Крипто тайлбар толь [23-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Санхүүгийн технологи
FinTech - Санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд, уламжлалт санхүүгийн аргуудтай өрсөлдөхүйц хэмжээгээр хүргэх тоног төхөөрөмж, шинэлэг санаачлага, шийдлийг ийн нэрлэнэ.
Халтиргаа
Slippage - Арилжааны явцад, тэгэхдээ ихэвчлэн фьючерс арилжааны үед захиалгын дүн, түүний хэрэгжилтийн дүнгээс зөрөх тохиолдлыг ингэж нэрлэдэг. Жишээлбэл, зах зээлийн ханш авах нь ₮183.5 MNT, зарах нь ₮183.53 MNT байхад, 100'000 ширхгийг авах захиалга орж ирлээ гэж бодъё. Энэ үед, тухайн захиалгаг өгсөн хэрэглэгч ₮183.53 MNT-д авчихна гэж бодсон боловч, агшин зуурын ханшийн өөрчлөлтийн нөлөөгөөр, 183.55/183.59 болж өөрчлөгдсөнөөр, нийт ₮18'353'000 төгрөгөнд биелэх ёстой байсан захиалга, ₮18'359'000 MNT-д биелж, 6'000 төгрөгийн илүү төлбөр гарч болох ба энэ үзэгдлийг халтиргаа гэнэ.
Хөөрөх талбар
Launchpad - Нисдэг төхөөрөмжийг хөөргөх зориулалттай тусгай талбайг ингэж нэрлэх боловч, ямарваа үйлдвэрлэл, технологи, төсөлд ашиглаж болох сургалт судалгаа, дадлага туршилт, хөгжүүлэлтийн бүхий л хэрэгсэл, боломжыг нь бүрдүүлсэн орон зайг мөн хөөргөлтийн талбай гэж нэрлэдэг. Харин крипто орон зайд шинээр токен бүтээх, турших болон түүнийгээ нэвтрүүлэн, түгээхэд хэрэглэж болох платформыг ийнхүү тодорхойлдог.
IFO
Initial Farm Offering буюу аж ахуйгаар санал болгох анхдагч арилжаа гэдэг нь, DEX дээр зохион байгуулагдах, биржийн арилжаанд хараахан нэвтрээгүй байгаа шинэ токенийг урьдчилсан захиалгаар борлуулж, хөрөнгө босгох явдал юм. Төсвөө бүрдүүлэхийн хажуугаар, сангийнхаа хөрвөх чадварыг баяжуулж, хэрэглэгчид болоод сонирхогчдын анхаарлыг татаж чаддаг тул, энэ төрлийн арилжаа сүүлийн үед нилээд газар авах болсон. Түүнчлэн, ийм хэлбэрээр анхдагч арилжаанд гарсан токений арилжаа амжилттай өндөрлөмөгц, түүнд харгалзах хэмжээтэй тодорхой хэмжээнд дүйцүүлсэн, биржийн өөрийн токенийг шатаадаг онцлогтой.
#CoinMarketCap
IAO
Initial Ape Offering - ApeSwap хэмээх солилцооны биржээр дамжуулан IFO хэрэгжүүлэх явдлыг тусгайлан, Эйпээр дамжуулан санал болгох анхдагч зах зээлийн арилжаа гэж нэрлэдэг. IAO хийсэн төслийн хөгжүүлэгчид, цугларсан хөрөнгийг BNB-оор хүлээн авч, түүнд харгалзах хэмжээний Golden Banana (GNANA) шатаагдана. Түүнчлэн, SushiSwap дээрх ийм анхдагч зах зээлийн хөтөлбөрийг мөн тусгайлан, Minimal Initial SushiSwap Offering (MISO) хэмээн нэрийджээ. Бусад алдартай DEX-үүдийн хувьд, одоогийн байдлаар энэ төрлийн арга хэмжээг IFO болон IDO хэлбэрээр зохион байгуулсан хэвээр байна.
ITO
Initial Token Offering буюу токений санал болгох анхдагч арилжааны нэрний энэхүү товчлолыг хүмүүс ихэнхдээ ICO-тай хольж, сольж, нэгтгэж, хэрэглэх нь бий. ICO нь шинээр мэндэлж буй крипто валютанд зориулагдсан байдаг бол, ITO нь тодорхой хэрэглээ бүхий (тэр нь баттай тогтоогдоогүй байж болно), шинээр мэндэлж буй токенд зориулагдан гүйцэтгэгддэг. Өөрөөр хэлбэл, экосистемээ таниулах, өргөтгөх, хэрэглэгчдийн баазаа тэлэх, токенийхоо хэрэглээг дэлгэрүүлэх үндсэн зорилгыг агуулдаг учраас ITO-ыг хөрөнгө төвлөрүүлэн босгох бус токенжуулагч хөтөлбөр гэж тодотгож болдог.
Уригч
Referral - Ямарваа үйлчилгээнд, бусад үйлчлүүлэгчдийг уриалан, нэгтгэж буй хэрэглэгчийг ийн нэрлэдэг. Жишээлбэл, манай блог дээр нийтлэгдсэн Binance (37177546), CMC (BSW67XDZ), ApolloX (mongolia), Coinbase (g_l3) зэрэг крипто болон биржүүдийн бүртгүүлэхдээ ашиглах дугаарууд нь, манай ерөнхий админы бүртгэлээс урилга хүлээн авснаар тооцогддог. Ийм урилгаар бүртгүүлэх нь, тухайн уригч болоод, уригдагчдын аль алинд санхүүгийн болоод бусад хэлбэрийн давуу талуудыг олгох боломжтой байдаг ба, бидний зүгээс тэдгээр урамшууллыг сар бүр шинэчлэн танилцуулах зорилго тавин ажиллаж байна.
Бот
Bot - Тодорхой 1 үүргийг маш олон удаагийн давтамжтай, тасралтгүй, алдаагүй, өндөр хурдаар гүйцэтгэх зориулалттай хөгжүүлэгдэж буй кодууд, хэрэглүүрийг ийн тодорхойлно. Бот нь, роботтой төстэй ч, олон өөр үйлдэл гүйцэтгэж чадахгүйн дээр, бодит биегүйгээр бүтээгдсэн буюу бичил програм төдий зүйл байдаг. Гэсэн хэдий ч түүнийг ашигладаггүй салбар, байгууллага гэж өдийд бараг байхгүй болжээ. Өдрөөр хөгжиж буй энэ хэрэгсэл, санхүүгийн салбарт, тэр дундаа хөрөнгийн арилжаанд ихээр хэрэглэгдэх болсон.
Хүснэгтэн баримт
Spreadsheet - Хүснэгтэн мэдээлэл болон граф, тоо тооцоололтой ажилладаг, Excel болон түүнтэй төстэй хэрэглүүрүүдийн үүсгэх бичиг баримтын фаялыг ийн нэрлэдэг. Жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газруудын ихэнх нь үүн дээр бүртгэл, тайлан, тооцоогоо тэмдэглэн, хөтөлж байдаг бөгөөд, крипто арилжааны төлөвлөгөөнд ашиглаж болох жишээ тэмдэглэлийн загварыг ч бид үүн дээр бичиж хадгалсан байгаа.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation