Блокчэйний банкны салбарт үзүүлэх нөлөө

Орчин цагийн эдийн засагт банк нь, дотоод бүртгэлээ ашиглан, санхүүгийн чиглүүлэгч, дундын зуучлагчийн үүргээр оролцдог. Тэрхүү бүртгэл нь нийтэд ил тод бус учир, түүнд нь болоод, ерөнхийдөө хоцрогдоод буй бүтэц, зохион байгуулалтанд нь сохроор итгэхээс өөр сонголт үгүй.

Тэгвэл Блокчэйн нь, бүгдэд нээлттэй, хил хязгааргүй, харилцан итгэлцэл шаардлагагүй, шилэн дансныхаа тусламжтайгаар, зөвхөн валютийн зах зээл бус, банкны салбарыг ч үндсээр нь ховхлох хүчин чадалтайд тооцогддог. Блокчэйнийг хэрэглээнд нэвтрүүлснээр, гүйлгээнүүдийг хямд бөгөөд хурдан гүйцэтгэх, хөрөнгөнд хандах боломжыг нэмэгдүүлэх, өгөгдлийн аюулгүй байдлыг сайжруулах, ухаалаг гэрээг ашиглан 2 талын хоорондын итгэлцлийг үүсгэхгүйгээр найдвартай байдлыг бүрдүүлэх, ажиллагааг тогтворжуулж, саатал болон зардлыг бууруулах гэх мэт олон давуу талуудыг бий болгох боломжтой. Түүгээр ч зогсохгүй, Блокчэйний өөрийнх нь шинэлэг хэв загварт тулгуурласан санхүүгийн цоо шинэ үйлчилгээнүүдийг үүсгэн, нэвтрүүлж ч болох юм.

Банк болон санхүүгийн салбарт Блокчэйний авч ирж чадах онцлох ашгууд

  1. Аюулгүй байдал - Төвлөрсөн 1 цэггүй учир, ийм цэг дээр үүсч болох бүхий л халдлага, дайралт, доголдол, гэмтэл, саатлаас бүрэн хамгаалагдана. Дамжуулагч, зуучлагч, холбогчгүй учир тэдгээрээс учирч болох эрсдлүүдийг ч арилгах боломжтой.
  2. Ил тод байдал - Бүхий л боловсруулалтуудыг жишигжүүлэх бөгөөд, тэдгээрийг сүлжээнд холбогдсон хэрэглэгч бүрт гагцхүү үнэн бодит хувилбараар л түгээнэ.
  3. Итгэл - Шилэн бүртгэл нь, олон талуудын дунд хүлээн зөвшөөрөгдсөн харилцааг бий болгоно.
  4. Програмчлах буюу загварчлах боломжтой байдал - Ухаалаг гэрээг тусгаж, Блокчэйн дээр гүйцэтгэгдэх үйлдлүүдийг автоматжуулснаар, гүйцэтгэлийн хурд болон чанар үнэмлэхүй нэмэгдэж, урсгал зардал буурна.
  5. Хувийн мэдээллийн нууцлал - Бизнесүүдийн хооронд дамжих мэдээллийг, Блокчэйний нууцлалын технологиудын тусламжтайгаар хамгаалж чадна.
  6. Гүйцэтгэл - Тусдаа Блокчэйнүүдийн хооронд харилцан нийцтэй ажиллах боломжыг санал болгохын зэрэгцээ, нэгж хугацаанд боловсруулж чадах гүйлгээний чадал өндөртэй байдал нь, Блокчэйн хэлхээнүүдийн сүлжээг үүсгэж, салбарын нийт чадамжыг нэмэгдүүлэх боломжтой.

Блокчэйнийг ашиглан шуурхай шилжүүлэг хийх нь

Өнөөгийн банкны гүйлгээ, ажиллагаа ихтэй, татвар хураамж өндөртэй, удаан байгаа гэдэгтэй ихэнх хүн санал нийлдэг. Зарим тохиолдолд, нэмэлт баталгаажуулалт, хяналт шаардах нь ч бий. Технологийн болоод интернэтийн хурдацтай хөгжлийн эринд, банкны салбарын хөгжил гэх сэдэв бараг мартагдсан мэт байгаа нь үнэн. Энэ байдлыг Блокчэйн бүрэн шийдвэрлэж, хэзээ ч, хаанаас ч, хэн ч хэрэглэж болох, шимтгэл багатай, хурд өндөртэй, аюулгүй байдлаар эдүгээгийн тогтолцооноос дутахааргүй гүйлгээний шийдлийг санал болгож чадна. Энэ сэдвийг илүү гүнзгийрүүлэн судлах сонирхолтой байгаа бол, "Блокчэйний хэрэглээ: Гуйвуулга" нийтлэлийг маань уншаарай.

Блокчэйн дээрх хөрөнгө босгох нь

Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч сахиусан тэнгэр, баячууд, банкууд болон санхүүгийн байгууллагуудын санал болгож чадах, гадны хөрөнгө оруулалтанд ихээр найддагыг түүх гэрчилдэг. Гэвч, ийм байдлаар хөрөнгө босгохын тулд, олон цагийн уулзалт, ярилцлага, судалгаа, баримт бичиг бүрдүүлэлтийг шаардана. ICO, IEO зэрэг хөрөнгө оруулалт татах арга хэмжээнүүдийн ачаар, банк болон санхүүгийн байгууллагын хүнд суртал, чирэгдлээс ангижрах, цаг болон мөнгөө хэмнэхийн хажуугаар, шаардлагатай төсвөө, хялбархан бүрдүүлэх боломжыг гагцхүү Блокчэйн л олгоно. Түүнчлэн IPO-г дагадаг банкны өндөр шимтгэлийн асуудал үүсэхгүй нь бас том давуу тал мөн.

ICO нь хөрөнгө босгох явцыг илүү ардчилсан болгох хэдий ч, хэд хэдэн дутагдлыг дагуулж байдгыг мартаж болохгүй. Энэ төрлийн хөрөнгө босголтын үед, санаачлан зохион байгуулагч нь амлалтандаа хүрнэ гэх ямар ч баталгаа байхгүйг анхаарах нь зүйтэй. Ялангуяа хараахан жигдэрч, зохицуулагдаагүй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдыг асар их эрсдэлд оруулах боломжтой байгааг огтхон ч мартаж болохгүй.

Блокчэйн дээр хөрөнгийг токенжуулах нь

Хувьцаа болон өрийн бичиг, валютууд зэрэг бусад хөрөнгийг авах, зарах үед банк, зуучлагч, өр барагдуулагч, арилжааны биржүүдийн хооронд харилцаа, бүртгэлжүүлэлтийн нарийн төвөгтэй уялдаа холбоо үүсч байдаг. Түүнийг хурдасгахаас гадна, чанаржуулах нь нэн чухал шаардлага болоод байгаа. Төвөгтэй байдлыг бууруулснаар, зардал болон цаг хугацааг хэмнэх давуу талтай. Блокчэйнийг нэвтрүүлснээр, технологийн суурь үеийг бий болгож, бүх төрлийн хөрөнгийг токеноор бүртгэлжүүлэх боломж бүрдэнэ. Орчин цагт онлайнаар арилжаалагдахгүй хөрөнгө гэж байхгүй болсноос хойш, тэднийг токенжуулах шиг тохиромжтой гаргалгаа байхгүй гэлтэй. Блокчэйнд түшиглэсэн зарим шинэлэг төсөл, байгууллагууд, үл хөдлөх, уран бүтээл, бараа таваар зэрэг биет хөрөнгийг токенжуулах боломжыг хэдийн эрэлхийлээд, судлаад эхэлчихсэн байгаа. Амжилттай хэрэгжүүлж чадваас, бодит хөрөнгийг ч, онлайнаар болон цахимаар, хялбар, хурдан шилжүүлэх, арилжих таатай нөхцөл бий болох юм. Түүнчлэн хөрөнгө багатай хэрэглэгчдэд ч, ямарваа хөрөнгийг хэсэгчлэн эзэмших, түүнээсээ зохих хэмжээнд үр өгөөжийг нь хүртэх, урьд өмнө нь хандах боломжгүй байсан боломжууд, хөрөнгүүдэд хандах гарцыг нь үүсгэж өгч болно.


Блокчэйн ашиглаж мөнгө зээлдэж, зээлдүүлэх нь

Зээл гэх ойлголтыг банк болон санхүүгийн салбар бараг бүрэн дарангуйлчихаад байгаа. Тэгээд ч зогсохгүй, зээлийн хүүг хэт өндрөөр тогтоож, эргэн төлөх болон зээл олгох шалгуурыг ч чангатгасан байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ нь зээл авах, өгөх аль ч нөхцөлд хүндрэлийг үүсгэх бөгөөд, банкинд давуу талыг олгож, эдийн засгийг банкнаас хамааралтай болгож орхисон нь харамсалтай. Блокчэйнийг ашигласнаар, зээлийн экосистемийг бүгдэд нээлттэй болгох боломжтой буюу дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэж болно. DeFi нь, яг ийм зорилгоор гарч ирсэн, хурдацтайгаар хөгжүүлэгдэж байгаа салбар билээ. Блокчэйний ачаар, энгийн хялбар, найдвартай бөгөөд хурдан, элдэв хориг хязгаарлалтгүй P2P зээлийг бодит ажил хэрэг болгох боломжтой. Ингэж чадсан тохиолдолд, өрсөлдөөнд ялагдахгүйн тулд банкууд ч, зээлийн нөхцөл, хүүгээ эргэн харж, өөрчлөх нь дамжиггүй.

Блокчэйн, арилжааны зах зээлд нөлөөлөх нь

Хэт олон хуулийн заалт, зохицуулалтуудаас шалтгаалан олон улсын арилжаанд оролцоход ихээхэн хүндрэл тулгарч байдаг. Бараа бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт болон бүртгэл, хяналт нь цаг хугацаа их ордог ажил бөгөөд, түүнийг алдаагүй тэмдэглэх нь зайлшгүй чухал шаардлага болдог. Блокчэйн нь, энэ ажиллагааг хялбар, хурдан, найдвартай, хамгийн гол нь дэлхийг бүхэлд нь хамарсан системийг бүтээж, импортлогч болон экспортлогчдын хооронд саадгүй холбогдох гүүрийг бүтээж чадах онцгой чадвартай технологи юм. Ийм системийг нэвтрүүлж чадвал, цаг хугацаа болоод эдийн засгийн асар их хэмнэлтийг хийж болох давуу талтай. Илүү дэлгэрэнгүйг, "Блокчэйний хэрэглээ: Хангамж" нийтлэлээс уншиж болно.

Ухаалаг гэрээний тусламжтайгаар, найдвартай зөвшилцөлд хүрэх нь

Харилцан зөвшилцөлгүйгээр, бизнесүүд болон хувь хүмүүсийн хоорондын хамтын ажиллагааг бүтээх боломжгүй. Гэвч, ийм хамгаалалтыг бүрдүүлэхийн тулд багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгийг зарлагадах шаардлагатай болно. Гэрээ бүтээх нь нарийн төвөгтэй ажил бөгөөд, хуульчдаас ихээхэн хөдөлмөрийг шаардаж байдаг. Гэхдээ, эдгээр асуудлыг шийдвэрлэж чадах гарц бий бөгөөд түүнийг ухаалаг гэрээ хэмээн нэрийддэг. Ухаалаг гэрээ нь, Блокчэйн дээр ажиллах, засвар өөрчлөлтөөс хамгаалагдсан, тодорхойлогч код бөгөөд, түүний тусламжтайгаар хөрөнгө мөнгөө, дүрэм журмын дагуу, найдвартайгаар хамгаалуулж болно. Ухаалаг гэрээг ашигласан үед, харилцагч талууд, нэг нөгөөдөө итгэл хүлээлгэх шаардлагагүй болж, түүнийг даган гарах асуудлуудыг ч багасгах боломжтой.

Блокчэйнээр өгөгдлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах нь

Итгэмжлэгдсэн зуучаар мэдээлэл дамжуулах үед, мэдээлэл алдагдах эрсдэл багагүй тулгардаг. Тийм ч учраас, санхүүгийн олон олон байгууллагууд цаасан баримт бичгийг ашигласан хэвээр байгаа юм. Гэвч энэ гаргалгаа нь эргээд өндөр зардал дагуулдаг дутагдалтай байдаг. Түүний оронд Блокчэйнийг хэрэглэвэл, баталгаажуулалт, тайлан, KYC/AML зэрэг үйлдлийг автоматжуулж, гүйлгээний түүх, бүртгэлийн мэдээлэл, бичиг баримтын үнэн бодит байдлыг тэр даруйд нь батлах боломж бүрдэнэ. Энгийнээр бол, Блокчэйнд түшиглэснээр, залилангаас бүрэн сэргийлэх, урсгал зардлыг ихээр бууруулах, өгөгдлийг зохицуулах, хадгалах, хамгаалахад шаардагдах бүхий л ажиллагаа, цаг хугацаа, хөрөнгийг хэмнэх давуу талтай. Энэ сэдвийг цааш үргэлжлүүлэн судлахыг хүсвэл, "Блокчэйний хэрэглээ: Цахим бүртгэл" нийтлэлтэй маань танилцаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!