Mining Pool гэж юу вэ?
Олборлолт нь, PoW-д суурилсан Блокчэйний аюулгүй байдлыг хангадаг амин гол нь болдгыг, өдийд Та мэддэг болсон байх учиртай. Үгүй бол, эдгээр сэдвүүдийг уншиж, судласны дараагаар уг нийтлэлийг уншаарай гэж зөвлөмөөр байна.
2009 онд, Биткойн дөнгөж танилцуулагдсаны дараахан хүндрэл бага байсан учир, энгийн хэрэглээний компьютероор ч түүнийг олборлож болдог байсан. Гэхдээ тухайн үед ч, аль илүү хүчин чадалтай нь блокыг түрүүлж хаадаг байсан ба, үүнээс үүдэн олборлох хүчин чадлын өрсөлдөөн үүсч, улмаар зориулалтын, өндөр хүчин чадал бүхий төхөөрөмжүүд хөгжүүлэгдэж эхэлсэн юм. CPU, GPU, FPGA зэрэг олон өөр төхөөрөмжүүдийг туршсаар, өдгөө ASIC дээр төлхүү төвлөрөх болсон. Ийм өндөр хүчин чадал бүхий төхөөрөмжүүдийн дайнд, энгийн төхөөрөмжөөр хүч сорих нь бараг боломжгүй мэт болоод байгаа ч, түүнд зориулсан гаргалгаа бий. Тэр нь олборлолтын сан юм.
Олон хүчирхэг ASIC ажиллууллаа ч, Таны олох ашиг, орлого Биткойны далайгаас хэдхэн дуслыг л шүүрсэнтэй дүйнэ. Блок амжилттай хаах боломж тань туйлын бага байх бөгөөд, төхөөрөмж авах, цахилгаан зарцуулалт зэргийн асар өндөр зардалтай тул, дийлэнх орлогоо төлбөрт тушаагаад дуусах аюултай. Тэгээд ч, блок хаасны урамшуулал хүртэх эсэх нь ч баттай бус шүү дээ. Тиймээс бага ч болтугай, тогтмол орлого хүртэхийг хүсвэл ийм санд нэгдэх нь зүйтэй байдаг.
Та болон өөр бусад 9 хэрэглэгч тус бүрдээ нийт олборлолтын 0.1 хувийг, нийлээд 10-уулаа 1% бүрдүүлж байгаа гэж төсөөлцгөөе л дөө. Ингээд бодвол, блок амжилттай хаах боломж Таньд 1'000 блок тутамд 1 л тохиолдох ба, өдөрт ойролцоогоор 144 блок хаагдаж байдаг гэж үзвэл, Та 7 хоногт 1 л блок хаах нь ээ дээ? Хэр их хөрөнгө зарцуулж, хэр их хүчин чадалтай төхөөрөмжүүдээр тоноглосон зэргээс шалтгаалж, энэ тоо боломжын санагдаж болох юм. Гэхдээ хангалттай байж чадах эсэхийг тооцвол, хэцүүхэн үр дүн хүлээж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс дээр дурьдсан 9 олборлогчтой хүчээ нэгтгэж ажиллавал, ямар үр дүнд хүрч болохыг хамтдаа тооцоцгооё.
Энэ тохиолдолд, 100 блок тутмын 1-ийг нь танай нэгдэл хаах бөгөөд, ямар ч саадгүй ажиллаж чадвал, өдөртөө 2 блокыг хаах боломжтой болно гэсэн үг. Мэдээж нийт орлогоо, харгалзах хэмжээгээр нь бусадтайгаа хуваах ч, дангаар ажилласнаас харьцангуй илүү ашгийг авч ирэх давуу талтай байдаг. Тийм ч учраас, өнөөдөр олборлолтын сангууд борооны дараах мөөг мэт олширжээ.
Олборлолтын сан яаж ажилладаг вэ?
Олборлогчдыг зохион байгуулдаг зохицуулагч бүхий олборлолтын нэгдсэн талбарыг ийн нэрлэдэг гээд ойлгочиход болно. Ийм сангууд нь, олборлогч бүрт давтагдашгүй дугаарыг нь хуваарилах замаар, адил блок дээр хугацаа болон тооцооллын хүчийг үргүй зарцуулахаас сэргийлж байдаг. Түүнчлэн урамшууллыг, гүйцэтгэлд харьцуулан, шударгаар хуваарилах ажлыг ч сангаас хариуцан гүйцэтгэнэ. Гэхдээ сангуудын зохицуулалтын аргуудыг, тодорхой хэдэн төрөлд ангилж болох ба, тэдгэрээс хамгийн өргөн хэрэглэгддэг, онцлох 2 аргыг доор танилцуулав.
Хувиар цалинжих олборлолтын сан гэж юу вэ?
Pay-Per-Share (PPS) гэдэг нь, олборлогчийн оруулсан хувь нэмрийг, нийт ажлын гүйцэтгэлийн хэмжээтэй харьцуулан тооцож, урамшууллыг харгалзах хэмжээнд нь хуваарилдаг, олборлолтын санд хамгийн түгээмэл ашиглагддаг арга юм. Энэ төрлийн санд гэхдээ, илгээсэн хэшээр тооцох боловч, тухайн хэшийн хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг харгалзаж үздэггүй. Энгийнээр бол, блок хаагдсан эсэхээс хамаарахгүйгээр, урамшуулал хүртээдэг ч, түүнийг дагасан эрсдлээс сэргийлэх үүднээс өндөр шимтгэл хурааж байдаг санг, PPS гэнэ.
Хүлээн зөвшөөрөгдсөн хувиар цалинжих олборлолтын сан гэж юу вэ?
Pay-Per-Last-N-Shares (PPLNS) нь, блок амжилттай хаагдсан үед л урамшууллыг хуваарилдаг, өөр нэгэн өргөн хэрэглэгддэг сан юм. Блок хаагдмагц, түүнийг хаахад зориулан хийсэн гүйцэтгэлээс, сүүлийн n ажлыг шалгах ба, n нь сан бүрт харилцан адилгүй хэмжээгээр заагдсан байдаг. Ингэж шалгасны дараа, олборлогчийн нийт гүйцэтгэлийг n-д хувааж, түүнийгээ урамшууллаар үржүүлж, олгох хувь хэмжээг тогтооно. Мэдээж, харгалзах урамшууллыг олгохын өмнө, сангийн зохицуулалтын хураамжаа суутгана. Жишээн дээр танилцуулъя.
Блок хаах бүрт шимтгэлийг тооцохгүйгээр, 6.75 BTC-ы урамшуулал өгч байгаа гэж үзвэл, зохицуулагчийн 20 хувийг хасаад, 5.4 BTC-ыг олборлогч нарт хуваах нь. Хэрэв n нь, 1 сая байсан бөгөөд, түүний 50 мянгыг нь Та гүйцэтгэсэн гэж бодвол, Таны хүртэх хэмжээ, нийт урамшууллын 5% буюу 0.27 BTC болно.
Сонирхуулахад, Биткойноос гадна, Zcash, Монеро, Grin, RavenCoin зэрэг PoW алгоритмд суурилсан крипто валютуудад мөн олборлолтын ийм сангууд байдаг.
#CoinMarketCap
Олборлолтын сангууд, төвлөрсөн бус байдалд заналхийлдэг үү?
Онолын хувьд томоохон олборлолтын сангууд, 51% дайралтыг гүйцэтгэж чадах ч, тэр нь Биткойны ханшийг унагахад хүргэх аюултай учир, тийм зүйл хийх нь бараг үгүй л болов уу. Өөрсдөө олборлолтын орлогоос, зоос/токеноор ашиг хийж байж, сүлжээний аюулгүй байдалд заналхийлэх, улмаар крипто валютийн үнэ цэнийг алдагдуулах үйлдэл хийх нь, ажилд нь ч, орлогонд нь ч халгаатай шүү дээ.
Тэгээд ч бас, сангууд өөрсдөө бараг л олборлодог төхөөрөмж ашигладаггүй буюу бусдын төхөөрөмжүүдийг л зохион байгуулж өгдөг учир, төвлөрсөн шинж чанрыг бататгахын хэрээр, олборлогч болон зохицуулагчдын аль алинд ашигтай байдаг байна. Эцсийн эцэст, олборлолт хийх нь ашигтай л байвал, тэдний аль алинд хэрэгтэй шүү дээ. Сангууд арай гэмээр томорч байсан үеүүд бий ч, тухай бүрт сан болоод олборлогчид тэдний хэшлэх чадлыг сулруулах зорилгоор хариу арга хэмжээг авч байсныг түүх гэрчилнэ.
Хэрэв Та энгийн хэрэглээний компьютер, ухаалаг утас ашиглан, олборлолтын санд нэгдэж, крипто валют олборлохыг хүсч байвал дараах нийтлэлүүдийг сонирхоорой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation