Блокчэйний хэрэглээ : Цахим бүртгэл

Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.

Блокчэйний олон сонирхолтой хэрэглээ байгаа ч, тэр дундаас иргэний болон ерөнхий бүртгэлжүүлэлт, түүний баталгаажуулалтыг хамгийн тохиромжтойгоор нэрлэж болох юм.

Зөвхөн 2018 онд л гэхэд, хэдэн тэрбум хүн хувийн мэдээллийн халдлагад өртөж, хохирсон аймшигт тоо бий. Энэ нь, чухал мэдээллийг маш найдвартай, аюулгүй хамгаалах, хадгалах, дамжуулах, баталгаажуулах шийдэл зайлшгүй хэрэгтэй болоод байгаагийн илрэл юм. Тэрхүү шийдэл нь, Блокчэйн байх боломжтой.

Блокчэйнийг бүртгэлийн системд ашиглах ямар боломжууд байна вэ?

Блокчэйнд мэдээллийг хуулахын өмнө түүнийг олон тооны зангилаагаар шалгуулж, баталгаажуулдаг учир хуурамч мэдээлэл орох магадлал маш бага байдаг. Цахим бүртгэлийн системийн хувьд, тэдгээр зангилаанууд нь засгийн газрын харгалзах нэгж, байгууллагууд байж болох юм. Тэдгээр зангилаа бүр, орж ирсэн мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг тус бүрдээ нягталж үзээд, санал өгөх бөгөөд саналын дүнгээс хамаарч, тухайн мэдээллийг өгөгдлийн санд хуулах эсэхийг шийднэ гэсэн үг.

Криптографын оролцох үүрэг

Блокчэйнд түшиглэсэн бүртгэлийн систем дэх мэдээллүүд нь, зохих хэмжээнд нууцлагдсан байх шаардлагатай. Тийм ч учраас, тухайн мэдээллүүдийг шууд болон шууд бус ямарваа хэлбэрээр дамжуулах үед, нууцаа хадгалж чаддаг байх учиртай. Хэшлэлт, цахим гарын үсэг, мэдэлгүйгээр нотлох зэрэг криптографын тусламжтайгаар, үүнийг шийдвэрлэж болно.

Иргэдийн чухал мэдээллийг хэшлэснээр, түүнийг тодорхойлох, давтагдашгүй хэш гэх цахим хурууны хээг гаргаж авах боломжтой. Түүнийг нь, засгийн газрын нэгжүүд цахим гарын үсгээр баталгаажуулж өгснөөр, албан ёсных болох нь өндөр нууцлал, нотлогоогоор батлагдах юм.

Zero-knowledge proof буюу мэдэлгүйгээр нотлох аргуудын тусламжтайгаар, доторх мэдээллийг нь харалгүйгээр, үнэн бодит болохыг таньж, баталгаажуулах боломжтой. Энгийнээр бол, төрсөн огноогоо хэнд ч хэлж, харуулахгүйгээр, жолоо барих, цэнгээний газар орох насанд хүрснээ нотлох боломж бүрдэнэ гэсэн үг.

Тусгаар бүртгэл

Self-sovereign identity гэж, хувийн бүхий л мэдээллээ өөрөө бүрэн хадгалж, захирах эрх зүйн орчинг тодорхойлно. Крипто валютийн адилаар, түүнийгээ хэтэвчиндээ хадгалах боломжтой байх юм. Ийм хэлбэрийн тогтолцоотой үед, тухайн иргэн өөрийн хувийн мэдээллийг хэнтэй, хэзээ, яаж, ямар хэмжээнд хуваалцахаа бүрэн шийдэх эрхтэй байна. Жишээн дээр ойлгомжтойгоор тайлбарлавал, төлбөрийн картынхаа мэдээллийг хувийн бүртгэл дээрээ хадгалсан байлаа гэхэд, гүйлгээ хийхдээ далд түлхүүрээ ашиглан, харгалзах мэдээллийг илгээх үед, уг картыг тухайн иргэн эзэмшдэг болохыг ямар ч эргэлзээгүйгээр нотлоно.

Блокчэйн дээр крипто валют, түүний гүйлгээний мэдээллээс гадна, бичиг баримт, цахим гарын үсэг зэрэг олон өөр төрлийн мэдээллийг хадгалах боломжтой талаар бид өмнө нь, цөөнгүй удаа тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл, ийм бүртгэлийн системийг цогцлоосноор, овог нэр, төрсөн огноо болон газар, иргэний бүртгэл дэх болон төрсний гэрчилгээний дугаар гэх мэт бичиг баримт дээрх ямар ч мэдээллээ хуваалцалгүйгээр, тухайн улсын иргэн мөн гэдгээ батлах эсвэл хөрөнгө орлогын дүн, тэдний эх үүсвэр, татвар төлөлтийн түүх, эрхэлж буй ажлаа зарлахгүйгээр, санхүүжүүлэгчээр бүртгүүлэх зэрэг боломжууд бий болох юм.



Боломжит давуу талууд

Блокчэйн болон криптографыг цахим бүртгэлд ашигласнаар 2 онцлох давуу талыг бий болгож болно. Эхнийх нь, хувийн мэдээллээ иргэд буюу хувь хүн өөрөө бүрэн хариуцаж, удирдах эрх мэдэлтэй болох явдал бөгөөд ингэснээр нэгдсэн цэг дээр халдлагад өртөж, бүх мэдээллийг нэгэн зэрэг алдах эрсдлийг үгүй хийх боломжтой. Түүнчлэн, криптографын ачаар, мэдээллээ задруулалгүйгээр, үнэн бодит болохыг нотлох чадвар буй болж, нууцлалын түвшин 1 биш нилээд хэдэн шат ахих давуу талтай.

2 дахь том давуу талаар, хуурамчаар үйлдэх гэсэн ойлголтыг халсан онцлогыг нь нэрлэж болно. Хуурамч мэдээлэл оруулах нь өөрөө бараг боломжгүй зүйл болж хувирахаас гадна, бодит эсэхийг хялбар, хурдан шалгаж таних боломжтой зэрэг нь, уламжлалт системтэй зүйрлэхээргүй дэвшил юм.

Тулгарч болох асуудлууд буюу дутагдлууд

Нийлэг бүртгэл буюу олон бодит мэдээллээс тодорхой хэсгүүдийг нь салгаж, цуглуулж нийлүүлэн, гаргаж авсан мэдээллийг танихтай холбоотой ноцтой асуудлын гаргалгаа тусгагдаагүй байсаар байгаа. Агуулагдах мэдээлэл бүр үнэн учир, ийм хэлбэрээр бүтээсэн мэдээллийн хуурамч эсэхийг зарим систем таньж чадахгүй байх боломжтой. Орчин үед, энэ төрлийн халдага нь төлбөрийн болон зээлийн картын луйврын хэргүүд дээр илүү төлхүү үйлдэгдэж байна. Гэхдээ уг асуудлыг, цахим гарын үсгээр шийдэж болно. Засгийн газар нь, 1 хүнд харгалзах баримт тус бүрийг тусад нь, цахим гарын үсгээр баталгаажуулаад, нийтэд дахин 1 цахим гарын үсгээр баталгаажуулснаар, тэдгээрийг бүрэн хамгаалах боломжтой юм.

Өөр 1 анхаарууштай сэдэв бол, 51% дайралт. Ялангуяа, жижиг Блокчэйний сүлжээний хувьд сүлжээг хянаж, хамгаалагч зангилаануудын талаас илүү нь, бусармаг үйлдэлд санаархвал, тухайн сүлжээн дээрх бүхий л мэдээлэлд аюул заналхийлэх болно. Гэхдээ уг аюул нь, хаалттай Блокчэйнд тохиолдох магадлал тун багатай байдаг. Гэвч, хаалттай Блокчэйн нь өөрөө төвлөрсөн, ардчилсан бус зарчимтайд тооцогддог учир, уламжлалт системээс ялгарахааргүй дутагдалтайд тооцогдож болохыг мартаж болохгүй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!