Биткойн олборлолт
Биткойн гэж юу болохыг ЭНД, олборлолт ямар үүрэгтэйг, ямар хэрэгтэйг ЭНД дараад тус тус уншиж, судлаарай.
Урьд нь, компьютероороо ч олборлож болдог байсан бол, өдгөө тооцоолол боловсруулах асар өндөр чадалтай төхөөрөмжүүдийг хэрэглэхгүй л бол ашиг олох боломжгүй, их ширүүн өрсөлдөөн явагддаг болсон.
Олборлож эхлэхэд юуг анхаарах вэ?
Маш өндөр хүчин чадалтай төхөөрөмж хэрэглэхгүй бол ашиг олохгүй. Гэвч, ийм төхөөрөмж нь өөрөө өндөр үнэтэйгээс гадна, халалт, дуу чимээ ихтэй байдаг. Түүнчлэн, цахилгаан их зарцуулдаг, таслалдалгүй интернэт холболт зэргийг тооцох хэрэгтэй.
Олборлолтын ямар төрлүүд байдаг вэ?
Олборлож болдог крипто валютуудыг олборлох үед, CPU, GPU, FPGA, ASIC зэрэг төхөөрөмжүүдийг хэрэглэнэ. Эдгээрийн талаар товчхон танилцуулгыг энэхүү нийтлэлээсээ үргэлжлүүлэн уншиж танилцаарай.
CPU буюу төв боловсруулах хэсэг
Тооцоолуурын бүхий л боловсруулалт, үйлдлийг гүйцэлдүүлдэг энэхүү гол, "тархи" болсон төхөөрөмжийг ашиглан олборлолтоос ашиг олох бараг боломжгүй болсон.
GPU буюу дүрс боловсруулах хэсэг
Өндөр чанартай зураг, бичлэг, тоглоомын зураглал, дүрслэлийг харуулах үүргийг гүйцэтгэгч энэ төхөөрөмжөөр олборлолт хийх хүн цөөнгүй бий. Том даалгаврыг олон жижиг хэсэгт хуваан, тэдгээрийгээ олон зэрэг боловсруулах замаар, хурдтай тооцоолол хийдэг учир, басхүү сайн олборлох төхөөрөмжөөр нэрлэгдээд байгаа. Гэвч, үүгээр олборлогдох крипто валютийн алгоритм, хүндрэлээс хамаарч, тус бүр өөр өөр хэмжээний ашиг өгдөг гэдгийг анхаараарай. Олноор нь нийлүүлж, илүү хүчтэй төхөөрөмж бүтээж болдог, тус тусдаа хэрэглэж ч болох давуу талтай ч, хамгийн сайн сонголт болж чадахгүй. Түүнээс гадна, сүүлийн үеийн, хүчирхэг GPU-нүүд олборлолтын эсрэг хамгаалалттай болж байгааг бас анхаарууштай.
FPGA буюу програмчилж ашиглаж болдог самбарууд
Програмыг нь хүссэнээрээ, хэд л бол хэд өөрчилж, олон өөр зорилгоор ашиглаж болдог ийм технологиудыг сүүлийн үед олборлолтонд ихээр ашиглах болсон. ASIC зэрэг тусгай төхөөрөмжтэй харьцуулахад зардал багатай бүтэх ч, хүчин чадлын хувьд тэднийг гүйцэж чадахгүй. Тэр тусмаа, Биткойн олборлоход, ASIC-өөс үр дүн багатай байдаг.
ASIC буюу тусгай зориулалтын тооцоолуур
1 л зорилгод тусгайлан нийцүүлж, бүтээсэн тооцоолуурыг ийн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, ASIC miner гэдэг нь, олборлох үүргийг л гүйцэтгэхээр загварчлагдсан компьютер юм. Анхнаасаа ийм зорилгоор бүтээгдсэн учир, уг төхөөрөмжийг худалдаж аваад, тохируулгыг нь багахан өөрчлөөд л, шууд ашиглах боломжтой ба олборлолтонд хамгийн тохиромжтой төхөөрөмжинд тооцогддог. Гэхдээ, дуу чимээ, халалт ихтэй, чадлаасаа хамаараад маш үнэтэй зарагддаг, цахилгаан эрчим хүч их зарцуулдаг гэсэн дутагдлуудтайг анхаарах хэрэгтэй. Мөн үүнийг сонгон авч хэрэглэх гэж байгаа бол, манай гаалийнхан "цахим мөнгөний машин" гэж нэрлээд, өндөр татвар авдгыг урьдчилсан тооцоондоо тусгаарай.
Ийм төхөөрөмжүүд нь мөн, өөр өөрийн заасан алгоритмаар тооцоолол хийдэг тул, ямар зоос/токен олборлох гэж байгаагаа урьдаас сонгож, түүндээ тохирох загварын төхөөрөмжийг нь авдаг юм шүү. Жишээ нь, Биткойн олборлох зориулалттай ASIC-аар Эфириум, Лаяткойн олборлох боломжгүй байдаг гэх мэт. Уг төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дараад "крипто тайлбар толь" цувралаас уншиж болно.
Мөн олборлолтыг зүй бусаар ашиглах явдал ч цэцэглэж байгаа бөгөөд энэ талаар дэлгэрэнгүйг ЭНД дараад харгалзах нийтлэлээс уншаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation