Крипто тайлбар толь [24-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Хувь тэнцүүлэл
Pro Rata - Олон улсад жишиг болгон ашигладаг энэхүү арга нь, тухайн бүтээгдэхүүнийг нийт хүлээн авагчдын тоонд тэнцүүлэн хувааж, хуваарилах ажиллагаа юм. Жишээлбэл, нийт 100'000'000 ширхэг токенийг анхдагч зах зээлийн арилжаанд оруулсан бөгөөд, түүнийг 500'000 хэрэглэгчдэд хүргэх буюу 1 хэрэглэгчид дунджаар 200 ширхгийг олгох зорилттой байсан нь, тооцооллоос давж, 1'000'000 хэрэглэгчээс захиалга ирсэн тохиолдолд, тэдгээрт тус бүрт 100 ширхгийг нийлүүлэх замаар эрх тэгш хуваарилах явдлыг хувь тэнцүүлэлт гэнэ.
Гар утасны хэрэглүүр
Application (товчоор App гэх бөгөөд дуудлага нь аппликейшн, апп) гэдэг нь, гар утасны програмыг ерөнхийд нь нэрлэсэн нэршил юм. Гэхдээ уг нэршлийг ухаалаг гар утас гарч ирэхээс өмнө, компьютерийн өргөн хэрэглээний болон овор хэмжээ багатай програмыг нэрлэхэд мөн хэрэглэдэг байсан. Апп нь дотроо тоглоом, хэрэглээний програм зэрэг төрөлтэй байх ба зориулагдан бүтээгдсэн үйлдлийн систем дээрээ л ажиллах боломжтой байдаг. Түүнчлэн, хөгжүүлэлтээс шалтгаалж, үйлдлийн системийнхээ зохих хувилбар дээр л ажиллана.
SMS
Short Message Service буюу Богино зурвасын үйлчилгээг, бид message (мессэж) гэх нэрээр нь сайн мэднэ. Гар утас, интернэт чатууд нь, харилцаа холбооны энгийн протоколоор дамжуулан энгийн бичвэрийн ийм зурвасуудыг харилцан солилцож байдаг боловч, түүнийг суурин утасны төхөөрөмжрүү text-to-voice буюу бичвэрийг уншигч системээр хөрвүүлэн, сонсох хэлбэрээр хүргэх боломжтой байдаг. Энэ төрлийн үйлчилгээнд, зурвасын тэмдэгтийн хязгаарыг янз бүрээр тогтоосон байдаг ба, үйлчилгээг үзүүлэгчээс тогтоосон үнэ ханштай байна. Үүнтэй төстэй боловч бичвэрээс гадна гэрэл болон график зураг, дүрс болон дуу бичлэг, баримт бичгийн, архивлагдсан болон бусад бүхий л төрлийн фаял, контентийг дамжуулж болдог, илүү олон тэмдэгт хүлээн зөвшөөрсөн үйлчилгээг Multimedia Message Service (MMS) буюу олон төрлийн мэдээллийн хэрэгслийн зурвасын үйлчилгээ гэдэг.
Lambo
2013 оны 12-р сард Биткойны ханш түүхэндээ анх удаа $1'000 USD хүрэх үед, АНУ-ын холбооны нөөцийн газрын дарга өөрийн мэдэгдэлдээ, түүнийг бодит үнэ цэнтэй зүйл худалдаж авч чадахгүй, хий хоосон зүйл хэмээн тодотгосон байдаг. Тэрхүү мэдэгдэлд нь эгдүүцсэн нэгэн Биткойнчин 2014 онд, нийт 217 BTC буюу тухайн үеийн ханшаар $210'000 USD-оор Lamborghini Gallardo загварын машин авсан баримтаа, Jay гэх зохиомол нэр дээр дэлгэн харуулснаар, Биткойн болон Ламборгини загварын супер-машины нэрс холбогдох болсон байна. Тэрээр 2010 оноос анх Биткойныг олборлож эхэлсэн бөгөөд ингэхдээ нийт 20 GPU ажиллуулж, сард ердийнхээс 6 дахин их цахилгааны төлбөр төлж байсан гэдэг. Түүний Ламбо авах мөнгөө цуглуулсан түүх олны анхаарлыг ихээр татаж, олон олон Биткойнчдыг араасаа дагуулсан ба, тэдгээрээс цөөнгүй хэд нь Ламборгини худалдаж авсан түүхээ нэмж хуваалцсанаар, "When Lambo?" буюу "Хэзээ Ламботой болох юм бэ?" зэрэг миймийн эхийг тавьжээ.
Зах
Marketplace - Асар олон нэр төрлийн бараатай, томоохон худалдааны төвийг зах гэх бөгөөд, цахим болон крипто орон зайд ч ийм арилжааны талбарууд бий. Бидний сайн мэдэх Facebook ч өөрийн гэсэн Marketplace-г хөгжүүлсэн байдаг бөгөөд, хэрэглэгчид нь түүгээр дамжуулж, бизнес хийх боломжтой болоод удаж байна. Крипто зах зээлийн хувьд, энэ ойлголт нь ихэвчлэн NFT-той холбогдох бөгөөд, тэдгээрийн сонгодог жишээгээр OpenSea болон Байнансын NFT-ы захыг нэрлэж болно. Дараа дараагийн нийтлэлээрээ, Binance NFT Marketplace-ын танилцуулгыг хүргэх болно оо.
#CoinMarketCap
GameFi
Play to Earn (P2E) буюу Тоглоод, мөнгө олох шийдэл нь, "Цагийг үр бүтээлгүй, хоосон нөхцөөж, зугацаахаас өөр ашиггүй дэмий тоглож байхаар, мөнгө олж яагаад болохгүй гэж?" гэсэн санааг бодит ажил хэрэг болгон цэцэглэж буй бөгөөд, DeFi болон DApps дундаа чамгүй орон зайг эзлэх болсон. Цахим спорт эрчтэй хөгжиж буй энэ цаг үед, аваргын тэмцээнд орохгүй юм гэхэд, амралт чөлөөт цагаараа, сонирхолтой хэлбэрээр, бага багаар ч болтугай мөнгө олох боломж нэмэгдсээр байна. GameFi нь, Game, Finance буюу тоглоом болон санхүүг нэгтгэсэн, Блокчэйн, крипто валют, NFT-ыг даган гарч ирсэн шинэ салбар бөгөөд сүүлийн үед маш ихээр цэцэглэн хөгжих болсон. Цаашид энэ сэдвийн талаар цувралаар танилцуулах хэдий ч, сонирхож байвал доор сэтгэгдэл үлдээх эсвэл бидэнтэй холбогдоод хүсэлтээ илгээгээрэй. Монголын хувьд, дотоодын анхны GameFi төсөл нь Quest нэрээр мэндэлж байгаа бөгөөд, 2021 оны 4-р сараас хөгжүүлэлт нь эхэлж, 11-р сарын байдлаар цөөн хэдэн тоглоом, өөрийн гэсэн DEX, нэрийн токентой болон өргөжжээ.
Жишиглэл
Benchmark гэдэг нь, жишгийг тодорхойлоход хэрэглэгдэх төлөв бөгөөд санхүүгийн салбарт, хөрөнгийн багц эсвэл тодорхой 1 хөрөнгийн үр ашгийн хэмжүүрийн заалт болдог. Тэдгээрийн дундаас хамгийн алдартай нь, өгөгдлийн цуглуулга эсвэл тусдаа зах зээлийн ханшуудыг илтгэх санхүүгийн хэрэгсэл болох, индексүүд байдаг. Хөрөнгийн төрөл бүрд өөр өөр жишиглэлийг хэрэглэх бөгөөд, тэдгээрийн дундаас олонд хамгийн танигдсан нь S&P 500 индекс болой. Харин компьютерийн шинжлэх ухаанд, програм хангамж болон тооцоолох үйлдлүүдийг ашиглан, тодорхой 1 үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүний гүйцэтгэлийн харьцангуйг хэмжих явдлыг Benchmark гэж тодорхойлдог. Энэ зорилгод нийцүүлэн бүтээсэн олон програм байдаг бөгөөд, тэдгээр нь асар их хэмжээний өгөгдөлтэй харьцах, өндөр хүчин чадалтай байдаг. Тиймээс тэдгээрийг мөн бизнес шинжилгээнд ч хэрэглэх нь бий. Энэ нь, бизнесүүдийн тус тусынх нь гүйцэтгэлийг хэмжих, тэдгээрийг хооронд нь харьцуулах, аль илүү амжилттай, ашигтай ажиллаж чадахыг нь илрүүлэхэд ихээхэн тус болдог. Блокчэйн салбарын хувьд, жишиглэл шаардагдаж байгаа ч, хараахан бүрэлдээгүй хэвээр байна. Үүний тулд олон тооны Блокчэйн дээр, өргөжих чадвар, нэвтрүүлэх чадвар болон төвлөрсөн бус байдлын зэрэглэл, өөр хоорондоо ялгаатай зөвшилцлийн алгоритм, ухаалаг гэрээнүүдийн үр дүнг харьцуулсан шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаа, туршилтыг хэрэгжүүлэх шаардлагатай.
Ерөнхий суваг
State Channel - Хэрэглэгч болон үйлчилгээ хооронд эсвэл 1 сүлжээн дэх 2 зангилаа буюу хэрэглэгчийн дунд үүсч буй, 2 чиглэлт харилцааны сувгыг ийн нэрлэдэг.
Хоцролт
Тооцоолуурын хувьд, оролт болон гаралтын хугацааны хоорондын зөрүүг Latency гэдэг. Уг ойлголт нь боловсруулалтын бүхий л түвшинд хэрэглэгдэх бөгөөд "хэрэглэгч - компьютер" 2-оос эхсүүлээд, сүлжээ, "компьютер - сервер" 2-ын харилцаанд ч ашиглагдана. Харин крипто валютийн хувьд, хоцролтыг ердөө 2 хэмжилтэнд хэрэглэдэг. Тэдгээрийн эхнийх нь Блокчэйний сүлжээнд ашиглагдах ба гүйлгээг илгээснээс хойш, эхний баталгаажуулалтаа авах хүртэлх хугацааг хэмжинэ. 1 л баталгаажуулалт авчихад, дараа дараагийн блокуудаар нэмээд баталгаажаад явчих учир түүнээс хойших хугацааг хэмжээд байх шаардлагагүй болдог. Ямар ч төлбөрийн системийн хувьд хоцролт багатай байх нь хамгийн чухал үзүүлэлтүүдийн 1 болдог бөгөөд хүлээлгийн хугацаа хэт сунжрах нь ямар ч байгууллага болоод түүний үйлчлүүлэгчдийн хооронд хардалт, цаашлаад бухимдлыг түрүүлж, маргаан өдөөх аюултай байдаг. Харин 2 дахь нь, биржийн хоцролт юм. Захиалгын жагсаалтаас их хэмжээний гүйлгээг боловсруулж, хэрэгжүүлэх чадамжыг үүгээр хэмждэг. Өдрөөр арилжаалагчдын хувьд бот ашиглаж, арилжааны хэмжээний ихэнхийг түүгээр гүйцэлдүүлүүлэх явдал ердийн үзэгдэл бөгөөд энэ үед бот нь асар их дүнг, секундын нарийвчлалтай нааш цааш нь олон дахин хөдөлгөж байдаг. Хэрэв биржийн нэвтрүүлэх чадамж муу, хоцрогдол их байвал тэдгээр захиалгуудад ноцтой асуудал тулгарна гэсэн үг. Эсрэгээр, нэвтрүүлэлт өндөр, хоцролт бага байхын хэрээр тухайн арилжаачны олох давуу тал тэр чинээгээр их байх юм.Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation