Blockchain Scalability гэж юу вэ?

Scalability буюу өргөжих чадвар гэж тухайн систем болон сүлжээний өсөн нэмэгдэх эрэлтийг даган тэлэх, томрох боломжыг хэлдэг. Компьютертэй зүйрлэвэл, түүний эд ангийг сайжруулах замаар, компьютерийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай адил юм. Харин Блокчэйний хувьд, өсөн нэмэгдэж буй гүйлгээний тоо хэмжээг зохицуулахын тулд багтаамжаа нэмж буй чадамжыг нь ийн нэрлэнэ.

Биткойноос эхсүүлээд асар олон зоосонд өргөжих чадвар нь томоохон сул тал болсоор ирсэн. Хэрэв Биткойн төвлөрсөн систем дээр суурилан бүтээгдсэн байсан бол түүний гүйлгээ боловсруулах хурд, өгөгдлийн хэмжээг өсгөхөд асуудалгүй байх байсан.

Блокчэйний өргөжих чадамжын асуудал

Биткойны 1 зангилаа ачааллуулах бол асуудал биш. Өдөр тутмын хэрэглээний энгийн 1 төхөөрөмж дээр л ачааллуулчихаж болно. Гэвч, олон сая зангилаанууд ачааллаж, бүгд хоорондоо холбогдож, шинэчлэгдэж байх хэрэгтэй болоод ирмэгц, асуудал тулгарч эхэлнэ ээ дээ?

Өгөгдлийн санг хэт тэлэхээс нь сэргийлж тохируулсан, боловсруулагдах гүйлгээний тооны хязгаарыг тогтоосон байдаг. Тэгж зааж өгөөгүй байсан бол зангилаанууд хооронд мэдээлэл солилцох боломжгүй болтлоо ихээр ачаалал учрах байсан бөгөөд дамжуулах хурд, сүлжээнд учрах ачааллыг бууруулах үүднээс блокын хэмжээг хүртэл хязгаарласан байдаг.

Дээрх хязгааруудыг бодит амьдрал дээрх, бодит зүйлсээр жишиж тайлбарлая.

  1. Блокчэйн = Галт тэрэг
  2. Блок = Вагон

Галт тэрэг тодорхой цагт өртөөнөөс хөдөлж, зорьсон газраа хүрнэ. Үүнийг шинэ блок үүсгэгдэх хугацааны хязгаартай зүйрлэж ойлгоорой.

Вагон бүрт тодорхой тооны зорчигч л суух боломжтой буюу блокт тодорхой тооны л гүйлгээний мэдээллийг хуулах боломжтой.

Хэрэв 1 дор суух зорчигчдын тоо ихсээд, суудлын тоо хүрэлцэхгүй болоод ирвэл тасалбарын үнэ өсөх нь тодорхой гэдгээр гүйлгээний тоо нэмэгдээд ирвэл шимтгэл өснө гэдгийг жишээлж байгаа юм.

Уг асуудлыг шийдэх эхний гаргалгаа нь, урт вагон холбох буюу блокын хэмжээг томруулах явдал юм. Илүү олон суудалтай (багтаамж) болохын хэрээр тасалбарын үнэ (гүйлгээний хураамж) буурна. Гэвч, ингэж өөрчилсний дараа суудлууд дүүртэл зорчигчид шавааралддаг хэвээр байна гэх ямар ч баталгаа байхгүй тул илүү зардал гаргасан болчих аюултай. Түүнчлэн, блокын хэмжээг ихэсгэх нь хүчин чадал тааруу зангилаануудад хэт ачаалал учруулж, тэднийг сүлжээнээс шахан гаргах эрсдлийг ч дагуулж байгааг мартаж болохгүй.

Блокчэйний үндсэн 3 шинж болох аюулгүй байдал, өргөжих чадвар, төвлөрсөн бус байдал 3 нь салшгүй холбогдсон байдаг ба тэдний 2-т нь хэт анхаарал хандуулах нь 3 дахийг нь үгүй хийх аюултай талаар өмнөх нийтлэлүүд дээрээ тайлбарласан байгаа. Энэ талаар дэлгэрэнгүйг ЭНД дараад "Блокчэйний өргөтгөлийн гурвалжин" сэдвээс олж уншаарай.

Тиймээс, тэдгээрийг 3-ууланг нь анхаарахдаа аюулгүй байдал, төвлөрсөн бус байдал 2-г Блокчэйн дээр, харин өргөжих чадварыг хэлхээнээс гадуур хэлбэрээр шийдэх саналыг ч дэвшүүлсэн байдаг.

Хэлхээнээс гадуурх өргөтгөл гэж юу вэ?

Блокчэйн дээр ачаалал, дараалал учруулахгүй буюу тусдаа хэлхээн дээр гүйлгээнүүдийг бүртгэх арга хэрэглэснээр сүлжээг өргөжүүлэх боломжтой. Уг шийдлийн хамгийн өргөн хэрэглэгдэж буй 2 аргыг доор танилцуулъя.

Туслах хэлхээ

Sidechain гэдэг нь, тусдаа Блокчэйн л гэсэн үг. Гэвч, бие даасан платформ биш бөгөөд үүнийг үндсэн хэлхээн дээр тулгуурлаж ажилладаг, түүнд холбогдсон, дэд өгөгдлийн сан гэж ойлгож болно. Эдгээр хэлхээний хооронд мэдээлэл чөлөөтэй дамжих боломжтой байдаг ба хуулагдаж буй мэдээллийг нь төсөл бүр, өөр өөрөөр зохион байгуулж хэрэглэж байна. Эфириумийн Плазм нь энэ төрлийн шийдэл бөгөөд түүний талаар Эфириумийн талаарх нийтлэлдээ товчхон танилцуулсан байгаа.

Туслах хэлхээний ажиллах зарчимтай жишээн дээр танилцацгаая.

А хэрэглэгч 5 BTC-тэй байлаа. Тэрээр, тэдгээрийгээ туслах хэлхээн дээрх өөр зоосоор солих шаардлагатай/сонирхолтой байсан гэж төсөөлье. Жишээн дээрх тэрхүү өөр зоосоо sidecoin гээд нэрлэчихье.

Туслах хэлхээ нь, нэгэнтээ л тусдаа Блокчэйнтэй учир блок, зангилаа, баталгаажуулалтын хэлбэр гээд бүгд үндсэн хэлхээнийхээс өөр байж таарна. Тиймээс, А хэрэглэгч өөрийн 5 BTC-г тусгай хаягруу илгээж байж, сая 1 туслах хэлхээн дээр, 5 зоосоо авах боломжтой болох юм. А 5 BTC-оо өөрийн үндсэн хэлхээн дээрх хэтэвчнээс, үндсэн хэлхээн дээрх тусгай хэтэвчинд бүрэн шилжүүлсний дараа, туслах хэлхээн дээрх тусгай хэтэвчнээс адил дүн бүхий sidecoin нь, А-ын туслах хэлхээн дээрх хэтэвчрүү автоматаар шилжин орно. Үүнийг илүү ойлгомжтой болгох үүднээс доор зургаар харуулав.


Дээрх солилцоог эсрэг чиглэлд ч мөн адил хийх боломжтой. Жишээнээсээ үргэлжлүүлэн тайлбарлавал:

А хэрэглэгч, Б хэрэглэгчээс sidecoin-р бараа худалдаж авах гэж л, BTC-ээ sidecoin-руу хөрвүүлсэн боловч, бараагаа ердөө 3 sidecoin-оор л авсан гэж төсөөлцгөөе. А дахин sidecoin ашиглаж арилжаа хийхгүй учир үлдсэн 2 sidecoin-оо буцаагаад BTC-рүү хөрвүүлээд авахад ямар ч саад байхгүй.

Гэхдээ яагаад заавал ийм хөрвүүлэг хийж байгаагын гол шалтгаан нь, туслах хэлхээний Биткойны хийж чадахгүйг чаддаг байх боломжтойд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын гүйлгээг хийхийн тулд шилжүүлгээ баталгаажтал хүлээх, өндөр шимтгэл төлөх, бага дүнтэй гүйлгээ хийж чадахгүй байх зэрэг асуудлуудыг туслах хэлхээ шийдээд өгсөн байж болно. Учир нь, тэд PoW алгоритм болоод Блокчэйний дүрмүүдэд баригдахгүй байх боломжтой. Жишээлбэл, илүү том блок үүсгэх, гүйлгээний мэдээллийг агшин зуурт баталгаажуулах зэргээр тохируулж өгч болдог.

Хамгийн сонирхолтой нь туслах хэлхээн дээрх ноцтой алдаа нь, үндсэн хэлхээнд ямар ч аюул учруулдаггүй.

Хэрэглэгч үндсэн хэлхээн дээр 1 л гүйлгээний мэдээлэл бүртгүүлсэн ч, угтаа туслах хэлхээнд дээр олон мянган гүйлгээ хийсэн байх боломжтой ба үүнийг нь Блокчэйн дээр, туслах хэлхээрүү нэвтэрсэн, тэндээс буцаад гарсан гэж л бүртгэдэг. Тодорхойлвол, түүний туслах хэлхээрүү шилжихийн өмнөх хөрөнгийн хэмжээ, гарч ирсэн үеийн хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн дундын зөрүүг агуулсан гүйлгээ хийгдсэн гэсэн мэдээлэл л бүртгэгдэг учир, үндсэн хэлхээн дээр учрах ачаалал тэр хэмжээгээр багасч байдаг давуу талтай юм.

Төлбөрийн суваг

Сүлжээг өргөжүүлэхэд туслах зорилгоор бүтээгдсэн энэ шийдэл нь, туслах хэлхээний адилаар үндсэн хэлхээнээс гадуур гүйлгээг боловсруулах зорилготой боловч тусдаа Блокчэйн хэрэглэдэггүйгээрээ ялгаатай. Ухаалаг гэрээний тусламжтайгаар хэрэглэгчдийн гүйлгээний мэдээллийг Блокчэйнрүү хуулахгүйгээр гүйцэлдүүлж өгдөг энэ аргын 1 жишээ нь, LN юм.

MultiSig-р хамгаалагдсан дундын данс үүсгэж хэрэглэдэг энэ аргын ажиллах зарчмыг LN-н нийтлэлээс унших боломжтой ч, ерөнхийд нь энд 1 товчхон тайлбарлах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

2 хэрэглэгчийн дунд, 2 талаас баталгаажуулж байж гүйлгээ хийдэг данс үүсгэгдэх бөгөөд, тэр дотор хичнээн ч гүйлгээ хийсэн бай хамаагүй, хэлхээн дээр 2 талын анхны байршуулсан хөрөнгийн хэмжээ, дансаа хаах үед тэдний эзэмшиж буй хэмжээ гэсэн 2 л мэдээллийг бичдэг. Энэ арга нь олон зуун гүйлгээний мэдээллийг 1 бүрчлэн бичих ажлыг халж, түүнд харгалзах зай багтаамж, цаг хугацааг хэмнэх боломжыг бүрдүүлсэн.


2 талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр хийгдэх учир, хүлээлгийн хугацаа нь тэднээс шууд хамааралтай байдаг. Бусдаар бол шимтгэл бараг төлөхгүй бөгөөд хурдны хязгаар гэж байхгүй.

Мэдээжийн хэрэг, 2 тал санал зөрөх тохиолдол гарч болох тул, түүнийг шийдвэрлэж, булхайгаас сэргийлдэг тусгай зохицуулалтыг энд тусгасан байдаг. Энэ талаар болон ийм сувгуудаас бүрдсэн сүлжээний талаар LN-ийн талаарх нийтлэлээс илүү дэлгэрүүлж уншаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!