Биткойны ATM
Крипто валютийг онлайнаар худалдаж авах олон арга зам бий. Гэвч, бэлэн мөнгөөр крипто валют худалдаж авахын тулд, банк эсвэл банкны ATM орж, мөнгөө дансандаа байршуулаад, арилжааны бирж дээр бүртгүүлээд, бүртгэлээ баталгаажуулж, хэтэвчиндээ данснаасаа мөнгө шилжүүлсний дараа л сая 1 арилжаанд орох боломжтой болно гэхээр ажиллагаа ихтэй мэт санагдаж байгаа биз? Тийм бол, мөнгөө хийгээд шууд Биткойн авдаг АТМ Таньд яг зохино.
Ихэнх биржүүд, заавал бүртгэл үүсгэхийг шаардаж, түүн дээрээсээ AML болон KYC баталгаажуулалт нэхдэг. Ийм байдлаар хувийн мэдээллээ бусдад задруулахаас зайлсхийж байгаа бол, Биткойны ATM ашиглах нь хамгийн тохиромжтой байдаг. Энэхүү нийтлэлээрээ, Биткойны ATM-аар Биткойн худалдаж авах зааварчилгааг шат дараатайгаар танилцуулахыг зорьлоо.
Биткойны ATM гэж юу вэ?
Банкны ATM-тай адил боловч, банкны данстай бус хэрэглэгчийн өөрийнх нь хэтэвчтэй харьцдаг төхөөрөмж юм. Биткойны ATM-аас бусад зоосуудыг худалдаж авах боломжтой байдгаас гадна, зарим ATM дээр криптогоо зарж ч болдог.
Юуг бэлдэх хэрэгтэй вэ?
Худалдаж авсан Биткойноо байршуулж, хадгалах хэтэвчээ хамгийн түрүүд бэлдэх хэрэгтэй. Android болон iOS үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд зориулсан хэтэвчүүд зөндөө байгаа ч, бид Таньд Trust Wallet-г сонгон ашиглахыг санал болгож байна.
Хэтэвчрүүгээ ороод, нийтийн/ил хаягаа олох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд түүнийг Receive буюу хүлээн авах сонголтоор олж болдог. Ингэхдээ, авахаар сонгосон крипто валютийнхаа хүлээн авах товчийг дарна шүү. Өөр зоос/токений хаягруу илгээвэл, хөрөнгө тань алдагдах аюултай. Энэ зааварт бид, хаягаа хуулж, бичихийн оронд QR код ашиглаж, BTC авахаар сонгосон байгааг анхаараарай.
Хэтэвч, хаяг бэлэн болсны дараа, өөрт ойр ATM-ыг олж очих шаардлагатай тулгарах ч, дэлхий дээрх бүх Биткойны ATM-уудын байршлыг харуулсан газрын зургыг, coinatmradar.com дээрээс харж, ашиглах боломжтой.
Хаяг байршлаараа хайхад л, хамгийн ойр байрлах ATM-уудыг шүүгээд гаргаад ирэх тул, газрын зураг уншиж чадахгүй гэх хүндрэл учрахгүй байх аа.
Тухайн ATM-ын байршлыг харуулсан зүүн дээр дарахад, ямар крипто валютуудыг дэмжихийг харуулах бөгөөд, View details буюу дэлгэрэнгүй харах цэсийг дарж орсноор, ханшийн мэдээ, шимтгэлийн хэмжээ, хариуцан ажиллуулж буй байгууллагын танилцуулга, бусад хэрэглэгчдийн сэтгэгдэл, үнэлгээг харж болно. Сүүлийн үед үнэлгээ сайтай байгаа, хариуцагч байгууллага нь тодорхой ATM-ыг олж ашиглах нь зүйтэй тул, дээрх мэдээллүүдтэй заавал бүрэн танилцаж хэвших нь чухал. Ялангуяа, үнэ ханш, шимтгэлийг авах/зарахынхаа өмнө хальт ч болтугай хянаж байгаарай. Мэдээллийг тань луйварчдад дамжуулах хуурамч ATM ажиллаж байж болзошгүй тул, өөрөө жаахан хянуур байвал дээр.
#CoinMarketCap
Худалдан авахдаа юуг анхаарах вэ?
Биткойны ATM-ыхаа хажууд ирсэн бол, ашиглаж эхлэхээс өмнө цэсүүдийг нь орж сонирх, бас гадна төрхийг нь ажаад, сануулгуудыг нь гарчигла. Ерөнхий байр байдал, ажиллах зарчмыг нь багцаалдаж авчихаад, хэрэглэж эхлэвэл зохистой байдаг. Хэдийгээр гадна үзэмж олон янз байж болох ч, үндсэн үйлдэл, ажиллагаа нь төстэй байх учиртай. Энэ заавартаа бид доор харуулсан ATM-ыг хэрэглэлээ.
ATM-ын баруун гар талд харагдах мэдрэгчтэй дэлгэц дээр ерөнхий удирдлага байршиж байгаа. Доор харуулсанчлан, BTC худалдаж авах болон зарах ханшуудыг тусад харуулсан байгаа ба яг энэ үед CMC дээрх ханш €9600 орчим EUR байсан. Ханшийн энэ зөрүү нь 1-д, CMC бүх бүртгэлтэй биржүүдийнхээ ханшийн дунджыг харуулдагт, 2-т ATM-ууд энэ зөрүүнээс ашиг олдогт оршиж байгаа.
ATM-ын зүүн талд байрлах их бие нь фиат валют хураах/олгох, баримт хэвлэх, QR код унших төхөөрөмжүүдийг агуулсан байна.
ATM, түүний хөгжүүлэгчийн бодлогоос хамаарч, удирдлагын самбарын загвар, тохиргоо өөр байж болох ч, Buy Bitcoin эсвэл Buy BTC буюу Биткойн худалдаж авах товч тод бөгөөд тодорхой харагдаж байх ёстой.
Худалдаж авах сонголт хийсний дараа, дараах алхмуудыг гүйцэтгэх ч, ATM-аас хамаарч, худалдан авахад гүйцэтгэх үйлдлийн дараалал болон сонголтын ялгаа гарч болно.
- Хэтэвчийн хаягын QR кодоо уншуулах. Уншуулах боломжгүй бол шивж оруулах.
- Дэлгэц дээр харагдах хаягийг, өөрийн оруулсан хаягтай яг таарч байгааг 1-ээс 2 удаа тулгаж шалгах.
- Мөнгө татагч нээгдмэгц, зохих дүнтэй дэвсгэртүүдийг хийх.
- Олборлогчид тушаах, гүйлгээний шимтгэлийн дүнг тохируулах сонголт гарч ирвэл, хэр яарч байгаагаас хамаарч тохируулах. Бүх ATM-д ийм сонголт байхгүй ч, өндөр шимтгэл төлөхийн хэрээр эрт баталгаажиж, багасгах тусам хүлээгдэхийг мартаж болохгүй.
- Хаяг, төлсөн мөнгөн дүн, шимтгэлийн хэмжээ, хүлээн авах зоосны тоог хянаад, гүйлгээг баталгаажуулах.
- Дараа нь элдэв асуудал үүссэн тохиолдолд хэрэг болох учир, баримтаа заавал авч хадгалаарай.
Дээрх үйлдлүүдийг гүйцэтгэсний дараа л гүйлгээний мэдээллийг, Биткойны сүлжээгээр илгээгдэх учир, худалдаж авсан Биткойн тань тэр даруйдаа хэтэвчинд тань орж ирэхгүйг анхаараарай. Блокт бичигдсэний дараа дор хаяж 6 удаа баталгаажиж байж сая 1 гүйлгээ амжилттай хийгдсэнд тооцогдох ба, Биткойны сүлжээн дээрх 1 баталгаажуулалт ойролцоогоор 10 минут шаарддаг тул, 60 минут буюу 1 цаг тэвчээртэй хүлээх хэрэгтэй болно.
Дараа нь яах хэрэгтэй вэ?
Биткойны хувьд гүйлгээгээ, өөрийн хүлээн авах хаяг эсвэл гүйлгээний дугаарыг ашиглан, blockchain.com зэрэг Блокчэйний хөтчөөр дамжуулан хянаж болно. Хэтэвчээсээ хамаараад 5-аас 15 баталгаажуулалтын дараа, зоос тань шилжиж орж ирэх бөгөөд эхний 1 цагийн дотор ядаж 1 удаа баталгаажих ёстой. Хэрэв 2 цагаас илүү удчихаад байхад, 1 ч баталгаажилт хийгдэхгүй байвал, тухайн ATM-ыг хариуцагч байгууллагатай яаралтай холбогдож, мэдэгдэх эсвэл лавлах шаардлагатай. Гэхдээ техникийн болон интернэт холболтын саатал, сүлжээний ачаалал зэрэг тохиолдож болох тул, юмны түрүүнд хүрэлгүй, луйвар, хулгай гээд хашхичаад, дайрч болохгүй шүү.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation