход төвөгтэй байгаа. Үүнтэй зэрэгцэн бас, луйварчид "сарвалзах" нь ихсээд байгааг анхаарууштай.

Банкны нээлттэй систем, DeFi 2 хоорондоо ямар ялгаатай вэ?

Нээлттэй банк гэж, API-р дамжуулан санхүүгийн зарим мэдээллийг, 3-дагч талтай аюулгүйгээр солилцохыг хэлнэ. Тодорхойлбол, банк, банк бус 2-ын хоорондох, хамгаалагдсан холболт үүсгэхийг нээлттэй банкны систем гэж ойлгож болно. Үүний ачаар, санхүүгийн уламжлалт системд шинэ үйлчилгээнүүд нэвтэрч байгаа нь сайшаалтай.

DeFi нь харин, шинээр гарч ирсэн, тэс ондоо систем юм. DeFi-г бараг санхүүгийн нээлттэй тогтолцоо гэж нэрлэж болно. Энгийнээр бол, нээлттэй банк гэдэг нь, банкнуудаас одоо байгаа үйлчилгээ, мэдээллийг нь авч ашиглах холболтыг бүрдүүлж өгч байгаа бол, DeFi нь санхүүгийн шинэ хэрэгслүүдийг үүсгэх, тэдгээрийг хэрэглэх нөхцлийг буй болгож байгаа юм.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!